Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

МанЮгийн фен Клоппод сэтгэлээ илэрхийлэн, нүглээ наманчилсан нь:

МанЮ дэмжигч бидний хувьд Ливэрпүүл хэзээд супер дайсан байсаар ирсэн. Өөр дайсан гарч ирдэг байсан ч (Манчестер Сити, Арсенал, Жон Терри гэх мэт) Ливэрпүүл бүх дайсны ноён оргил нь. Хоёр баг нэг нэгнээ үргэлж хор шарыг нь малтан, хурцалдагаас болдог байж ч магадгүй юм.

Ливэрпүүл харин бидний хорыг хамгийн ихээр малтах аргаа нэгэнт олчихжээ, тэд гайхалтай хөлбөмбөг үзүүлж, цом авахаас гадна үзэн ядах ямар ч аргагүй тийм менежер олоод авчихаж. Яг л ажил дээр үзэн яддаг залуу чинь найз охинтой болоод, чи Фб ухаж найз охиныг нь аймшигтай гэдгийг илтгэх баримт цуглуулж байтал харах тусам найз охиных нь сайхан шинж чанаруудыг олж хараад байх шиг л. Тэр ухаалаг, хөгжилтөй, сайхан сэтгэлтэй, дур булаам, нэр алдартай ч даруу төлөв бөгөөд тун сайхан шүдтэй. Ажлын хөгийн залуу тэр хоёр хамтдаа тун аз жаргалтай байх юм. 

Тиймээ, Юргэн Клопп Ливэрпүүлд сайхан тухлаад авчээ. Түүний агент Клопп гагцхүү Английн цаг агаараас л болж явж магадгүй гэж хэлсэн удаатай. Тиймээс би орой бүр цаг агаарын мэдээг харж, түүнийг яваасай гэж залбирч, нар гарах бүрт зүрх өвдөх юм. Энэ залуу миний амьдралыг сүйдлэж байна! 

Ингээд би түүний багт ан цав гараасай гэж хайна. Бөрнлитэй хийсэн тоглолт дээр Мане Малах нар зөрчилдөхөд ихэд баярлаад, энэ тэдний төгсгөлийн эхлэл мөн үү гэж найдсан ч Клопп инээгээд л өнгөрөөсөн. Золиг гэж!

Клопп өөрийн зан аашийг клубтээ шингээсэн шиг санагдана. Өмнө нь Ферги МанЮд, Моуриньо Челсид (ганц удаа) үүнийг харуулсан ч тэднийг эсрэг багийнхан нь үзэн ядах амархан байсан. Харин Клоппын хувьд гэвэл тэрээр дургүй байхад хэцүү тийм багийг бүтээж, тэднийг зүгээр л өөрөөрөө байхыг нь бүгд харах дуртай болжээ. 

Түүний тухай унших бүр түүнд улам татагдах юм. Түүний дунд нэрийг Норберт гэх ба тэрээр нийгмийн ажилтантай гэрлэсэн, өнгөрсөн 7 хоногт тэр нохойгоо салхилуулж явахдаа бага ангийн охидын тэмцээнийг үзэж дэмжсэн. Тэр нохой гарцаагүй гайхалтай амьдралтай нохой мөнөөсөө мөн, яагаад гэвэл Клопп түүнийг эрхлүүлж, амттанаар шагнаж, гэдсийг нь маажиж өгдөг. Би тэр нохойд ихэд атаархаж сууна. 

Клоппын талаар таагүй бодолтой байж тун болзошгүй Брендан Рожерс хүртэл түүний талаар муу үг унагадаггүй. Ливэрпүүл Бямба гаригт Лэстертэй тоглоод асуудалтай торгуулийн цохилтоор хожиход нь хүртэл Рожерс түүнийг тэвэрсэн гээч. Түүгээр ч үл барам 3 жилийн өмнө түүнээс ажлыг нь Клопп булаахад бүр байшиндаа амьдруулсан гээд л бодчих! 

Клопп машиныг чинь хулгайлбал би баяртайгаар даатгалын төлбөрөө төлөх байх. Тэр эхнэртэй чинь жиг ургуулсан ч чи яах ч үгүй, бүр харин хүүхдүүдээ харж байя гэж ч магад. Клоппын удирдлага дор Ливэрпүүл ялсаар, цомуудыг түүсээр л байх нь дамжиггүй. Би харин цонхоор харж, бороо ороосой гэж залбирч л хүлээж байя даа... 

Манчестер Юнайтедийн дэмжигч комедиан Жорж Лэүис

 

Орчуулж нийтэлсэн: Зояа

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх