Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

2010 оны 11 сарын 07-ны энэ өдөр МҮОХ-ны Хурлын өрөөнд Ливэрпүүлийн фэн клубын анхны Бүх гишүүдийн хурал амжиллтай болж, бид бүхэн төрдөө данстай "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ-аа үүсгэн байгуулж билээ. Өнөөдөр бидний хайртай фэн клуб маань 11 нас хүрч байна. 

Багахан түүх сөхье. Ливэрпүүлийн фэн клубыг байгуулах яриа хөөрөө бол үүнээс арай өмнө эхэлж байсныг санаж бна. 2009 оны 4 сард байх, Барилгачдын талбай дээр Ливэрпүүлийн дэмжигчид цуглаарай, фэн клубээ байгуулъя гэсэн зарыг олж мэдээд очиж байв. Манай Ливэрпүүлийн дэмжигч Бямбаа гээд залуу манлайлж байсан байх. Тэгээд тэр өдрөө бүртгэл этр гэж яваад, орой нь манайх Аваргуудын лигийн шөвгийн 8-д Чэлсид савуулсан тоглолтыг бөөндөө үзээд, тэрнээс болсон уу яасан дахиж лав сураг нь сонсогдоогүй юмдаг. 

Харин 2009 оны зун манай Bat-Erdene Nyamjav санаачлаад, Спортын цонхын голдуу Копууд маань цуглаж, Ливэрпүүлийн фэн клубыг байгуулах анхны яриа хөөрөөг хийж байв. Уг уулзалт дээр Спорт цонхын бус ганц дураак харайж явсан нь одоо АНУ-д аж төрж буй манай Baasanjargal Byambaa юм. Нэг их бороотой өдөр цуглаж билээ. Бас тухайн үед Маззи маань liverpoolfc.mn гэх домайныг худалдаад авчихсан, алсдаа вэбсайт хийвэл хэрэг болж магадгүй гээд хадгалаад явж буйгаа хэлсэн нь томоохон дэм болсон доо. Гэхдээ уг уулзалтаар юу ч шийдээгүй, Фэн клуб маань албан ёсоор байгуулагдах, мөн "улаан булан" вэб маань байгуулагдахыг дахиад нэг жил хүлээсэн байдаг. 

Сониноос нээрээ 2009 оны зун бид хэд Amarsaikhan Orsoo ахтай танилцаж билээ. 11 жилийн өмнө манай оппа чинь 90+ кг жинтэй, үргэлж гонжоом пиджак өмсөж явдаг, зодоонтой Солонгос кинон дээр гардаг дайсны талын толгойлогч шиг энгэртээ хуруу зузаан алтан гинж *аацан, аргагүй нэг "сайн ах" байрын төрхтэй нөхөр ирж байсныг хуучны хулгарууд маань нотолно байх аа. 😅

За дэмий үгээр яахав, одоогоос 11 жилийн өмнөх энэ өдөр бид фэн клубээ албан ёсоор байгуулаад, иргэн Оросоогийн Амарсайханыг фэн клубын тэргүүнээрээ, иргэн Лхагвасүрэнгийн Ууганбаярыг фэн клубын Гүйцэтгэх захирлаар томилж, Удирдах зөвлөлд Маззи Бат-Эрдэнэ, Жозе Бадка, магнат Чинзо, тайлбарлагч Заяа нарыг сонгож байв. Мөн Хяналтын зөвлөлд Tuvshinbayar Badam, Khash-Erdene Tushig бид гурав бас сонгогдож байсан. Одоо ингээд харахаар 11 жил нам төрийнхөө үйл хэрэгт чөмгөө дундартал, тасралтгүй зүтгэсэн 2 хүн л үлдсэн Мао Мара, Ким Хашаа нар ажээ. 

Фэн клуб маань байгуулагдаад үйл хэрэг, зохион байгуулалтаараа манлайлж, хэдэн жил гэрлийн хурдаар хөгжиж байлаа. Ямар сайндаа багийнх нь амжилт уруудаад байхад л, манай фэн клуб гялалзаад л байж билээ. Фэн клуб ид хүчээ аван гялалзаж байхад бид бүхэн хойтон жилийн ажлаа төлөвлөж, улсын төсөв батлах дайны л юм болж, хуралддаг байсан даа. Анх фэн клубээ байгуулахдаа ярилцаж байсан, мөрөөдсөн тэр бүх л зүйлдээ гэрлийн гэмээр хурдаар хүрч чадсан шүү. Анфилдад олуулаа очих, Ливэрпүүлийн оффишл фэн клуб болох, гадаад харилцаагаа сайжруулах, Ливэрпүүлээр дамжуулан Монгол улсаа сурталчлах гээд л.. энэ бүгд манай фэн клубын холын зорилго, мөрөөдөл л байсансан. 

Өнгөрсөн жил бид фэн клубынхээ 10 жилийн ой, Тайтлаа 30 жилийн дараа эргүүлэн авсны баяраа нижгэр тэмдэглэхээр зэхэж байтал гайтай Ковидын халдвар Монгол улсад маань тархснаар замхарсан юм. Харин энэ жил хэдүүлээ фэн клубын ой, 11 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэцгээнээ. Удахгүй үүнтэй холбоотой мэдээллүүд ороод явах байх. 

За ингээд Ливэрпүүлийн фэн клубын эрхэм гишүүд, найзууд, ахан дүүс та бүхэндээ Фэн клуб үүсэн байгуулагдсан баярын мэндийг дэвшүүлье. Цаашид бид он удаан жил хамтдаа байж, Ливэрпүүлийнхээ ялгуусан ялалт, амжилтыг гэрчлэн жаргацгаах буй за. Өнөө орой Вэст хэмийг буулган авахыг үзэн баясаж, ойгоо тэмдэглэцгээе дээ. 

You will never walk alone! 

"Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Бадруул #Redman

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2022 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх