Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Хэрвээ хөлбөмбөг сонирхдог, Ливэрпүүл болон Ман ситигийн алийг нь ч дэмждэггүй байсан тэр тийм чухал биш. Өнөөдрийн тоглолтыг үзнэ, чих тавих л болно. Зэрэгцээд Эл Классико болж байсан ч хөгжөөн дэмжигчид энэ тоглолтыг илүүтэй үзэхийг хүсэх нь гарцаагүй.

Премьер лигийн нэр хүндийг энэ түвшинд хүргэхэд том гавьяа байгуулсан, одоо цаг үеийн 2 супер дасгалжуулагчийн сүүлчийн тулаан удахгүй болох гэж байна. Өрсөлдөөн ингээд төгсөнө гэж бодохоор гунигтай. Магадгүй, дараа нь шигшээ багуудын түвшинд дахиад таарах л байх. Гэхдээ ямар ч байсан Англи дахь өрсөлдөөн энэ хүрээд өндөрлөж байна. Өнгөрсөн 15 жилийн хамгийн шилдэг хоёр дасгалжуулагчийг бид сүүлчийн удаа шугаман дээр зогсоод, бие биенийхээ эсрэг тулахыг өнөөдөр харах гэж байна.

Энэ хоёрын сүүлийн тоглолтыг чимэж буй нэг зүйл нь лигийн түрүүний төлөөх өрсөлдөөн. Марафон өндөрлөхөд 11 тойрог дутуу, хоёр баг ач тач өрсөлдөж байгаа нь тоглолтыг улам галзуу, амттай болгох нь аргагүй юм.

Энэ удаагийн тоглолтоор лигийн аваргын хувь заяа шууд шийдэгдэхгүй хэдий ч маш том нөлөө үзүүлнэ. Хожсон баг нь гурван оноогоо авах ч тайлбарлахын аргагүй нэмэлт зүйл, итгэл найдварыг нэмж авах нь гарцаагүй. Зургаан онооны тоглолт гэж ярьдаг даа...

Алиссон, Трент, Жота гээд Ливэрпүүлийн гол тоглогчид өнөөдөр тоглохгүй, гэхдээ Мо Салах эргэж ирсэн нь бидэнд итгэл найдварыг төрүүлж буй. Тэгэхээс ч яах билээ, 2017 оноос хойш Ман ситиг буулган авсан ялалт бүрийн цаадах нэг том шалтгаан нь Мо байсан шүү дээ. Түүнээс гадна тоглолт Анфилдад болно. Тэд ийм тоглолтод багаа хэрхэн дэмжиж, ард нь зогсохоо маш сайн мэднэ. Анфилд л өнөөдрийн тоглолтод маш том нөлөө үзүүлэх учиртай.

Шүүгч Майкл Оливерийн эхний шүгэл өнөөдөр орой 23:45 цагт дуугарна. Харин бид 17:00 цагаас Фэн клубынхээ Бүх гишүүдийн хурлаа хийх болно. Та бүгдийгээ урьж байна.

Үргэлжлүүлээд бид тоглолтоо үзнэ. Хүүхдийн 100-д байрлах, Солонго-Голомт банкны яг баруун талын Cante sport lounge-д цуглацгаая. Фэн клуб байгуулагдсан цагаас хойш гайхалтай тоглолтыг олон удаа хамтдаа үзэж байлаа, тоочихын аргагүй.. Энэ удаагийн тоглолт ч мартагдашгүй дурсамж үлдээх нь лавтай. Хэдийгээр маргааш ажлын өдөр ч ийм тоглолтыг гэртээ ганцаараа үзэх амтгүй шүү дээ. Хүрээд ирээрэй, хамтдаа дуугаа дуулж, Ливэрпүүлээ дэмжье!

Чүүүүүү!!!

Нийтэлсэн: Бадруул 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх