Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Ливэрпүүл энэ улиралд айлын талбайд төдийлөн сайн тоглохгүй байгаа ч 4 хожихдоо дандаа Лондонгийн багуудыг талбайд нь буулган авчээ. 

Вэст хэм сайн формтой явсан учраас тоглолтод маш сайн бэлдсэн нь эхнээсээ тодорхой харагдсан байх. Тун нягт, тоглолтыг хяналтдаа байлгаж чадаж байсан ч эхний үед гоолдож амжаагүй. Клопп уламжлал ёсоор эхний үе дуусмагц хувцас солих өрөө рүү түрүүлэн гүйн орсон бөгөөд завсарлагааны 15 минутаар хоёрдугаар үед хэрхэн тоглохоо тунгаасан байж. Ингээд багахан тактикаа өөрчилж Миллиг #6 руу арагш татаж, Жинитэй байрлалыг нь сольсон байна. Аль болох Куртисыг хурдхан оруулахыг төлөвлөж байсан бөгөөд сайтар бие халаалтаа хийж амжсан, дөнгөж өчигдөр 20 нас хүрсэн залуу маань орж ирээд л тоглолтыг өөрчилж, Мо Салахд гоолын дамжуулалт хаясан билээ. 

1v1 тоглолтыг чадмаг хийдэг Салах маань үнэхээр ухаалаг төгсгөж чадсан даа. Дэлхийн түвшний л гүйцэтгэл гэж энэ. Манайх ер нь түрүүлээд гоолдож чадвал цаашид тоглолт илүү хялбар болчихдог. Өөрөөр хэлбэл хэрхэн тоглох уу гэдгээ маш сайн мэддэг гэх үү дээ. Энэ ч дүр зургаар хоёр дахь гоол орсон. 

Ямар аймаар сөрөг довтолгоо вэ? Ёстой л хөлбөмбөгийн сурах бичигт оруулж өгмөөр тийм л довтолгоо өрнөлөө. Трэнтийг ворлд класс тоглогч болгосон зүйл нь дан ганц дамжуулалт хаях чадвар нь биш юм. Түүний талбайг харах чадвар нь ч үнэхээр гайхалтай. Магадгүй зарим тоглогчид урагшаа гүйсэн Салах руу өгөхийг илүүд үзэх байх. Гэвч Трэнт талбайн зүүн тал тэр чигээрээ хоосон байхыг хараад тийш гүйж явсан Шакири руу гайхалтай гэгч нь хөндлөн хаясан. Трэнтийн энэ шийдвэр гоолын 50% байлаа! Харин бөмбөг хүлээн авсан Шак маань шууд л ганц хүрэлтээр дамжуулалтыг Салах руу өгчихсөн. Мо-ийн тэр эхний хүрэлт, солгой хөлийнх нь төгсгөл ч үнэхээр цэмцгэр байлаа. Үзээд уйдамгүй тийм л гоол! 

3 дахь гоол супер багийн тоглолтоос орсон. Боббигийн дамжуулалтаар Жини гоолдох хүртэл нийт 35 дамжуулалт тасралтгүй явжээ. 

Ингээд аваргууд баараггүйд нь дарж авсаар сэтгэл бага зэрэг амарсан байх. Яг тэрнийхээ горыг амсаж булангаас гоол алдчихав. Уг нь клиншит хийж чадсан бол бүр төгс болох байсан ч чамлахын аргагүй хичээл зүтгэл, гайхалтай багийн тоглолтоо харуулж чадсан нь маш чухал байлаа шүү дээ. 

Онцлох нэгэн тоглогч бол Тиаго Алкантара. Тоглолтоос тоглолтод Английн хөлбөмбөгт дассаар яваа Тиаго маань өнөөдөр тоглолтыг контролдоход чухал үүрэгтэй байлаа. Ливэрпүүл Алхнуудын эсрэг 68%-тай бөмбөг эзэмшсэн. Бүр нарийн задалвал Тиаго дангаараа 9%-тай бөмбөг барьжээ. 

Ямартай ч ингээд "хар нэгдүгээр сар" өндөрлөж, багийн маань таагүй форм дуусч байх шиг байна. Үлдэж буй хугацаанд Ман ситигээ оноо алдаасай гэж залбираад, араас нь хөөх араандаа орж байгаа юмдаг уу даа. 2 жилийн өмнөх шиг гал авалцсан өрсөлдөөн дахиад л өрнөх байх. 

Урагшлаад л байж дээ Ливэрпүүл минь. 

Чүүүүүү!!!

Нийтэлсэн: Бадруул

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх