Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Энэ үг магадгүй хэтэрхий орой эсвэл хэтэрхий эртэдсэн байж болох юм.

Клопп аль хэдийн Ливерпуулд 19 сарыг өнгөрөөчихөөд байхад одоо үе нь эхэлнэ гэж юу байхав хэмээн зарим нэг нь бодох байх. Эсвэл эсрэгээрээ Клопп юунд ч хүрээгүй байхад буюу хүрэх эсэх нь тодорхойгүй байхад эрин үе нь эхэлнэ гэж юу байхав хэмээн үзэх нэгэн байхыг үгүйсгэхгүй. Би алинтай нь ч санал нийлж болох ч Клоппын өөрийнх нь бүтээсэн түүх үүний эсрэг юм.

Өнгөрөгч бүтэнсайнд Английн хөлбөмбөгийн 38-р тойрог буюу сүүлийн тоглолтууд уламжлал ёсоороо зэрэг явагдан өнгөрсөн. Харин энэ тойрог улиралын хамгийн чухал үе болох яалт ч үгүй топ 4-н тулаан байсан юм. Миний бие аль болох зэрэг мэдээлэл яаралтай авахыг хүссэн тул зурагтан дээр Арсенал, компьютер дээр Ливерпуулийн тоглолт үзэж байсан бол гар утсаараа Манчестер Ситигийн оноог ойр ойрхон шалгаж байлаа.


Энэ үг магадгүй хэтэрхий орой эсвэл хэтэрхий эртэдсэн байж болох юм.

Клопп аль хэдийн Ливерпуулд 19 сарыг өнгөрөөчихөөд байхад одоо үе нь эхэлнэ гэж юу байхав хэмээн зарим нэг нь бодох байх. Эсвэл эсрэгээрээ Клопп юунд ч хүрээгүй байхад буюу хүрэх эсэх нь тодорхойгүй байхад эрин үе нь эхэлнэ гэж юу байхав хэмээн үзэх нэгэн байхыг үгүйсгэхгүй. Би алинтай нь ч санал нийлж болох ч Клоппын өөрийнх нь бүтээсэн түүх үүний эсрэг юм.

Өнгөрөгч бүтэнсайнд Английн хөлбөмбөгийн 38-р тойрог буюу сүүлийн тоглолтууд уламжлал ёсоороо зэрэг явагдан өнгөрсөн. Харин энэ тойрог улиралын хамгийн чухал үе болох яалт ч үгүй топ 4-н тулаан байсан юм. Миний бие аль болох зэрэг мэдээлэл яаралтай авахыг хүссэн тул зурагтан дээр Арсенал, компьютер дээр Ливерпуулийн тоглолт үзэж байсан бол гар утсаараа Манчестер Ситигийн оноог ойр ойрхон шалгаж байлаа.

Гэхдээ энэ бүхэн Ливерпуулийн тоглолтын эхний хагасын сүүлийн минутанд бараг зогссон гэхэд болно. Учир нь Клоппын баг гэлтгүй дэлхий даяар Коп гэж өөрийгөө нэрийдсэн мянга мянган фэнүүдийн хувьд агаар ус шиг дутагдаж байсан гоолыг Вейналдум тэр мөчид хийж чадсан. Тэр гоолыг орох агшинд адренил дээд цэгтээ хүрсэн байх. Баярын гоол гэхээсээ илүү тайтгаралын гоол байлаа. Яагаад гэвэл тухайн үеийн зэрэг явагдаж байсан тоглолтуудын эхний үед Арсенал, Ман Ситичүүд аль хэдийн өрсөлдөгчдөө доромжлоод байсаныг би мэдэж байв. Тиймээс Голланд тоглогчийн гоол цаанаа нэг тийм айдас хүйдэс эсвэл хүнд зүйлийг нуруунаас аваад хаясан юм шиг л тийм тайвшралыг мэдрүүлсэн гэхэд үнэн дүйх байх. Би яагаад ч юм цаашид шууд зөн совингоороо гэх үү [юу гэх үү] энэ гоолын дараа манайх найдвартай хожих нь тодорхой юм байна гэдэг мэдрэмжийг авч эхэлсэн. Магадгүй энэ мэдрэмжийг төрүүлсэн гол шалтгаан нь тухайн тоглолтын хэв маягаас гадна Мидлсборо багийн бүтэн улиралын гоол оруулсан муу үзүүлэлт нөлөөлсөн нь дамжиггүй. Тиймдээ ч тэдэнд ямар ч шаанс байхгүйг би ойлгосон. Тэр тусмаа Энфилдэд. Гол нь бидэнд өөрсдийнхөө ажлаа төгс дуусгах хэрэгтэй байсан юм. Цэг тавьсан ч цэвэрхэн тавих хэрэгтэй гэдэг шиг. Илүү ч үгүй дутуу ч үгүй яг Вейналдумын гоол шиг. Тийм ч учраас түүний гоол намайг фэйсбүүк дээр "Oh Wijnaldum, you're my hero" гэж бичүүлэхэд хүргэсэн.

Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд хаа нэгтээ хэн нэгэн Вейналдумыг яах гэж талбайд гаргаад тоглуулаад байгааг ойлгохгүй байна гэж бичсэнийг уншаад лав шууд бөөлжихөө алдсанаа санаж байна. За тэр ч яахав.

Мидлсборог 3-0 буулган авсан энэ тоглолт аль ч утгаараа маш чухал. Мэдээж хэрэг Улаанууд топ 4-т шалгарч чадлаа. Хэдийгээр тэд АЛ-н группын хэсэгт шууд орохгүй, харин урьдчилсан шатанд өрсөлдөх нь тодорхой болсон ч миний зүгээс Ливерпуулд огт шалгарахгүй байх нөхцөлийг олж харахгүй байна. Шууд ногоон гэрлээр гэж хэлэх нь хаашаа юм гэхдээ нэг их асуудалгүй шалгарчих байх гэж бодож байна. Энэ бүх асуудал буюу ямар багтай урьдчилсан шатанд тоглох нь 8 сард илүү тодорхой болно. Тэр болтол энэ талаар элдэв шалдав зүйл бодож толгойгоо гашилгах хэрэггүй байх.

Мөн Мидлсборог 3-0 хожсоноор улиралын төгсгөлийг Клоппын баг маш хүчтэй өндөрлүүлэв. Тэд сүүлийн 4 тоглолт дараалан хаалгаа хуурай манасан нь 2015 оны 2 сараас хойш тохиолдож буй анхны үзэгдэл юм. Дээр нь энэ 4 тоглолтонд дундаж гэж яригддаг багуудтай тоглосон бөгөөд нийт 8 гоол оруулжээ. Хэрэв тэнцүү хуваавал баг болгонд 2 гоол зоосон үзүүлэлт гарахаар. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бүхэл улиралын турш Клоппын толгойн өвчин, фэнүүдийн хар дарсан зүүд байсан дундаж багуудыг улиралын төгсгөл хэсэгт нухаж эхэлж сурч байх шиг байна. Мэдээж эсрэгээрээ топ багуудын өмнө Ливерпуул бол ганц ч хожигдоогүй хамгийн их оноо цуглуулсан баг нь.

Эргээд одоо бүтэн улиралыг бодоход Клопп үнэхээр гайхалтай ажилласан юм шиг санагддаг. Магадгүй надтай санал нийлэхгүй хүмүүс байгаа байх. Гэхдээ энэ бүхнийг жилийн өмнөхөөс хэрхэн эхэлсэнийг харвал илүү ойлгомжтой болох байх.

Энэ бүхэн Швейцарт Севиллад хожигдсоноос үүдэлтэй. Европа Лигийн финал. Хүн бүхэн гонсойсон байв. Ядаж байхад Ливерпуулийн хүснэгтийн байрлал нь тэднийг АЛ битгий хэл Европа Лигийн шатанд шалгарах боломжгүй болгосон байв. Гэвч урвайж уцайсан хүн бүрийн дунд ганц өөдрөг үзэлтэн нь Клопп байлаа. Тэр тоглолтын дараа тоглогчиддоо хандан толгой өөдрөг байх хэрэгтэйг сануулсан бөгөөд бидэнд одоо новш шиг санагдаж байгаа ч удахгүй бүх зүйл хэвийн болно гэж хэлсэн юм. Мөн цаашид бид маш олон финалын тоглолтонд шалгарч үлдэх болно гэдгийг Герман менежер тэдэнд амлахаа мартсангүй. Түүнээс хойш улиралын бэлтгэл ажил ид эхлэв.

7 сарын дундуур АНУ-н нарлаг Калифорни мужийн дунд хэсэг болох нутгийн иргэдийн нэрлэдэгээр Бэй Ариа дахь дэлхийд тэргүүлэгч институт Станфорд их сургуулийн бэлтгэлийн баазад Ливерпуулийн десант буув. Тэнд Клопп жинхэнэ утгаараа өөрийнхөө философийг бэлтгэлийн талбайд нэвтрүүлэхээр очсон.

Үүнээс өмнөхөн Байерн Мюнхений арын албаны хослол болох хоолны дэглэмч Мона Неммерээс гадна фитнессийн дасгалжуулагч Андреас Корнмэйр нар аль хэдийн Клоппын Англи дахь хувьсгалд гар бие оролцохоор сэтгэл шулуудан нэгдээд байсан юм. Тиймээс Америкийн баруун эрэгт анх удаа Клопп тэр хоёрыг баг болон багийн тоглогчдод танилцуулсан байдаг. Учир нь энэ 2 бол Клоппын тактикийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй хүмүүс. Корнмэйр тоглогчдыг илүү их гүйхийг шаардаж тэдний сунгалт болон ерөнхий дасгалуудыг зааварчилдаг нэгэн бол Неммер тэдний зөв хоололтыг урьтал болгодог бөгөөд ингэснээр тоглогчид илүү форм сайтай фит болох боломжтой болно гэж үздэг нэгэн.

Клопп харин тэнд өөрийнхөө дасгал сургуулилтын хамгийн оргил буюу хамгийн алтан үе хэмээн үзэж байсан бөгөөд үүнийгээ 'маш эрчимжүүлсэн' хэмээн нэрлээд байсан юм. Учир нь тэр өөрийнхөө тоглогчдоо ПЛ эхлэхэд хамгийн фит болсон баг байх ёстой гэж үзэж байсан ба бүтэн өдрийн сургуулилтаа өглөө, өдөр, орой гэж 3 хэсэгт хуваагаад байв. Тоглогчид тэнд бэлтгэл хийхийнхээ хажуугаар геггенпрессингт суралцаж байлаа. Рожерсийн үеэс бага зэрэг авч үлдсэн тактик нь бөмбөг эзэмшилт байсан ба үүн дээр нь харин илүү прессинг буюу нэхэлт хийхийг Герман менежер тоглогчдоосоо шаардаж байсан юм. Мөн бөмбөгтэй гэхээсээ илүү бөмбөггүй бэлтгэл түлхүү хийлгэж байсан нь тоглогчдын гүйлтийн тэсвэрийг нэг хэвийн хэмнэлд удаан үр дүнтэй прессинг хийхэд зориулагдсан тактикийн сургуулилт байв.

Клопп мэдээж эртнээс тоглогчдоо өөрийнхөө арга барилд нийцүүлэхийн тулд цаг алдалгүй тэднийг бэлэн байлгахыг хүсдэг. Тиймдээ ч шинээр тоглогч худалдаж авахдаа маш эрт наймаа хийхийг эрмэлздэг. Яагаад гэвэл тэр наймаанд зарцуулсан мөнгөнд биш тоглогчийн бэлтгэлд илүү итгэдэг нэгэн болохоор. Тиймээс аль хэдийн Мане, Вейналдум, Матип гэх зэрэг чухал тоглогчдоо хамгийн хэрэгтэй бэлтгэлийн цаг үед бэлэн байлгахын тулд маш яаралтай эрт авчирж байсан. Энэ удаагийн зуны наймааны цонх ч гэсэн мөн адил энэ зарчимаар явагдах бөгөөд Клопп аль болох 7 сараас өмнө гол тоглогчдоо авчирах бодолтой байгаа юм.

Улирал ч эхэллээ. Эхний тоглолт Манегийн ганцаарчилсан шахуу шоун доор Арсеналыг талбай дээр нь 4-3 хожсон. Тэр тоглолтын гол дүр зураг Клопп нуруун дээрээ Манег үүрсэн нь хэзээ ч мартагдашгүй дурсамж болон үлджээ. Дараахан нь Бөрнлид 2-0 хожигдсон нь өнгөрч буй энэ улиралын тод томруун жишээ байлаа. Учир нь Арсеналыг эхэнд хожсон нь топ багуудынхаа эсрэг амжилттай тоглох - харин эсрэгээрээ Бөрнлид хожигдсон нь дундаж багуудын эсрэг муу тоглохын цондон байсан гэлтэй.

Улиралын эхний хагас буюу Боксинг дэй, он гартал Ливерпуул тайтлын тулаанд хэвээр явж байсан. Энэ нь Клоппын бүрдүүлсэн баг маш сайн байсаны баталгаа. Зарим нэг хүмүүс түүнийг зун нь хангалттай тоглогч аваагүй гэж шүүмжилж байсан. Ялангуяа багийн мөнгө зарцуулалт нь тоглогч зарсанаас илүү бага байсан нь фэнүүдийг бага зэрэг бухимдуулахад хүргэсэн. Харин Клопп болон түүний дасгалжуулагчдын албаныхан өөрсдийнхөө бүрдүүлсэн багтаа сэтгэл хангалуун байсан юм. Тиймдээ ч Клоппын итгэл үнэмшилээр бол энэ баг тайтлын төлөө хангалттай өрсөлдөх бүрэн чадвартай гэдэгт итгэлтэй байв. Одоо эргээд харахад яг үнэндээ энэ нь үнэн байсан юм шиг санагддаг.

Харин улиралын сүүл хагаст Ливерпуулийг азгүй байдлаар маш их гэмтэл бэртэл ороов. 12 сарын дундуур ид формтой байсан Коутиньо бэртсэнээс гадна аль хэдийн өвлийн ийм үед барагтай тоглодоггүй Старриж хэвтээд өгсөн байв. Дээр нь гол хамгаалагчид болох Матип, Ловрен ээлжлээд бэртсэн, мөн Эмрэ Жан, Ориги нар бэртлээсээ хойш огт формгүй, Хэндэрсоны өсгийний гэмтэл, Лаллана бас шигшээгээсээ бэртэлтэй ирсэн гээд дурдаад байвал Ливерпуулийн бүтэн улиралд гарз маш их тохиосон. Ядаж байхад хамгийн их оргил тоглолттой үед Манег Африкийн цомд алдсан нь дарин дээр давс нэмсэн юм. Хэрэв энэ их бэртэл гэмтэл огт байхгүй яг Челси шиг бараг бүх шилдэг гарааны тоглогчид нь өөрчлөгдөөгүй үргэлж хамтдаа улиралын турш тоглож байсан бол Ливерпуул тайтлын төлөө өрсөлдөх боломжтой байсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Гэхдээ эцсийн дүндээ Ливерпуул топ 4-т 76 оноотой үлдэж чадлаа. Энэ бол муу гэлтгүй амжилт.

Хэдийгээр экс чөтгөр Рой Кийн Ливерпуул шиг баг топ 4-т орсоноо тэмдэглэх ёсгүй гэж хэлсэн нь үнэний ортой боловч энэ үеийн топ 4 бол 2009 оноос хойш зөвхөн 2 дох удаагаа АЛ-т эргэн ирж буй тохиолдол болохоор фэнүүд бид бүхэн үнэндээ баяртай байна. Яагаад гэвэл энэ бол маш том өөрчлөлт шинэчлэлтийн эхэн үе гэдгийг бид мэдэж байгаа болохоор.

Өмнө нь Рожерсийн үед 2014 оны улиралд АЛ-т орж байсан. Гэхдээ Клоппын АЛ-т эргэн ирж буй тохиолдол бол Бренданыхаас хавь илүү. Яагаад гэвэл тэр үед Бренданд Луйс Суарезаас гадна ид формтой байсан Старриж байсан. Өөрөөр хэлвэл 'САС'-н хослол. Дээр нь Стивен Жэррард, Рахим Стерлинг нар байлаа. Харин энэ хэдийн хэн ч нь Клоппт байсангүй. Мэдээж Старриж Клоппын дор одоо ч байгаа ч түүний тоглосон минут бараг тоглоогүйгээс ялгаагүй. Тэгэхлээр Клопп зөвхөн супер од, уорлд класс тоглогчид тулгуурлалгүйгээр энэ бүх топ 4-т орох амжилтыг дан ганцаар бүтээж чадсан гэж би боддог.

Дээр нь бусад топ багуудтай харьцуулахад зарцуулсан мөнгө нь аль алиных нь тэн хагаст ч хүрэхгүй байх. Антонио Конте жишээ нь аварга авахын тулд ойролцоогоор £120-130 саяыг наймаанд зарцуулсан бол гол өрсөлдөгч Жозе Моуриньо даруй Клоппоос £150 саяар илүү их мөнгө зарлагадсан ч хоёулаа Ливерпуулийг энэ улирал хожиж чадаагүй. Мэдээж бусад Гвардиола, Венгер, Почеттиньо нар ч Клоппыг дийлээгүй байгаа. Тиймээс Клоппын наймааны зарцуулалт топ түвшинд авч үзэхэд харьцангуй бага ч үр дүн нь бусдаасаа илүү байгаа юм.

Хэрэв Клоппын өмнөх багуудтай хэрхэн ажиллаж байсан түүхийг харьцуулан харвал тэр ихэвчлэн эхний 1-2 улиралыг туршилт буюу өөрийнхөө арга барилд оруулан багаа бэлтгэж эхэлдэг. Тэр анхныхаа баг Майнзыг жишээ нь 2 улиралын дараа түүхэндээ анх удаа дээд дивизионд буюу Бундеслигт оруулж байсан бол Боруссиа Дортмундыг эргээд Германд төдийгүй Европын топ баг болгоход яг 2 улиралыг зарцуулсан байдаг. Тиймээс яг одоо Клоппын Ливерпуулд өнгөрүүлсэн хугацааг харвал түүний ид оргил үе нь одоо ирж байгаа бөгөөд тэрээр үүнийг АЛ-н эрхээр угтан авч байна гэсэн үг юм.

Улиралын эхний өдрөөс л Клопп хөгжөөн дэмжигчиддээ сануулан хэлэхдээ энэ улирал бол Ливерпуулийг эргүүлэн топ 4-т багтааж улмаар Европын тавцанд дахин аваачих ёстой юм гэж байсан. Харин ямар нэг цом шагнал авлаа гэхэд энэ нь зүгээр бонус гэж хүлээж авах ёстойг учирлан тайлбарласан байдаг. Харин тэр хэлсэн амандаа хүрч бид топ 4-т шалгарлаа. Одоо харин эндээс цаашдаа Ливерпуул улам их хүчирхэгжээд явах учиртай юм. Клопп ч үүнийг сайн мэдэж байгаа. Тиймээс дараа улирал өмнөхөөсөө илүү их сэтгэл хөдөлгөсөн тоглолтууд та биднийг ирээдүйд хүлээж байна. Тэр тусмаа Клоппын эрин үед тохиох тэдгээр тоглолтууд илүү их сонирхолтой өрнөх нь гарцаагүй биз ээ.

Нийтэлсэн: Н.Энхбаяр

Эх сурвалж: https://www.facebook.com/groups/206620249407756/permalink/1315539401849163/

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх