Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Эргээд санавал олон л сайнтай муутай дурсамжийг хөгжөөн дэмжигч бидэндээ үлдээжээ.

Ван Дайкыг ирэх хүртэл клубын хамгийн үнэтэй хамгаалагч нь чи л байлаа. Ван Дайкыг ирэхээс өмнө манай хамгийн итгэлт хамгаалагч нь бас л чи байлаа.

Заримдаа буруу хөл дээрээ босчихоороо яацийм бол гэмээр тоглодог байсныг чинь ч санаж байна. Ирсэн жилдээ Европа лигийн Шөвгийн 32-т Бэшикташт торгуулийн цохилтоор нухуулахад шийдвэрлэх пеналтийг алдаж байлаа. Бухимдсан, зарим нэг эргүү фэнүүд баахан доромжилж хараагаад, хязгаарыг давж гэр бүл рүү нь хүртэл заналхийлэхэд даваад л гарсан даа.

Харин хойтон жил нь Дортмундын хаалганд хэзээ ч үл мартагдах тэр гоолыг оруулж, Копуудыг жаргааж билээ. Тэр үдэш хорвоогийн хамгийн жаргалтай фэнүүд нь Копууд байсан.

Сайнтай муутай 6 жилийг Анфилдад өнгөрүүлжээ. Ливэрпүүлийн хүнд хэцүү цаг үеэс Европын шилдэг баг болоход Ловрэний гүйцэтгэсэн нөлөө чамгүй бий. Амаргүй бэрх цагт биднийг хаяж явалгүй, амжилтын замдаа орсных нь дараа орхиж буйг нь харахаар хүндэлмээр.

Ловрэн бол чанга эр. Угаас Зүүн Европ, тэр дундаа Балканы хойгийн эрчүүд зангарагтай, хүчирхэг байдаг гэлдэг. Дэян маань тэдний л нэг. Талбайд гарсан үедээ ч түүнийгээ батлан харуулдаг. Алдаа гаргавал ч гаргасан шиг гаргадаг тийм л хамгаалагч байлаа.

Хөлбөмбөг бол зөвхөн талбайд өнгөрүүлэх 90 минут биш. Амжилт ялалтын оройд гарахад их олон зүйл хэрэгтэй. Баг хамт олны дотоод байдал, хувцас солих өрөөн дэх уур амьсгал маш том нөлөөтэй. Ловрэн үүнд маш том оролцоотой байсныг багийн нөхөд нь хэлдэг.

Ливэрпүүлийн өмсгөлтэй харсан хамгийн шилдэг хамгаалагч байгаагүй ч өөрөөс зориулах хамаг шилдгээ л багийнхаа төлөө зориулсан гэдгийг дэмжигчид бид гадарланаа. Хэзээ нэг өдөр Анфилдад дахин ирэх өдөр тохиовол чамд зориулан халуун алга ташилт илгээх нь гарцаагүй.

Улаануудын төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа...

Баяртай чанга Хорват эр минь

Нийтэлсэн: Бадруул

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх