1985 оны 5-р сарын 29-нд Бельгийн нийслэл Брюссель хотын Эйзель стадионд Ливэрпүль - Ювентус Аварга багуудын цомын тэмцээний шигшээ тоглолтонд таарчээ. Ливэрпүлиэс 60000 гаран хөгжөөн дэмжигч ирсэний ихэнх нь халамцуу байлаа. Тоглолт эхлэхээс цагийн өмнө стадионы уур амьсгал дайн дажинг санагдуулам байв. Хашгиралдан орилолдож туг дарцагаа дэрвүүлэхийн сацуу галт пуужин байн байн буудуулна. Цагдаа нар хөөрсөн хөгжөөн дэмжигчдийг номхтгож чадахгүй байлаа. Английн галзуурсан мэт фанатууд Италийн балиашгууд руу арслан барс мэт дайрахад бэлэн харагдана. Азаар тэднийг торон хана тусгаарлаж байв. Гэвч хоёр багийн хөгжөөн дэмжигчдийг тусгаарлаж байсан Z хэсгийн тор нурснаар Английн танхай фанатууд галзуурсан мэт Италчууд руу дайрав. Аюул ирж буйг хараад сандарсан Италчууд аврал хайн нөгөө зах руу гүйхдээ унасан нэгэн дээрээ гишгэн зүтгэв. Тэднийг зүгээр л гишгэчихсэн юм.
Хоёр багийнхан тоглолтыг хойшлуулахыг хүссэн ч шүүгч шүглээ үлээлээ. Мишель Платини торуулийн цохилтоор хожлын ганц гоолыг оруулсан. Агуу Франц эр баярлан дэвхцэн гүйснийг хожим хэвлэлээр ихэд шүүмжилсэн. Хэвлэлийнхэн Платини 39 хүний авсан дээгүүр харайн баярласантай ялгаагүй хэрэг хэмээн үзэцгээжээ. Энэ явдлын дараа Платини зодог тайлна гэж шийдсэн гэдэг.
Ливерпулийн зарим хөгжөөн дэмжигчид Италчууд өөрсдөө л бидэн рүү хараал чулуу шидээд байсан шүү дээ гэж дараа нь өөрсдийгөө өмөөрч байлаа. Зарим нь тоглолтыг зохион байгуулагчдыг буруутгаж байв. Цагдаа нарын тоо хангалттай байгаагүйг ч олонтаа дурьдлаа. UEFA хэрэг явдлын гол буруутан Английн хөгжөөн дэмжигчдийг хэрхэн шийтгэхээ бодож олжээ. Энэ бол 5 жилийн турш Европын цомын 3 тэмцээнд Английн ямар ч багийг оруулахгүй байх тухай шийдвэр байв. Харин хэргийн эзэн Ливэрпүльд шийтгэлийн хугацааг 7 жилээр тогтоосон юм.
Харин Эйзель стадионыг бүрмөсөн нурааж буурин дээр нь Бодуэн хааны стадионыг босгожээ. Мөн шинэ стадиондоо хэзээ ч клүбүүдийн хоорондын тоглолтыг хүлээж авахгүй гэсэн хатуу шийдвэр гаргасан байна. 1985 онд болсон тэрхүү аймшигт явдлын гэрч болсон нэг л зүйл үлдсэн нь стадионы гол хаалга.
Эйзельд болсон явдлыг өөрийн нүдээр үзсэн Ливерпулийн хөгжөөн дэмжигч Жеральд Маккинли ийн дурсжээ. Тэр хүчирхийлэл эмх замбараагүй байдлыг ямар ч хүчээр зогсоох боломжгүй мэт санагдаж байсан. Европ Англид эмх замбараагүй танхай балмад явдлууд хөлбөмбөгийн үеэр газар авч байсан. Энэ эмх замбараагүй байдал танхайрлыг хэзээ нэгэн цагт заавал зогсоох ёстой байлаа. Гэвч үүнийг зогсоохын тулд ийм их үнэ төлсөн нь эмгэнэлтэй. Эйзельд болсон тэр аймшигт явдал надад машинистгүй хурдалж яваа галт тэрэг шиг л санагддаг гэжээ.
Ник Хорнби Fever Pitch номондоо Эйзель-н талаар ингэж бичжээ. 1985 оны хавраас байдал нэг л таагүй тийшээ салхилаад эхэлсэн. Эхлээд Лутонд Миллоул-н хөгжөөн дэмжигчид танхайрч цагдаа нар ичгүүртэйгээр зугтаасан. Эмх замбараагүй байдал үүнээс болж газар авсан. Үүнээс л болж хадагтай Маргарет Тэтчер хөгжөөн дэмжигчийн үнэмлэх гээчийг сэдсэн юм шүү дээ. Дараа нь Челси - Сандерланд-н тоглолтын үеэр танхай хөгжөөн дэмжигчид талбайд гарч тоглогчид руу дайрсан. Энэ хоер явдал ердөө хэдхэн долоо хоногийн зайтай л болсон. Зөвхөн энэ хоероор ч тогтохгүй. Энэ бүхэн Эйзель-н аймшигт явдлын эх үндэс нь болж өгсөн.
Хамгийн хачирхалтай нь хүмүүсийн үхлийг зугтаалт гэж дүгнэсэн явдал. Фанатууд өрсөлдөгчдөө айдас төрүүлж тэднийг айж зугтаахыг харан доромжлон шоолох л гэсэн бодол тээж явдаг. Гэтэл нийгмийн дунджаас дээгүүр давхрагын Италчууд энэ байдлыг нь сайтар ойлгоогүй. Яаж ч ойлгох билээ дээ. Тэд урьд нь Английн стадионд болдог явдлуудыг хараагүй байсан юм чинь. Тэд английн танхай фанатуудыг хараад хурдхан холхон зугтаахын тулд хэсгийнхээ хамгийн зах руу хамаг хүчээ шавхан гүйлдсэн. Торон хана нурж балиашгууд ямар аймшигтай байдалд байгааг зурагтаар үзүүлж байлаа. Павароттитой төстэй бүдүүн сахалтай эр тэндээс зайлах гэж гараа сунган тусламж гуйж байхыг зурагтаар их тод харуулсан. Гэвч хэн ч туслахаар очоогүй . Түүнийг огт мартаж чаддагүй юм. Тэр оны 12-р сард Арсеналын балиашгууд Ливерпулийн хөгжөөн дэмжигчид рүү Алуурчид Алуурчид гэж хашгиралдаж байсан. Гэхдээ миний бодлоор Английн аль ч багийн фанатууд тийм нөхцөл байдалд адилхан л байх байсан болов уу . Цагдаа нар маш муу ажилласан. Тэд танхай фанатуудыг хараад өөрсдөө алмайрчихсан байх хэмээн бичжээ.с клуб нь 5 сарын 29нд амь үрэгдсэн иргэдийг эргэн дурсаж хүндэтгэл үзүүлэн эмгэнэл илэрхийлдэг байна.