Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

КЛОПП: "Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн хэцүү ажил бол Стивэн Жэррардаас ахлагчийн тууз хүлээж авах. Харин Жордан Хэндэрсон энэ ажлыг нэр төртэй хийж яваа"

Өнгөрснөө жаахан сөхье. 2011 оны 1 –р сарын эхээр “Хаан” Кэнни Далглиш Ливэрпүүлдээ эргэн ирж “британижуулах” хөтөлбөрөө эхлүүлээд байсан үе. Хаантан ирмэгц “Алтан жаал” биднээс нүүр буруулсан ч тэр Луйс Суарэс, Энди Кэрролл нарыг эгнээндээ нэгтгэв. Харин зуны наймааны цонхоор “Холливүүд пасс”-лагч Чарли Адам, Бразил хаалгач Алэксандр Дони, Ливэрпүүлийн зүүн жигүүрийг нэгэн үе эзэгнэж асан Стюарт Даунинг, “Бухандай” Хосэ Энрикэ, Уругвайн ирээдүй Сэба Коатэс, “Атаман” Крэйг Бэллами нар ирцгээлээ. Рой Ходжсоны олж ирсэн Пол Кончэски, Милан Ёванович, Сотириос Киргиакос, Кристиан Поулсэн, нарын хамт Филипп Дэгэн, Давид НГог, Эмилиано Инсуа, Раул Мэйрэлэш нарын тоглогчид багийг орхиж байв. Жэррард гоол оруулахгүй бол ядаж Киргиакос булангаас мөргөх байх гэсэн найдлага тээгээд л тоглолтоо үзэж, багаа дэмжиж явсан цаг шүү дээ, Базарваань ...

Гэхдээ бид 2011 оны 6-р сарын 9-нд хэдхэн хоногийн дараа 21 нас хүрэх залуухан хүү Ливэрпүүлийн хаалгаар алхан орж ирсэн талаар ярилцана. Тэр бол Жордан Хэндэрсон.

Жордан Брайн Хэндэрсон, Сандэрланд хотод төрж, хотынхоо хөлбөмбөгийн академид 8 настайгаасаа хичээллэж эхэлсэн бөгөөд аажмаар дэвшин Сандэрландын үндсэн багийн тоглогч болж байв. Хэндо Сандэрландын оны шилдэг тоглогч шагналыг хоёр жил дараалан авч, FIFA –гаас гаргадаг дараагийн улиралд анхаарлын төвд орох 13 залуу тоглогчийн жагсаалтанд багтаж байв. Энэ бүгд 2008 – 2010 оны хооронд болсон үйл явдлууд билээ.

Ингээд тэр том багуудын анхаарлыг татаж эхлэх нь тэр. Харин Кэнни Далглиш түүний төлөө 16 сая паундыг төлөх шийдвэр гаргаснаар Ливэрпүүлийн тоглогч болов. Харин Манчэстэр Юнайтэдын мэнэжэр асан сэр Алэкс Фэргюсон:
-Түүний гүйлтийн техник маш буруу, тэр энэ байдлаараа удвал яваандаа хөлбөмбөг тоглох нь бүү хэл алхаж ч чадахгүй болно гэж үзсэн учраас бид түүний талаар сонирхлоо зогсоосон гэж ярьж байв. Харин Хэндо:
-Энэ том багийн, алтартай мэнэжэр алтан цагаа миний талаар тэгж нарийн судлахад зарцуулсанд баярлаж байна. Гэвч тэр өөрийнхөө цаг завыг миний талаар судлахад биш өөрийнхөө тоглогчдыг сайжрахад зарцуулсан нь дээр биз гэсэн хариу өгч байсан нь саяхан.

Ливэрпүүлд ирснээсээ хойш “Хаан” Кэннигийн удирдлага дор тэр Ливэрпүүлийн баруун жигүүрийн хагас хамгаалалтыг хариуцаж эхлэв. Түүний анхны тоглолт нь хуучин багийнхаа эсрэг байлаа. Үүнээс хэдхэн хоногийн дараа тэр Болтоны эсрэг Ливэрпүүлийн төлөөх анхны гоолоо хийлээ. Тухай үед Карлинг Кап хэмээн нэрлэгдэж асан Лигийн цомын финалд тэрээр баруун жигүүрийн хагас хамгаалалтын байрлалд гараанаас гаран тоглож улмаар Ливэрпүүлийн хамт Лигийн цом өргөлцөж, улирлын эцэст FA Cup-ын финалд шалгарч байв. Тэр 2011-12 оны улирлыг нийт 44 тоглолтонд оролцож 2 гоол оруулсан үзүүлэлттэй өндөрлүүлсэн юм. Байнгын тоглолтонд оролцож байсан ч жигүүрийн хагас хамгаалалтанд нэг л их тохирохгүй байсныг нуух хэрэггүй биз. Харин Кэнни түүнд итгэж байсан билээ.

Ливэрпүүл клубын дотоод уур амьсгал, багийн сэргээн босголтыг хийж гүйцээсэн “Хаан” Кэнни Далглиш 2012 оны зун Ливэрпүүлийн жолоог 600 хуудас хөгжлийн бодлоготой ирсэн гэх Брэндан Рожэрст атгуулав. Харин Рожэрсын тэр олон хуудас хуудас бүхий төлөвлөгөөнд Жордан Хэндэрсоны нэр байсангүй. Рожэрс, Хэндо дээр очоод “Миний төсөлд чи байхгүй. Чамайг авъя гэж Фулхэмээс санал ирснийг клубын удирдлага хүлээж авахад бэлэн байгаа ч чи өөрөө шийдэх эрхтэй” хэмээв. Бодох цаг өгөөч гэж хэлээд Рожэрсыг өрөөнөөс гарсны дараа тэр харууслын гашуун нулимс унаган суусан гэдэг. Удалгүй тэр эргэж Рожэрс дээр очоод “Би Ливэрпүүлээс явахгүй, эндээ үлдэж тактикт чинь зохицож, гарааны эрхийн төлөө тэмцэх болно. Би үүний төлөө л Ливэрпүүлд ирсэн, би Ливэрпүүлд зодог тайлах болно. Харин та надад боломж олго” гэж хэлсэн юм.

Шаргуу бэлтгэлийн хүчинд тэрээр нэг их удалгүй Брэндан Рожэрсын тактикийн төвийн хагас хамгаалалтын чухал хүн нь болж чадсан билээ. Рожэрсын удирдлага дор Жордан Хэндэрсон хаа сайгүй гүйж, өөрийн хаалганаас эсрэг багийн 16 хүртэл бүхий л хар бор ажлыг нугалан, хамгийн гол нь өөрийн дасч дадсан төвийн хагас хамгаалалагчийн байрлалд өнөөдрийн Жэймс Милнэрын хийдэг бүгдийг амжуулж байлаа. Хэндо нэг тоглолтонд 11 км гүйх энгийн үзэгдэл болов. Харин түүнийг шүүмжлэгчид “утга учиргүй, хаа сайгүй гүйсэн хүн” гэж тодорхойлж байв.

“Рожэрсын 2-р он” буюу 2013-14 оны улиралд Хэндэрсон өөрийгөө Ливэрпүүлийн салшгүй нэг хэсэг гэдгээ хэдийн батлаад байв. Тэр энэ улиралд Прэмьер Лигийн 35 тоглолтонд оролцож, төвийн хагас хамгаалалтын байрлалыг Стивэн Жэррардын хамт ёстой л эзэгнэж байлаа. Даниэл Аггэр багаасаа явах шийдвэр гаргасны дараа Брэндан Рожэрс нөгөө 600 хуудас төлөвлөгөөндөө Хэндогийн нэрийг Багийн дэд ахлагч хэмээн бичсэн билээ. 2013 оны 11-р сарын 29 –нд тэрээр анх удаа Ливэрпүүлийн ахлагчийн туузтайгаар Стоук Ситигийн эсрэг тоглолтонд гарч ирлээ.
Тэр улиралд Рожэрсын Ливэрпүүлийн төвийн хагас хамгаалалтын хамгийн чухал хүн нь Жордан Хэндэрсон байсан бөгөөд Манчэстэр Ситиг 3-2 –ын харьцаатай ялж, Прэмьер Лигийн мөрөөдөл гялтганаж эхэлсэн тоглолтонд улаан хуудас авснаар 3 тоглолт өнжих болсон юм. Түүний эзгүй гурван тоглолт хэрхэн өрнөсөн талаар энд өгүүлэхгүй. Гагцхүү 2013-14 оны улиралд Хэндо өөрийн хичээл зүтгэлийн ачаар Ливэрпүүлийн салшгүй хэсэг гэдгээ зарлан тунхагласныг дурдаад дараачийн үйл явдалд шилжье.

Харин 2 жилийн өмнөх клубт хэрэггүй хэмээн ад үзэгдэж байсан хүүд, 2014 оны 5-р сард Ливэрпүүл клуб шинэ урт хугацааны гэрээ санал болголоо. Ингээд Ливэрпүүл клуб мөнхийн ахлагчаа, домогт Стивэн Жэррардыгаа үдэж өгсний дараа Жордан Хэндэрсон ахлагчийн туузыг хүлээж авав. Зэрэгцээд хөлбөмбөгчдийг тойрч гардаггүй бэртэл гэмтлийн шуурга түүнийг ч мөн дайрлаа. Тэр өсгийний гэмтэл авч хагалгаа хийлгэх шаардлага тулгарав. Хэдэн сарын нөхөн сэргээх эмчилгээ болон маш их хичээл зүтгэлийн дараа үндсэн багтаа эргэн багтаж гараанд нэрлэгддэгийн даваан дээр баруун хөлийн тавхайн яс дахин гэмтэв. Тэр нь өнөөх өсгийний гэмтэлтэй холбоотой бөгөөд хожмоо түүний тэр гэмтэл хэзээ дахин сэдэрч, хэзээ эмнэлгийн орон дээр очихыг хэн ч урьдчилан мэдэх боломжгүй гэсэн мэдэгдлүүд хөвөрч эхэллээ. Товчхондоо бол хөлийн өсгийнөөс өлмий рүү чиглэсэн, хөлийн тавхайн нумыг барьж байдаг том шөрмөс сэмэрсэн гэх. Нэг бол хэзээ ч тэр бэртэл сэдрэхгүй байж болох ч эсвэл одоо бэлтгэлийн талбайгаас гараад харих замдаа л гэнэт өвчин мэдрэх магадлалтай. Энэ юу вэ? “Улаан хамарт, Шотланд өвгөн”-ийн зөв байсан хэрэг үү?
2015-16 оны оны улиралд Хэндо Прэмьер Лигийн 17 тоглолтонд л оролцож чадсан бол дараагийн улиралд 24 тоглолтонд оролцож чадсан нь түүний дээрх гэмтэлтэй нь л холбоотой байв. Эдгээр улирлууд түүний Ливэрпүүл дэх карьерын хамгийн цөөн тоглолтонд оролцсон жилүүд байлаа.

Ливэрпүүл Юргэн Клоппыг авчрах боломж гармагц шууд л ашигласан юм. Энэ үед Брэндан Рожэрсын 600 хуудас бүхий төлөвлөгөө дампуурах нь нэгэнт тодорхой болсон байсан учир “Энгийн нэгэн” –ийг клубтээ авчирч хүлгийн жолоог атгууллаа. Ливэрпүүлтэй холбоотой хүн бүр баярлаж байсан бол эсрэг багууд адил бодолтой байсан нь юу л бол...
Юргэн Клопп, Ливэрпүүлд ирмэгцээ, Жордан Хэндэрсоныг маш их үнэлж хүндэтгэдэг талаараа ярьж, багийн ахлагчаа солихгүй хэмээн мэдэгдлээ. Тэр Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийг “Эргэлзэгч биш, Итгэгч бай” хэмээн хэлэхдээ өөрөө ч Хэндэрсонд итгэж байсан юм. Юргэн Клоппын удирдлага дор Ливэрпүүл дахин сэргэн босч, цэцэглэн хөгжиж эхэллээ. Харин Жордан Хэндэрсон Ливэрпүүлтэй хамт 3 дахь мэнэжэрийнхээ удирдлага дор, тактикт нь дасан зохицож байв. Кэнни Далглишийн “Британи хөлбөмбөг”, Брэндан Рожэрсын Хэндогийн нэр багтаагүй “600 хуудас тики-така”... Харин одоо Юргэн Клоппын “Гэгэнпрэссинг” ...

Ливэрпүүлд түүнийг баруун жигүүрт амжилт багатайхан тоглуулж байсны дараа үндсэн байрлал болох төвийн хагас хамгаалалтын байрлалд нь Брэндан Рожэрс давгүй ашиглаж байв. Эцэст нь Юргэн Клопп ирснээр түүнийг holding midfielder буюу 4 хамгаалагчийн яг урд эсрэг багийн довтолгоог нурааж, аль болох аюулгүй дамжуулалтуудаар бөмбөгийг өөрийн талд найдвартай хадгалж, хэрэгцээ гармагц талбайн төвийн болон довтолгооны тоглогчдыг бөмбөгөөр хангах үүрэгтэйгээр ашиглаж ирсэн. Харин Фабино ирснээр Хэндэрсон илүү урагшилж өөрийн үндсэн байрлал болох эсрэг багийн 16-с өөрийн хаалга хүртэлх илүү өргөн талбайд чөлөөтэй тоглох боломж гарч ирсэн бөгөөд тэрээр Клоппын тактикийг ягштал хэрэгжүүлж байгааг дурдах нь зөв байх. Үгүй бол ёс журам, сахилга батыг тэргүүнд тавьдаг Герман мэнэжэр чухал тулаанууддаа түүнийг байнга илгээгээд байх нь юу л бол.

Эдүгээгээс эргэн харахад Жордан Хэндэрсон Ливэрпүүлийн хүнд үед ирж, ачаа үүрэлцэж явсан бөгөөд, хувь тоглогчийн хувиар ч хүнд цаг үеийг туулсан юм. 2018 онд Клопп түүнд дахин шинэ гэрээ санал болгож, Хэндо 2023 оны хүртэл Ливэрпүүлтэй хамт байхаар шийдсэн билээ.

Одоо бага сага статистик... Жордан Хэндэрсон, зөвхөн Прэмьер Лигийн 330 тоглолтонд оролцсоноос 259 тоглолтыг нь Ливэрпүүлийн өмсгөлтэй хийсэн. Сандэрландад байхдаа 4 гоол оруулж байсан бол Ливэрпүүлийн төлөө 23 гоол Лигийн хүрээнд оруулж 43 ассист бүртгүүлсэн байна. Энд нэг статистик сонирхолтой байгаа нь түүний алдаанаас болж гоол орсон тохиолдол ердөө ганц л байгаа юм. Энэ нь түүний хэр нягт нямбай тоглогч болохыг хангалттай харуулах буйзаа. Дээрх статистикийг Прэмьер Лигийн албан ёсны вэбсайтаас авав. Өдгөө Хэндо Ливэрпүүлийн ахлагчийн туузтайгаар 160 гаруй тоглолт хийгээд байгаа нь клубын түүхэнд эхний 10-т багтах үзүүлэлт.

Нэгэнтээ Юргэн Клопп түүний талаар: “Миний харж байгаагаар бол Хэндо үнэхээр гайхалтай тоглогч, Тэр бидний ахлагч, бас маш сайн залуу. Хэрэв би Хэндогийн талаар ном бичвэл 500 хуудастай ном гарч ирэх байх. Бүгд түүний талаар үргэлж эерэг сэтгэгдэлтэй байдаг юм. Хөлбөмбөгийн өнгөрсөн 500 жилийн түүхэн дэх хамгийн хэцүү ажил бол Стивэн Жэррардаас ахлагчийн туузыг нь хүлээж авах. Харин хүмүүсийн толгойд Стиви л биш бол хэзээ ч хангалттай сайн байж чадахгүй гэсэн бодол үргэлж хадаастай. Гэвч Хэндо энэ ажлыг хангалттай хэмжээнд хийж чадаж байгаа бөгөөд үүнийхээ төлөө өөрөөрөө бахархах ёстой. Жордан манай багийн хамгийн чухал хэсэг бөгөөд бид ирээдүйгээ түүнтэй хамт гэрэлтэйгээр харж байна” хэмээн өгүүлжээ.

Мэлвүүд дэх Юргэн Клоппын ажлын өрөө рүү явах коридорыг Ливэрпүүлийн ахлагч нарын коридор хэмээн нэрийдэх бөгөөд энд бүх цаг үеийн ахлагчдын зураг өлгөөтэй буй. Тэнд Хэндэрсоны зураг хэдийн байраа эзлэжээ. Хэндо мэдээж ур чадварын хувьд, тоглолтын арга барилын хувьд Стивэн Жэррардыг гүйцэхгүй байж болох ч сүүлийн 30 жилийн хамгийн амжилттай Ливэрпүүлийн багийг ахалж байгаа нь үнэн. Тэр үргэлж Стивэн Жэррардын сүүдэрт дарагдаж, харьцуулагдаж, үнэлэгдэж ирсэн хэдий ч хэнийг ч ялангуяа Стивэн Жэррардыг даган дуурайхыг хүссэнгүй. Ахлагч гэхээр л хөмсгөө зангидан орилж, ийш тийш муухай харж, сүрийг үзүүлэх биш юм. Тэр бүхнийг өөрийнхөөрөө хийж, багаа үлгэрлэн, Ливэрпүүлийг ахалсан. Ливэрпүүлтэй хамт өнгөрүүлсэн 9 жил, 9 хөлбөмбөгийн улирал, ирээдүйд угтах бүх адал явдал зөвхөн түүнийх байх болно. Жордан Хэндэрсоны багаас зарагдах дээрээ тулж байх үедээ урсгасан нулимс нь түүнийг Ливэрпүүлд үлдэж өөрийн боломжоо батлахаар сэтгэлээ хатамжилсан хичээл зүтгэл болж, өнөөдөр Аваргуудын Лигийн аварга болох үедээ аавыгаа тэврэн уйлсан баярын нулимсаар солигдсоныг та бид харсан. Энэ бүхэн түүний 8 жилийн хөдөлмөрийн үр шим. Харин тэр хэзээ ч бууж өгч, гомдоллож, тайлбар тавьж, ухарч няцаж, матрын нулимс унагаж байсангүй. Мэргэжлийн хөлбөмбөгчний замналдаа таарч байсан бүхий л асуудал, бэрхшээлүүдтэй нэр төртэйгээр нүүр тулж, давж гарсан юм.

Тэр 2012 онд Английн шилдэг залуу тоглогчийн шагнал хүртэж байсан бол 2019 оны Английн шилдэг тоглогчийн шагнал хүртлээ. Хэндэрсон өөрийн түүхээ, мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа ийнхүү бичиж байна. Энэ улирал түүний хувьд хамгийн шилдэг улирал биш ч байж магадгүй. Учир нь түүнд дахиад нөөц бололцоо, ур чадвар, туршлага хангалттай байна. Агуу Боб Пэйзлигийн “Бидэнд ч хүнд үеүүд байсан юм шүү. Нэг улирал бид бүр 2-р байранд орсон гээч ...” гэдэг алдарт ишлэлийг давтах хэмжээний Ливэрпүүл одоо бүрдчихээд байгаа бөгөөд тэр багийн ахлагчийн талаар багахан өгүүлэхэд энэ буюу ...

Нийтэлсэн: Нисдэг Чистмир

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх