Энэ жил Ливэрпүүл маань өнгөрсөн улиралд 17 тоглолтын дараа цуглуулж байснаасаа 16 оноо бага цуглуулаад байна. Багийн тоглолт мэдэгдэхүйц унасан нь сүүлчийн гурван тоглолтоос тодхон харагдах байх. Бүтэн оноогоо ч авч чадсангүй. 

Миний бодлоор үүнд хэд хэдэн шалтгаан бий. 

Бэртэл гэмтэл - Хамгийн том асуудал бол яах аргагүй Ливэрпүүлийг нөмөрсөн бэртэл гэмтлийн хар сүүдэр. Энэ улирал эхэлснээс хойш Ливэрпүүлийн бараг бүх тоглогчид гэмтээд амжлаа. + Ковидын халдвар! Багийн хамгаалалтын ноён нуруугаа урт хугацаанд гэмтэлд алдсан, араас нь Гомэз, тэгээд Матипын уламжлалт гэмтлүүд. Хамгаалалтын эхний гурван сонголт нь ташраараа бэртчихсэн ийм багийг Халх 4, шавь таваас хайгаад ч олохгүй дээ. 

Аливаа багийн итгэлтэй байх үндэс нь тогтвортой төвийн хамгаалалтаас ихээхэн шалтгаалдаг юм шиг санагддаг. Ван Дайк, Гомэз нар урт хугацаанд гэмтэж, Матипт найдалтгүй болсон тул энэ өвлийн цонхоор дахиад нэг СВ авах шаардлагатай л санагдаад байгаам. Юу болох нь уу, харцгааж л байя. 

Хангалтгүй Pre-season - Энэ бол зөвхөн манай багийн асуудал биш байх. Бүх л багууд хангалттай амарч чадаагүйн дээр улирлын өмнөх бэлтгэлээ сайн базааж чадаагүй. Урт холын улиралд присийзний бэлтгэл маш чухал. Энэ асуудал нэлээд нөлөөлж буй байх. 

Сүүлийнх нь, ганц хоёр үгээр тодорхойлоход жаахан амаргүй байна. Багахан задлах гээд оролдъё. 

Клопп маань 2016 оны зунаас Ливэрпүүлийг босгох ажилдаа орж, 2017 онд амжилтын төлөөх анхны дайралтаа эхлүүлж, эхний оролдлогоороо л Аваргуудын лигийн финалд хүрсэн. Хойтон жил нь даагаа нэхэж, Дэлдэн чихтийг өргөсөн төдийгүй лигтээ ч аатай өрсөлдөж, 97 оноотой аман хүзүүдэж байлаа. Улиралд ганцхан нухуулсан, төгсгөлд 10 гаруй тоглолт дараалж хожсон гээд л. Дараа улиралд нь тэр эрч, сэтгэл зүйгээрээ ёстой л машиндаад дуусгачихсан. Өнгөрсөн 2 улиралд Ливэрпүүл 76 тоглолтоос 196 оноо цуглуулжээ. Эцэстээ Ливэрпүүл хүссэндээ хүрч, 30 жил хүлээсэн цомоо гардан авсан. 

Том амжилт гаргасны дараа багахан суларч, цалгардах тал бүх зүйлд анзаарагддаг. Бүр аймаар ханачихсан гэж хэлж болохгүй байх, гэхдээ л өнгөрсөн 2 жил шигээ өлсөхгүй байгаатай л холбоотой болов уу. 

Мөн Ливэрпүүлийн эсрэг тоглосон баг бүр энгийн үеэсээ хамаагүй илүүгээр тоглогчид нь биеэ дайчилж, хичээн тоглож байгаа нь асуудлыг хүндрүүлээд байх шиг. 110% биеэ дайчилж буй өрсөлдөгчийнхөө эсрэг 80, 90 хувь хүчээ зарцуулахаар яаж амжилттай үр дүн авах билээ. Магадгүй бие чинь туйлдаад ядарсан ч сэтгэлд чинь хүч байвал хөлөө хөдөлгөж болдгийг олон тамирчид хэлсэн байдаг. 

Бас томхон амжилт бүрийн дараа хүссэн хүсээгүй уналт ирдэг. Үүнийг өнгөрсөн хугацаанд амжилт үзүүлсэн бүх л багийн туршлагаас харж болно. Харин энэ уналт түр зуурынх уу, эсвэл урт үргэлжлэх үү гэдэг нь дасгалжуулагч, удирдлагын багаас шууд хамаарна. Клоппо маань гайхалтай менежер. Ийм зүйлтэй нүүр тулахаа мэдэж л байсан байх. Харин баг бүрэлдэхүүний хувьд энэ сорилт бол шинэ. Өнгөрсөн 3,4 жилд баг маань үргэлж л дээш тэмүүлсээр ирсэн. Хойш эргэж харах хүсэл ч үгүй урагшилсан эдгээр залууст маань тогтвортой нэг түвшинд хэмнэлээ барих туршлага ч байсан биш дээ. 

Түүнээс биш манай тоглогчид муудаад, эсрэг баг нь нэвт шувт судлаад, хорвоод хосгүй тактик манай эсрэг ашиглаж, Ливэрпүүлийг сөхрүүлээд байна гэж бодохгүй л байна. Хөлбөмбөг бол гүйлт, орон зайг үүсгэж ашигтай байрлал эзлэх, бөмбөгөө хамгийн зөв цаг үед нь дамжуулж, түүнийг хаалга руу оруулдаг л энгийн спорт билээ. 

Харин Ливэрпүүлийн дэмжигчийн хувиар үнэхээр ойлгоход хүндрэлтэй байгаа нэг зүйл бол шүүгч, ВАР-ын асуудал. Хэрвээ шударга (бидний нүдээр) хандсан бол ядаж 6 оноо илүү байж болохоор л бодогдох юм. Гэвч алдаа оноотой шүүгчийн шийдвэр энэ спортын нэг хэсэг байсаар л ирсэн. Дуугүй тогло!! Хөлбөмбөгийн гоё нь энэ. 

Улирал одоо л талдаа орж байна. Байдал амаргүй байгаа ч бүх зүйлээ тавиад туучихсан биш, нөхцөл байдал бидний гарт хэвээр л байна. 1 сарын 17-нд болох Ман ютд-тай хийх тоглолт ойрд тохиож байгаагүй онцгой уур амьсгал дор өрнөх нь. Формоо сэргээж, багийн уур амьсгалаа дээш өргөх сайхан боломж бүхий тоглолт болох байх. 3 дарааллаад нухахад л байдал цэгцэрчихнэ дээ 😎

Нийтэлсэн: Бадруул

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2021 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх