Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Босс яг нэг жилийн өмнө Испанийн Marca-д ийм ярилцлага өгчээ.

-Таны тухай ярилцая. Та үргэлж сэтгэл хангалуун, инээмсэглэж явдаг. Хөлбөмбөг дахь дарамт шахалтыг яаж зохицуулж, яаж тэр дарамтаас гарч чаддаг вэ?

- Үнэнийг хэлэхэд дарамт шахалт мэдрээд байдаггүй. Дарамт бол байдаг, гэхдээ тэр надад хэрэггүй, би тэрийг мэдэрдэг ч үгүй. Тэр дарамт надад сонин биш. Миний нэг зарчим байдаг л даа: Би хөлбөмбөгт дуртай, хайртай, гэхдээ амьдралд энэ тоглоомоос хавьгүй илүү чухал зүйлүүд байдаг гэдгийг би мэддэг. Бид хожигдвол би үнэхээр сэтгэлээр унадаг, өөрийгөө 100% буруутай гэж үзнэ. Хожсоны дараа яг адилхан хариуцлагыг мэдэрдэггүй. Гэхдээ би ажилдаа дуртай. Надад өөр асуудал, ажил их, миний өдөр их урт байдаг. 20, 30 жилийн өмнө хэн нэг нь намайг энэ амьдралаар амьдарна гэж хэлсэн бол би итгэхгүйсэн. Тиймээс, би одоо хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ өдөр бүр сэтгэл хангалуун байдаггүй. Зүгээр л аль болох удаан хугацаагаар хангалуун, жаргалтай байхыг хичээдэг. 


- Та бүх тоглогчтойгоо сайн харилцаатай, итгэлийг нь хүлээсэн байдаг. Энэ тал дээр яаж ажилладаг вэ?

- Нууц гээд байх юм байхгүй. Би тоглогчидтойгоо ярилцах, харилцах дуртай. Би хоёр хүүхэдтэй, манай тоглогчдоос том. Хүүхдүүдтэйгээ ч, тоглогчидтойгоо ч сайн харилцаатай байхыг хүсдэг. Хөлбөмбөгчид намайг сайн ойлгодог. Цаг мөч бүхэнд сэтгэл татам байхыг хичээхгүй, харин шаардлагатай үед тэдэнд хэлж, тайлбарлах оролдлого хийдэг. Хөлбөмбөгчдийн найз байх дуртай ч шилдэг, сайн найз байхыг хүсдэггүй. Найзууд тохиромжтой цаг үед чамд тодорхой зүйлийг хэлдэг дээ, яг тэр. Үүнээс гадна, би дасгалжуулагч тул шийдвэр гаргах ёстой. Багт, хувцас солих өрөөнд сайн, халуун дулаан уур амьсгал бий болгохыг зорьдог. Амьдрал богинохон, аз жаргалтай байх хэрэгтэй биз дээ.


- Нэг тоглогч багт сайн, эсвэл муу гэдгийг яаж мэддэг юм?

- Би хөлбөмбөгчдийг багтаа авчраад тэдэнд хэлдэг л дээ, чиний амжилтын 50% нь миний, 50% нь чиний хариуцлага шүү гэж. Бас нэг юм байдаг. Ямар нэг од, crack байлаа гэхэд тэр тоглогч хүнийхээ, зан аашийнхаа хувьд ямар хүн бэ гэдгийг би өөрийн биеэр мэдэхээс нааш би түүнд хэзээ ч итгэхгүй. Тэр тоглогч сод авъяас, сод ухаан байж болно. Гэвч тэр жилд гурван удаа тус болчихоод үлдсэн хэсэгт нь надад асуудал үүсгээд байвал... Роналдо, Месси хоёроор жишээ авъя л даа. Криштиано Роналдо талбай дээр бүгдийг гайхашруулдаг, гэхдээ тэр дараа нь, бэлтгэл дээр хэнээс ч илүү шаргуу, нөр их хөдөлмөрлөдөг. Муу, тааруу тоглохыг үзэн яддаг. Энэ хоёр шиг авъяастай мөртлөө үргэлж тууштай байж чаддаггүй, сэтгэлийн хат муутай бол тэгээд л дэмий юм болдог. 


- Та ер нь их эерэг, дулаан хүн. Өрсөлдөгч багийн фэнүүд хүртэл таныг хүндэтгэж биширч байх шиг байдаг. Та үүнийг мэдэрдэг үү?

- Үгүй ээ, энэ талаар бодож байгаагүй юм байна. Германд очоод наад асуултаа тавь, юу гэж хариулахыг нь хараарай, ха ха... Таны хэлж буйтай санал нийлэхгүй олон фэн байгаа. Ингэхэд, ер нь бүгдэд таалагддаг хэн байдаг юм? Боломжгүй. Би хөлбөмбөгт найз нөхөд хайдаггүй, надад хангалттай бий. Хаана ч явсан аятайхан сэтгэгдэл үлдээж явах ёстойг би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ л би цаг тутамд найрсаг байхыг хичээдэггүй. Миний гэр бүлийн санаа бодол надад нөлөөлдөг. Бусад үзэл бодол надад хамаагүй, нөлөөлөхгүй.


- Ливерпүүл бол тун онцгой клуб, та ч сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Та 'You'll Never Walk Alone'-ийг сонсоод юу мэдэрдэг вэ? Эсвэл, Ливерпүүлийг дасгалжуулах нь зүгээр л нэг ажил гэж үздэг үү?

- Яг ийм асуултад хэлэх хариулт алга. Магадгүй би энэ дэлхийн хамгийн азтай дасгалжуулагч. Яагаад гэвэл, энэ дууг дуулдаг Германы хоёр клубт, Майнц, Боруссиа Дортмундад би ажиллаж байлаа. Дараа нь хувь заяа намайг Ливерпүүлд, энэ дууг жинхэнэ амилуулж, алдаршуулсан газарт авчирчээ. Би хөлбөмбөгийн дэврүүн, дурламтгай (romantico) хүн шүү дээ. Энэ дууг сонсоод сэтгэл хөдлөхгүй байж чаддаггүй. Маш гүн мэдэрдэг. Бид бүгдээрээ таашаал авдаг орчныг 'You'll Never Walk Alone' бий болгодог. Хөлбөмбөг амьдралд тийм чухал биш ч бид энэ цэнгэлдэхэд ирэхдээ ялж дийлэхийг л хүсдэг. Ялвал бүгд баярлаж, ялагдвал бүгд барайдаг. Амьдрал дээр бид асуудал, бэрхшээлтэй ганцаараа тулдаг бол, Анфилдэд зовсон ч, баярласан ч олуулаа хамтдаа байдаг. Дэлхий даяар байдаг 30 сая дэмжигчид маань ч яг адил. Энэ бол маш хүчтэй хайр, маш нягт холбоо. Энэ холбоо, нэгдэл дэлхийн асуудлыг шийдэхгүй ч шийдэхэд тусладаг.

 

Орчуулсан: Нямка

 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх