2-хон хоногийн өмнө Ливэрпүүлийн Мэлвүүд дэх бэлтгэлийн баазад ирж гэрээндээ гарын үсэг зуран Ливэрпүүлийн данстай тоглогч болсон 19 настай Серби хагас хамгаалагч Марко Груичээс Ливэрпүүлийн үндсэн сайтын сэтгүүлчид анхных нь ярилцлагыг авчээ. Тэрээр 2013 онд Мелбурнд болсон тоглолтон дээр 100 000 Ливэрпүүлийн дэмжигчид "You’ll Never Walk Alone" дуулж байхыг сонссон тухайгаа болон ирэх улиралд Ливэрпүүлтэй хамт юунд хүрэхийг хүсч байгаа талаараа үндсэн сайтын сэтгүүлчидтэй илэн далангүй ярилцжээ.

Юуны өмнө Марко, Ливэрпүүл Хөлбөмбөгийн Клубт тавтай морил. Яг одоогийн сэтгэгдэл ямар байна?

Баярлалаа. Би Ливэрпүүлийн гишүүн болсондоо маш их баяртай бас бахархалтай байна. Мэлвүүдэд бэлтгэл хийж Анфилдад тоглолтонд гарах мөчөө хүлээж чадахгүй нь.

Сэтгэл түгшсээр л байна уу? Ливэрпүүлийн төлөө гарын үсэг зурдал ямар нэг асуудал байсан уу?

Үгүй, би маш их баяртай байна.

Таны тоглолтыг үзээгүй Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдэд хандаж, өөрийнхөө ямар тоглогч болохоо тодорхойлж өгөөч

Би хагас хамгаалалтын хамгаалалтын, төвийн, довтолгооны аль ч байрлалд тоглодог. Тоглолтын дундуур аль болох олон цохилт хийхийг хичээдэг, эсрэг багийн торгуулийн талбайгаас өөрийн багийн торгуулийн талбайн хооронд (box to box) тоглох дуртай. Би өөрийнхөө хамгаалалтын чадварыг нэмэгдүүлэх ёстой гэж бодож байна. Гэхдээ зүгээр ээ.

Та төвийн болон, хамгаалах, довтолгооны аль ч байрлалд тоглож чадна гэж хэллээ. Таны хамгийн дуртай байрлал аль нь вэ?

Төвийн хагас хамгаалалтанд тоглох хамгийн дуртай

Наймаа хийгдэхээс өмнө Юргэн Клопптой ярилцсан гэсэн. Тэр танд юу гэж хэлсэн бэ?

Тэр намайг тайван байж бай гэж хэлсэн. Одоо би Европын хамгийн том шилдэг клубт ирээд байна. Ирэх улирлын улирлын өмнөх бэлтгэл болон нөхөрсөг тоглолтуудад ажилдаа анхаарч, талбай дээр сайн тоглолт гаргах хэрэгтэй гэсэн.

Ливэрпүүлд ирэх шийдвэр гаргахад чинь мэнэжэрийн нөлөө хэр их байв?

Сарын өмнө тэр над руу утсаар залгаж, сайхан яриа өрнүүлсэн. Би өөрийгөө дахин нэг шат ахих хэрэгтэй гэж бодож байсан учраас энд ирж өөрийн хүчээ сорих нь миний хувьд хамгийн сайн шийдвэр гэж гэж үзсэн.

Түүнтэй хамтарч ажиллахдаа баяртай байгаа юу?

Тийм ээ. Тэгэлгүй яахав. Би түүнтэй шууд ярилцахдаа жаахан сандарч байсан ч хоёр гурван минутын дараа асуудалгүй болсон. Тэр надад сайхан мэдрэмж төрүүлсэн

Карьерын чинь шинэ сорилтын юу нь чамд хамгийн сайхан санагдаж байна вэ?

Би ганцхан Сербийн лигт л тоглож байсан бөгөөд энэ нь Прэмьер Лиг шиг өндөр  түвшний лиг биш. Гэхдээ гурав дөрвөн сарын дараа, сайн бэлтгэл хийсний дараа энд тоглоход хангалттай бэлтгэгдчихнэ гэж бодож байна. Анфилд хэмээх Европын хамгийн дуу шуугиантай стадионы хөгжөөн дэмжигчдийн өмнө тоглохыг би хүсч байна. Бусад стадионуудын уур амьсгал ч надад их таалагддаг. Фэнүүд нь гайхалтай. Би дарамт шахалтын дор тоглох дуртай учраас энд ирсэн.

Дарамт шахалтанд дуртай гэнэ ээ? Энэ нь чамайг бүхнээ гаргахад нөлөөлдөг гэж үү?

Тийм ээ, би өөрийнхөө чадах бүхнээ зориулна.

Ливэрпүүлд ирэхээсээ өмнө Прэмьер Лигийн тоглолтуудыг хэр их үзэж байв?

Өнгөрсөн 2 сарын хугацаанд би Ливэрпүүлийн бүх тоглолтуудыг үзсэн. Ливэрпүүлтэй холбогдож эхэлсэн цагаасаа л тоглолтуудыг нь үзэж эхэлсэн. Өмнө нь ч үздэг байсан ч одоо бол бүх тоглолтуудыг үзчихсэн. Бид зарим тоглолтуудад аз дутсан ч дараагийн удаад бид олон оноог илүү авч Лигийн топ-4 байрлалын аль нэгийг авч чадна гэж бодож байна.

Анфилд гэж өмнө нь нэг дурссан. Ливэрпүүлийн тоглолтуудыг үзсэний дараа Копуудын өмнө өөрөө талбайд гарч тоглох үедээ хэр сэтгэл хөдлөх вэ?

Тийм ээ би Анфилдын уур амьсгалыг харсан. Мөн Ливэрпүүлийн тоглогчид Мэлбурнд тоглосон тоглолтыг ч үзсэн. Манай дэмжигчид зөвхөн Англид ч биш дэлхий даяар гайхалтай уур амьсгал бүрдүүлж чаддаг. Тэдний клубыг хайрладаг хайр нь хамгийн онцгой.

Тэр үдэш Мелбурнд 100 000 хүн цугласан байсан ...

Тэд ‘You’ll Never Walk Alone’ дуулж байхыг харсан. Тийм ч учраас тэд английн хамгийн шилдэг хөгжөөн дэмжигчид юм.

Та өөрөө Анфилдын талбайн гадна, Ливэрпүүлийн өмсгөлийг өмсөөд зогсч байхад чинь фэнүүд ‘You’ll Never Walk Alone’ дуулж байх үед ямар зүйл мэдрэх бол?

Яг ямар мэдрэмж төрөхийг үнэхээр хэлж мэдэхгүй нь. Гэхдээ би үүнийг маш их хүсч байна. Анфилдын зүлгэн дээр гүйж, фэнүүдийн дуулахыг сонсохыг хүлээж тэсэхгүй нь.

Прэмьер Лиг болон Англи хөлбөмбөгт дасан зохицох талаар ярихад, та үнэндээ нэлээд өндөр нуруутай хагас хамгаалагч. Дасан зохицоход өндөр чинь тус болно гэж бодож байна уу?

Тийм ээ, би дажгүй өндөртэй, биеийн хүчний бэлтгэл илүү их хийснээр энэ лигт дасан зохицоход илүү хялбар болох байх. Миний бие надад хэрэгтэй бүх зүйлийг хийж чадна гэж бодож байна.

Мэлвүүдэд Дэян Ловрэнтой ярилцаад зогсч байхыг чинь бид харсан. Тэр Ливэрпүүлийн талаар танд юу хэлсэн бэ?

Тэр манай улстай ойрхон Хорватаас ирсэн тоглогч учраас бид нэг хэлээр ярьдаг. Тэр энд ирэх нь маш зөв шийдвэр гэж хэлсэн. Тэр ба клубын тухай, клубын ямар агуу болох талаар, тэдний хөгжөөн дэмжигчид Европын шилдгүүд болох талаар надад ярьж өгсөн. Тэр намайг хурдхан энд харахыг хүсч байгаагаа хэлсэн.

Ливэрпүүл төвхнөхөд чинь тэр маш чухал тус болох байх аа

Тийм ээ, надад тийм зүйл хэрэг болно. Ирэх улиралд тэр бидэнтэй хамт байж, түүнтэй хамтран бэлтгэл хийнэ гэж бодож байна.

Ирэх улиралд өөр ямар тоглогчидтой хамтран тогломоор байна?

Бүх л хагас хамгаалагч нар маань надад таалагддаг. Гэхдээ байрлалдаа, Европын хамгийн шилдгүүдийн нэгэнд тооцогддог – магадгүй дэлхийд ч тэгж тооцогдох Коутиньотой хамтран тогломоор байна.

Улирлын эцэс хүртэл РэдСтар луугаа зээлээр буцах гэж байгааг чинь мэдсэн. Ливэрпүүлийн төлөө бэлтгэгдэхэд энэ нь хэр чухал вэ?

Тийм ээ, би ажлаа дуусгахад анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Би хүүхэд байхаасаа л клубынхээ хамтаар аваргын цом хүртэхийг мөрөөдөж ирсэн бөгөөд одоо их ойрхон ирчихээд байгаа. Би РэдСтарын гэр бүлийнхэнтэйгээ хамт улирлыг дуусгаж дараа нь Ливэрпүүл дэх ажилдаа 100% төвлөрөхийг хүсч байгаа.

РэдСтартай хамт аварга болох нь таны хүүхэд ахуй цагийн мөрөөдөл гэлээ. Энэ хүслээ гүйцээчихээд Ливэрпүүлд ирвэл ямар байх бол?

Гайхалтай, маш сайхан байх болно. Улсынхаа аваргын цомыг хүртээд энд баатрын дүрээр эргэн ирнэ гэдэг минийи хувьд эргэн ирэх хамгийн сайхан цаг байх болно.

Одооноос эхлээд Ливэрпүүлийн бүх л тоглолтыг үзнэ гэж бодож байна уу?

Тийм ээ, мэдээж. Би нэг ч тоглолт алгасалгүй үзэх болно.

Эцэст нь энэ ярилцлагыг уншиж буй Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдэд хандаж үг хэлээч.

Марко, бэлтгэл дээр ч тоглолтын талбайд ч өөрийгөө 200% дайчлах болно. Ирэх улиралд бид олон цом авч чадна гэж бодож байна.

Нисдэг Чэстмир

 

Онцлох видео

© 2010-2018 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх