Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Энэ тойргийн оргил тоглолтоор Английн хамгийн агуу түүхтэй хоёр клуб болох Ливэрпүүл, Манчэстэр Юнайтэдийн тулаан нэрлэгдэж байлаа. Английн хөлбөмбөгийн түүхэнд урьд хожид тохиолдож байгаагүй супер эхлэлийг хийж чадсан Ливэрпүүлийг энэ улиралд зөвхөн Ман ютд л талбайдаа зогсоож, тэнцээ салгаж чадсан билээ.

Тоглолт болохоос хэд хоногийн өмнө Sky Sports-ын Данни Миллс хоёр багийн тоглогчдоос хамгийн шилдэг 11-ийг байрлал тус бүрээр нь нэрлэхдээ Ман ютд-аас ганц ч тоглогч багтаагаагүй нь соушл орчинд багагүй шуугиан тариад байсан юм. Ливэрпүүлийн фэнүүдэд мэдээж таатай, харин эсрэг багийн дэмжигчид үүнийг доромжлол байдлаар хүлээн авсан байж болох. Гэвч Данни Миллсийн зөв байсан гэдгийг өчигдрийн тоглолт нотлов.

Ливэрпүүл үнэхээр байрлал бүр дээр илүүрхэж, тэднээс хэдэн түвшин илүү байгаагаа харуулав. Бөмбөгний шилжилт супер, хүссэн үедээ эсрэг багийн торгуулийн талбайд нэвтэрч, довтолгоо өрнүүлж байснаас гадна биеийн хүчээрээ илүүрхэж, тулаанд ялалт байгуулж байлаа.

Ингээд эхний гоолоо дамжуулалтын мэргэжилтэн Трент Александр-Арнолдын өгсөн бөмбөгийг дэлхийн шилдэг хамгаалагч Виржил Ван Дайк мөргөж оруулав. Сонирхолтой нь түүнийг яагаад Брэндон Уиллиамс гэх туршлагагүй тоглогч хамгаалсныг сайн ойлгоогүй. Агаарын тулаанд Харри Магуэр л Ван Дайктай ойролцоо үзэх ёстой байсан ч яг тэр агшинд Жо Гомэз түүнийг хашсан нь Виржил сул мөргөх нөхцлийг бүрдүүлсэн болохыг удаашруулсан бичлэгээс харагдав.

Үүний дараа Ливэрпүүл хоёр ч гоол оруулсан боловч тооцогдоогүй. Эхний үеийн төгсгөлд л зочид хаалга чиглэсэн анхны цохилтоо хийсэн юм. Үүний дараахан Бобби, Мо, Манэ гэсэн гайхалтай сөрөг довтолгоо өрнөсөн ч Суперманэ маань төгсгөж чадаагүй. Ливэрпүүл хоёрдугаар үеийг ёстой аймаар эхлүүлсэн. Энэ үед тооны харьцааг 3:0, 4:0 болгоод холдуулчихаж ч болохоор байв. Гэхдээ л бөмбөг хаалганд ороход жижигхэн зүйлс дутаад л байсан.

Өмнөх үетэй харьцуулахад Ливэрпүүл илүү нухацтай, нягт нямбай тоглолтыг эрхэмлэх болсон. Нэгэнтээ тэргүүллээ авсан бол үр дүнгээ хамгаалж чаддаг болсон гэдгээ олон тоглолтод харуулсан даа. Сүүлийн 20-иод минутад Клопп тактикын сэлгээгээ хийж, үр дүнгээ хадгалж үлдэхээр шийдсэн нь Ман ютд-д багахан довтлох боломжийг олгосон болов уу. Ингээд сиймхийг ашиглаж дэлхийн шилдэг хаалгач Алиссоны яг л өгсөн дамжуулалтыг дэлхийн шилдэг вингер Мо Салах баараггүй төгсгөснөөр энэ тоглолтын эцсийн цэгийг бүрмөсөн хатгасан юм.

Мэрсисайдын Улаанууд 22 тойргийн дараах байдлаар 64 оноогоо авч, нэг тоглолт дутуу хэрнээ ард яваа Ман ситигээс 16 оноо илүүтэй урагшилсаар байна. Лигтээ түрүүлж чадаагүй 30 жил хэдийнэ болсон Ливэрпүүл маань энэ улиралд эргэж ч харалгүйгээр, хар хурдаараа тэмүүлсээр явна. Хүсэн хүлээсэн аваргын цомдоо алхам алхмаар ойртсоор...

Чүүүүүү!!!

Нийтэлсэн: Бадруул

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх