Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

ТАА хүүгийн хөлбөмбөгчин болсон түүх чухам үлгэрт гардаг шиг аз золоор эхэлсэн гэлтэй, түүний нэр Ливэрпүүлийн зуны зусланд явах сугалаанд таарчихсан гэдэг. Харин тэр өнөөдөр BBC-гийн Дан Рөүнд “аав шиг” түшигтэй Клопп, бэлтгэлийн үеэр Салахтай халз тулах ямар байдаг, Английн шигшээд багтах найдвар, түүнчлэн Пример Лигийн цалин авч байгаа хэр нь яагаад ээжээсээ тусдаа амьдрахгүй байгаа тухайгаа ярилаа. 

Мэлвүүдэд ойрхон амьдардаг Трэнт Александер-Арнольд хэмээх жаал хүү Ливэрпүүлийн бэлтгэлийн талбайд орж үзэхийг мөрөөдөж, ханын нүхээр нь баатруудаа ихэвчлэн хардаг байжээ. 

2018 оны 5 сарын 11, Ливэрпүүл хот

Мэлвүүдэд ойрхон амьдардаг Трэнт Александер-Арнольд хэмээх жаал хүү Ливэрпүүлийн бэлтгэлийн талбайд орж үзэхийг мөрөөдөж, ханын нүхээр нь баатруудаа ихэвчлэн хардаг байжээ. Өөрийн баатрууд болох Стивэн Жэррард, Жэйми Каррагэр, Шаби Алонсо нараа 2005 онд Аваргуудын Лигт түрүүлэхийг харж байсан тэрбээр өдгөө 19 настайдаа тэдэнтэйгээ эн зэрэгцэх хэмжээнд хүрчээ. Одоо хэр нь ээж, ах дүү нарынхаа хамт амьдардаг баруун жигүүрийн хамгаалагч ТАА-н хувьд Реал Мадрид & Кристиано Роналдотой 5 сарын 26-нд Аваргуудын Лигийн шигшээд тулах нь шинэхэн замналынх нь хамгийн хатуухан сорилт байх нь тодорхой. 
Ердөө 17 сарын өмнө мэргэжлийн тамирчны замналаа эхлүүлсэн ТАА нь Юргэн Клоппын удирдсан багт багтаж Киевт тоглох цорын ганц Ливэрпүүлиан (Ливэрпүүлийн унаган иргэн) байх болно. Түүгээр ч үл барам түүнийг ирэх Лхагва гаригт Гарет Саутгэйт дэлхийн аваргад өрсөлдөх шигшээ багтаа ч багтаахыг үгүйсгэхгүй.

ТАА хүүгийн хөлбөмбөгчин болсон түүх чухам үлгэрт гардаг шиг аз золоор эхэлсэн гэлтэй, түүний нэр Ливэрпүүлийн зуны зусланд явах сугалаанд таарчихсан гэдэг.
Харин тэр өнөөдөр BBC-гийн Дан Рөүнд “аав шиг” түшигтэй Клопп, бэлтгэлийн үеэр Салахтай халз тулах ямар байдаг, Английн шигшээд багтах найдвар, түүнчлэн Пример Лигийн цалин авч байгаа хэр нь яагаад ээжээсээ тусдаа амьдрахгүй байгаа тухайгаа ярилаа.


Зураг 1: ТАА BBC-гийн Дан Рөүнтэй ярилцаж байгаа нь.

ДР: Бүхнийг эхнээс нь яриач, чи хаана өсч, яаж хөлбөмбөгчин болох аялал чинь эхэлсэн бэ?
ТАА: Би Мэлвүүдээс ердөө 5-10 минутын зайд байх Уэст Дарбид өссөн. Хүүхэд байхын л боломж гарвал л энд тэнд найзуудтайгаа, ах дүү нартайгаа байнга хөлбөмбөг тоглоод явдаг байв. Амралтын өдрүүдээр 3 багт тоглодог, Ливэрпүүлд ажлын болон амралтын өдрүүдээр тоглоод л. Тэгээд Мэлвүүд рүү очиж хаалган дээр хүлээх юмуу ханын хагархайгаар нь харж, хүндэлж биширч явдаг, том болоод би ийм л хүн болно гэж боддог хүмүүсээ харагдах нь уу гээд л хүлээдэг байлаа. Аваргуудын Лигт аваргалсан тэр үед бид бүгд л Жэррард, Каррагэр, Алонзо шиг болох юм сан гэлцдэг байв. Тэднийг харах бүртээ тэдэн шиг болох ямар байх бол гэж төсөөлдөгсөн. 


Чи яаж яваад академид багтчихав?
Энэ их хөгжилтөй түүх. Би зургаан настай байсан байх аа, Ливэрпүүл зуны зуслан зохион байгуулж таарсан. Тэгээд тэд манай сургуульд, яг миний насны хүүхдүүдэд “хэн зусланд явмаар байна?” гэсэн хэдэн урилга илгээсэн хэрэг. Ангийн бүх хөвгүүн л явахыг хүссэн болохоор хамгийн шударга байдлаар шийднэ гээд нэр сугалуулахад миний нэр таарчихсан. Ингээд би хагас ээлжээр яваад, эхний бэлтгэлийн нэгдүгээр хагасын дараа дасгалжуулагчид билүү скаутуудын нэг нь ээж дээр минь очоод “та түүнийг 7 хоногт 2-3 удаа авчраад байж болох уу?” гэснээр Ливэрпүүлийн тоглогч болсон юм даа.


Орон нутгийн баатар байх чамд хэр чухал вэ?
Маш чухал. Би лав багадаа Жэррард, Каррагэр нарын орон нутгаас төрсөн гайхалтай тоглогчдыг хараад илүү их урам зориг авдаг байсан. Авьяаслаг, хичээл зүтгэлтэй нутгийн хөвгүүдэд боломж байна - чи үнэхээр өөрөө хүсээд зорих л юм бол болно шүү дээ. Би ингэж бодож л хичээдэг. Академийн залуу тоглогчид, Ливэрпүүлийн жаалууд одоо намайг хараад тэгж боддог байгаасай. 


Зураг 2: Ливэрпүүлд анх 6 настайдаа нэгдсэн ТАА нь үндсэн багийн анхны тоглолтоо 2016 оны 10-р сард хийж, энэ улиралд одоогоор 31 тоглолтонд оролцоод байна.


Уэст Дарбид өсөх ямар байв? Ах дүү нартайгаа хамт тоглодог байсан гэсэн. 
Бид төв зам дагуу амьдардаг байсан болохоор цэцэрлэгээсээ гадагшаа гарч тоглох тийм ч аюулгүй биш тул байшингийнхаа арын цэцэрлэгт голдуу тоглодог байв. Гарлаа ч замын нөгөө талд байх цэцэрлэгт хүрээлэнд тоглоод, ээж биднийг цонхоор харж байдаг байсан. Тийм насан дээр ах дүү нартайгаа тоглож, тэднийг хожих сонирхол хүүхэд бүрт л байдаг шүү дээ, ингэж л өрсөлдөх чадвар бидэнд суудаг байх. 


Чи одоо хэр нь ээж, ах дүү нартайгаа амьдарч байна уу? 
Ээж болон ах дүү нар минь – бид маш дотно гэр бүл. Тэд намайг тусдаа гарахыг дэмждэггүй, би ер нь олон залуу тоглогч цалин авч эхэлмэгцээ хэт эрт тусдаа гараад алдах нь бий гэж боддог. Гэрийнхэн маань намайг элдэв зүйлд толгой өвдөхгүй байгаасай гэж хүсдэг байх. Тэдэнгүйгээр би өнөөдрийн ТАА болохгүй л байсан. Гэртээ ирээд л өдөр тохиолдсон бүх сайн, муу явдлуудаа гэр бүлдээ ярих чинь сайхан шүү дээ. Энэ бүхнийг тэдэнтэйгээ хуваалцаж, хамт туулж байгаадаа би маш их баяртай явдаг. 


Тэгвэл гэр бүлийнхэн чинь чамайг даруу төлөв байхад нөлөөлдөг байх нь ээ?
Гэр бүлийнхэн, найз нөхөд маань намайг даруухан байж, хэт том толгойлохгүй байхыг ойлгуулдаг гэх үү дээ. Онгирч л болохгүй, хичнээн сайн байсан ч зөв бодолтой, сэтгэл санаагаа тогтуун барьж л байхгүй бол болохгүй шүү гэж өөрөө өөртөө хэлдэг. Олон залуу тоглогчид үүн дээр алдаж байхыг би олонтаа харсан, тэд том амжилтанд хүрэхийн даваан дээр сэтгэл санаа нь бэлэн биш байснаас болж алдаж эндэх нь ажиглагддаг. 
Аваргуудын Лигт гурав дараалсан түрүүгээ авах дайралтыг Реал Мадрид хийх үед чи 5 удаагийн Ballon d'Or-н эзэн Роналдотой тулна шүү дээ. Би тоглогчийн хувиар өөрийгөө сорьж, өрсөлдөж болох хамгийн шилдэгүүдтэй тулахыг хүсдэг. Киевт тэр агуу талбар санаснаас илүү хэцүү биш байгаасай гэж найдаж байна, сэтгэл ч их хөдөлж байгаа. 


Зураг 3: ТАА ээж, ах дүү хоёрын хамт Ливэрпүүлд амьдардаг.

Юргэн Клопп болон түүний чамд өгсөн итгэл найдварын талаар яриач?
Надад боломж олгож, гаргаж ирсэн менежер бол Юргэн. Тэр бол намайг байнга дэмждэг хүн, энэ талаараа надад эцэг шиг санагддаг даа. Юргэн их үнэнч шударга хүн, бусад менежерүүдэд тийм зан чанар байгаасай гэж бодогддог – чи яаж сайжрах хэрэгтэй, яаж багтаа тус болох боломжтойг шууд хэлээд л өгнө. 


Чи энэ улиралд цойллоо шүү дээ, энэ талаараа эргэж бодоход юу бодогдож байна даа?
Итгэмээргүй! Улирлын эхэн үед өнөөдөр ийм чухал тоглолтуудад оролцож, менежерээс ийм өндөр итгэл хүлээж, фенүүдийн асар их дэмжлэгийг аваад байж байхыгаа огт таахгүй байсан даа. Миний болон гэр бүлийн маань хувьд гайхалтай сайхан аялал болж байнаа. 


Амжилтынхаа нууцыг юу гэж бодож байна вэ?
Миний бодлоор хувь хүний хичээл зүтгэл бол амжилтын үр үндэс. Би 6 настайгаасаа эхлээд өдөр бүр хичээсэн. Өдөр бүрийн хичээл зүтгэлийн ачаар л байгаа авьяас чадвар хөгжиж, чи юу чадахаа харуулах боломжтой болно. 


Анхны улиралдаа тоглогчийн хувиар хэр өсч хөгжив? 
Өнгөрсөн улирлыг харахад би арай л болоогүй байсан санагддаг, бөмбөгний төлөө явахдаа & дарамтан дунд шийдвэр гаргах үедээ яараад гэх мэтээр. Гэхдээ үндсэн багт тоглох тусам туршлага суугаад, өөр болж эхэлдэг юм билээ. Урьд нь мэддэггүй байсан нөхцөл байдлуудад орж, олон зүйлсийг мэдэрнэ, сурна. Эсрэг багийн фенүүд бүүлэх, элдвээр хэлэхэд яахаа мэддэг болно. Туршлагагүй залуу тоглогч болохоор “усанд шидэгдэж” байж л сурч байна. 


Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ? 
Ахиад л гэр бүл маань, тэд хамгийн сайн зөвлөгөөг өгдөг. Байдал муу байхад тэд юу хэлэхээ мэддэг юм. Хөлбөмбөгт мэдээж алдаа гарна шүү дээ. Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авч, хэрхэн давуу байдал болгож өөрийгөө хөгжүүлэх нь чухал санагддаг. Улирлын явцад гаргасан алдаануудаа давтахгүйг хичээдэг.


Европын дэвжээнд гаргаж буй Ливэрпүүлийн амжилт юутай холбоотой вэ? 
Фенүүдийн маань дэмжлэг. Тэднийхээ ачаар бид олон түүхэн шөнийг бүтээгээд байна – эргэн эрэлтүүд, олон ялалтууд. Европын тоглолтын үеэр Анфилдэд талбайн гэрэл асч, Аваргуудын Лигийн дуу эгшиглэхэд фенүүд маань Анфилдыг ямар нэг өөр газар болгон хувиргадаг шиг санагддаг. Өрсөлдөгчдөд их хүнд байсан байх аа, ялангуяа Манчестер Ситигийнхэнд. Тэд Премиер Лигийн үеэр зочилж тоглодог болохоор “өө байдаг л Анфилд” гэж бодтол байдал, уур амьсгал үнэндээ шал өөр байсан. Бидний амжилтын үндэс бол фенүүдийн маань итгэл үнэмшил, дэмжлэг л гэж би бодож байна. 


Зураг 4: Мохамед Салах энэ улиралд Пример Лигийн хамгийн олон гоолтой тоглогч болоод буй. 


Бэлтгэлийн үеэр Салахтай тулахад ямар вэ?
Хэцүү шд, ёстой хэцүү. Манай урд талын гурав ер нь их хэцүү, ялангуяа бэлтгэлийн үеэр. Гэхдээ тэдэнтэй тулж байж л дараагийн тоглолтонд бэлтгэгддэг дээ. Бэлтгэлийн үеэр тийм зиндааны тоглогчидтой тулах хэрээрээ би хөгжинө гэж боддог. 


Премиер Лигт учирсан хамгийн хүнд өрсөлдөгч хаанах байв? 
За даа, бараг л (Манчестер Ситигийн Лэрой) Санэ мөн дөө. Дэлхийн хэмжээний тоглогч шүү дээ, үнэхээр мундаг. Сайн тоглогчидтой тоглох гоё, би дэлхийн хэмжээний жигүүрийн довтлогчидтой тулах их дуртай. 


Зураг 5: Аваргуудын Лигийн шөвгийн наймд Ливэрпүүл Манчестэр Ситиг мулталсан.


Аваргуудын Лигт Ливэрпүүл түрүүлэх магадлал хэр бол? 
Аваргуудын Лигийн финалд үлдчихээд, одоо ганц тоглолт л үлдсэн гэж хэлж байх үнэхээр сайхан байгаа ч, хожоод түрүүлчихлээ гэж хэлэх хамгаас сайхан. Үүнийг л залуустайгаа хамт бүхнээс илүү хүсч байна даа. Бид ялмаар байна, яавч бууж өгөхгүй.


Зураг 6: Ливэрпүүл 2007 оноос хойш анх удаа Аваргуудын Лигийн финалд үлдээд байна.

Чи Кристиано Роналдотой тулж байгааг хөлбөмбөгийн ертөнц тэр чигээрээ үзэж байна гэж бодохоор итгэмээргүй санагддаг уу?
Би тэр талаар хараахан бодож амжаагүй л явна. Энэ Ням гаригт ирэх улиралд Аваргуудын Лигт орох үгүйг шийдэх тун чухал тоглолттой, яг одоогоор тэр тоглолт Киевээс илүү чухал байна даа. Гэхдээ Брайтонтой тоглосны дараа бид бүх хүчээрээ Киевт болох тулаандаа бэлдэнэ. Би болон залуусын маань олонхийн хувьд Аваргуудын Лигт анх удаа тоглож байгаа болохоор 7 хоногт гурав тоглож үзээгүй байсан ч бид дажгүй даваад гарчихлаа гэж санагдаж байна. 


Гуравдугаар сард Английн шигшээ багтай хамт бэлтгэл хийхээр уригдсан, ямар санагдсан бэ?
Их сайхан байсан шүү. Яагаад гэвэл улирлын турш эсрэг тоглож байсан тоглогчидтойгоо хамт бэлтгэл хийсэн. Ихэвчлэн “алалцаж” байдаг хүмүүстэйгээ гэнэт нөхөрсөг уур амьсгалтай уулзах өөр, гоё санагдсан. Над их таалагдсаан, тийм боломж олдсонд баяртай байгаа.


Английн шигшээгийн гараанд гарч тоглохын тухайд?
Одоо яг нутгийнхаа клубт хүчин зүтгэж байгаа шиг эх орноо төлөөлнө гэдэг нэр төрийн хэрэг. Улсынхаа шигшээгийн бүх томоохон тэмцээнүүд, нөхөрсөг тоглолтуудыг нь үзэж, шинэ өмсгөлүүдийг нь авч өссөний хувьд нэг л өдөр Английн шигшээгийн цагаан өмсгөлтөй тоглох итгэмээргүй боломж олдоосой гэж найддаг. 


Зураг 7: ТАА Английн хүүхдийн шигшээгийн U16-21 насны шат бүрт тоглосон туршлагатай. 


Дүгнэлт

Дан Рөүн, BBC-гийн спортын редактор
Ээж нь хоол хийж байх зуур түүний дүү сургуулиасаа ирлээ. Премиер Лигийн тоглогчтой хийдэг ярилцлагын орчин ч биш л дээ. Гэхдээ Трэнт Александер-Арнолдын амжилт бол гэр бүлийн үйл ажиллагаа юм билээ. Түүний тун ч даруухан эхэлсэн анхны улирал сүүлдээ Аваргуудын Лигийн финалд хүрч, одоо бараг Дэлхийн аваргаар ч үргэлжлэх биз. 19 настай чамбай хамгаалагч хүү өсч хөгжиж, итгэлтэйгээр урагшилж байна. 
ТАА өөрийн амжилтын түлхүүрээр Ливэрпүүлийн академийн Иан Барриган, Алекс Ингэлторп, Ниль Критчли тэргүүтэй дасгалжуулагчид болон мэдээж гэр бүлээ нэрлэдэг юм. Энэ зун Орост эх орноо төлөөлөн тоглож тун болзошгүй байгаа энэ залуу эр чөлөөт цагаараа байшингийнхаа арын цэцэрлэгт ах дүү хоёртойгоо бөмбөг өшиглөж амардаг. Өссөн Уэст Дарбигаасаа хамаагүй чинээлэг сайхан дүүрэгт амьдардаг болсон ч ТАА даруу төлөв хэвээрээ. Пример Лигийн космополитан ертөнц, баян багуудын хувьд түүн шиг ийм эгэл даруухан, орон нутгийнхаа багийн U8 академиас төрөн гарсан залуу од ховордсоор байгаа билээ. Гэвч ТАА бол клубууд, Хөлбөмбөгийн Холбоо цаашид олноороо төрөн гарч, элит тоглогч болтлоо хөгжөөсөй гэж хүсдэг яг тийм л төрлийн тоглогч юм. 
Бага насандаа скаутуудад нүдлэгдэж, St George’s Park-д дасгалжуулагдан өсч, эх орныхоо хүүхдийн шигшээ багт тоглосон тэрээр жинхэнэ мэргэжлийн тоглогч болон хөгжиж, багийнхаа нэрийн хуудас болж хэдийнээ амжжээ. Английн хөлбөмбөгийн нэгэн залгамж халаа болсон энэ хүүгийн ирээдүй гэрэлтэй байна.

Орчуулсан Ө. Золзаяа

Хянан засварласан Б. Батзаяа

Эх текст: https://www.bbc.com/sport/football/44081528 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх