Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

За энэ тоглолтыг тухайн үед нь үзэж байсан хэмээн мултраад яахав. Дараа нь энэ тоглолтын бичлэг, тоглолттой холбоотой мэдээлэл гээд олон л зүйл уншиж байлаа. Одоогоос 17 жилийн өмнөх энэ өдөр уг дуулиант тоглолт тохиож байж. 

Үндсэндээ 20 жил хөгшин Европын хамгийн том тайзнаас хол байсан Ливэрпүүл дахин хагас шигшээд гарсан бол тэдний өрсөлдөгч нь шинэ баян Чэлси байв. Чэлси тэр үед лигтээ хол тасархай түрүүлэх нь тодорхой болчихсон, Аваргуудын лигээс Барсаг мулталчихсан байлаа. Фэворит нь мэдээж Чэлси. 

Тоглолт эхлээд ердөө удалгүй Луис Гарсиа гоолын салхийг хагалсан. Бөмбөг орж явах агшинд Уиллиам Галлас амжиж цэвэрлэсэн боловч Словак шүүгч Лубос Мишел гоолыг тооцож, гол руу заасан юм. Энэ гоолыг Луис Гарсиагийн Ghost goal гэж нэрлэдэг. (Сониноос нээрээ шугаман дээрээс цэвэрлэн гаргаж буй Галлас тун удахгүй Монголд ирэх гэж байгаам билээ шүү) 

Чэлсигийнхэн мэдээж энэ гоолтой олон жил заргалдсан. Жэррард маань сүнсний гоолын тухай дараа нь ярихдаа, Чэлсигийнхнийг гоншгоноод яах вэ л гэж хэлдэг. Хэрвээ шүүгч зөв шүүсэн бол гоолын өмнө Милан Барошийг унагаасан Петр Чэхийг талбайгаас хөөж, Ливэрпүүлд торгуулийн цохилт заах ёстой гэдэг. 

Эхний тоглолт Сүрлэн гүүр цэнгэлдэхэд болоход Ливэрпүүл нэр төртэй тулалдаж, хуурай тэнцээтэй салсан. Харин 17 жилийн өмнөх энэ өдөр хариу тоглолт Анфилдад болсон байдаг. 

Та бүхэн уг тоглолтын үеэрх чимээг сонсоорой. Атмосфер нь дэндүү аймшигтай, Анфилд цэнгэлдэхийн дуу чимээ нь 130 децибел хүрч рекорд тогтоосон түүхтэй. Жон Тэрри дараа нь уг тоглолтыг дурсахдаа цэнгэлдэхийн уур амьсгалыг хэзээ ч мартахааргүй болсон гэдгээ хэлсэн байсан. Тамирчид халаалтаа хийхээр гарах үед цэнгэлдэх хэдийнэ дүүрчихсэн, багаа дэмжээд эхэлчихсэн. Тоглолтын үеэр нэг минут ч зогсолгүй багаа уухайлж байсан гэдэг. 

Рафагийн Улаанууд хүссэн гоолоо оруулчихсан байсан учраас үлдсэн хугацаанд зүгээр л атуусдсан. Рафа угаас үр дүнгийн тоглолт хийхдээ гаргууд байсан л даа. Ингээд үлдсэн хугацаанд үр дүнгээ найдвартай хамгаалснаар Ливэрпүүл 20 жилийн Европын цомын шигшээд үлдэж, домогт Истанбулын гайхамшиг бүрдэх эхлэл болсон юм. Эхлэл ч гэж дээ, тэр улиралд угаасаа л драмтай эхэлсэн, хэсэгтээ мултарч байгаа газар Gerrard beauty болж л цаашаа явсан байдаг. 

Энэ тоглолтод Карра маань аймаар байсан гэдэг. Хөлийнх нь шөрмөс татчихсан, хөдлөх боломжгүй байхад л тоглоод, Дрогбатай алалцаад, эрэлхэг дайчин шиг тулалдсан.. хэрвээ Карра байгаагүй бол бид цааш шалгарахгүй байсан гэж хожим Жэррард дурсаж билээ.

Нийтэлсэн: Бадруул

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх