Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Klopp 4 the Kop - 2015 оны 10 сарын 8. 

Энэ өдөр Ливэрпүүл клубын удирдлагууд өнгөрч буй арван хийгээд цаашдын ирээдүйгээ сайнаар гэрэлтүүлэх хамгийн чухал шийдвэрээ гаргасан юм. Германы Майнц хэмээх даруухан клубыг түүхэнд нь анх удаа Бундеслигт дэвшүүлж, улмаар гундуухан амжилттай явсан Боруссиа Дортмундыг дахин мандуулж, Европын топ түвшний баг болгож чадсан Юрген Норберт Клопп Ливэрпүүлийн менежер болсон тэр өдрийг бүгд л өчигдөрхөн мэт санаж буй байх. 

Клоппыг ажлаа явахад Ливэрпүүл маань лигийнхээ 10-р байранд жагсаж байлаа. Цаашдын зорилго нь тодорхой бус, хэзээ дахиж элит түвшиндээ очихыг хэн ч хэлж мэдэхгүй байв. Харин үүнийг Клопп л мэдэж байсан. Клоппыг зэгсэн гадарладаг хүмүүс түүнийг юу хийхээ дэндүү сайн мэддэг гэж барин тавин баталдаг байлаа. 

"Би Ливэрпүүлийг байх ёстой сууриндаа эргэн залрахад тусална. Ойрын 3 жилдээ багтаж бид лигийн аварга болно. Эргэлзэгчдийг бид итгэгчид болгоно. Надад онцгой гойд зүйл байхгүй, би бол энгийн л нэгэн" хэмээсэн даруухан мэдэгдлийг анхны хэвлэлийн бага хурал дээрээ хэлсэн байдаг. 

Анхны жил хэн бүхэнд л амаргүй байдаг. Клопп ч ялгаагүй. Шинэ орчин, соёл, хөлбөмбөгийн онцлогийг таньж мэдэн, ойлгоход түүнд хугацаа хэрэгтэй байлаа. Гэхдээ тэр ажлаа хаанаас эхлүүлэхээ мэдэж байсан. Учир нь Клопп хөлбөмбөг гэж юу болохыг мэддэг, өөрийн гэсэн философитой нэгэн тул арга барилаараа л эхэлсэн. Тэр ирсэн цагаасаа л Ливэрпүүлийн соёлд суралцаж, Ливэрпүүлийн үүх түүх, уламжлалд хүндэтгэлтэй хандаж ирсэн. 

Магадгүй өөр философитой Моуриньо, Пэп нар байсан бол анхны наймааны цонхоо ашиглаад л цэвэрлэгээ хийж, шаардлагатай тоглогчдыг минь авч өг гэж туйлах байсан биз. Клопп харин тэгээгүй. Энэ лигт бэлтгэл сургуулилтаар сайжрах боломжтой гэдгийг ойлгодог цорын ганц дасгалжуулагч нь би юм шиг байна хэмээн тэр үед хэлж байсныг нь тодхон санаж байна. Хэлснээ ч баталж, Рожэрсийн үлдээсэн тэр л бүрэлдэхүүнээр анхны жилдээ л Лигийн цом, Европа лигийн финалд хүрсэн юм. Гэхдээ түрүүлж чадаагүй л дээ. 

Тэр ингэж л эхэлсэн. Ингээд 2016 оны зуны солилцоогоор анхны наймаагаа хийж, өөрчлөн шинэчлэлтээ эхлүүлсэн. Зөвхөн тоглогчид гэлтгүй арын алба, хоол үйлчилгээний алба, фитнесс болон эмчилгээний баг, дасгалжуулагчдын алба гээд бүхий л бүтцэд өөрчлөлт хийж, хүний нөөцөө шинэчлэн сайжруулсан байдаг. Тэгээл дайралтаа эхэлсэн дээ. Юуны өмнө Аваргуудын лигийн эрхээ авах нь чухал байлаа. Энэ зорилгоо тэр биелүүлж, удаан хүлээсэн Аваргуудын лигийн сүлд дуу Анфилд цэнгэлдэхэд дахин эгшиглэх боломжтой болсон юм. 

Аваргуудын лигийн дархан аваргууд эргэн ирэхдээ энэ тэмцээний чимэг, ярианы сэдэв, дуулианы эзэд байж чадахуйц томоохон амбицтайгаа зарласан. Тэр жилдээ л Ливэрпүүл финалдсан. 

Лигийн хувьд яривал Клоппын баг жил ирэх тусам өсөн дэвжиж байлаа. Клоппын анхны жилд (улирлын дундаас тэр ажлаа хүлээн авсан) 60 оноотой 8-р байранд орж байв. Хойтон жил нь 76 оноотой Аваргуудын лигийн эрхээ авахад Арсэнал яг ард ганцхан онооны зөрүүтэй 5-рт орж байлаа. 2017-18 оны улиралд өмнөх жилээсээ үл ялиг буурч, 75 оноотой мөн л 4-т орсон байдаг. Гэхдээ тэр улиралд Ливэрпүүл Аваргуудын лигийн түрүү рүү зүтгэж байсан учраас улирлын төгсгөлийн хэсгийг орхисон тал бий. 

Харин 2018-19 оны улирал эхлэхэд Премьер лигийн түрүүний төлөө өрсөлдөх болно гэдгээ ил тод мэдэгдсэн. Бүрэлдэхүүн ч өмнөх үеэ бодвол хамаагүй зузаарч, хоёр том фронтод хүч хаях боломжтой болсон байлаа. Өмнөх улиралд нь Премьер лигийн хамаг л рекордыг эвдэн сүйтгэсэн Пеп Гуардиолагийн хүчирхэг Ман сититэй ёстой л гал авалзтал үзэлцсэн дээ. Улирлын турш зөвхөн Ситигийн л талбайд хожигдож, 97 оноо цуглуулсан боловч түрүүлэхэд хангалтгүй. Бодоод үз дээ, бүхэн бүтэн 97 оноо. САФ-ын эринд азаргалж байсан Ман Ютд ийм оноонд хүрч байгаагүй, Моугийн Чэлси ч ийм амжилт үзүүлээгүй. Гэтэл түрүү жил Ливэрпүүлийн цуглуулсан 97 оноо хангалттай байсангүй. 2017, 18 онуудад дараалан түрүүлсэн Манчэстэр ситиг эс тооцвол өмнөх бүхий л улиралд ийм оноогоор хангалттай түрүүлэх байлаа. 

2018 оны Киевийн финалд нухуулсны дараа Ливэрпүүлийг дэмждэг бүх л хүмүүс гутарсан байх. Харин Клопп л гуниж эморсонгүй. Яагаад гэвэл тэр хожигдож сурсан хүн, бас хэрхэн ялахаа мэддэг, өөрийнхөө залууст итгэдэг учраас гутраагүй байх. Энэ бол ертөнцийн төгсгөл биш, дараа дахиад л финалдана, тэр үед хожих болно гэдэгт итгэлтэй байсан учраа л үүрийн 6 цаг хүртэл шоудсан биз. 


Let's talk about six baby! 

Киевийн финалын шарх бүрэн арилж амжаагүй байхад ёстой л нэг хавтай нь аргагүй дахин финалдаж, улмаар түрүүлсэн билээ. Түрүүлэхдээ групптээ Франц, Сербийн лигийн аваргуудыг өвдөг сөхрүүлж, хасагдах шатанд Португаль, Герман, Испанийн багуудыг ээлж дараалан буулган авснаар аваргын төлөө Тоттэнхэмийг итгэл төгс хожиж, Мэрсисайдад 6 дахь дэлдэн чихтийг авчирсныг эргэн дурсахад нэн таатай байна. 

Дахин урагшаа

Мухар сүсгийн ч гэмээр юм уу нэг зүйл байдаг. 2002, 2009, 2014 онуудад Ливэрпүүл тайтлын төлөө хүчтэй өрсөлдөж, тэр бүртээ хоёрдугаар байранд улирлыг өндөрлөж байсан. Хачирхалтай нь хойтон жил нь дахиад аваргын төлөө өрсөлдөх учиртай байтал Ливэрпүүл уруудчихдаг байв. Харин Клоппын Ливэрпүүл тийм биш бололтой. Яг л Киевийн финалд хожигдсон ч толгой гудайлгалгүй ирэх жилд нь хоншоортой даагаа нэхсэн тийм л Ливэрпүүлийг бид одоо харж байна. Магадгүй Клопп залуустаа

When you walk through a storm

Hold your head up high хэмээх YNWA дууны утгыг бүрэн тайлбарласан ч юм уу. Ливэрпүүл маань энэ улиралд том зорилгын төлөө урагшилсаар яваа. 


Төгсгөл бүхэн эхлэл шигээ байх албагүй 

Хүндхэн эхэлсэн өнгөрч буй арваныг Ливэрпүүл ердөө ганцхан цомтойгоор (2012 оны Карлинг кап) төгсгөх ойрхон л байж, ингээд бодоход.

Гэвч гайхамшигт Мадридын финалаас улбаатай хоёр сайхан цом Анфилдад ирлээ. Ливэрпүүл үеийн үед л Английн хамгийн агуу амжилттай, Европын элит клуб байсаар ирсэн. Харин цомын цуглуулганд маань Клубын ДАШТ гэх жижигхэн хэрнээ нэр хүндтэй цом байдаггүй байлаа. Гайхалтай он жилийнхээ төгсгөлд уг цомыг мөн өргөлөө. 

Эргээд харахад өнгөрсөн арван үнэхээр амаргүй, Ливэрпүүлийн фэнүүдийн тэвчээр, шандсыг сорьсон тийм л он жилүүд байлаа. Сэтгэл гонсоймоор ялагдлууд, хайртай тоглогчдын маань шилжилт, үргэлж л багаа удирдан дүүхэлзэн зогсох сүргийн манлай Жэррардаа зодог тайлахыг үзлээ. Эргээд дурсахад гунигтай цаг мөч нь арай олон байсан юм уу даа?! 

Гэвч Клопп хэмээх гайхалтай эрхэм Ливэрпүүлийн жолоог гартаа авснаас хойш баг маань сэргэн мандалтын замдаа нэгэнт оржээ. 

Амаргүй арваны эхлэл 2010 оны хамгийн анхны тоглолт Волвэрхэмптоний эсрэг тохиож, 1:0-ээр хожигдож байлаа. Тэр үед Рой Хожсон Ливэрпүүлийг удирдаж байв. 

Сонирхолтой нь уг арваны хамгийн сүүлчийн тоглолт дахиад л Волвэрхэмптоний эсрэг таарч, Ливэрпүүл 1:0-ээр ялалт байгуулав. Одоо Юрген Норберт Клопп Ливэрпүүлийг удирдаж байна. 

Төгсгөл бүхэн эхлэл шигээ байх албагүй гэдгийг баталсан тохиол ч юм шиг. Ямартай ч ирэх арваныг тэс өөр Ливэрпүүл, тэс өөр зорилготойгоор эхлүүлэх болно. 

2029 оны өдийд дахиад л одоогийнх шигээ өнгөрсөн арванаа базан бичээд, "Клоппын гайхалтайгаар эхлүүлсэн энэ арваныг Стивэн Жэррард амжилттайгаар үргэлжлүүлж байна" хэмээн бахархан бичиж суухсан гэсэн ерөөлийн үгээр төгсгөе дөө. 

Чүүүүүү!!!

2019.12.30-ны өдөр, 23:40 цаг

Нийтэлсэн: Б.Бадруул

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх