Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Ямартай ч Аваргуудын лигтээ орохоор боллоо... Бидний энэ улирлын хамгийн том зорилго нь аваргаа хамгаалах явдал байсан. Уг нь муугүй л эхэлсэн сэн... Крисмас өнгөртөл хүснэгтийн манлайд бичигдэж байсан ч тэгээд огцом уруудсан даа. Эргэн дурсахад ч халгамаар ээлж дараалсан хожигдлуудыг талбайдаа амссан. Он гараад Саутхэмптон, Бөрнли, Брайтон, Ман сити, Лэстэр, Эвэртон, Чэлси, Фулхэмд нухуулсны дотор Анфилддаа 6 дараалж хожигдсон юм. 

30-р тойрог дуусахад хүснэгтийн 7-р байр (Эвэртон нөхөн тоглолтдоо хожвол 8 руу хүртэл ухрахаар байсан) , Лэстэрээс 9 оноо хоцорч байв. Харин улирлын төгсгөлийг ганган хийлээ. Сүүлийн 8 тоглолтынхоо 6-д нь ялалт байгуулж, 2 тэнцдэг дээр ч хожчих боломж өндөр л байсан. Эцэстээ барианы зурхай дээр Чэлси, Лэстэр нарыг зөв талаар нь дайрч ороод, айргийн гуравт хурдалж чадлаа. 

Бодоод үз л дээ... Ливэрпүүлийн 3 толгойтой мангас, Ван Дайк, Алиссон, Тиаго нар хойтон жил Европад өрсөлдөж байвал арай л аргуу даа тээ? Тэд ямар Магуэр, Погба, Бруно нар биш 😅 

Нээрээ Аваргуудын лигт тоглож чадахгүй бол санхүүгийн хувьд алдагдал хүлээнэ. Ядаж л солилцоо наймаан дээр манайх давуу талгүй болно. Ирэх улирал цаанаа л нэг амтгүй өрнөнө, ямар Пүрэв гарагийн шөнө сэрж хөлбөмбөг үзэлтэй нь биш 😅 

Ёстой л нэг юм юм үзсэн, ойлгуулсан л улирал боллоо. Яг үнэндээ Аваргын төлөөх өрсөлдөөнд Ман ситид бус бэртэл гэмтэлд л энэ баг сөхөрчихлөө. Бид "нэмээд жаахан аз" гэж л ярьдаг. Аз нь гэдэг нь гол тоглогчид нь бүрэн бүтэн, эрүүл саруул, гэмтэл бэртлээс хол байхыг л хэлдэг юм байна 🙏🙏 

Ирэх жил тэгээд эргээд сайхан үзэлцнээ, эрч хүчтэйгээр эргэн ирэх болно гэдэг урам зоригийн галаар дүүрэн 2020/21 оны улирлаа хааж байна. Төвийн хамгаалалтын хэд маань эрүүл саруул болоод ороод ирнэ, нэмээд ганц нэг наймаа хийнэ.. Орлож тоглох залуус нь ч сайхан туршлага нэмлээ. Тиаго маань гангараад эхэлсэн, Ахлагч маань хойтон үсээ халзлаад ороод ирвэл дундын шугам утгаараа гялтайж, гялалзаж алах гээд бдаг 😅 Довтолгооны гурвал+Жота хойтон бүр шартай, өлсгөлөн дайчин үзнэ. Нэмээд шинэ авьяаслаг тоглогчдоор цусаа сэлбээд л амжилт руугаа дахиад дайрахаас аргагүй боллоо.. 

Одоо хэдхэн хоногийн дараа Евро эхэлнэ, нэлээд хэд нь шигшээтэйгээ тэмцээнд оролцож таарна. Бэртэл гэмтлээс л хол байвал бусад нь яамай 🙏🙏 

Бусад хэд нь сайхан амраад авах биз. Зуны турш хэн Ливэрпүүлд ирэх бол гэж чих тавьж, шинэ улирал бушуу эхлээсэй гэсэн хүлээлт өнөөдрөөс ингээд эхэллээ дээ 😅

Нийтэлсэн: Бадруул

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх