Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Рома клубээс дөнгөж Ливэрпүүлийн эгнээнд шилжиж ирээд буй Алиссон Бэккэр энэ зуны 4 дэх наймаа болон Анфилдын бэлтгэлийн баазад урт хугацааны гэрээнд гарын үсгээ зурлаа. Тэрээр бичиг баримттай холбоотой асуудлуудаа цэгцэлж дуусмагцаа уламжлал ёсоор Ливэрпүүлийн сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм. Түүний тоглолтын арга барил, яагаад Ливэрпүүлд ирэх болсон шалтгаан, болон ирээдүйн зорилтуудынхаа талаар хүүрнэлээ.

Алиссон, юуны өмнө Ливэрпүүл Хөлбөмбөгийн клубт тавтай морил.
Маш их баярлалаа

Гэрээгээ тохиролцож, Ливэрпүүлийн бүрэлдэхүүнд нэгдсэн сэтгэгдлээсээ хуваалцаач.
Би маш их баяртай байна. Үргэлж ялалт байгуулахын төлөө тэмцдэг, энэ том клубын нэр хүндтэй өмсгөлийг өмсөн тоглох болсон нь миний хувьд мөрөөдөл биелж байна гэсэн үг. Энэ агуу клубын гэр бүлийн нэг хэсэг болж байгаа нь миний амьдралын болоод карьерын минь хувьд том алхам. Тиймээс би энэ клубынхээ төлөө өөрийн бүхнээ дайчилна гэдэгт эргэлзэхгүй байж болно.

Та өөрийн амралтаа цуцалж, Ливэрпүүлд ирж гэрээгээ хийж байгаа гэдэг үнэн үү?
Тийм ээ, Би Миний замналын дараачийн том алхам учраас, миний мөрөөдлийн нэг хэсэг учраас би амралттай байсан ч дундуур нь наашаа ирсэн. Урагшаа алхаж буй том алхам бөгөөд баяртайгаар хийж буй гэрээ учраас надад алдах зүйл юу ч байгаагүй. Гэр бүлдээ бусад асуудлаа даатгаж орхиод би ирсэн. Би тэдний өмнөөс, гэр бүл маань ч маш их баяртай байгааг бас хэлэх хэрэгтэй. Энд ирсний дараа бүх зүйл гайхалтай зохион байгуулагдсан байгаад маш их баяртай байна. Удахгүй энэ газар миний шинэ гэр орон болно.

Энэ зун таны талаар маш олон яриа гарч, олон багтай холбогдсон хэдий ч яагаад Ливэрпүүлийг сонгох болсноо яриач.
Өмнө хэлсэнчлэн Ливэрпүүл бол ялалтын төлөө л байдаг, тоглолт бүрт хөгжөөн дэмжигчид нь ч жинхэнэ хөгжөөн дэмжигчид байж багийнхаа ар талд бат найдвартай зогсдог. Өнгөрсөн улирал Аваргуудын Лигийн хасагдах шатанд тэр хөгжөөн дэмжигчдийн эсрэг зогсоход, тэдний уур амьсгал надад тод дурсамж үлдээсэн. Ливэрпүүл намайг сонирхож байгааг анх сонсмогцоо би тэдний төлөө тоглож болох талаар шууд бодож эхэлсэн. Би өмнөх клубтээ сэтгэл хангалуун байсан хэдий ч энд бүр ч илүү аз жаргалтай байж чадна гэж найдаж байна. Хөгжөөн дэмжигчдийн тэр сэтгэлийн хариуд би өөрөөсөө шаардагдах бүхнийг өгөх болно. Аваргуудын лигийн финалд шалгарч чадсан нь бас миний сэтгэлийг хөдөлгөсөн зүйл байсан бөгөөд би ийм өндөр түвшид тоглох багт өөрийн хувь нэмрийг оруулах хүсэлтэй байсан. Миний замналд, мэргэжлийн тоглогчийн хувьд өсч дэвжихэд энэ шилжилт том алхам гэж итгэж байна. Би ч энэ багийн хөгжилд өөрийн хувь нэмрээ чамгүй оруулж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Робэрто Фирминотой Ливэрпүүлийн талаар ярилцаж байв уу? Тэр танд юу гэж зөвлөсөн бэ?
Багуудын хоорондох хэлэлцээр эхэлмэгц би түүнтэй ярилцахад клубын болон хотын талаар зөвхөн сайн сайхан зүйлс л сонссон. Тэр энд гэртээ байгаа юм шиг л мэдрэмж авдаг гэж хэлсэн. Тэр фэнүүдийн хайрыг татаж, тоглогчид ч түүнийг хүндэтгэдэг. Тэр зөвхөн эерэг зүйлс л ярьдаг сайн залуу. Хэрэв энд ирвэл ямар ч асуудалгүй аз жаргалтай байж чадна гэдгийг тэр хэлсэн. Шигшээ багтаа хамт байх үедээ бид маш их ярилцаж, нэг багт хүчин зүтгэнэ гэж бодоход сайхан санагдаж байна. 

Өнгөрсөн улиралд та Фирмино, Манэ, Сала нарын эсрэг тоглож үзсэн... Та энэ улирлаас эхлэн тэдний эсрэг биш нэг багт тоглох боллоо...
Маш их баяртай байна. Зөвхөн довтолгооны гурвал ч бус, бүхэл бүтэн Ливэрпүүлийн эсрэг тоглоно гэдэг маш хүнд даваа. Өмнө эсрэг дүрээр тулгарч байсны хувьд хэлж байна. Тэд гайхалтай улирлыг, өнгөрүүллээ. Довтолгооны гурвалаас гадна талбай дээрх 11 тоглогч, сэлгээний суудал дээрх тоглогчид гээд бүтэн багийнх нь эрч хүчийг би мэдэрсэн. Тэд бүгд ялалт байгуулах чин хүсэлтэй байсан бөгөөд довтолгооны ийм гурвалтай байгаа нь надад гайхалтай сэтгэгдэл төрүүлдэг. Тэдэнтэй нэг тал болж байгаадаа би маш их баяртай байгаа.

Аваргуудын Лигийн хагас шигшээ тоглолтын эхнийх нь Анфилдад явагдсан. Та тэндээс ямар туршлага хуримтлуулсан бэ?
Миний хувьд хамгийн сэтгэл түгшээсэн бөгөөд сэтгэл хөдөлгөсөн тоглолт байсан. Анфилд хэмээх хүчин зүйл тоглолтонд маш их нөлөөлсөн гэж бодож байна. Тоглолтын үр дүнг тооцолгүйгээр миний замналын хамгийн азгүй мөч байсан хэдий ч энэ нь миний анхны ялагдал байгаагүй, сүүлийнх нь ч биш. Мэргэжлийн тоглогчийн хувьд ийм зүйлтэй эвлэрч, гайхалтай тоглолт байсныг нь хүлээн зөвшөөрдөг. 35 дахь минутаас эхлэн бид учраа олж, тоглолтын балансыг олж эхэлсэн ч Анфилдын хөгжөөн дэмжигчид багтаа итгэж байсан нь тэдний эрч хүчийг сэлбэж байсан. Тэр мөчөөс эхлэн тэд тоглолтын санаачилгыг авсан. Сала эхний гоолыг оруулж, стадионыг галзууруулсан нь гайхалтай байсан. Тоглогчид фэнүүдээс ийм л дэмжлэг хүсч хүлээдэг. Удалгүй эхлэх улиралд ч тэд ялгаагүй байх болно. Тэдний хүчээр би ч ялгаагүй талбай дээр улам илүү тоглолт гаргаж чадна гэж итгэж байна. 

Тэр үдэш таны Ливэрпүүлд ирэх шийдвэр гаргахад хэр нөлөөтэй байсан бэ?
Шийдвэр гаргахад тэр үдэш нөлөөлсөн шүү. Иймэрхүү чухал шийдвэр нь зөвхөн тоглож буй клубээ солих биш, өөрийн төдийгүй гэр бүлийнхнийхээ, эхнэрийнхээ, охин минь ч бүх амьдралыг өөрчлөх шийдвэр байдаг. Тэр тоглолт мэдээж нөлөө үзүүлсэн хэдий ч би бусад тоглолтуудыг ч бас үзсэн. Клопп багийг хэрхэн тоглуулахыг хүсч байгааг нь мэдэхийн тулд би олон тоглолт үзсэн. Тиймээс ч би энэ клубын нэг болох хүсэл төрсөн. Клубын түүх, домог болсон тамирчдаас гадна би ч бас энэ клубын түүхийг бичилцэж, цом авч, клубын хэтийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, Ливэрпүүлийн дахин мандан бадрахыг харах болно. 

Та Мо Сала-г Ромад байх үеэс нь мэднэ. Та түүнтэй холбоо барьсан уу?
Ромаг орхисноос нь хойш бид төдийлөн холбоотой байгаагүй ч Аваргуудын Лигийн хагас шигшээ дээр дахин уулзсан. Өчигдөр орой тэр над руу: “Хүүе, юугаа хүлээгээ вэ?” гэдэг мэссэж илгээсэн. Хэлэлцээр гүнзгийрсэн шатанд явж байсан учраас хариуд нь би: “Тайвширч үз, Би ирж явна” гэж хариулсан. Би түүнтэй дахин хамтарч тоглоно гэж бодохоор маш сайхан байна. Гайхалтай тоглогчийн хажуугаар тэр өөрөө хувь хүний хувьд ч гайхалтай залуу. Эдгээр мундаг залуусын хамт миний ирэх өдрүүд ч гайхалтай сайхан байх болно.

Шигшээ багийн чинь хамтрагч, Манчэстэр Ситигийн хаалгач Эдэрсон мөн Прэмьер Лигт тоглож байгаа. Та түүнээс Лигийн талаар асууж байв уу?
Үнэндээ би шигшээ багийнхаа Прэмьер Лигт тоглодог бүх тоглогчидтой Лигийн онцлогийн талаар ярилцсан. Телевизээр үзэх нэг ондоо, 7 хоног бүр тоглолтонд оролцох бол өөр шүү дээ. Би тэднээс дандаа сайн сайхан зүйлс л сонссон. Прэмьер Лиг бол дэлхийн хамгийн шилдэг лиг бөгөөд маш их тэмцэл өрнөж байдаг нь надад их таалагдсан. Би өрсөлдөөнд дуртай. Ливэрпүүл шиг агуу багийн бүрэлдэхүүнд багтаж, гайхалтай тоглогчдоор нь хүрээлүүлэн, энэ өндөр түвшинд тоглоно гэдэг бол том өрсөлдөөн учраас би энд ирэх шийдвэр гаргасан. 

Та Ливэрпүүлд юу авчирч чадах вэ? Та өөрийгөө болон өөрийн тоглолтын арга барилаа хэрхэн тодорхойлох вэ?
Би өөрийнхөө чадварыг талбай дээр харуулахыг хүсдэг болохоос үгээр тодорхойлдог хүн биш. Би талбайд маш тайван байж чадахаас гадна хамгийн гол нь би ялалт байгуулахыг л хүсдэг. Би талбайд гарсан л бол өмсгөлийг нь өмсч буй багийнхаа төлөө өөрөөсөө шаардагдах бүхнийг дайчилдаг. Хөгжөөн дэмжигчид болон хамтран тоглогчид маань талбай дээр болон өдөр тутмын бэлтгэл дээр надаас ихийг хүсч хүлээж болно. Би өөрийн тоглолт бүртээ дүгнэлт хийж, өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, засч залруулж байхыг хичээдэг. Би өндөр нуруутай хэдий ч хөлийн ажиллагаа, хурд сайтай. Миний хөлд бөмбөг ирсэн л бол түүнийг хурдан тоглолтонд оруулахыг хичээдэг. Клоппын хэв маягтай миний тоглолтын хэв маяг төгс тохирно гэж бодож байна. Түүний надаас юу хүсч байгааг нь мэдвэл би Ливэрпүүлд өөрийгөө тохируулж чадна.

Та бол бөмбөгийг маш сайн хуваарилах чадвартай хаалгач. Тэр чадвар чинь Ливэрпүүлийн болон шинэ хамтрагчдын чинь арга барилд сайн нийцэж чадна гэж боддог уу?
Тэгж итгэж байна. Энэ бол маш өндөр түвшний, хамгаалалтаасаа хагас хамгаалалтаараа дамжин довтолгоо хүртлээ маш олон талын чадвартай баг. Ардаас бөмбөг урагшилбал довтлогчид дээр цохилт хийхэд эвтэйхэн байдлаар хүрч чаддаг. Миний хэв маяг багийнхтай тохирч, би өөрийгөө тоглолт бүрт зориулж, бүгдийг хүндэтгэж тоглох болно. Би Ливэрпүүлийн төлөө бүгдийг зориулах болно.

Та Юргэн Клопп хэмээх мэнэжэрийн удирдлага дор тоглох боллоо. Түүнтэй хамтран ажиллах болсондоо хэр баяртай байна вэ?
Би их зүйл хүсч байна. Түүнийг Дортмундад байх үеэс нь мэдэж, түүний хэв маягт дурлаж, тэр бүү хэл түүний эсрэг ч тоглож үзсэн. Тэр маш чадвартайн дээр талбай дээр маш тодорхой стратеги баримталдаг. Түүний багийг зогсооход маш хүнд бөгөөд, довтолгооны өндөр ур чадвартай ч дийлдэшгүй хамгаалалттай байж чаддаг. Би энэ системд шууд орж, арга барилд аль болох хурдан уусч чадна гэж бодож байна. Хэлний болон тоглолтын арга барил гэх мэт асуудлууд гарахыг үгүйсгэхгүй. Прэмьер Лиг бол биеийн хүч шаардсан, эрч хүчтэй лиг учраас би өөрийгөө үүнд зохицуулж тоглолтын арга барилд хурдан уусч чадна. 

Түүнтэй ярилцах боломж танд гарав уу? Тэр танд юу гэж хэлэв?
Бид утсаар багахан ярилцсан. Тэр багийн талаар болон өөрийнхөө тоглолтын арга барилын талаар бага зэрэг ярьж Ливэрпүүлээс юу хүлээж болохыг минь хэлж, клуб болон хотын талаар ярилцсан. Клубын бүтэц, зохион байгуулалт, хэтийн зорилтын талаар ч тэр надад хэлж өгсөн. Гэхдээ энэ клубт танилцуулга хэрэггүй. Сүлд, авсан цомууд, амжилт нь бүхнийг илтгэнэ. Тийм ч удаан ярилцаж чадаагүй учраас түүнтэй удахгүй уулзаж, хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна. Мөн талбайд гарч, шинэ багийнхныхаа хамт өөрийн хамгийн хайртай зүйл болох хөлбөмбөгөө тоглохыг маш их хүсч байна. 

Сүүлийн хэдэн өдрийн турш үргэлжилсэн энэхүү шилжилтийн үеэрх сэтгэл хөдлөлийнхөө талаар яриач.
Маш их сэтгэл хөдөлгөсөн урт хугацааны яриа хэлэлцээр болж өнгөрлөө. Тийм ч хялбар байгаагүй ч би бүх итгэлээ өгсөн бурхан надтай хамт байсан гэж бодож байна. Би залбираад бүхнийг бурхны гарт даатгасан. Би өөрийн хамгийн дотны зөвлөхүүд болон гэр бүлийнхээ хамтаар энэ шийдвэрийг гаргасан. Дэлхийн аваргын үеэр бүх зүйлсээ орхиж тоглолтондоо төвлөрсөн учраас сэтгэл тайван байсан. Дараа нь амрахаар явсны дараа эдгээр зүйлс тохиолдож, миний амдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэгийг гаргах хэрэгтэй болсон байв. Би шийдвэрээ хялбархан гаргасан. Харин Рома болон Ливэрпүүлээс ногоон гэрэл хүлээж авсан цаг миний гэр бүл, зөвлөхүүд болон миний хувьд хамгийн сайхан цаг үе байлаа.

Бид ярилцлага бүрийнхээ төгсгөлд шинэ тоглогчдоосоо асуудаг уламжлалт асуулт байдаг. Та хөгжөөн дэмжигчиддээ хандаж юу хэлэх вэ?
Би энэ агуу багийн, том гэр бүлийн нэг хэсэг болсондоо үнэхээр их баяртай байна. Би үргэлж амжилттай байхыг хүсдэг. Би юу ч гүй хоосноос энд хүртэл ирээд байна. Гэр бүлдээ, надтай хамтарч ажилладаг хүн бүрт, бас бурхандаа баярлаж байна. Би талбайд гараад өөрийнхөө бүх зүйлийг зориулах болно. Би тэдэнд баяр хөөрийг бэлэглэнэ. Тэдний дэмжлэгийг авч, тэдний хүлээлтэнд хүрч чадна гэж найдаж байна.

Орчуулж нийтэлсэн:
Нисдэг Чистмир

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх