Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Герман мэнэжэр өнөөдөр Ливэрпүүл Хөлбөмбөгийн клубын түүхийн 20 дахь мэнэжэрээр ийнхүү томилогдлоо. Уламжлал ёсоор Клопп, Ливэрпүүлтэй хийсэн 3 жилийн гэрээндээ гарын үсэг зурмагцаа Ливэрпүүлийн үндсэн сайтын сурвалжлагчийн асуултанд хариулж, анхны ярилцлагаа өгөхөөр камерын өмнө суусан юм. Ливэрпүүлийн шинэ мэнэжэр 25 минутын турш сэтгүүлчийн асуултуудад хариулжээ.

Юргэн, Ливэрпүүл Хөлбөмбөгийн Клубт тавтай морил ...

Маш их баярлалаа.

Сэтгэгдэл ямар байна даа?

Гайхалтай! Надад өөр үг орж ирэхгүй байна. Германд өнгөрүүлсэн тэр өдөр үнэхээр галзуу байж, би одоо энд ирээд байна. Миний хувьд туйлын гайхалтай мэдрэмж төрж байна. Бас энд байх нь миний хувьд маш том нэр төрийн хэрэг байх болно. Миний амьдралын хамгийн гайхалтай мөчүүдийн нэг байх болно. Би энд гэр бүлийн хамт ирсэн. Гэхдээ хөвгүүдийн маань нэг нь Герман дахь гэртээ үлдсэн л дээ. Гэхдээ бид хамтдаа энд байгаа нь яг зүүд шиг л санагдаж байна.

Ливэрпүүлийн юу нь таны сэтгэлийг татсан юм бэ?

Бүх зүйлс нь. Миний Ливэрпүүлийн талаар сонссон, уншсан, мэдэрсэн, үзсэн бүх зүйлс. Миний амьдралд тохиолдсон цөөн боловч, маш чухал хэдэн тоглолтууд бас. Би хөлбөмбөгт хайртай, харин Ливэрпүүл дэх хөлбөмбөг надад маш сайхан санагддаг. Англид маш их эрч хүчтэй хөлбөмбөг тоглодог учраас би үргэлж л Англид ажиллах талаар бодож байсан. Харин Ливэрпүүл бол хамгийн эхний сонголт байх байлаа. Одоо надад энд ажиллах завшаан олдсон нь миний хувьд мөрөөдлийн хязгаар л гэсэн үг.

Та шинэ ажлынхаа гол нь юуг анхаарч үзсэн бэ? Эсвэл энэ нь хялбар гаргах шийдвэр байв уу?

Энэ тийм ч хүнд шийдвэр байгаагүй ээ. Би 4 сарын өмнө Дортмундтай гэрээ дүгнэснийхээ дараа дараа ирээдүйд юу хийх вэ гэдгээ бодож эхэлсэн. Би өөрийгөө хөгжүүлж, өнгөрсөн 15 жилийн хугацаанд болж өнгөрсөн бүх зүйлсийг бодож тунгааж эхэлсэн. Би 4 сарын турш амарсан. Энэ маш сайхан байсан хэдий ч бас хангалттай болсон байлаа. Эзэд мөрөөдөлтэй, би ч бас өөрийн гэсэн мөрөөдөлтэй. Тэдэнд намайг энд ирүүлэхэд нэг их олон зүйл яриад байх шаардлагагүй байсан.

Бид таныг хөлбөмбөгөөс завсарлага авч, хэсэг амрахаар шийдсэнийг мэднэ. Энэ хугацаандаа та юу бодов доо?

Маш их зүйлийг тунгаалаа. 4 долоо хоногийн дараачаас амралт маань эхэлсэн. Эхний 4 долоо хоног маш сайхан байсан. Би завсарлагагүй 15 жил хөлбөмбөгийн клубын мэнэжэрээр ажиллачихсан байсан шүү дээ. Та бүгд миний хөлбөмбөгтэй холбогдсон багахаан түүхийг эргэж харвал улирлын сүүлчийн өдөр хүртэл толгой өөд таталгүй ажилладаг байлаа. Энэ мэдээж тийм хөнгөн ажил биш нь тодорхой. Тиймээс би хөлбөмбөгөөс түр холбдож сайхан амармаар санагдсан юм. Би чинь зөвхөн хөлбөмбөгийн хүн биш шүү дээ. Надад янз бүрийн сонирхол, хобби байдаг. Зарим ухаалаг хүмүүстэй хөлбөмбөгийн талаар эсвэл хоол хүнсний талаар, эсвэл бүр өөр сэдвийн талаар ярих сайхан яриа өрнүүлэх гэх мэт ... Дараа нь над руу хэн нэг нь сонирхолтой ажлын талаар ярих юм шиг санагдахад би үүнд бэлэн болохоо ойлгосон. Одоо би маш сайхан амарчихсан байна. 15 жилийн шаргуу ажлын дараа энэ бүхэн маш чухал шийдвэр байлаа. Дортмундад би 6 маш гайхалтай жилийг өнгөрүүлсний сүүлийнх нь маш хүнд жил байлаа. Бүхэлдээ бол төгс он жилүүд байсан юм. Гэвч би ямар нэг шинэ зүйл хүссэн. Одоо энд ирээд байна.

Анфилдийн талаар ярья. Одоо Анфилд таны гэр болох болно. Харин тэдгээр олон фэнүүдийн мэнэжэр болсон талаараа сэтгэгдлээ хуваалцаач ...

Үүнийг тайлбарлахад миний Англи хэлний мэдлэг хүрэлцэхгүй байх. Та энэ асуултаа надаас хэдэн сарын дараа асуувал би илүү хариулах байх. Гэхдээ мэдээж би маш өндөр сэтгэгдэлтэй байгаа. Би үүнийг харж, мэдэрч, үнэртмээр байна. Би бүхнийг хийж үзэх болно. Жилийн өмнө Дортмундын хамт энд ирэхэд, надад маш их таалагдсан. Би стадионы зочин багийн хувцасны өрөөнд ороход нэг тиймэрхүү сэтгэгдэл төрж байсан юм. “Дэрби яг энэ мөчөөс эхэлнэ” гээд ханан дээр нь биччихвэл  – тэр хувцасны өрөөнд орсон хүмүүс “за яахав, тэд биднийг ялахыг хүсч байгаа юм байна” гэж бодох болно. Миний хувьд Анфилд бол гайхалтай түүхтэй, гайхамшигтай газар. Би хөлбөмбөгтэй холбогдсоноосоо хойш дэлхийн олон газраар аялж үзсэн. Гэвч энд би хамгийн гайхалтай мэдрэмжийг мэдэрсэн. Боруссиа Дортмундын Сигнал Идуна Парк ч мөн адил гайхалтай стадион. Мөн би Майнз 05 –н жижигхэн хэдий ч төгс стадионд бас байсан. Гэвч Анфилд бол хамгийн агуу түүхтэй. Би яг ямар мэдрэмж төрөхийг хэлж мэдэхгүй байгаа ч ямар ч байсан сайхан байна байх аа.

Мөн эзэн багийн хувцасны өрөө ч бас сайхан байна байх даа ...

Тиймээ, мэдээж ... би итгэлтэй байна.

Хөгжөөн дэмжигчидтэй сайхан харьцаатай байна гэдэг хэр чухал вэ?

Би хөлбөмбөгийг ойлгодог. Хэрэв хүмүүс хөлбөмбөгийг сонирхохгүй байвал бид цэцэрлэгт хүрээлэнд очиж шон зоогоод хөлбөмбөг тоглож болно. Гэсэн ч энэ нь адилхан л сайхан тоглолт байх болно. Харин эндэх хөлбөмбөг бол фэнүүдээс хамааралтайгаар төгс мэргэжлийн хөлбөмбөг болдог. Энэ л миний мэддэг, мэдэрдэг хөлбөмбөг. Бид тэднийг хөгжөөх ёстой. Бид тэдний амьдралыг сайхан болгох ёстой. Хөлбөмбөгтэй холбоотой бид л үүнийг хийх ёстой. Бидний ажил бол тийм ч сүрхий чухал ажил биш. Бид хүний амь насыг авардаггүй, бид эмч нар биш. Харин бидний ажил бол тэдний асуудлуудыг 90 минутын туршид мартуулж, дараа нь 3 өдрийн турш сүүлийн тоглолтын тухай ярьж, үлдсэн хоёр өдрийг удахгүй болох тоглолтын тухай яриулах. Хэрэв би мэнэжэр болоогүй бол ингэж л амьдрахыг хүсэх байсан. Учир нь би энэ тоглоомонд хэтэрхий хайртай. Ийм ч учраас би хөгжөөн дэмжигчидтэйгээ аль болох ойр дотно байхыг хичээдэг юм. Гэхдээ энэ нь үргэлж тэр бүр санаснаар хэрэгжээд байдаггүй л дээ. Надад их маш их ажил байдаг учраас хөгжөөн дэмжигчдийн хүссэн шиг ойр ойрхон уулзаад байж чадахгүй ч, бас тийм ч боломжгүй зүйл бас биш.

Та гэхдээ хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч байхыг ойлгодог шүү дээ?

Би үргэлж л ойлгож байдаг. Магадгүй хэзээ нэгэн Баасан гарагийн орой би стадионы хаа нэгтээ явж үзэж байхад хэн нэг нь надад “Яг энд ийм зүйл болж байж билээ. Стиви Жи яг эндээс цохилтоо хийж, харин Робби Фаулэр тэндээс...” гэх мэтчилэн ярьж өгөх байх. Тэгвэл үнэхээр сайхан.

Та одоо стадионы хүссэн газраараа явж болно. Та одоо Ливэрпүүл Хөлбөмбөгийн Клубын мэнэжэр болсон.

Тиймээ, хамгийн сайхан нь энэ шүү. Гэвч зөвхөн тоглолттой 90 минутын туршид чадахгүй. Миний хувьд хамгийн хэцүү зүйл нь эзэн болон зочин багийн сэлгээний сандлууд хэтэрхий ойр юм. Германаас энд бүх зүйл шал ондоо. Тоглолтын үед би хэтэрхий их сэтгэл хөдлөлдөө автчихдаг учраас, санамсаргүй эсрэг багийнхаа мэнэжэрийг цохиод авч мэдэх эрсдэлтэй л юм.

Та өөрийгөө Англи хөлбөмбөгт дасан зохицох хэрэгтэй гэж бодож байна уу? Зохицох гэдэг үгийг та ер нь юу гэж ойлгож байна?

Мэдээж би үүнд зохицно. Магадгүй ёстой ч байж мэдэх ч сайн мэдэхгүй юм. Яг одоо би энэ тухай бодохгүй байна. Учир нь энэ бол хөлбөмбөг. Би англи хөлбөмбөгийг мэднэ. Би маш олон тоглолт үзсэн. Бас би англи багуудын эсрэг тоглож л байлаа. Зарим зүйлс нь ондоо боловч тэр тийм ч чухал биш. Учир нь энэ чинь бүхэлдээ нэг л “хөлбөмбөг” гэдэг ойлголт шүү дээ. Энэ тоглоом нэг л дүрэмтэй, талбайнууд ерөнхийдөө ойролцоо хэмжээтэйг битгий мартаарай. Тиймээс зохицно гэдэг тийм ч хэцүү асуудал биш. Миний туршлага бол: сонс, хар, мэдэр – тэгээд чи юуг өөрчилж чадахаа бод. Одоо би энэ 3 зүйлсийг хийгээд араас нь юуг өөрчлөх, юуг зохицуулах, юу хийхээ бодох ёстой. Би хөлбөмбөгт урт хугацааг зарцуулсан. Би тоглогч байсан. Одоо бол би мэнэжэр болсон. Би асуудлыг тэгж их хүндрүүлмээргүй байна. Хамгийн чухал нь тоглогчид миний юу хүсч буйг хялбар ойлгодог байх. Учир нь энэ тоглоомыг чи эндээсээ биш (толгой руугаа заав)эндээсээ(зүрхэн дээрээ гараараа дарав) тоглодог байх ёстой. Энэ л хамгийн гоё. Иймээс ч би одоо ч хөлбөмбөг тоглож чадна.

Таны Дортмундад байхдаа үзэж туулсан зүйл тань энд Ливэрпүүлд туулах зүйлтэй хэр төстэй байх бол?

Магадгүй энэ Дэлхийн хөлбөмбөгийн хамгийн том өрсөлдөөн байж мэдэх юм. (инээв) Би хэзээ ч амар хялбар замыг сонгож байгаагүй. Би тийм зүйл сонирхдоггүй. Энэ бол дэлхийн хөлбөмбөгт хийж болох хамгийн сонирхолтой ажил байх болно. Тийм ч муугүй байгаа биз? Би Германаас ирсэн учраас энд бүх зүйл шинэ байж би бусдаас ондоо байх болно. Бүх зүйл “бид анхаарлаа төвлөрүүлэх ёстой” байх ба учир нь “энэ герман залуу яг юу хүсээд байна аа?” хэмээн үргэлжилж харин “би сонсох ёстой” Би өөрийнхөө юу хүсч буйг мэднэ. Гэвч би түүнийгээ шууд хэлэхийг хүсэхгүй байна. Нэгдүгээрт, би тоглогчидтойгоо маш сайн ярилцах ёстой. Бид нэг санаан дээр нэгдэж, нэг замаар явах ёстой. Бид хамт явах замаа олсны дараа түүгээр миний хүссэнээр явахыг хүссэн хүн бүр миний найз байх болно. (инээв) Би маш үнэнч нөхөр учраас миний сайн найз байх тийм ч муугүй байх болно шүү.

Таны хүлээн авч буй Ливэрпүүлийн үндсэн багийг та хэрхэн үнэлж байна?

Маш сайн баг. Би багийн ур чадвар, нөөц бололцоонд итгэсэн учраас л энд ирсэн. Хэрэв Ливэрпүүл надаас ийм асуулт асуувал би багийнхнаа хараад “Бурхан минь ... үгүй ээ, үгүй, үгүй. Яг одоо бид дэлхийн хамгийн шилдэг баг биш. Тэр хэнд хамаатай юм. Хэн дэлхийн хамгийн шилдэг баг байхыг хүсч байна? Бид дэлхийн маргааш, эсвэл хэзээ нэгэн цагт дэлхийн шилдэг баг болохыг хүсч байна. Энэ л юм шүү дээ” гэж бодох болно. Би хөндлөнгөөс багийн бүрэлдэхүүнийг харахад бүх зүйл ОК байсан. Би зарим сайн тоглолтуудыг үзсэн. Мөн тийм ч сайнгүй тоглолтуудыг ч харсан. Хөлбөмбөгт ийм зүйл байж л байдаг. Хамгийн гол нь эдгээр асууудлуудыг шийдэх ёстой. Хамгийн чухал зүйл нь бидэнд хурд, хувийн болон тактикийн ур чадвар байна. Бидэнд сайн хамгаалагчид, сайн хагас хамгаалагчид, сайн довтлогчид, жигүүрүүд байна. Бид одоо Тоттэнхамын эсрэг хэн хэн тоглох боломжтой байгааг судалж, дараа нь энэ тоглолтонд гарах багаа бүрдүүлэх хэрэгтэй байна. Тэгээд бид эхлэх болно. Би өөрөө тийм мөрөөдлийн сүрхий хүн биш. Надад Кристиано Роналдо, эсвэл Лионэл Мэсси байхгүй. Гэвч эдгээр бүх тоглогчид нэг баг. Би одоогийн багийн залуусыг хүсч байсан. Энэ ажлыг авсан шийдвэр ч эдгээр залуусын төлөө л байсан. Одоо бид ажиллаж эхлэх л үлдлээ.

Та ямар арга барилаар тоглох гэж байна?

Зэрлэг арга барилаар ... (инээв) Дэлхийн шилдгүүдэд ордог багууд өнөөдөр бөмбөг эзэмшсэн хөлбөмбөг тоглож байна. Энэ ч гоё. Би ийм тоглолт үзэх дуртай. Баерн Мюнхэн байна. Гайхалтай багтай, гайхалтай клуб. Барсэлона мэдээж, Реал Мадрид байна. Магадгүй заримдаа Манчэстэр Сити. Гэвч бүх багууд шууд тийм бөмбөг эзэмшсэн тоглолт хийж эхэлдэггүй. Шууд эхлэнгүүтээ л “ОК бидэнд бөмбөг байна, бусад нь хүлээж л байг” гэдэггүй. Хамгийн эхний зүйл бол, магадгүй амьдрадд ч заримдаа тийм байдаг байх – найдвартай хамгаалалттай байх хэрэгтэй болдог. Энэ бол үргэлж хамгийн эхний байх ёстой зүйл болно. Эсрэг багийн довтолгооны хөдөлгөөн бүр нь гоол оруулж чадахгүй гэдгийг мэдэж байж тоглолтондоо итгэлтэй оролцох болно. Энэ бол хамгийн эхний зүйл байх ба хөгжиж эхэлж байгаа хэнч шууд хүснэгтэй оргилд гарчихдаггүй. Магадгүй жаахан доогуур байрнаас эхэлдэг хэдий ч, одоо бидний байгаа хүснэгтийн байрлал бог яг таарсан байрлал. Тиймээс бид хөгжил дэвшлээ яг одооноос, өнөө маргаашгүй тоглогчид эргэн ирмэгц эхлүүлэх болно. Миний хувьд клубт ирээд, танилцах цагтай байгаа нь сайхан ч, шууд маргаашнаас бэлтгэлээ эхлүүлж чадахгүй нь жаахан тиймхэн байна. Бид магадгүй ирэх Лхагва гарагаас цуглаж, бид юу хийх ёстойгоо харах байх. Хөлбөмбөг өөрөө маш сэтгэл хөдөлгөм спорт. Би үүнд дуртай. Тоглолтын сэтгэл хөдлөлд дуртай. Хурдтай тоглолтонд дуртай. Чи тоглолтонд жинхэнэ эр хүн, эсвэл жинхэнэ эмэгтэй хүн байх ёстой. Ийм зүйл мэдээж хэцүү. Хэрэв би ширүүн ярьж байвал би өөрийнхөө эсрэг л ширүүн ярьдаг. Би чанга хатуу байж, өвдөлт мэдрэхийг хүсдэггүй ч өрсөлдөгчийнхөө эсрэг ширүүн байдаггүй. Учир нь би зөрчил гаргах буюу тиймэрхүү зүйлст дургүй. Би энэ багийн төлөө юу хийж болохоо харж байгаад бид хэрхэн эхлэхээ шийдэх болно. Харин бид эхэлснийхээ дараа илүү их зүйлийг мэдэх болно. Дараа нь бид дараагийн тоглолт болох Европа Лигт Рубин Казанийн эсрэг хэрхэн тоглохоо харна. Араас нь Саутхэмптон байгаа. Бид маш олон тоглолт хийнэ. Тиймээс бид зарим зүйлсийг өөрчилж магадгүй. Магадгүй нэг арга барилаараа ч явж байж мэднэ. Хэрэв боломжтой бол бид ялахад хамгийн хэцүү баг болох болов уу? Тийм баг байхын төлөө хичээцгээе. Хэрэв ийм сэтгэлзүйтэй байвал байнга ялалт байгуулдаг баг болоход тийм ч холгүй байгаа гэсэн үг. Юуны өмнө бид Ливэрпүүлийн бүх хөгжөөн дэмжигчидтэй тэд юу хүсч байгаа талаар ярилцана. Учир нь хүлээлт гэдэг бол хамгийн том асуудал. Энэ бол 20 кг ачаатай үүргэвч үүрээд гүйх тийм ч сайхан байдаггүйтэй адил, тийм ч таатай зүйл биш. Бид үүний талаар ярилцаж, энэ талаар бодсоныхоо дараа эхлэх болно.

Өөрийн тоглолтын философи болон арга барилаа багт суулгахын тулд их цаг зарцуулна гэж бодож байна уу?

Мэдээж, үүнийг бүрэн суулгаж дуустал их цаг хугацаа орох нь дамжиггүй. Гэхдээ эхлэхэд бол хугацаа орохгүй. Тоттэнхэмийн эсрэг тоглолтонд тэс өөр, шинэ Ливэрпүүлийг харна гэж амлаж чадахгүй. Гэвч зарим зүйлээрээ шинэчлэгдсэн Ливэрпүүлийг харах байх. Энэ л бидний хийхийг хичээх зүйл юм. Амьдралд бүх юманд цаг хугацаа шаардагддаг. Насанд хүрэхийн тулд, мэргэжлийн хөлбөмбөгчин болохын тулд, бүх зүйлд л тодорхой цаг хугацаа зарцуулагддаг.

Гадуур хэвлэл мэдээллийн хэрэгслээр таныг энд ирж байгаа үйл явцыг маш тодорхой мэдээлж байсан. Таны шаардлага  юу байсан бэ?

Хөгжилтэй шүү. Би Фэнуэй Спортс Групптэй ямар ч асуудалгүй харилцаж байсан. Бид нэлээд ярилцацгаасан. Хэрэв 2 ухаалаг, боловсон, залуус ширээнд суугаад хоёул нэг зүйл хүсч байгаа бол ямар нэгэн асуудал байна уу? Миний хувьд хамгийн чухал нь хамгийн эхний болоод эцсийн үг байдаг. Клубт байхгүй их хэмжээний мөнгийг би зарцуулахыг хүсэхгүй, энд үлдмээргүй байгаа тоглогчийг бас бариад байлгаад баймааргүй байна. Би эдгээр залуустай өдөр бүр л хамтарч ажиллах ёстой. Хэчнээн ашигтай байсан ч миний хамтран ажиллахыг хүсч буй тоглогчийг хэн ч хааш нь ч зарахгүй. Би хараагүй ямар ч тоглогчийг энд авчрахгүй. Тиймээс бүх зүйл сайхан байна гэсэн үг. Би илүү зүйл хүсэхгүй.

Та өөрийн хуучин хамтрагчдаасаа авч ирэх үү?

Мэдээж, миний хоёр “оюун санааны ах дүүс” – Зэлжко, Пэтэр нар ирнэ. Гайхалтай залуус шүү. Тэдэнтэй уулзмагцаа л тэднийг хэр гайхалтай хүмүүс болохыг мэднэ ээ. Тэд маш шаргуу ажилладаг. Ийм ажилд маш гайхалтай хамтрагчид байж чаддаг залуус. Мэнэжэр бүх шийдвэрийг ганцаараа гаргаад байхгүй шүү дээ. Маш олон зүйлийн талаар бодож, олон төрлийн шийдвэр гаргах хэрэг гардаг. Миний хувьд сайхан ярилцах хэн нэгэн ойр байна гэдэг маш чухал. Бид бүх зүйлийн талаар ярилцдаг. Мэдээж эцсийн шийдвэрийг би гаргах ч, эргэн тойронд минь маш сайн зөвлөгчид байх хэрэгтэй байдаг.  Зөвхөн энэ хоёр ч биш, Ливэрпүүлийн бусад ажиллагсадтай хурдхан уулзахыг би маш их хүсч байна. Би тэднээс суралцаж, тэдний хүчийг ашиглахыг хүсч байна. Мэдээж тэдний юунд хэрхэн ашиглахаа мэддэг болоход минь цаг зарцуулагдана. Бидний дасгалжуулагчдын багт Пэп болон Жон нар байна. Голланд залуус. Би анх удаагаа л Голланд залуустай хамтран ажиллаж үзэх гэж байна. Германаас тийм ч холгүй учраас би тэдэнтэй гэрманаар ярьж магадгүй л юм. Би тэдэнтэй уулзахыг их хүсч байна.

Та ойрын болон холын ирээдүйд Ливэрпүүлтэй хамт юунд хүрэхийг зорих вэ?

Амжилт. Германд ажиллаж байхдаа мэдээж би Британи хөлбөмбөгийг үзэж байсан. Гэвч би төдийлөн гүн нэвтэрч амжаагүй байна. Тиймээс яг юунд хүрэхээ сайн хэлж мэдэхгүй нь. Манчэстэр Сити, Манчэстэр Юнайтэд, Чэлси, Арсэнал, Тоттэнхам – зэрэг олон сайн багууд хүснэгтийн сайн байрлалын төлөө тэмцэж байгаа. Яагаад бид биш тэд гэж? Бидний одоогийн байгаа байдлаа өөрчилж хамтдаа юу хийж чадахаа харах нь хамгийн чухал. Яг одоо бол Ливэрпүүлийн том гэр бүл жаахан сэтгэл гонсгор, эргэлзээ ихтэй байгаа. Тэд бүгд тоглолтонд ирж, стадионы уур амьсгалыг гайхалтай болгодог хэдий ч тэд яг одоо итгэлээ алдчихаад байна. Тэд бүгд 5, 10, 20 жилийн өмнөхийг харахыг хүсч байгаа. Түүх гэдэг гайхалтай ч дурсамж болон үлдсэн. Үгүй ээ, бид хүсэх л юм бол шинэ түүхийг бичих боломжтой. Үүний тулд бид зарим зүйлсийг тодорхой болгох хэрэгтэй. Магадгүй бид үүнийгээ хэдэн долоо хоногийн дараа гэхэд хэрэгжүүлчихэж мэднэ. Бид аль болох амжилттай байхыг л хүсч байна. Би “Энэ жил бол Ливэрпүүлийн түүхийн онцгой жил байх болно” гэж хэлэхгүй. Хэрэв тийм зүйл болбол бид сайхан тэмдэглэнэ. Үгүй бол бид илүү их ажиллаж, хөдөлмөрлөх хэрэгтэй болно.

Эцэст нь, та Ливэрпүүлийн дэмжигчдэд зориулж үг хэлээч.

Бид эргэлзэгсдээс итгэгчид болж өөрчлөгдөх хэрэгтэй. Яг одооноос ...

Нисдэг Чэстмир

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх