Муу Ливэрпүүлээ гундаж явахад хамт байлаа.

Ороо бусгаа цаг үед үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрсөн Карлинг Капын түрүүг авахад хамт байлаа.

Афины финалд Миланд хариуг нь авахуулчихаад орондоо уйлж хэвтэхдээ ч хамт байлаа.

Аваргуудын лигийн хагас финалд Райн Бабэл 120' дээр гоолдсон ч 3:2-оор хусуулаад нулимс дуслуулан гэр рүүгээ ганцаараа алхаж явахдаа ч Ливэрпүүлтэйгээ хамт байлаа.

Хайрлаж, шүтэж явсан тоглогчоо хаяад явахад нь ч Ливэрпүүлтэйгээ байлаа.

Хаа хамаагүй дэмжигчид хүртэл дооглон тохуурхдаг байхад ч хамт байлаа.

Халтирч унасан хайртай Жэррардыгаа нулимстай нүдээр үдэж байлаа.

Хахир цаг үед ч Ливэрпүүлтэйгээ үргэлж хамт байсаар 15 жилийг үджээ!

Сонин шүү, амьдралынхаа бараг талыг хаа холын Ливэрпүүл гэдэг багтай хамт өнгөрүүлжээ. Баяр гуниг хослосон олон л мөчүүдийг үзсэн байна. Гэхдээ Ливэрпүүлийнхээ хамгийн хүнд хэцүү цаг үед нь хүртэл дэмжиж байхдаа би Ливэрпүүлийг дэмждэг ээ гэж хэлэхдээ цаанаа нэг бардам, бахархал дүүрэн байсаар иржээ. Ливэрпүүлийн дэмжигч бүрийн зүрхэнд тийм гал мөнхөд дүрэлзэж байдаг биз.

Liverpool Way гэж нэг зүйл бий.

Ливэрпүүл клуб, дэмжигчид нь хүртэл цаанаа л нэг онцгой. Балрах шахаж байсан тэр л харгуйг нэгэн Герман эр дахин сануулж, Коп бахархлыг нь сэргээж чадснаар бид өнөөдөр мөрөөдөлдөө хүрлээ.

Мөрөөдөл дууссан газар төгсгөл ирдэг гэлцдэг. Гэвч Ливэрпүүлийн мөрөөдөл дөнгөж л биелж эхэлж, дахин дахин шинэ мөрөөдлөөр тэлэн урагшлах нь гарцаагүй.

Бид үнэхээр гайхамшигтай багийн дэмжигчид шүү! Биднийг Копайтууд гэдэг! Та хэд минь баяраа сайхан тэмдэглээрэй, бид ингэх эрхтэй фанатууд!!

You’ll Never Walk Alone!

#CHAMP19NS

Оруулсан: Бадруул

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2020 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх