Африкийн хөл бөмбөгийн холбоо 1992 оноос хойш тивийн шилдэг хөлбөмбөгчинг тодруулж ирсэн уламжлалтай ба энэ жилийн шилдэгээ Египет улсын Hurghada хотод ёслол төгөлдөр шалгарууллаа. 2019 оны шилдэгийн шилдэгээр Сенегалын шигшээ багийн ахлагч, Английн Ливэрпүүл клубын довтлогч Садио Манэ 477 оноогоор шалгарав.

Түүний хувьд энэ шагналд сүүлийн 4-н жил тасралтгүй нэр дэвшин шилдэг 3-т үлдээд байгаараа онцлог байсан бөгөөд энэ жилийн хувьд клубын анд, өнгөрсөн 2 жилийн шилдэгээр шалгараад байсан Мохамед Салах, 2016 оны шилдэг Риад Махрез нарын ардаа хийж түрүүлснээрээ онцгой байлаа.

Сонирхуулахад 17 жилийн өмнө Сенегал тоглогч Эл Хаджи Диоф африкийн шилдэг болж байсан ба Камеруны шигшээд 3-2 оор ялагдсан 2002 оноос хойш Сенегал тоглогчидоос африкийн шилдэгийг хараахан авч амжаагүй байсан юм.

Түүний хувьд өнгөрсөн 2019 онд амжилт ялалтаар дүүрэн он байсан бөгөөд амжилтуудаас дурдвал:

  • Аваргуудын лигийн аварга

  • Европийн супер цомын аварга

  • Дэлхийн Клубуудын цомын аварга

  • Английн Пример лигийн мэргэн бууч (22 гоолтой)

  • Африк тивийн дэд аварга

  • 2019 оны хувьд 61 тоглолтонд 34 гоол 12 ассисттай

гэсэн шилдэг үзүүлэлтийг үзүүлээд байгаа юм.

Шагналаа гардаж авах мөчид Садио Манэ ёслолын индрээс:

"Би маш их аз жаргалтай байна мөн энэ жил энэхүү шагналыг хүртсэндээ бахархаж байна.

Би хөлбөмбөгт хайртай. Энэ спорттой бүх зүйлээрээ холбогдож өнөөдөр та бүгдтэй хамт энэ үдэш энэ шагналыг аваад зогсож байгаадаа сэтгэл туйлын хангалуун байна. 

Би энэхүү шагналаа өөрийн гэр бүл, Ливэрпүүл клубынхээ багийн андуудад, менежер Юрген Клопп-т зориулж байна. 

Мөн энэ өдөр бол хөлбөмбөгийн замналын маань агуу өдрийн нэг байлаа. Миний спортын замналын туршид намайг үргэлж дэмжиж ирсэн Сенегалчууддаа би маш баярлаж талархаж байгаагаа хэлэхэд таатай байна.

Энэхүү шагналыг авч байгааг хүмүүс хараад баярлаж байгаад нь би бас баяртай сэтгэл хангалуун байна. Тэр дундаа энэ жилийн Оны шилдэгийг авнаа гээд амалчихсан байсан миний өсөж төрсөн Бамбала тосгоны хүмүүс их баярлаж байгаа . Тэдэндээ зориулж Франц хэлээр баярлалаа, та бүхэндээ сайн сайхныг хүсье хэмээн талархалаа илэрхийльеэ.

Шагналыг гардан авсаны дараа би өөрийгөө юу мэдэрч байснаа дүрсэлж хэлж чадахгүй байна. Мөн Египтэд миний эргэн тойрондох хүмүүсийн сэтгэл хөдлөл ямархуу байсныг ч хэлэхэд хэцүү байлаа.

Гайхалтай байлаа бүгдэд нь баярлалаа"

 

Нийтэлсэн: Чингис

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2020 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх