Катарт ирсэн зорилгоо гүйцэлдүүлж, Ливэрпүүл маань Өмнөд Америк тивийн аварга Фламенго клубыг нэмэлт цагт буулган авснаар 127 жилийн баялаг түүхэндээ анх удаагаа Клубуудын ДАШТ-нд торгон жолоо өргүүллээ.

Улмаар Аваргуудын лиг, УЕФА-ийн Супер цом, Клубуудын ДАШТ-нд дараалан түрүүлсэн Английн анхны баг болж байна. 2005 оноос хойш 14 жилийн хугацаанд ердөө 3-хан цом хүртэж байсан бол энэ 2019 онд Юрген Клоппын дахин мандаж буй Ливэрпүүл ийнхүү International Treble хийж, гурамсан цом 🏆🏆🏆 өргөлөө!

Тоглолтын хувьд төсөөлж байсан шиг үнэхээр амаргүй байлаа. Фламенгог Ливэрпүүлд хожигдлоо гэж хэн ч буруушаахгүй тул элдэв дарамтгүй байсан биз. Битүү морьд үргэлж л хатуу самар болдог хойно.

Ливэрпүүл асуудлыг үндсэн цагт шийдчихэж болохуйц олон аюултай довтолгоон өрнүүлж, гоолдоход ойрхон байсан ч нэмэлт цагтай золгосон. Фламенго эхний дунд хэсэгт тоглолтыг гартаа авч, 10-аад минут боломж олголгүй довтолж байлаа. Харин хоёрдугаар үед тэс өөр Ливэрпүүл гараад ирсэн дээ. Гэхдээ л гоолдож чадаагүй.

Эцэстээ тэгээд үнэнд гүйцэгдэж, Фирминогийн классын өмнө нутаг нэгтнүүд нь хүчин мөхөстсөн дөө. Хэндогийн ганган алсын пасс, Манэгийн мулталж хаядаг, Боббигийн дэндүү тайван төгсгөл энэ тоглолтын оргил мөч байв. Нэгэнтээ давамгайллаа авсан учраас үлдсэн хугацаанд ёстой л нэг зангараг харуулж, тоглолтыг өндөрлүүлсэн.

Мо Салах тэмцээний шилдэг тоглогчоор нэрлэгджээ. Миний бодлоор Бобби уг шагналыг хүртсэн бол илүү шударга байсан байх. Клубын ДАШТ-нд хийсэн 2 тоглолтод тэр л хожлын гоол хийсэн шүү дээ. Мөн уг 2 тоглолтод Алиссон Бекэр дэндүү супер байлаа. Брайтон дээр улаан авч эргэж ирснээсээ хойш нийт 20 цохилттой нүүр тулахдаа ердөө ганцыг л хаалгандаа алджээ. Бас нэг супер үзүүлэлттэй тоглосон нөхөр бол Жо Гомэз. Монтеррэйгийн эсрэг Хэндогийн хамтаар төвийн хамгаалалтаа хариуцан тоглосон бол өнөөдөр Ван Дайкаас ч илүү гарахаар импакт үзүүлсэн. Дагаад стат нь ч аймаар гарсан харагдсан.

Ямартай ч Катарт ирсэн зорилгоо амжилттай биелүүлж, Дэлхийн аварга клуб гэсэн алдартайгаар гэртээ харихаар болж байна. Одоо үргэлжлүүлэн маш чухал байлдаантай кинондоо анхаарлаа хандуулах биз. Катарт Бразилчуудтай нүдэлдэж явах зуур, ард яваа хоёр хоорондоо халз үзэж Ман сити ялсан байсан. Хурдан сэргэлт аваад, 26-ны Лэстэртэй хийх тулаанд бэлэн байх учиртай.

Улиран одож буй 2019 он амжилт, ялалт, цомоор халгиж цалгисан гайхалтай сайхан жил байлаа. 

Бидний цаг ирсэн байна шүү Копууд аа!

Чүүүүүү!!!

Нийтэлсэн: Бадруул

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2020 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх