Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Европын Аваргуудын лигийн хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд эхэлж, Испанийн аварга “Атлетико Мадрид” талбайдаа Английн “Ливерпүүл”-ийг хүлээн авч, 2:3-аар хожигдлоо. 

Тоглолтын эхэнд “Ливерпүүл”-ийн довтлогч Мохамед Салах гоол оруулж, түүний дараагаар гвинэй хагас хамгаалагч Наби Кэйта тоог 2:0 болгосон. Үүний дараагаар франц довтлогч Антуан Гризманн дубль хийснээр тоог тэнцүүлсэн юм. 

Гэвч Гризманн энэ өдөр зөвхөн гоол хийгээд зогсохгүй мөн бүдүүлэг алдаа гаргасны улмаас 52 минутад талбайгаас хөөгдөж, багаа арвууланг нь орхиж хөөдөв. 78 дахь минутад Мохамед Салах торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэснээр зочин баг ялалт байгуулсан. 

Тэгвэл тоглолтын дараагаар Диего Симеоне гар барилгүй хонгил руу гүйн орсон тухай яриа газар аваад байна. Тэд энэ талаар ийн өгүүлжээ.

“Хүнд хэцүү тоглолт болно гэж таамагласан тэрүүгээр л боллоо. “Атлетико” бол бөмбөг эзэмших гэж давчдаад байдаггүй баг. Тэдний эхний гоолыг бол бид бэлэглэчихсэн. Харин хоёр дахь гоол нь үнэхээр сайхан гоол байлаа. Гэхдээ бид тийм их орон зай огт олгож болохгүй.

Хоёрдугаар үед өрсөлдөгч багийн тоглогч хөөгдөж, бидэнд пенальти цохих боломж олдож, нэг талаас нь харвал азтай байлаа. Гэхдээ яаж тоглосонд биш гурван оноо авсандаа л би баяртай байна. 

Симеоне гар бариагүй тухайд бол би гар баръя л гэсэн. Яахав, дараагийн удаад хоёулаа уулзахдаа заавал гар барина аа. Үүн дээр өргөлт өгөөд яриад байх хэрэггүй биз. Мэдээж, тэр надаас болж биш тоглолтоос болж ууртай байсан байх. Тэгэхээр өөр юу нэмж хэлэх вэ дээ” хэмээн “Ливерпүүл”-ийн дасгалжуулагч Юрген Клопп өгүүлжээ.

Харин “Атлетико Мадрид”-ын дасгалжуулагч Диего Симеоне “Тоглолтын эхлэл бидний хүссэнээр болсонгүй. Хоёр гоол алдсныхаа дараагаар л бид төлөвлөж байснаараа тоглож эхэллээ. Хоёрдугаар үед тэргүүлэх гоол оруулах боломж гарсан ч хаалгач нь хаачихсан. 

Манай залуус цөөхүүлээ ч гэсэн сайн тоглолоо. Өмнөх тоглолтод “Милан”-аас тоглогч хөөгдсөн бол энэ удаад бидний ээлж болжээ. 

Гар бариагүй тухайд бол тоглолтын дараагаар би гар барих дургүй. Заавал гар барих ямар хэрэг байдгийг ч ойлгодоггүй. Хоёр багийн дасгалжуулагчийн хэн нэг нь тоглолтын дараагаар заавал сэтгэл гонсгор үлддэг шүү дээ. 

Тэд өөр соёлтой байж болно. Харин би гар барих дургүй хүн. Гэхдээ дараагийн удаа Клопптой тааралдахдаа мэндчлэх болно” хэмээн Симеоне өгүүлсэн байна. 

Оруулсан: Содоо

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх