Харин энэ удаад Клопп дахиад бүр илүү гоё зүйл хийчихлээ. Энэ тоглолтонд үнэхээр мундаг бэлджээ. Эхний үед Ситигийн эсрэг яаж тоглох ёстой яг тэр арга барилаараа тоглоод дараагийн үед сүүлийн хэдэн жил хараагүй нягт,зохион байгуулалттай Моуриньогийн автобус цаашаа хамгаалалтыг хардаг юм байна.

Ер нь Клоппын удирдсан баг улирлын төгсгөлийг сайн хийдэг энэ ч харагдаж байх шиг байна. Сүүлийн үед Лиг болон Европтоо хамгийн сайн формтой байгаа хоёр багийн тулаан гайхалтай байлаа.

Өчигдрийн тоглолтын гол баатар яах аргагүй Салах байлаа. Улирлын 38 дахь гоол 11 дэхь ассистаа бүртгүүлж Кевин Дэ Бруйнд оны шилдэг нь хэн бэ гэдгийг харуулав.

Манэ улирлын 16 дахь гоолоо оруулж Премиер лигт ирсэнээсээ хойш хамгийн амжилттай улирлаа үргэлжүүлж байна. Гэхдээ манай хүн супер Манэ хувиралаа хараахан ашиглаж чадахгүй л байгаа. Өчигдөр нэг гоол хийсэнээс гадна Отамэндиг нэг онигоо болгож фэнүүдээ баясгав.

Фирмино харин тун даруухан байсан ч эхний гоолыг Салахт бэлдээд өгчихсөн. Тэр даралт биеийн хүчний тоглолт янзтай. Бас л Отамэндиг амархан аргалчихсан. Ер нь өчигдөр Ситигийн Николас Отамэнди тоглолтын гол баатар байсан юм байнаа. 

Дунд Хэндо, Милнэр хоёр идэж ууж, гүйж харайхыг ёстой л үзүүлэв. Милнэр эхний үед гэхэд л 1 ассист,5 такл,2 бөмбөг таслалт,агаарын тулаанд 100% илүүрхсэн байна. 8 дахь ассистаа өгч Аваргуудын лигийн 1 улиралд хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогчдын жагсаалтын тэргүүн эгнээнд орж иржээ. Түүнтэй адил үзүүлэлттэй ганцхан Нэймар байгаа бол ард нь Шави Хернандез,Златан гэх мэт тоглогчид байна.Милнэр саяын тоглолтонд туршлага,арга барилаараа ялгарах шиг л боллоо. Хэндо ч ялгаагүй маш их гүйлтээс гадна талбайн төвд эсрэг багийг довтолгоог сүйтгэх ажилаа тун чадварлаг гүйцэтгэсэн.

Окслэйд Ситигийн эсрэг сурчихжээ. Жинхэнэ "Х Factor" болж чадаж байна. Тэр цохилт эхний хүрэлт нь янзтай. Гэхдээ мань эр шийдвэр гаргалт зөв байсан бол 4-0 ч байх боломжтой байв. Арсеналд өнгөрүүлсэн 8 жилийн хугацаандаа ганц ч удаа Аваргуудын лигийн шөвгийн 8-д тоглож үзээгүй Окс энэ тоглолтын шилдэгүүдийн нэг байсан.

Хамгаалалж болдог л юм байна. Ван Дийк ирсэнээс хойш Ливерпүүлийн хамгаалалт илт сайжирсан нь оргүй зүйл биш. Энэ тэмцээнд 9 тоглолт хийж 6 дахь удаагаа хаалгаа хуурай манав.Ирээдүйн дэлхийн шилдэг жигүүрийг тоглогчыг,ирээдүйн шилдэг зүүн жигүүрийн хамгаалагч чимээгүй болгочихлоо.Трент Александр-Арнольд үнэхээр мундаг байлаа. 10 удаа аюултай бөмбөг цэвэрлэж 7 бөмбөг таслалт хийжээ.Хүчний тоглолт төдийлөн хийдэггүй хурд ур чадвараар тоглодог тоглогчдын эсрэг бол алзахгүй л юм байна. Ловрен,Ван Дийкийн хамт найдвартай байсан бол Энди Робертсон ээлжит сайн тоглолтоо үзүүлэв. Рахим Стерлингийг 1 сард болсон тоглолтонд арчуулсан бол энэ удаа хоёрдугаар үед сэлгээгээр орж ирээд бас л Роббод даруулав. Ливерпүүлийн эсрэг хийсэн 7 тоглолтондоо Стерлинг гоол болон гоолын дамжуулалт өгч чадаагүй байна.Ирээдүйд Робэртсон,ТАА гэсэн хамгаалалт довтолгоо ялгаагүй сайн оролцдог жигүүрийн хамгаалагчдийг Клопп хүсч байгаа нь тодорхой.

Пэп энэ тоглолтонд Стерлингийг суулгаж Гүндоганийг төвийн хагаст нэмж Лапортэг зүүн хамгаалагчаар тавьсан ч Ливерпүүлийг барсангүй. Буруу шийдвэр байсан гэдэгээ 57 дахь минутанд Гүндоганыг суулгасанаар өөрөө хүлээн зөвшөөрчих шиг болно лээ. Дээрээс нь энэ улирал хамтдаа 77 гоол оруулчихаад байгаа Ливерпүүлийн гурвал урагшлах болгондоо Ситиг айлгаж,дарамталж байв. Аваргуудын лигийн энэ улирал сөрөг довтолгоогоор хамгийн олон гоол оруулсан баг бол Ливерпүүл. Манэ,Салах,Фирмино гуравын олон талт тоглолт Пэпийн тики такагийн эсрэг тун гоё болоод байгаа.Сити энэ улирал 3 буюу түүнээс дээш гоол 2 удаа алдсан нь хоёулаа Ливерпүүлийн эсрэг тоглолтон дээр болж таарсан.

Гэхдээ ажил хараахан дуусаагүй. Этихадад болох 90 минут бүх хариултыг өгөх ёстой. Ливерпүүл өнгөрсөн шөнийнх шиг нямбай тоглолтоо Ситигийн талбай дээр үзүүлэх хэрэгтэй.

Оруулсан: Дарханбаяр

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2018 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх