2004 онд Рафа Ливэрпүүлийн коуч болсноос хойш олон гайхалтай Испани тоглогчид энэ клубын нүүр царай болсоор ирсэн. Шаби Алонсо, Луис Гарсиа, Пэпэ Рэйна, Фэрнандо Торрэс, Фэрнандо Морьентэс зэрэг олон шилдэг Спаниардыг нэрлэж болно.

Алберто Морэногийн маань нэр дээрх эрхмүүдийн хэмжээнд нэрлэгдэхгүй байж мэдэх л юм. Гэхдээ л энэ цаг үед дэмжиж байсан Копууд хэзээ ч түүнийг мартахгүй нь лавтай биз ээ.

2014 оны зун Ливэрпүүлд ирээд, ирээд удалгүй Тоттэнхэмийн хаалганд Норвеги леженд Йон Арнэ Рийсиг санагдуулам гоол оруулсныг чинь Копууд хэзээ ч мартахгүй. Бэртлээс эргэн ирсэн Старрижийн хамтаар эв хавгүйхэн бүжиглэх төрхийг чинь ч бид үргэлж санах болно.

Бид мэднээ, чи өөрөө ч бас мэднэ. Чи Ливэрпүүлийн түүхэн дэх хамгийн шилдэг зүүн ар байгаагүй. Гэхдээ улаан өмсгөлтэй талбайд гарах мөч бүртээ бүхнээ дайчилж байсныг чинь ч бас мэднэ.

Хүмүүс тэр бүр мэдэхгүй л байх. Алберто чиний хувцас солих өрөөн дэх нөмөр нөөлгийг, сэлгээний суудлаас ч багаа зоригжуулах тэр их сэтгэлийг бид төдийлөн гадарлахгүй.

Европа лигийн шигшээ тоглолтод тааруухан тоглож, хожигдлын томоохон буруутан болсон ч гурван жилийн дараа чи энэ клубынхээ хамтаар Европын хамгийн том тэмцээнд түрүүлж чадсан. Чи Дэлдэн чихтийг хүзүүдэж чадсан, азтай бас адтай Спаниард!!! Магадгүй чи байсан учраас л Жэймс Милнэр ийм илүү хайрлагдаж, Энди Робэрстон дэлхийн шилдэг зүүн ар болсон байх.

Чи байсан учраас л урвагч Коутиньо бас Бобби Фирмино, Фабиньо, Алиссон гэх мэт Испани, Поругаль хэлтнүүд манай багт хурдан идээшсэн байх.

Талбайн гадна, талбай дээр хийсэн бүхэнд чинь, Ливэрпүүлийн төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа! Ливэрпүүл клубын домог гэж хэлж чадахгүй ч гэлээ хожим хойно Анфилдад ирэхэд чинь Копууд чамайг гайхалтай дотно алга ташилтаар угтан авах болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Gracias por todo mi amigo!!!! #Moreno18

Нийтэлсэн: Бадруул

 

 

 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2019 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх