Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

127 жилийн түүхтэй Ливэрпүүл клубын ороо бусгаа, уналт босолт хослосон нэгэн арван шувтарч байна. Ингээд өнгөрч буй 10 жилийг эргэн нэг санаж, хамтдаа дурсацгаах уу? 

"Рафа халагдав"

 

2010 оны 5 сард Рафаель Бэнитэз ажлаасаа халагдсан. 2008-09 оны улирлыг 86 оноотой дуусгаж, бүтэн улирлын турш тайтлын төлөө өрсөлдсөн Ливэрпүүлээ бид дараа жил нь алаад өгнөө л гэж бодож байсан. Гэвч тийм зүйл болоогүй, бүр баг маань унаж эхэлсэн. Шалтгаан нь Шабиг явуулсан, оронд нь гэмтэлтэй Аквиланиг авчирсан гэж дүгнэдэг. Гэхдээ асуудлын гол нь Том Хикс, Жорж Жиллэт гэсэн тэр үеийн Ливэрпүүлийн эздэд л байсан гэж боддог. Тэр үед Ливэрпүүл санхүүгийн хувьд Ман ютд, Чэлситэй өрсөлдөх хэмжээнд байж чадаагүй. Рафа тулдаа л Ливэрпүүлийг топ түвшинд барьж байсан даа. Мунхаг эзэд үүнийг ойлгоогүй. 


"Эмээгийн эрин"

 

Үнэндээ Ливэрпүүлийн энэ үеийг дурсахыг хүсдэггүй. Гэхдээ дурсахаас аргагүй. Учир нь яг тэр үед Ливэрпүүлийн Монгол дахь фэн клуб үүсч байлаа. Тэхээр бид чинь багийнхаа мандан бадралыг дагаж үүссэн, глори хантерууд биш байгааз? хэхэ 

Рой Хожсон өмнөх улиралд нь Фулхэмийг Европа лигийн финалд аваачсан гэсэн додигор шошготойгоор хүрэлцэн ирсэн. Фэнүүд бол тийм ч сайхан хүлээж аваагүй. Энэ өвөө манай амбицид нийцэхгүй ээ гэдгийг бүх л Копууд хэлсэн байх. За яахав нэр нь Хожсон, билэг дэмбэрэлтэйм даа гэж л маниус маазарч суухав. Удалгүй өвөө маань эмээ болон хувирсан. "Тануус зүгээр 10 тоглолтын дараа л наааг хараарай" гэдэг алдарт үгээ тэгэхэд хэлж байлаа. Эмээ мэдээж удаан тэсээгүй, арайхийж он гаргаад халагдсан даа. 


"Том Жерри тонилж, Fenway Sports Group-ын эрин"

Хожсонтой Ливэрпүүлийн дампуурал дан ганц Хожсоны хэрэг байгаагүй. Клуб маш их өрөнд орж, жил бүр алдагдалтай ажиллаж, багийн амбиц гээч зүйл үгүй болж байлаа. Яг л энэ үетэй зэрэгцэн Манчэстэр сити, Тоттэнхэм зэрэг клубууд хөрөнгө оруулалт хийж, өндөр түвшинд өрсөлдөхөд улам л хүнд болж ирсэн. 

Дэлхийн өнцөг булан бүрт Ливэрпүүлийн фэнүүд нэгдэж, багийн эздээ эсэргүүцэн тэмцэж байлаа. Бид хүртэл үүнд нэгдэж, Цонжин болдогт очин баннэрийн өмнө зургаа авахуулж, эл үйл ажиллагаанд дуу хоолойгоо нэгтгэсэн гэж бодохоор сайхан санагддаг юм. Улмаар маш хүнд байдалтай байсан Ливэрпүүлийг FSG худалдан авснаар бид ч удахгүй алаад өгөх нь дээ гэж дэвхцэн баясаж билээ. 

Ливэрпүүлийн эзэн Жон Хэнри Анфилдад анх удаа ирж, ямар багт хөрөнгө оруулалт хийснээ нүдээр үзэх тэр агшинд баг маань Наполид 1:0-ээр нухуулжийж билээ. Жэррардыг сэлгээнд суулгачихсан муу эмээ маань нүүрээ үрсээр л эхний үеийг дуусгаж, хоёрдугаар хагас эхлэхэд шууд л домогт ахлагчийг талбайд гаргасан. Жи маань даварсан Италичуудыг байранд нь тавьж, хэт-трик хийснээр эмгэний арьсыг бага ч болтугай аварсан гэж боддог юм. 


"Итгэл найдвар дүүрэн 2011 он" 

FSG-ийн анхны том шийдвэр нь Хожсонг халж, Хаан Далглишийг авчирсан явдал байлаа. Үнэндээ тэр үед Кэннигээс минь өөр балчиг намагт хутгалдчихсан байсан Ливэрпүүлийг босгож ирэх хүн байгаагүй байх. Дөнгөж ажлаа авсны дараа Луис Суарэз хэмээх дараагийн он жилүүдийн Анфилдын баатрыг авчирж, зөрөөд Копуудын хайртай тоглогч Фэрнанд Торрэс Чэлсиг зорьж билээ. "Багаас илүү ямар ч том тоглогч байдаггүй юм" гэсэн алдарт үгийг Кэнни маань тэгэхэд хэлсэн.

Бас Ливэрпүүлийн бүх цаг үеийн фэйл наймаа Энди Кэррол энэ наймааны хохирогч болсон доо. Тэр үед Ньюкаслд гялалзаж байсан энэ залуу Ливэрпүүлд ирэхдээ гэмтэлтэй байсан бөгөөд дэндүү хурдан хийгдсэн энэ наймаанд Кэррол өөрөө дургүй байсан гэдэг. "Гэмтэлтэй байсан би Ливэрпүүлийн эмчийн үзлэгийн орон дээр хэвтэж байх үедээ энэ бүхэн битгий бүтээсэй, эмчийн үзлэгт бүдрээсэй гэж залбирч байлаа" хэмээн саяхан хүртэл хэлчихсэн байсан. 

2011 оны зун Ливэрпүүл нэлээд шинэчлэлт хийж, Комоллигийн "Британижуулах аян" эхэлсэн дээ. Хэндог эс тооцвол энэ аян бүрэн утгаараа, бүтэн фэйлдсэн юм. 

70-аад оны Тошак, Кийганы хослолыг дахин бүтээх гэсэн Далглишийн төлөвлөгөө бүтэлгүйтсэн. Стюарт Даунинг, Чарли Адам, Жордан Хэндэрсон нар тэр зун ирж байлаа. Гэхдээ Хаан Кэннигийнхээ хамтаар 2012 онд Лигийн цомд түрүүлж билээ. Мөн Холбооны цомын финалд Чэлсид хожигдож, лигтээ хангалтгүй тоглосноор Кэнни маань ажлаа өгсөн дөө. 

Нийтэлсэн: Бадруул

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх