Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Юрген Норберт Клопп Ливерпүүлийн шинэхэн дасгалжуулагчаар томилогдоход, баг нь ПЛ-ийн хүснэгтийн 10-р байранд 13 оноотой бичигдэж байв. Харин энэ цагаас хойш 4 жил гаруй хугацаа өнгөрчээ. Одоо тэд Европ, Дэлхийн аваргууд болоод зогсохгүй түүхэн дэх ПЛ-н анхны цомоо өргөхөөр, 21 тоглолтын дараа лигийг тасархай тэргүүлж, урагшилсаар явна.

Гэхдээ энд хүрэх аялал тийм амар байсангүй. 2 жил, хагасын хугацаанд гурван ч цомын финалд хожигдож фэнүүдийнхээ урмыг хугалсан.

Тэгвэл өнөөдрийн ялагдашгүй мэт Ливерпүүлийг бүтээсэн 10 чухал алхмыг Скай Спортс онцолжээ.


1. “Ливерпүүл 2-2 Вэст Бром. Тэнцээ авсан баяраа тэмдэглэв”

Бүгд инээлдэж байлаа. Клоппыг ч амтай болгон нь шоолж байв. Жэймс МкЛин хүртэл “Тэнэг үйлдэл” гэж үг хаяв. 2015 оны 12 сар. Талбай дээрээ Вэст Бромтой тэнцэнэ гэдэг, тэнцсэндээ баярлана гэдэг байж боломгүй юм. Тийм ээ, үнэн. Гэхдээ тэр тоглолтын дараа Клопп зөвхөн оноо авсандаа биш, том зүйлийн эхлэл тавигдлаа гэдгийг мэдсэн учраас баяраа тэмдэглэсэн юм.

Яг энэ тоглолтоос долоо хоногийн өмнө Кристал Паласт 2-1 харьцаатай хожигдоход олон фэнүүд тоглолтын 82 дахь минутад цэнгэлдэхийг орхиж гарсан. Үүний дараа Клопп “ганцаардсан” тухайгаа ч нуулгүй хэлсэн байдаг.

Харин Вэст Бромын эсрэг Дивок Ориги 95 дахь минутад тооны харьцааг 2-2 болгож, “тэнцээ салгахад” копуудынхаа дэмжлэгийг мэдэрч, хэзээ ч бууж өгдөггүй ялагчийн сэтгэхүйг багаасаа харсан учраас Клопп баяраа тэмдэглэснийг, тухайн үед шоолоод инээж байсан нэг ч хүн анзаараагүй гэдэгт бат итгэлтэй байна.

2018-2019 оны улирлаас хойш өдийг хүртэл, Ливерпүүл ПЛ-н нэг тоглолтод 2 гоол дараалан алдсан тохиолдол байхгүй. Харин яг ийм үйл явдал Клоппын эриний эхний нэг улирал, улирал хагасын хугацаанд 19 удаа тохиолдож байж.

“Цэнгэлдэхэд ирсэн үзэгчдийг март, зөвхөн өөрсдийн тоглолтондоо анхаар” гэдэг хүн Клопп огт биш. Ямар ч боломжгүй мэт зүйлийг фэнүүдийнхээ хамт бүтээж болдог гэдэгт Юрген Клопп итгэдэг юм.


2. “75 саяын урлагийн бүтээл”

Клопп нэгдүгээр сарын наймааны цонхоор тоглогч авахад тийм ч дуртай байдаггүй. Гэхдээ Виржил Ван Дэйк бол тэс өөр.

Хамгаалагчдын наймааны рекорд, 75 сая фунт стерлингийг Недерланд хамгаалагчийн төлөө Ливерпүүл төлсөн юм. Клоппын удирдлага дор Ливерпүүл нэг тоглолтонд дунджаар 1.2 гоол алдаж байсан бол, Ван Дэйкийг ирснээс хойш энэ үзүүлэлт 0.6 болсон. Товчхондоо, Ван Дэйк Ливерпүүлийн хамгаалалтыг 2 дахин сайжруулсан гэхэд болно.

“75 сая гэсэн үнийн дүнд нь битгий анхаарал хандуулаарай. Зөвхөн тоглогчид өөрт нь, энэ тоглогчийн багт авчирч чадах ур чадвар, давуу талыг нь яриарай.” гэж Ван Дэйкийг авсны дараа хэвлэлийн бага хурал дээр Клопп дэмжигчдээсээ хүсч байв.

Хэдэн жилийн дараа бид Виржил Ван Дэйкийн хөшөөг Анфилдын гадаа харах болно. Тэр ийм л өндөр зэрэглэлийн тоглогч.

75 сая уу? Дэндүү бага үнэ!


3. “Хаалган дээр айх аюулгүй болов… эцэст нь”

2018 оны 7 сарын 10. Прентон Парк.

Транмерын эсрэг улирлын өмнөх нөхөрсөг тоглолтын бие халаалт. Лорис Кариус хөнгөхөн цохилтыг барьж чадалгүй алдаж байгаа нь камерын дуранд хальт харагдаад өнгөрөв. Харин тоглолтон дундуур чөлөөт цохилтыг мөн л барьж чадалгүй, алдааных нь улмаас баг нь дахиад л гоол алдчхав.

Киевийн гутамшигт алдаанууд дээр нэмэгдээд, улирлын өмнөх Транмер. Клопп заавал арга хэмжээ авах шаардлагатай боллоо. Хугацаа алдахыг ч хүссэнгүй. “Тэр” нөхөрсөг тоглолтоос ердөө 9хөн хоногийн дараа, Ливерпүүл 67 сая паундаар шинэ хаалгач авснаа зарлаж, наймааны рекордыг эвдэв.

“Хэрвээ Алиссонг ийм сайн гэж мэдсэн бол, 2 дахин илүү мөнгө төлөх байсан юм.” Энэ бол Аваргуудын лигт Наполигийн эсрэг эцсийн мөчид Миликийн цохилтыг хаасны дараа Клоппын хэлсэн алдарт үг. Энэ хаалт ямар үнэ цэнэтэй байсныг хожим нь бүгд ухаарсан юм.


4. “Коутиньогийн хамгийн том тус”

Дэлхийн хамгийн үнэтэй хаалгач, хамгийн үнэтэй хамгаалагчийг багтаа авчирлаа. Тэгвэл энэ их мөнгө хаанаас гарч ирэв?

2018 оны нэгдүгээр сард Филиппе Коутиньог 146 сая паундаар Барселона руу зарсан нь, өгсөн авсандаа өлзийтэй гэдэг хэлцийн яг эсрэг буюу, ганцхан талд нь дэндүү ашигтай наймаа болж хувирсан.

Коутиньог зарсан энэ наймаа бүрэлдэхүүнийг хүчирхэгжүүлээд зогссонгүй, Ливерпүүлийн тоглолтын хэв маягийг тэр чигт нь өөрчилсөн юм.

Формтой Коутиньо ямар ур чадвартай, яаж гоол оруулж чаддагийг, Ливерпүүлийн довтолгоонд ямар хувь нэмэртэй байсныг бүгд мэднэ. Тэгвэл формгүй Коутиньо? Энэ асуултыг өөрөөсөөө асуугаад үзээрэй.

Магадгүй Ливерпүүлийг орхисон нь түүний хамгийн том тус.

Харин Клопп хувилбараа 4-2-3-1-ээс 4-3-3 болгон өөрчилсөн. Жордан Хэндерсон ихэнхдээ тулгуурын 2 хагас хамгаалагчийн нэгээр тоглодог байсан бол, Коутиньог явсны дараа байрлал нь өөрчлөгдөж, өөрийн хамгийн шилдэг формоо одоо хүртэл хадгалж, 2019 оны Английн хамгийн шилдэг хөлбөмбөгчнөөр хүртэл нэрлэгдсэн.


5. "Эргэлзээг нам дарав"

Дахин хэлье. Клоппын хувьд бүх зүйл тийм амархан, дардан байсангүй.

2016-2017 оны улирлын өвөл тэд хүндхэн байдалд байлаа. 13 тоглолтоос авч болох боломжит онооны дөнгөж талыг нь л дөнгөн данган цуглуулав. Энэ дунд Борнмут, Свонси, Халл болон Лестэрт хожигдсон тоглолтууд, дээр нь ФА цомд талбай дээрээ Плимуттай хийсэн тэнцээ, лигийн цомын хагас шигшээд Саутхэмптонд хожигдсон тоглолтууд бүгд хамаарна.

Клопп багаа удирдсан эхний бүтэн улиралд Арсенал 4-р байранд орж, Аваргуудын Лигийн эрх авах магадлал өндөр болоод ирэв.

Дортмундад өнгөрүүлсэн Клоппын сүүлийн "гамшиг" шиг улирлын азгүйтэл, түүнийг дагаад ирсэн гэх “эргэлзээ” ч хүмүүсийн дунд чимээгүйхэн “оршиж” байлаа.

Харин сандрал дүүрэн өнгөрүүлсэн дараагийн 3 сарын сайн тоглолт нь Ливерпүүлийн өнөөдрийн амжилтын салшгүй хэсэг нь. 11 тоглолтоос 8 хожил авсны дунд, хамгийн сүүлийн, шийдвэрлэх тойрогт Миддлсборог 3-0ээр хожсон тоглолт ч орно.

Энэ тоглолтын дараа Клопп: “Бид ирэх улирлынхаа суурийг сайн тавьлаа” гэж хэлж байсан нь ч учиртай. Дараалсан сайн тоглолтуудынхаа ачаар Аресналаас ганцхан онооны илүүтэй улирлыг дуусгаж, Аваргуудын лигийн эрхээ авч чадсан.

Хамгийн чухал нь Аваргуудын лигт тоглох энэ эрхийг дагалдаж Виржил Ван Дэйк, Мохамед Салах нар ирсэн гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Харин Дортмундтай холбоотой тэр эргэлзээ аль хэдийн ор сураггүй болсон юм.


6. "Майкл Эдвардс"

“Хүн зах” дээр нэг наймааг амжилттай хийж, нөгөө наймааг алдах буюу 50 хувийн амжилттай байхад л давгүйд тооцогдоно. Харин Ливерпүүлийн спортын захирал Майкл Эдвардс энэ зах зээлд 90 хувийн амжилттай буюу бараг л “төгс” ажиллаж байгаа.

Лорис Кариусын наймааны нөгөө талд Жоэл Матип, Садио Мане, Жини Виналдум, Мо Салах болон Энди Робертсон нар бий.

Доминик Соланкегийн наймааны эсрэг талд Виржил Ван Дэйк, Алекс Окслэйд Чэмбэрлэйн, Фабиньо бас Алиссон байгаа.

Дээрх жагсаалт зөвхөн багт шинээр ирсэн тоглогчдод хамааралтай. Гэхдээ зарсан тоглогчдыг нь харвал бүр илүү сонирхолтой, гайхалтай баримт гарч ирнэ.

Жордон Айб – Лигийн 41 тоглолтонд 1 гоол, 3 гоолын дамжуулалт. 15 сая паундаар Борнмут руу.

Жо Аллен – Гэрээнд нь ганцхан жил үлдсэн байсан бөгөөд 13 сая паундаар Стөүк Сити рүү.

Кристиан Бентэкэ – Сүүлийн 23 тоглолтондоо 3 гоол. 27 сая паундаар Кристал Палас руу.

Мамаду Сако – Багийн дотоод дүрмийг зөрчиж, нөөц баг руу “унасан.” 26 сая паундаар Кристал Палас руу.

Доминик Соланке – Үндсэн багийн 27 тоглолтонд ганцхан гоол. 19 сая паундаар Борнмут руу.

Данни Ингс – Багт ирснээсээ хойш гэмтэл бэртлээс салж чадалгүй, зөвхөн 25 тоглолтонд оролцохдоо, 3 жилийн хугацаанд 1000 хүрэхгүй минутыг талбай дээр өнгөрүүлсэн. 20 сая паундаар Саутхэмптон руу.

Данни Вард – Үндсэн багийн төлөө гуравхан тоглолтонд оролцсон ч, 12.5 сая паундаар Лестер лүү зарсан.

Эдгээр жагсаалтуудаас харахад Ливерпүүл зөвхөн талбай дээр л амжилт нь сайжирсан юм биш, талбайн гадна ч тоглогч авах, зарах тал дээр тун овжин, сайн ажилласныг харж болно. Хөшигний ард Майкл Эдвардс багийн хамгийн чухал хэсэг гэдэг нь эргэлзээгүй.


7. “Клоппын баруун гар”

Клопп удирдагч, гол хөдөлгөгч хүч нь бол,

Петер Кравиц анализыг нь хийж,

Пеп Линдерс бэлтгэлийг хариуцдаг.

2018 оны Аваргуудын Лигийн шигшээ тоглолтын өмнө Зелько Бувач тодорхой бус шалтгааны улмаас туслах дасгалжуулагчийн үүргээ гүйцэтгэхээ больж, багийг орхисон.

Клоппын “тархи” гэгдэх Зелько Бувачийг, хамт ажилласан 17 жилийн туршлагатай нь хамт Ливерпүүл алдлаа гэж халаглах, харамсах хүмүүс цөөнгүй байлаа. Гэтэл Пэп Линдерс зүгээр л нэг Бувачийн орны хүн байсангүй, багийг сайжруулж чадсан юм.

36 настай, даруухан намтартай түүний хувьд, 17 насандаа хүнд гэмтлийн улмаас тоглогчийн замналаа дуусгасан. Гэхдээ түүний хурц хараа, олон жилийн туршлага, ур чадвар дээр нь үндэслэн Манчестер Юнайтед ч багтаа элсүүлэхээр оролдож байсан гэдэг.

Пэп Линдерс тоглолтын деталь хэсэг дээр ажиллахдаа тун гарамгай нэгэн. Хамгийн хачирхалтай нь, өнгөрсөн улирлын Аваргуудын лигийн хагас шигшээн Барсатай хийх хариу тоглолтын өмнө Аякс, болон Тоттэнхэмтэй тоглолтын хэв маяг ойролцоо багийн эсрэг нөхөрсөг тоглолт хийж, шигшээ тоглолтонд бэлдэхийг хүсч байсан гэдэг. Финалд шалгарах эсэх нь хүртэл тодорхой болоогүй байхад шүү дээ.

Барсаг ч хариу тоглолтонд буулган авч, шигшээд шалгарлаа. Энэ талаар ярилгүй өнгөрье. Харин финалаас өмнө нөхөрсөг тоглолт хийхээр сонгосон баг нь Бенфикагийн Б баг байлаа. Хурдан довтолгоо зонхилсон, жигүүрийн тоглогчид нь ур чадвартай Тоттэнхэмтэй ойролцоо гэж сонгосон хэрэг. Марбелла дахь талбайд энэ тоглолт хаалттай явагдаж, Ливерпүүл 3-0-ээр хожсон. Тоглолт эхлээд тун удаагүй байхад, Садио Мане гоолдсон бөгөөд, энэ хувилбар нь Аваргуудын лигийн шигшээн эхний минутад торгуулийн цохилт авчирсантай тун ойролцоо байсан гэдэг.

Пэп Линдэрсээс гадна, Байерны хоол, тэжээлийн мэргэжилтэн Мона Неммэр, мөн фитнессийн дасгалжуулагч Андреас Корнмайер нарыг Ливерпүүл тус тус “урвуулж” чадсан. Дээрээс нь, хажуугийн шугамын шидэлтээ бэлдэхийн тулд Томас Гронмаркийг ч дасгалжуулагчдын албандаа нэгтгэсэн нь, тэд амжилт гаргахын төлөө ямар их хичээж, жижигхэн зүйл дээр хүртэл ач холбогдол өгснийг нь харж болох юм. 


8. “Хүнд металь, зохион байгуулалттай хэв маягаар солигдов”

“Хүнд металь тоглох” гэдэг үгийг Клоппт дахиж хэлээд дэмий л болов уу. Гэгэнпрэссингийг ч мөн адил таатай хүлээж авахгүй байх.

Тийм ээ, Клопп энэ хэв маягаар Анфилдад тоглодог байсан. Анх ирэхдээ ч өөрөө хэлдэг байсан, үнэн. Гэхдээ сүүлийн 12 сар энэ бүхнийг өөрчилсөн.

Эхэн үедээ том багуудын эсрэг тоглолтонд илүүрхэж чаддаг ч, багаараа хойшоо сууж хамгаалдаг жижиг багуудын эсрэг төдийлөн учраа олдоггүй байсан юм.

Хий гаргадаг, хоорондын ойлголцолгүй, хамгаалалт тэдний гол асуудал байв. Харин бүрэлдэхүүн сайжрахын хэрээр, жилээс жилд алдаагаа засч сайжирсаар байлаа.

Ливерпүүл сүүлийн 4 улирал нийтдээ 50, 42, 38 болон 22 гоолуудыг ПЛ-т алдсан байна. Ялгаа нь илт харагдаж байгаа биз?

Фабиньо ирснээр хүнд металь зохион байгуулалтад орсон гэж болно.

“Зөвхөн довтолгооны хөлбөмбөгөөр цом авна гэдэг боломжгүй. Нээлттэй, замбараагүй тоглолт хийхэд хөлбөмбөгийн талбай дэндүү том. Өндөр зохион байгуулалттай, харин нөгөө талдаа бүтээлч тоглох хэрэгтэй.” гэж 2018 оны сүүлээр Клопп дурдаж байв.

Аваргуудын лигийн цом, 97 оноотой 2-р байр түүнд хангалттай байсангүй. Тэр дахиад л өөрчлөлт хийв.

Энэ улиралд маш өндөр темптэй, шахсан тоглолт Ливепүүлээс улам цөөн харагдах болсон. Гэхдээ тэдний тоглолтуудын үр дүн, хүснэгтийн байдал энэ шийдвэр зөв байсан эсэхийг Клоппын өмнөөс хариулаад өгнө.

Жигүүрийн хамгаалагчдынх нь довтолгоо дэмжих гайхалтай ур чадвар бусад багуудад байхгүй Ливерпүүлийн “нууц хүч.” Тэд бол доод лиг рүү унасан Халл Ситигийн, 8 саяын “үнийн шошготой” Эндрю Робертсон болон академиас төрөн гарсан залуухан жигүүр Трент Александер Арнолд.


9. "Харилцааны Мастер-Клопп"

“Би тэдний найз нь байх болно.” – Юрген Клопп

Мэдээж, Клоппын Ливерпүүл тус тусын үүрэг хариуцлага, дүрэм журамтай. Гэхдээ, хамгийн чухал нь тоглогч дасгалжуулагчдын хооронд итгэлцэл үгүй бол, энэ бүхэн ямар ч үр дүнгүй гэдгийг Клопп хамгийн сайн мэднэ.

“Хэрвээ тоглогч урам зориг, хүсэл тэмүүллээр дүүрэн л бол, би тэдэнд хатуу хандах шаардлагагүй. Миний гар үргэлж дэлгээтэй байх болно.” гэж Ливерпүүлд ирснийхээ дараахан Клопп хэлж байсан.

2017 оны Африкийн Шилдгийг шалгаруулах ёслолын ажиллагаанд оролцох зөвшөөрлийг Мо Салах, Садио Мане нарт Юрген Клопп өгч байсан. Сонирхолтой нь 24 цагийн дараа, тэднийг ФА цомд Эвертонтой хийх чухал тоглолт хүлээж байж.

Мөн өнгөрсөн улирал Мохамед Салах “Тайм” сэтгүүлийн нүүрэнд гарсны дараа, түүнийг хувийн онгоцоор Нью-Йорк руу явуулж байсан ч түүх бий. Харин тэр буцаж ирэнгүүтээ Хаддерсфилдын эсрэг тоглолтонд ямар ч асуудалгүй бүтэн 90 минутыг талбай дээр өнгөрөөсөн байна.

Сүүлийн жишээ, 11 сард Виржил Ван Дэйк Недерландын Вант Улсын хааны гэр бүлтэй уулзахын тулд бэлтгэлээ өнжсөн. Үүнээс болж муу тоглосон уу гэж үү? Үгүй дээ, бүр илүү тоглосон.

“Миний шилдэг тоглолтыг яаж гаргахаа Клопп яг таг мэддэг.” УЕФА-гийн шилдэг тоглогчийн шагналыг авсны дараа, багийнханд хандан: “Ван Дэйк энэ шагналыг бүтэн багийн өмнөөс гардаж байгаа юм шүү” гэж хэлж байсан.

Яг л үүн шиг Юрген Клопп багийнхаа тоглогчдыг бүгдийг нь хүндлэхийн зэрэгцээ, тэдний найз нь байж чаддаг юм.


10. “Хожигдлыг давуу тал болгох урлаг”

Хожигдол гэдэг Клоппын хувьд сайжрах боломж гэсэн үг. Хожигдлоо гээд бүх дэлхий сүйрчихгүй.

“Нэг, хоёр тохиолдолд яаж ч чадалгүй хожигдлоо гэж төсөөлье. Гэхдээ том хожигдлууд сэтгэлийн хаттай болгодог учраас төдийлөн сэтгэлээр унах шаардлагагүй. Харин сэтгэлийн хаттай, ялагдлаасаа суралцаж чадсан хүн дараагийн удаа хэзээ ч бууж өгдөггүй, эцсээ хүртэл тэмцдэг юм.” гэж Юрген Клопп Скай Спорстод саяхан өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг.

Нэг л ойлгогдохгүй байна уу? Гэхдээ түүний тоглогчид өөр, мэдэхийн дээдээр мэднэ.

“Ялагдлын амтыг мэдэр, тэгээд зайлсхий!” Маш энгийн ойлголт.

Клопп ирснээс хойш, Ливерпүүл хэзээ ч 2 дараалан ялагдаж байгаагүй. Киевд дэндүү харамсалтайгаар хожигдсон бол, дараа жил нь Мадридад өөрсдөдөө итгэлтэй нь аргагүй цомоо өргөсөн. Орчин үеийн хөлбөмбөгийн түүхэнд Европын цомын шигшээд хожигдсоныхоо дараа улирал цомыг өргөж чадсан хоёрхон багийн нэг нь Клоппын Ливерпүүл.

Ганцхан хожигдож, 97 оноо цуглуулсан улиралдаа лигийн цомыг өргөж чадаагүй бол, тоосоо гөвж босоод, ирэх улирал бүр илүү сайжир! Яг л энэ философи одоогийн Ливерпүүлийн ноёрхлыг тунхагласан хамгийн чухал хүчин зүйл нь юм.

 

Нийтэлсэн: Т. Түвшинтөгс

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх