Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Зураг

Францын Лиг 1 –ийн аваргын цомыг авсныхаа дараа 7-р сарын 1-нээс Ливэрпүүл клубт ирэх болсон Фабино Ливэрпүүлийг “аварга том клуб” хэмээн тодорхойлж байна.

Бразил хагас хамгаалагч Францад өнгөрүүлсэн 5 жилийнхээ хугацаанд 225 тоглолтонд ороцсон бөгөөд Клоппын удирдлага дор өөрийгөө илүү сайн тоглогч болно гэдэгтээ итгэлтэй байгаа юм.

Даваа гарагт Ливэрпүүлтэй хийх гэрээндээ гарын үсэг зурсныхаа дараа www.liverpoolfc.com –ийн сэтгүүлчдэд уламжлал болсон ярилцлага өгснийг хүргэе. 

Түүний ур чадвар Прэмьер Лигт хэрхэн зохицох талаар болон, шинэ багийнхаа өнгөрсөн улирлын амжилтын амжилтын талаар үндсэн сайтын сурвалжлагчтай хуучилжээ.


Ливэрпүүл хөлбөмбөгийн клубт тавтай морил! Сэтгэгдлээ хуваалцна уу.

Баярлалаа, Би маш их баяртай байна. Би энэ шилжилтийг хийж ирсэндээ сэтгэл хангалуун байгаа. Миний үргэлж хүсч, мөрөөдөж ирсэн агуу том клубт би ирлээ. Клубын бүтэц зохион байгуулалт ч онцгой юм. Би өмсгөлөө өмсч, ногоон талбай дээр гараад хөгжөөн дэмжигчид миний төлөө уухайлахыг харах өдрийг тэсэн ядан хүлээж байна.


Өнгөрсөн 7 хоног хэрхэн өнгөрсөн талаар яриач. Таны улирал өнгөрсөн 7 хоногт өндөрлөсөн шүү дээ.

Энэ шилжилт маань хэтэрхий хурдан хугацаанд болж өнгөрснийг мэдэж байна. Би өөрөө ч хурдхан бүтээсэй гэж хүсч байсан учраас цонх нээгдэхтэй давхцаж энд ирсэндээ баяртай байгаа. Би бүх зүйл хурдан эерэгээр шийдэгдээсэй гэж хүсч бас хүлээж байсан учраас Ливэрпүүлтэй гэрээ хийсэндээ аз жаргалтай байна. Ливэрпүүл рүү явахыг хүссэн гол шалтгаан маань хэрхэн яаж юмс хөгждөгийг мэдэхийг хүссэн юм. 


Та 24 настай, Монакод 5 жилийг үдсэн. Ливэрпүүлд одоо ирэх нь зөв цаг үе гэж бодсон уу?

Би үүнд итгэлтэй байна. Би анх Монакод хэний ч мэдэхгүй тоглогч болж ирээд тоглогчийн хувиар маш их өсч хөгжсөн. Би Монакогийн мэнэжэрүүдийн миний төлөө юу хийсэнд нь үргэлж талархаж явах болно. Мөн фэнүүдэд, багийн эздэд ч ялгаагүй. Тэд Монаког 2-р дивижн-д байхад нь авч, Лиг 1 –т дэвшүүлэн гаргаж ирснээр барахгүй, Лигийн аваргын титэм зүүлгэж, Аваргуудын лигийн хагас шигшээ хүртэл явуулж чадлаа. Намайг ирэхэд энэ бүх зүйлс өрнөлийн шатандаа явж байсан бөгөөд бид маш шаргуу ажиллах хэрэгтэй цаг байлаа. Намайг бий болгосны төлөө би тэдэнд өртэй хүн. Би хэний ч мэдэхгүй тоглогч очоод Монако хөлбөмбөгийн клубын түүхээс бичилцсэн Фабиньо болоод тэднийг орхиж байна. 

Зураг


Та өөрийн тоглолтоо хэрхэн тодорхойлох вэ?

Би өөрийн багийнхаа тоглолтыг зөв зохион байгуулж чаддаг тоглогч гэдэгт итгэлтэй байна. Би эрч хүчтэйн дээр хувийн хамгаалалт сайтай. Заримдаа, тохиолдлоор шар карт хүртдэг ч энэ тийм ч том асуудал биш. Иймэрхүү төрлийн хөлбөмбөгт дасан зохицох надад тийм ч хэцүү байхгүй. Прэмьер Лигт эрч хүчтэй, биеийн хүчний тоглолт ихтэйг мэднэ. Францад байхдаа би иймэрхүү хөлбөмбөг үзүүлж байсан учраас Прэмьер Лигт дасан зохицоход хүндрэл гарахгүй.


Өнгөрсөн улиралд Ливэрпүүлийн тоглолтыг хэр их үзэв?

Би хэд хэдэн тоглолт үзсэн. Маш их эрч хүчтэй, хурдтай баг болохыг би харсан. Эсрэг багаа хурдаар илүүрхэж, хүнд байдалд оруулж, дарамталж тоглодог баг. Хурдтай тоглолт, эсвэл сөрөг довтолгоо, юу ч гэж нэрлэсэн бай тэд маш их хурдан. Тэд нэгийн хүрэлтээр маш хурдтай тоглолт үзүүлдэг нь довтолгооны тоглогчид улирлын турш бусдаас илүү байхад нөлөөлдөг. Би нэлээд хэдэн тоглолт үзсэн бөгөөд Ливэрпүүлийн талаар улам илүү ихийг мэдэхийг хүсдэг болсон. 

 

Энэ клубын нэг хэсэг болохыг хүсэх болсон шалтгаан нь юу байв?

Олон зүйл байна. Клубын дэд бүтэц үнэхээр гайхалтай. Ливэрпүүлийг сонгох болсон шалтгаануудын нэг нь энэ. Өмнө нь ч Ливэрпүүлийн талаар маш их сонирхож байсан. Клуб намайг элсүүлэхийг хүсч байсан нь хамгийн том шалтгаан. Дараа нь Ливэрпүүл хотын талаар судалж үзсэн. Харамсалтай нь хөгжөөн дэмжигчидтэй уулзах боломж гараагүй байна. Би тэднийг телевизээр ямар гайхалтай дэмжигчид болохыг нь харж байлаа. Мөн энд тоглодог бусад тоглогчид ч Ливэрпүүлийн талаар сайн сайхнаас өөр зүйлийг ярьж байгаагүй. Анфилдад тоглолтонд гарах тусмаа энэ клубын төлөө тоглох хүсэл улам бадардаг талаар тэд ярьж байсан. Шийдвэрээ гаргахад нөлөөлсөн чухал зүйлсийн нэг нь энэ. Ливэрпүүл дэлхийн шилдэг лигийн гишүүн бөгөөд энд ирэх шийдвэр гаргахад нөлөөлөх маш олон зүйлс байгаа учраас би ирсэндээ үнэхээр, маш их баяртай байна. 

Зураг


Хамтарч ажиллаж байгаа тоглогчдоо бүгдийг нь өмнөх байгаагаас нь илүү сайжруулж чаддаг мэнэжэр бол Юргэн Клопп. 

Мэнэжэр надад хэлэхдээ тэр агуу тоглогчидтой хамтарч ажиллахыг хүсдэгээ хэлсэн. Би залуу байгаа хэдий ч хөлбөмбөгт маш их зүйлд суралцах хэрэгтэй. Монакод байснаас минь шал ондоо хөлбөмбөг тоглодог ч гэсэн Клопптой хамтарснаар би өөрийгөө олон тал дээр сайжирч шилдэг болох боломжийг авч байна. Түүний талаар би тийм ч сайн мэдлэгтэй биш хэдий ч түүнтэй ажиллаж байсан тоглогчидтой ярилцаж үзэхэд дандаа л сайн зүйлс сонсогдсон учраас түүнтэй хурдхан уулзаж, түүний удирдлагад орохыг маш их хүсч байна. Түүнтэй хамт би маш шаргуу хөдөлмөрлөж, их зүйл сурч авч, хөгжиж дэвшиж чадна гэдэгт итгэлтэй байна.


Ирэх улиралд та нутаг нэгт Робэрто Фирминотой мөр зэрэгцэн тоглох болно. Та түүнтэй Ливэрпүүлд ирэх гэж байгаа талаараа ярилцсан уу?

Тиймээ, би түүнтэй хотын талаар, клубын зохион байгуулалтын талаар, дасгалжуулагчдын талаар болон тэдний хэрхэн ажилладаг талаар ярилцсан. Ливэрпүүлийн талаар Фирминогоор дамжуулан нэлээд мэдээлэл авсан. Хэд хэдэн удаа би түүнтэй Бразилийн шигшээ багийн бэлтгэл дээр уулзаж байсан юм. Тэр болон түүний эргэн тойронд гайхалтай хүмүүс хүрээлж байдгийг би мэддэг. Шинэ улс, шинэ хотод нүүн ирж буй хүнд нэг хэлээр ярьдаг түүн шиг хүн маш чухал хэрэгтэй. Дасан зохицоход улам л хялбар байх болно.

Зураг


Түүний Ливэрпүүлд ирээд, шинэ мэнэжэрийн удирдлага дор хийсэн шиг өөрчлөлтийг та ч мөн адил хийж чадна гэж бодож байна уу?

Би яг энэ талаар бодож амжаагүй байна. Ливэрпүүл шиг клубт ирсэн том тоглогчийн араас ирж буй над шиг тоглогчид энэ талаар тийм ч их бодоод байх шаардлагагүй. Фирминог ирснээс хойшхи сүүлийн хэдэн жил би Ливэрпүүлийг дагаж, дэмжиж байгаа. Тэр амжилтанд хүрч чадаж байна. Би ч чадах байх гэж найдаж байна.

Европт олон жил амьдарсан таны хувьд энэ өөрчлөлт хялбар байх болов уу?

Тийм гэж найдаж байна.


Ням гарагт Бразилын шигшээ баг Анфилдад тоглолт хийнэ. Та тоглолтонд оролцохгүй ч тэр тоглолтыг үзэх үү?

Харамсалтай нь би өөр газар байх болно. Гэр бүлтэйгээ амрахаар төлөвлөчихсөн байгаа юм. Би гэр бүлтэйгээ хамт байхаар төлөвлөөгүй байсан бол ямар ч эргэлзээгүй тэр тоглолтыг үзэхээр үлдэх байсан.


Анхны удаа Ливэрпүүлийн өмсгөлийг өмсөх мөчөө та хэрхэн төсөөлж байна?

Би их олон зүйлсийг төсөөлөн бодож үзсэн. Анх удаа талбай руу алхан гарах мөч гэх мэт. Яг энэ мөчид миний толгойд маш их зүйлс эргэлдэж байна. Яах бол, юу болох бол гэхчлэн. Ямар нэгэн сайхан, шинэ зүйлийн эхлэл. Үүний төлөө маш их яарч догдолж байна.


Ливэрпүүлийн төлөө тоглох хугацаандаа юунд хүрэх зорилготой байгаа вэ?

Би Монаког, оролцож буй бүх тэмцээнийхээ оргилд гарахын төлөө тэмүүлдэг клубын төлөө орхисон. Ливэрпүүл бол тэр клуб маань. Энэ клубын түүхэнд өөрийн нэрийг бичүүлэхийг хичээх болно. Хувь хүний хувьд ч би энэ клубын хамтаар цом өргөхийг хүсч байна. Би өсч хөгжин, өөрийгөө хөгжүүлэхэд суралцаж, клубын түүхийн нэгэн хэсэг болохын төлөө тэмцэх болно.


Эцэст нь Ливэрпүүлийн фэнүүдэд хандаж үг хэлээч.

Ливэрпүүл клубт туслахын төлөө би ирсэн. Энэ клуб хэр агуу болохыг мэдэх учраас ногоон талбайд гарсан цагтаа багийн төлөө бүхнээ зориулах болно. Клубын нүүр царай болох байр сууринд хүрэхийн төлөө би бүхнээ дайчлах болно.

Эх сурвалж: https://www.liverpoolfc.com/news/first-team/303618-fabinho-exclusive-interview-liverpool-fc 

Орчуулсан: Нисдэг Чистмир

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх