Такүми Минаминогийн анхны ярилцлага

Ливэрпүүл хэмээх гэр бүлийн шинэхэн гишүүн Такүми Минамино 1-р сарын 1 –нээс улаануудтай хамтран тоглож эхлэхээр боллоо. Австрийн Бундэслигийн Рэд Булл Залцбург клубт 5 жилийг үдсэнийхээ дараа тэрээр Юргэн Клоппын удирдлагад шилжиж ирлээ. Минамино эмнэлгийн үзлэгээр орж, гэрээндээ гарын үсэг зурсны дараауламжлал ёсоор клубын үндсэн сайтын сэтгүүлчдийн асуултуудад хариулсан юм.

Такүми, Ливэрпүүлд тавтай морил. Яг одоогийнхоо сэтгэл хөдлөлөөс хуваалцаач ...

Ливэрпүүлийн тоглогч болох нь миний хувьд мөрөөдөл байсан. Харин одоо энэ мөч ирсэнд би маш их баяртай байна. Ийм зүйл болно гэдгийг би эртнээс мэдэж байсан.


Залцбургтай салах ёс хийж амжсан уу?

Миний хувьд Залцбург их чухал клуб. Би клубын андууддаа, мэнэжэр болон хөгжөөн дэмжигчидтэй салах ёс гүйцэтгэсэн захиа бичсэн.


Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчид таны ирэхийг тэсэн ядан хүлээж байлаа. Онлайн орчинд тэдний хэрхэн баярлаж байгааг харсан уу? Энэ нь танд ямар сэтгэгдэл төрүүлж байна?

Тийм ээ, би хөгжөөн дэмжигчдийн хүлээлтийг харж бас сонссон. Гэхдээ би харьцангуй тайван байна. Ливэрпүүл Японд ч маш их нэр хүндтэй клуб бөгөөд ийм клубын төлөө тоглох нь ямар ч мэргэжлийн хөлбөмбөгчний хувьд мөрөөдөл. Надад шийдвэр гаргахад тийм ч их цаг ороогүй.

Залцбургт байхдаа Наби Кэйтатай 18 сарын турш мөр зэрэгцэн тоглосон. Түүнээс Ливэрпүүлийн талаар асууж байв уу?

Би наашаа ирэх талаараа түүнтэй ярилцаагүй. Би түүнийг, тэр ч намайг сайн мэднэ. Түүнтэй дахин хамтрах болсондоо их баяртай байгаа.


Прэмьер Лигийн хөлбөмбөгт дасан зохицох талаар ямар бодолтой байна?

Прэмьер Лигт тоглох нь миний зорилгуудын нэг байсан. Дэлхийн хамгийн шилдэг лиг гэж боддог. Миний карьер тогтвортой өсч байгаа учраас хэзээ нэг цагт надад Прэмьер Лигт тоглох боломж гарна гэж боддог байлаа. Харин хэзээ ч энэ багт гэж төсөөлж байгаагүй учраас маш их баяртай байна.


Залцбургт байхдаа та гайхалтай формтой байсан. Ирэх 1-р сараас энэ формоо тогтмол хадгалж чадна гэж бодож байна уу?

Нэгэнт би багийн гишүүн болсон болохоор тоглох боломж гарах л юм бол өөрт байгаа бүхнээ энэ багийн төлөө зориулах болно. Би бүхнээ дайчлах учраас боломжтой гэж бодож байна.

Байрлалын төлөөх өрсөлдөөн энэ багт маш их байдаг. Та Мо Сала, Садио Манэ, Робэрто Фирмино нартай өрсөлдөх болно.

Зөвхөн тэд ч биш, дэлхийн чансааны маш олон тоглогчид энэ клубт байгаа учраас өрсөлдөөн тийм хялбар байхгүй нь ойлгомжтой. Эдгээр тоглогчидтой өрсөлдөж ялна гэдэг бол маш хэцүү байх хэдий ч сэтгэл зүйн хувьд хүчтэй байж тэдгээр тоглогчидтой өрсөлдөх нь багийн амжилтаа тогтвортой байлгахад чухал хэрэгтэй гэж бодож байна. Иймэрхүү хүчтэй сэтгэл зүйтэй байх нь багийн хувьд чухал учраас би ч тийм байх болно.


Энэ улиралд та Ливэрпүүлийн эсрэг 2 ч удаа тулаад амжсан. Тэдгээр тоглолтуудаас та юу сурч авав? Багийн нэг хэсэг болоод юунд хамгийн их сэтгэл хангалуун байна вэ?

Тэр тоглолтуудаас энэ баг маш өндөр түвшний техниктэй, эрч хүчтэй баг болохыг мэдэж авсан. Тэдний тоглодог хөлбөмбөг асар өндөр түвшнийх байсан бөгөөд үнэхээр Аваргуудын лигийн аварга баг гэдэг нь мэдрэгдэж байсан.


10-р сард Анфилдад ирж тоглолт хийхэд төрсөн сэтгэгдлээ хуваалцаач.

Японд Анфилд бол маш нэр хүндтэй стадион. Хөгжөөн дэмжигчдийн уур амьсгал энэ стадионыг онцгойруулдаг чухал хүчин зүйл бөгөөд мөн стадионы түүх, уламжлал ч мөн үүнд хамаатай. Хэдийгээр би эсрэг багийн тоглогчийн дүрээр ирсэн ч стадионы уур амьсгал үнэхээр гайхамшигтай байсныг санаж байна.

Юргэн Клопптой хамтын ажиллагаагаа хэрхэн төсөөлж байна? Тэр таныг хөгжихөд хэр түлхэц өгч чадна гэж бодож байна?

Би түүнтэй хурдхан л ажиллаж эхэлмээр байна, түүнтэй герман хэл дээр харьцахад бидэнд илүү ойлгомжтой, хялбар байх болов уу. Тэр бол дэлхийн шилдэг менежерүүдийн нэг учраас бас би үргэлж л өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг учраас багийн амжилтыг бататгаж, улам сайжран, илүү сайн хөлбөмбөгч болж чадвал маш сайхан байна байх.


Залцбургт байхдаа та маш олон ялалт байгуулж байсан. Энэ сэтгэл зүй таны шинэ багт харагдаж байна уу?

Тийм гэж бодож байна. Ливэрпүүл бол Прэмьер Лигийн шилдэг баг бөгөөд өнгөрөгч улирлын Аваргуудын Лигийн аварга. Тэд ялгаагүй ялагчийн сэтгэл зүйтэй, хэрхэн тэмцэхээ мэддэг. Тиймээс би өөрийгөө тэдний нэг болоход асуудалгүй гэж бодож байна.


Энэ улиралд та карьерынхаа хамгийн олон гоол оруулж болохуйц байгаа. Илүү суралцах хэр их боломж байгаа гэж бодож байна?

Би довтолгооны тоглогч учраас гоолын дамжуулалт өгч, гоол хийхийг үргэлж хүсдэг. Би үргэлжлүүлэн олон гоолын боломж үүсгэн, гоолын дамжуулалт өгч, өөрөө ч оруулахыг хүсч байна. Энэ бол миний хүч чадал учраас үүнийгээ энэ багтаа бас харуулмаар байгаа.


 

Ливэрпүүл дэх таны зорилт, хүсэл мөрөөдөл чинь юу вэ?

Прэмьер Лиг, Аваргуудын Лигийн аварга болж, багт өөрийнхөө нөлөөг үзүүлмээр байна. Миний зорилт энэ.


Эцэст нь Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдэд хандаж үг хэлээч.

Би Анфилдын зүлгэн дээр хурдхан гарч үзмээр байна. Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчидтэй Анфилдын ногоон зүлгэн дээрээс мэндчилж, олон боломж, гоолын дамжуулалт, гоол, ялалтууд авахад өөрийнхөө хувь нэмрийг оруулмаар байна. Энэ баяр хөөрөө Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчидтэй хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна.

Орчуулсан: Нисдэг Чэстмир

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2020 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх