Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 


ЛИВЭРПҮҮЛ 2:0 Ньюкасл Юнайтэд
Гоол: Салах 40', Манэ 55'

Лорис Кариус 8/10 - Сайн тоглолтоороо бусдын бодлыг өөрчилж эхэлсэн Герман хаалгач Лорис Кариус ээлжит сайн тоглолтоо НЮ-ын эсрэг харууллаа. Хэдийгээр зочид олон аюултай боломж үүсгэж, түүнийг сандаргаагүй ч эхний үеийн төгсгөлд Мохамэд Диамэ маш аюултай цохиход мундаг ур чадвар гарган хааж чадсан юм. Улмаар эхний үеийг давамгайлж дуусгасан Ливэрпүүл үргэлжлүүлэн сайн тоглож чадснаар өрсөлдөгчдөө боломж олгоогүй билээ.

ТАА 7/10 - Залуу хүү Арнолд 5 тоглолт дараалан гараанд гарч тоглолоо. Хамгаалалтанд ачаалал багатай, довтолгоо дэмжиж, Салахад тусласаар тоглолтыг дуусгасан.

Дэян Ловрэн 7/10 - Клопп энэ удаад Матипыг амрааж, Ловрэнийг гараанд гаргалаа. ВВД-ийн хамтаар сайн тоглосон.

ВВД 8/10 - Өрсөлдөгч баг нь Ньюкасл гэдгийг мэдэж байна. Гэхдээ тэр үнэхээр хамгаалалтын лидер, класс ангиллын хамгаалагч гэдгээ тоглолтоос тоглолтод харуулсаар байна. Шаазгайнуудын эсрэг тэрээр 88%-тай пасслаж, 8 дуэлийн 6-д нь ялалт байгуулж, 3 так амжилттай хийж, 1 цэвэрлэгээ, 1 бөмбөг таслалт хийж, хийгүй тоглов. Голланд азаргыг талбайд байх үед багийн тоглолт цаанаа л тогтвортой, тайван, итгэлтэй байх юм.

Энди Робэртсон 7/10 - Түрүүчийн долоо хоногт Вэст хэмийн эсрэг тоглолтын шилдгээр нэрлэгдсэн шиг тоглоогүй. Гэхдээ энэ нь муу тоглосон гэсэн үг биш юм. Диандрэ Едлин гэгч адуу мал шиг хурдалдаг нөхөрт нэг ааглуулсныг эс тооцвол цахилгаан Роббо маань хийх зүйлээ яг таг гүйцэтгэж байлаа.

Жордан Хэндэрсон 8/10 - Багийн ахлагч эргэн ирж, Шаазгайнуудын эсрэг маш сайн тоглолоо. Энэ улиралд төдийлөн тогтмол талбайд гарч чадахгүй байгаа Хэндо маань Жаны хамтаар Рафагийн дундын шугамыг үгүй хийж байсан юм.

Эмрэ Жан 7/10 - Энэ улиралд хуудасны асуудалд ихээр орооцолдож буй Жан маань энэ удаад шар жавтий хүртсэнгүй. 4 сараас өмнө тэрээр дахин хоёр шар хуудас хүртвэл 2 тоглолтын бан хүртэх юм. Дундын шугаманд танк мэт л байлаа.

Окслэйд Чэмбэрлэн 9/10 - Man of the Match! Хэндо, Жан хоёр дундын шугаманд сайн тоглож байснаар Окслэйд довтолгоонд чөлөөтэй оролцох боломжтой болж байв. Бөмбөгтэй үедээ тэрээр маш хурдтай, эрх дураараа, гэхдээ үр дүнтэй тоглож байсан. Мохамэд Диамэг хурдаар ааглаж, Шаазгайнуудын хамгаалалтыг цэгцрэхээс өмнө гоолын дамжуулалтыг Мод хаяглаж чадснаар эхний гоол орсон. 2 тоглолт дараалан Салахыг гоолдуулж, улирлын 6 дахь ассистаа бүртгүүлэв!

 

Садио Манэ 7,5/10 - Ooh Mane Mane... Түрүү жил гангарсан Ливэрпүүл дэх анхны улиралдаа 13 гоол хийж байснаа эвдэж, улирлын 14 дэх гоолоо Боббигийн тусламжтайгаар хийлээ. Зарим үед тааруу дамжуулж, ойлгомжгүй шийдвэр гаргаж байсан ч Манэ маань шаардлагатай үед тэсэрч чаддаг. Гоолын хувьд ганган төгсгөл байлаа!

Мо Салах 8/10 - ПЛ-ийн мэргэн буучийн төлөөх өрсөлдөөнд Кэйнтэй зэрэгцэн ирж, бүх тэмцээнд 32 дахь гоолоо бүртгүүллээ. 7 тоглолт дараалан гоол оруулаад байгаа Мо Салах тоглолт бүрт л ямар нэгэн рекорд шинэчилсээр...

Роберто Фирмино 8/10 - Хэдийгээр гурван тоглолт дараалан гоолдоод байсан цуврал нь тасалдсан ч Манэд гоолын дамжуулалт өглөө. Энэ улирлын Ливэрпүүлийн довтолгоо ямар аюултай буйг дахин сануулсан гайхалтай багийн ойлголцол, төгс гүйцэтгэл байсан. Эхлээд Фирмино "уламжлал ёсоороо" урдаас ирж бөмбөг таслаад довтолгоо эхлүүлсэн. Талбайн дунд хэсэгт богино дамжуулалтууд их гоё өрнөж, эргэн Фирминод ирэхэд дамжуулалтын чадвараа гайхуулах мэт гоёмсог пассыг Манэд өгснөөр тоглолтын эцсийн цэгийг хатгасан билээ.

Фирминогоо одоо Олд Траффордод гоол оруулаад, өмсгөлөө тайлаад гүйхийг л харахыг хүсч байна.

Ливэрпүүл 8/10 - Талбайн бүх хэсэгт өрсөлдөгчөө илүүрхэж, тоглолтыг бүрэн хянаж чадснаар ээлжит гурван оноогоо авлаа. Дараагийн зогсоол Олд Траффорд, үндсэндээ хоёрдугаар байрын өрсөлдөөнийг шийдэх маш хариуцлагатай, чухал тоглолт ирэх долоо хоногт болно. Мэдээж дунд нь Аваргуудын лигийн шөвгийн 16-н хариу тоглолтоор "бие халаалт" хийх ёстой.

Ээлээ өгсөн сайхан долоо хоног байх болтугай, Шинэ долоо хоногийн мэнд 

 

Нийтэлсэн: Бадруул

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх