Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Гвинэйн гудамжинд машин түрж зай гаргаж байгаад хөлбөмбөг тоглож асан хөл нүцгэн хөвгүүнээс Европын элит болсон замнал.

Чулуу овоолж тавин хөлбөмбөгийн хаалга орлуулаад, хаягдал гялгар уут, цаас зэргийг бөөрөнхийлж, утсаар ороож хийсэн бөмбөгөө тоос шороо пургисан гудамжаар өшиглөн хөлбөмбөг тоглож явах нь Африкийн эгэл багачуудын зугаа ажээ.

Бяцхан биед нь томдсон боловч, ээж нь ард нь хумьж оёж өгсөн тусламжийн барааны өмсгөлөө углан салхи татуулан хурдлахыг л тэр хүснэ. 

Ингээд жинхэнэ тэмцээн эхэлнэ. 10 нас хүрээгүй хэдий ч тэр цохилт хийж, довтолгоонд оролцохоос илүү юун түрүүнд байрлалаа алдахгүй, бөмбөгөө хадгалж, хамгаалалтанд тоглохыг хүсдэг байж. Балчир Наби гоол оруулж, гоолын баяраа тэмдэглэх үедээ ч гудамжаар нь ойрхон машин ирж байгаа эсэхийг нягталж харахаа орхигдуулдаггүй байв.

“Тоглолт бүр л нэг иймэрхүү байдаг байсан” хэмээн Гвинэйн нийслэл Конакри хотын Колэяа дүүрэгт өссөн хагас хамгаалагч бага насаа дурсчээ.

“Гудамжны хаа нэгтээ дэл сул жаахан талбай л харагдвал бид тоглодог байлаа. Заримдаа гудамжинд маань зогсч байгаа эзэнгүй машиныг түрж зайлуулаад, зай гаргах ч хэрэг гардаг байсан юм даа”

“Би бөмбөгөө алдахыг хэзээ ч хүсдэггүй байсан учраас маш олон удаа бусадтай мөргөлдөж, тэмцэлддэг байсан. Намайг бөмбөгөөс юу ч салгаж чадахгүй, энэ бүхнийг би гудамжнаас л олж суралцсан” 

“Бид юугаар ч хамаагүй бөмбөг хийж байгаад хөлдөө юу ч өмсөлгүйгээр л тоглочихдог байсан. Заримдаа хуучирч, урагдсан гутал ч олддог л байсан л даа”

Харин тэрхүү жаахан хүү 2017 оны дэлхийн шилдэг 50 хөлбөмбөгчний жагсаалтанд багтсан билээ. 

“Надад пүүз байгаагүйгээр барахгүй хөлбөмбөгийн өмсгөл ч олддоггүй байсан юм. Энэ бүхэн л намайг бүх зүйлд бэлтгэлтэй байхыг зааж сургасан нь мэргэжлийн хөлбөмбөгийн талбайд бүх зүйлд бэлэн байхад тус болдог”
“Би жижиг биетэй байсан учраас бүх зүйлийн төлөө тэмцэх шаардлага байнга тулгардаг байлаа. Юуны өмнө хөлбөмбөг тоглох боломж олж авах, тоглож байх үедээ бөмбөгний төлөө тэмцэх, бусдын хүндлэлийг олж авахын төлөө тэмцдэг байв. Тэр бүү хэл хэн нэгний гудамжинд орхисон машин ч надад саад болж байгаагүй юм”

Конакригийн “le roi de la rue” буюу “гудамжны хаан” эдүгээ Африкийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн нэг болжээ. Ливэрпүүл түүнийг 48 сая еврогоор өөрсдийн эгнээнд нэгтгээд байна. 

Наби хар багаасаа л зүгээр сууж чаддаггүй юугаар ч хамаагүй бөмбөг орлуулаад жонглёрдож явдаг хүү байв. Түүний ээж Мириам Камара үргэлж түүний хөл дээр ойн эргэлдэх жүрж, жижиг савтай цэвэр ус зэргийг хураан авч ширээн дээр буцааж тавих хэрэг гарна. “Харин шалан дээр дэл сул ямар нэг зүйл харагдвал шууд л өшиглөж орхино. Дараагийн үр дагавар нь юу байхыг огт бодолгүйгээр би өөрийгөө ингэж л зугаацуулдаг байлаа” хэмээн Наби Кэйта инээв. 

Түүний эцэг Сэкоу Кэйта, Набигийн ирээдүй түүнээс ч өмнө шийдэгдсэн байсан талаар ярьж байжээ. “Аав минь намайг бүр нялхаасаа л бөмбөгөнд дуртай байсан гэж хэлсэн. Бөмбөг харах л юм бол мөлхөж очоод хүрч үзэж, тоглож эхэлдэг байсан гэнэ лээ. Бөмбөгийг үргэлж л өөрийн ойр байлгахыг хүсдэг хүүхэд байсан юм гэдэг”

Хэдийгээр багаасаа тийм хүүхэд байсан хэдий ч түүний эцэг эх нь хөлбөмбөгчний карьер хөөж эхлэхэд нь тийм ч таатай хандсангүй. “Тэд намайг сургуульд сургахыг хүсч байсан юм. Тэдний үзэл бодлоор боловсрол гэдэг зүйл хамгийн чухал гэдэг байсан ч миний хувьд хөлбөмбөгөөс илүү зүйл байсангүй” 

“Намайг сургуульд сургахыг янз бүрээр оролдож байсан ч эцэст нь миний сэтгэл зүрхэнд юу байдгийг аав, ээж хоёр маань ойлгосон. Эргэн тойрны бүх хүмүүс намайг Конакри хотын шилдэг тоглогч гэдгийг хүлээн зөвшөөрч байсан учраас тэд надад чамд бурхнаас заяасан бэлэг байгаа юм байна гэж хэлээд миний мөрөөдлийг дэмжих болсон юм даа”.

Түүнийг 12 нас хүрэх үед нутгийн хөлбөмбөгийн мэргэжилтнүүд Европ руу явж үргэлжлүүлэн суралцахыг зөвлөж эхлэв. Гэхдээ энэ нь тийм бага насны хүүхдийн хувьд нэлээд аз сорьсон хэрэг болох байлаа. 
“Тэр хэмжээний том өөрчлөлтөнд сэтгэл зүйн хувьд би бэлэн байгаагүй. 2 жилийн дараа би Лиг 1 (Францын хөлбөмбөгийн дээд лиг), болон Аваргудын Лиг, Прэмьер Лиг зэргийг зурагтаар үзэж эхлээд энэ түвшинд тоглох хүсэл төрж байгаагаа мэдэрсэн” 

“Мэдээж гэртээ суугаад байвал хэзээ ч тийм зүйл болох боломжгүй учраас Европ руу явж өөрийгөө сорьж үзэх хэрэгтэй байлаа. Миний хөлбөмбөгчин болох хүсэл минь зүгээр ч нэг энэ спортод хайртайдаа биш, басхүү гэр бүлдээ тус болохыг хүсч байснаас чамгүй хамаарч байсан юм”. 

Эцэст нь 16 нас хүрснийхээ дараа урам зориг дүүрэн ч ирээдүйнхээ талаар огтхон ч төсөөлөлгүй хөвгүүн Францыг зорих нь тэр.

“Шинэ орчинд дасаж чадах эсэхэд минь эцэг эх хоёр минь маш их санаа зовж, түгшиж байсан”.

“Хэлний бэрхшээлээс эхлээд бүх зүйл миний төсөөлж байснаас хамаагүй хүнд эхэлсэн юм. Би хөлбөмбөгийг үргэлж найз нөхөдтэйгээ тоглож байсан бол тэр үеэс эхлэн зөвхөн хувиа боддог танихгүй хүмүүстэй тоглож эхлэв” 
Төдөлгүй Лориений шалгаруулалтанд унаж босон шалгуулж явахдаа Конакри, баруун Европын хооронд зорчсоор байсан өсвөр насны хүү мөрөөдлийнхөө өмнө шантарч эхэлжээ.

“Би чадах эсэхтээ ч эргэлзэж эхэлсэн. Тэр цаг үе миний хувьд маш хүнд байлаа. Мөрөөдөл минь бодит байдал дээр надаас алсран холдож, харин би бүхнийг дахин дахин эхнээс нь эхлэх шаардлагатай тулгарч байв” 

Танихгүй газарт, мэдэхгүй соёлд зохицож, харийн хүмүүстэй ойлголцоно гэдэг түүний хувьд хамгийн хүнд даваа байсан боловч, тэр газарт, Набид хамгийн дотно нэг зүйл байсан нь хөлбөмбөг байжээ.

“Би хэзээ ч хөлбөмбөгийн онолд суралцаж, мэргэжлийн академи, сургалтанд хамрагдаж байсангүй. Би зөвхөн гудамжны хөлбөмбөгт л суралцсан. Би бөмбөг хүлээж авч, бөмбөг залан гүйж, ганц нэг хамгаалагчийг хуурч гоол хийж л чадаж байсан юм” 

“Дасгалжуулагчид миний урьд хожид хэзээ ч сонсч байгаагүй зүйл хийлгэхийг хүсч байлаа. Ойлгомжгүй заавар зөвлөгөө өгч, хэзээ ч дуулж байгаагүй арга барил хэрэглэж байсан нь намайг гайхашралд хүргэсэн юм. Би хөлбөмбөгийн тактикийн талаар ямар ч ойлголтгүй байсан учраас тэдний надаар хийлгэхийг хүсээд байгааг нь өгч чаддаггүй байв”

Тэрхүү тодорхойлоход хэцүүхэн нөхцөл байдал одоогоос зургаахан жилийн өмнө байсан бол эдүгээ тэрээр ямар ч багийн хагас хамгаалалтанд үлэмж дэм өгч чадах тоглогч болон өсөн дэвжиж чаджээ. Германы Шалькэ клубын захирал Кристиан Хайдэл, Лайпцигийг “12 тоглогчтой талбайд гардаг” гэж тодорхойлоод “Наби Кэйта хоёр тоглогчийн дайтай. Түүнийг юу хийхийг хэн ч хэзээ ч урьдчилан тааварлах боломжгүй” хэмээн магтаж байв.

Тэр бөмбөг тасалж, хамгаалагчдыг дэмжиж, тоглолтын хэмнэлийг өөрчилж, бөмбөгний шилжилтийг хурдасган, эсрэг талаа дарамталж, өөрийн багийн санаачилгыг идэвхжүүлж маш олон тоглолтын хувилбар үүсгэж чаддаг тоглогч.

Лэ Ман клуб Наби Кэйтагийн мэргэжлийн карьерийн эхлэл болох байсан боловч түүнийг 18 хүрэх үед санхүүгийн томоохон асуудалд орсноор түүнтэй мэргэжлийн гэрээ байгуулах боломжгүй болсон юм. Лэ Ман-ын ажилтнуудын нэг нь Кэйтаг, Истрэ хөлбөмбөгийн клубын спортын захирал Фрэдэрик Арпинонд санал болгосон байна. Харин тэр Сэлтикийн хамгаалагч асан Бобо Балдэг явуулан Набигийн Марсэйлийн эсрэг хийсэн тоглолтыг үзүүлжээ. Тэр тоглолтонд ч Наби өөрийгөө хангалттай сайн харуулж чадсан байна.

2013 оны 11-р сард Истрэ Набид 3 жилийн гэрээ санал болгож, хариуд нь Кэйта анхныхаа тоглолтонд гоол болон гоолын дамжуулалтаар талархлаа илэрхийлж, баг нь ч 4-2 –оор ялалт байгуулжээ.

“Би мэргэжлийн тоглогчийн хувиар талбайд гарах мөчөө, унаж боссон, урт удаан хугацааны турш хүлээсэн учраас өөрийгөө Европт тоглож чадна гэдгээ нотлохыг тэсгэлгүй хүсч байсан юм”

“Гэсэн хэдий ч эцэг эх маань миний төлөө зовнисон хэвээрээ л байлаа. Тэдэн рүү өдөрт зургаан удаа залгаж бүх зүйл маш сайн байгаа тухайгаа ярих хэрэгтэй болдог байв”

Арпинонд харин шавилхан биетэй шинэ тоглогчоо багтаа удаан байлгахын тулд түүний авьяас чадварыг нуух хэрэг гарсан ч бүтэлгүйтэж, Лиг 1 –ийн багууд түүнээс эмээж байгаагаа нуухгүй байсан учраас Жэрар Улье түүнийг Зальцбургийн Рэд Буллз багт авч дөнгөжээ.

Red Bull –ийн харьяа клубуудыг багтаасан Global Football –ийн тэргүүн асан, эдүгээ зөвлөхөөр нь ажилладаг, Ливэрпүүлийн экс мэнэжэр Жэрар Улье, Лайпцигийн мэнэжэр Ральф Рангникийн хамт, Кэйтагийн талаар зөвлөлдсөн бөгөөд 2014 оны 5-р сарын 25-нд, Малигийн эсрэг Францад болсон нөхөрсөг тоглолтонд Гвинэйн шигшээ багт багтан тоглосон Наби Кэйтагийн тоглолтыг дээрх эрхмүүд хамтдаа үзэж сонирхсон байна. 

Тэр зундаа Кэйта Die Rotten Bullen (Red Bull Salzburg) -тaй 5 жилийн гэрээ байгуулсан бөгөөд тэр үед Садио Манэ, Саутхамптон руу арай шилжиж амжаагүй байлаа.

“Эхэндээ би гарааны бүрэлдэхүүнд багтаж чадахгүй байсан нь надад нэлээд хүнд тусч байсан юм” хэмээн Кэйта ярьж байна. Харин Садио: “Дүү минь, тайван хүлээ. Чиний боломж тун удахгүй ирнэ. Харин тэр үед чи шүүрэн авах хэрэгтэй” хэмээн зөвлөж байжээ. 

“Тэр надад бүх талаар тусалж байлаа. Хэлний бэрхшээл, найз нөхөдтэй болох, клубтэй ойлголцох болон хоттой учраа олоход минь Садио миний хажууд байж надад тусласан. Мэдээж түүний зөв байж, удалгүй би багт багтаж, өөрийнхөө ур чадварыг батлах боломж гарсан юм”

“Зальцбург намайг мэргэжлийн тоглогч болох замыг минь засч өгч, би хөлбөмбөгийн тактик ойлгож, боловсроход минь хамгийн их тус болсон клуб. Садио миний хувьд маш чухал хүн байсан, одоо ч байсаар л байгаа. Тэр одоо ч миний ах шиг л байдаг. Тэр шинэ зүйлсд суралцах маш дуртай, өөрсдийгөө хөгжүүлж, бид хамтдаа зүтгэж байлаа. Тэр миний хувьд үлгэр жишээ болсон хүн минь юм”.

Наби Кэйтагаас 3 жилийн өмнө мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа эхлүүлсэн Садио Манэ одоо ч түүнийг харж хандаж, тоглолтуудыг нь байнга үзэж, зөвлөгөө өгдөг дотно хүн нь юм. 

Ливэрпүүлийн жигүүрийн довтлогч: “Наби маш онцгой тоглогч бөгөөд хувь хүний хувьд ч гайхалтай залуу. Миний гэр бүлийн гишүүдийн маань нэг л гэсэн үг. Бид Зальцбургаас эхлэн ойр дотно нөхөрлөж, үргэлж холбоотой байсаар ирсэн. Түүний тоглолтуудыг үзэх сайхан байдаг бөгөөд түүнтэй хөлбөмбөгийн талаар ярилцаж зөвлөлдөх дуртай. Харин тэр одоо Ливэрпүүлийн тоглогч боллоо” хэмээн өгүүлжээ.

“Тэр нэгэнтээ надаас Ливэрпүүлийн талаар асуухад нь би Ливэрпүүл ямар гайхалтай клуб болох тухай, ямар гайхалтай авьяаслаг тоглогчид байдаг талаар, гайхалтай мэнэжэрийнхээ талаар, ирээдүйн том зорилгуудынхаа талаар ярьж өгсөн. Хот болон хотын иргэд маш гайхалтай учраас тэр энд ирээд гэртээ байгаа юм шиг тухтай байж чадна”

“11, 12 орчим настай байх үед маань бид өөрсдийн багтаа ямар өмсгөл авах талаар ярьж байгаад Барсэлонагийн жэрсиг сонгосон юм. Учир нь аав маань миний тоглолтыг Декутай адилхан гэж хэлж, намайг Деку гэж хочилж байсан учраас Барсэлонагийн жэрсиг сонгохыг хүсч байв”.

“Харин бусад бүх найзууд маань Ливэрпүүлийг дэмждэг, Ливэрпүүл ч надад маш их таалагддаг клуб байсан учраас тэдний саналыг хүлээн авч Ливэрпүүлийн жэрсигээр гангарах болсон юм. Тэр үедээ би жинхэнэ Ливэрпүүлийн жэрсиг өмсч, жинхэнэ Ливэрпүүлийн төлөө талбайд гарна гэж зүүдлээ ч гүй явж байлаа”

“Аав минь Ливэрпүүлийн үнэнч дэмжигч. Намайг хүүхэд байхаас, ухаан орох үеэс л байнга Ливэрпүүлийн талаар ярьдаг байсан. Тиймээс би балчир наснаасаа л Ливэрпүүлийн талаар маш сайн мэдлэгтэй байсан юм”

“Мэдээж намайг Ливэрпүүлд ирж байгаад аав минь магнайгаа хагартал баярласан. Тэр Стамбулын тухай, Стивэн Жэррардын талаар, бусад гайхалтай тоглолтууд, гайхалтай тоглогчдын талаар ярих их дуртай”

“Би Шаби Алонзогийн Прэмьер Лиг болон Аваргуудын Лигт хэрхэн тоглож байсныг Гвинейн гудамжинд бөмбөг өшиглөж явсан цагаасаа үзэх их дуртай байсан. Бундэслигт очсон хойноо түүнийг зодог тайлахаас нь өмнө түүний эсрэг тоглож үзсэндээ маш их баяртай байгаа. Иймэрхүү зүйлсийн талаар бодоод эхлэхээр би ямар их азтай болохоо мэдэрдэг. Би энэ хүртэл явахын тулд маш хол замыг туулж, олон бэрхшээл давах хэрэг гарсан ч, энэ бүх зүйлс зөвхөн эхлэл гэж бодож байна. Би хэзээ санаа амрахгүй, үргэлж урагш зүтгэж, хичээх болно”

“Би Конакрид эргэн ирээд хүүхдүүд одоо ч хөл нүцгэн гудамжинд хөлбөмбөг тоглож машин түрж зай гаргаж байгааг хардаг. Би эргэж очих бүртээ олон тооны пүүз авч очоод чадах чинээгээрээ хүүхдүүдэд тарааж өгөхийг хичээдэг юм. Гвинейд одоо ч авьяаслаг, ур чадвартай хүүхдүүд маш олон байгаа нь миний бахархлыг төрүүлдэг”

“ Бага байхдаа би Деку, Тити Камара, Паскал Фэйндуоно нар шиг болохыг хүсдэг байсан бол эдүгээ хүүхдүүд миний нэрийг өмсгөлийнхөө ард бичиж, над шиг болохыг хүсдэг болжээ. Миний хувьд эдгээр нь маш их урам өгдөг бөгөөд тэдэнд би үргэлжлүүлэн үлгэр дуурайл нь болж, том зүйлд хүрэхэд нь нөлөөлж чадах хүчтэй хүн байхыг хичээж байна” 

“Хэр ядуу байх нь, хаанаас гаралтай байх нь хамаагүй, эрсдэл хүлээж, золиос гаргах зоригтой байж, шаргуу ажиллан, мөрөөдлийнхөө төлөө зогсолтгүй урагшилж чадвал чи хүссэнээ авч чадна”

Наби Кэйтагийн амьдрал богино хугацаанд маш олон дахин өөрчлөгдсөн хэдий ч нэг л хэвэндээ байгаа зүйлс бас түүнд бий. 

“Ээж минь гурван сар тутамд над дээр ирж, хэсэг хугацаанд надтай байж байгаад буцдаг. Тэр одоо намайг ийш тийш нь юм өшигчлөө гэж загнахаа байсан ч, намайг шүүмжилсэн хэвээрээ. Би гэр бүлгүйгээрээ хэн ч биш. Юу ч тохиолдсон бай, би хаанаас гаралтай, хэн болохоо мартдаггүй”

Бундэслиг үздэг хүн бол Кэйта хэр зэргийн тоглогч болохыг мэднэ. Түүний тоглолтонд үзүүлэх нөлөөг ойлгоно. 

Наби 6-р сарын 27-ны өдөр Ливэрпүүлд ирсэн бөгөөд клубын бэлтгэлийн баазаар анх удаа зочлох үед түүний болоод түүний аавын шүтэн биширч ирсэн Ливэрпүүлийн домогт ахлагч Стивэн Жэррард өөрийн биеэр уулзаж, тоглогч байх үедээ өмсч байсан 8 дугаараа гардуулан өгсөн явдал түүний хувьд хамгийн гайхалтай мөч байсан хэмээн Наби өгүүлжээ. 

“Миний хамгийн гайхалтай дурсамжтай өдрүүдийн нэг энэ байх болно. Би клубтэй танилцаж байх үед тэр гэнэт гарч ирээд надад 8 дугаартай жэрси бэлэглэсэн. Ийм зүйл болно гэж зүүдлээ ч гүй явсан миний хувьд гайхалтай бэлэг байлаа. Түүнтэй таарах үед би өөрийн мэдэлгүй “хөөх” хэмээн дуу алдсан. Тэр дэлхийн хөлбөмбөгийн домог болсон хүн шүү дээ”

“Тэр талбай дээр байх үедээ бүх зүйлээ дайчилдаг, талбайн гадна ч бүхний үлгэр дууриал болсон хүн. Түүнийг энд мэддэггүй, хүндэлдэггүй хүн гэж үгүй. Түүний дугаарыг өөрөөс нь хүлээж авна гэдэг хамгийн сайхан бэлэг. Нэгэнт 8 дугаарыг авсан учраас зүгээр нэг хөлбөмбөг тоглоод гүйж явах бус, өөрөөсөө шалтгаалах бүхнээ дайчилж, энэ дугаарын үнэ цэнийг өндөрт өргөх учиртай” 

Харин Стивэн Жэррард: “Энэ залууг хурдхан л талбай дээр 8 дугаартай хармаар байна” хэмээн өгүүлжээ. Домогт ахлагч маань өнгөрсөн улиралд түүний тоглолтуудыг үзсэн учраас Ливэрпүүлийн ирээдүйд Гвиней хагас хамгаалагч чухал үүрэгтэй хэмээн итгэж буй аж.

Харин Бундэслигт Набигийн эсрэг тоглож явсан Шаби Алонзо: “Тэр залуу, эрч хүчтэй, ур чадвартай нэгэн. Тэр Ливэрпүүлд, Юргэн Клоппын удирдлага дор амжилттай байна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байгаа” хэмээн ярьж байна. 

Энэ бүхэн зөвхөн эхлэл. 

“Би ялалт байгуулахыг хүсч байна. Би зөвхөн, илүү хүчтэй, илүү сайн байхын төлөө зүтгэнэ. Бүх зүйлс миний хувьд үргэлж эхлэл нь байх болно” хэмээн Наби нүүрэндээ инээмсэглэл тодруулан өгүүлж байна. 
“Би энэ хүрч чадсан юм чинь бүр оргилд нь гарч яагаад болохгүй гэж?”.

 

Орчуулж нийтэлсэн: Нисдэг Чистмир

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх