“Брэндан Рожэрсийн он тооллын эхлэл буюу 2012 он” 

Ливэрпүүлийн бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч, дасгалжуулагчийн хувиар хамгийн сүүлчийн лигийн тайтлыг Анфилдад авчирсан Сэр Кэнни Далглиш маань 2012 оны 5 сард ажлаа хүлээлгэн өглөө.

FSG өмнө нь Мэжор лигийн “Бостон Рэд сокс” клубыг дахин сэргээж, улмаар түрүүлгэсэн тэр л загвараараа Ливэрпүүлд амжилтыг авчрах болно гэхэд олон хүмүүс үнэмшээгүй. Тэр тусмаа Янкууд хөлбөмбөг ойлгох биш гэсэн ойлголт Англид давамгай байсныг үгүйсгэхгүй. Ливэрпүүлийн өмнөх эзэд болох Том, Жорж нар мөн л Америкчууд байсан учраас бүрэн итгэхэд хүндрэлтэй байсан биз. Ямартай ч гэнэт баяжиж эхэлсэн Манчэстэр сити, санхүүгийн хувьд хүчирхэг хийгээд тогтвортой Ман ютд, Чэлситэй адилхан байдлаар мөнгө цацаж өрсөлдөхгүй гэдэг бодлого нь энэ үед тодорхой болсон юм.

FSG энэ үед Ливэрпүүлийн дараагийн дасгалжуулагчийг хайж байсан бөгөөд Суонси ситиг дориун удирдсан, Испани маягийн школтой Брэндан Рожэрс, Уиганы босс Роберто Мартинез (Бельгийн шигшээ багийн дасгалжуулагч) нараас сонголтоо хийсэн. Рожэрс АНУ-д очиж Ливэрпүүлийн эзэдтэй уулзахдаа, Анфилдыг аврах 600 хуудас бүхий зузаан төсөлтэй очсон гэдэг. Вернер, Гордон нар эхний 300 хуудсыг нь уншаад, бараг залхсандаа Рожэрстой гэрээ хийчихсэн байх гэж одоо хааяа харддаг юм, хаха

Ямартай ч Рожэрс Ливэрпүүлийг удирдахаар болж, Being Liverpool хэмээх баримтат киног өөртөө зориулан хийлгэж, түүн дээрээ Рахим Стэрлингийг зад загнаж, ямар зангарагтай менежертэй болсныг харцгаа тануус гэж хэлэх мэт промо, сурталчилгааны ажлаа зэгсэн эхлүүлж билээ. Зарим нь бүр “Шанклигийн хойд дүр”-ээр өргөмжлөөд амжсан. (заза би өргөмжилсөн юм хахах) Товчхондоо бол манай улс төрчид сонгуулийн үеэр ямар зэрлэг промо сурталчилгаа хийдэг билээ, түүнд нь бид хошгирч саналаа өгдөгтэй л адил юмуу даа.

Анхны наймаа нь Жо Аллэн байсан санагдана. Наад чинь бараг Уэльс Шави гэж хэлээд Ливэрпүүлийн боардыг дагздсан байх гэж харддын, хаха 

Хожмоо Клопп ирсэн жилдээ, Аллэнийг Жинигээр сольчихож билээ.

Рожэрсийн хийсэн бүх зүйлийг үгүйсгэх утгагүй. Тики-така хөлбөмбөг тоглох гэж оролдож, Ливэрпүүлийн тоглолтын хэв маягийг маш хурдан өөрчилснийг санаж байна. Үүнийг багтаа суулгахын тулд маш их ажиллаж, сонирхолтой бэлтгэлийг хийлгэдэг байсан гэдэг. Алсын дамжуулалт хийлгүйгээр хаалгачаас эхэлсэн 3 дамжуулалт яваад л эсрэг багийн торгуулийн талбай руу хүрч чаддаг тийм Ливэрпүүл болгож өөрчилж чадсан. Солилцоо наймааны цонх бүрийг ашиглаж багаа сайжруулах оролдлого хийсээр байлаа. 2013 оны 1 сарын өвлийн наймааны цонхоор Коутиньо, Старриж нарыг авчирсан нь түүний замналын хамгийн супер солилцоо байсан.

Тэр үед хажуугаар нь Европа лигт өрсөлдөж байсан Ливэрпүүлийн эхний хагас улирал их өөрчлөлт өрнөсөн бол хоёрдугаар хагасаас Ливэрпүүлийн тоглолт тогтож эхэлсэн. Суарэз, Старриж нарын довтолгооны хослол, авьяаслаг довтолгооны залуус болох Коутиньо, Стэрлинг, хашир туршлагатай Жэррард Карра, ид ирэн дээрээ яваа Аггэр, Шкртэл, Жонсон гээд давгүй баланстай багийг босгож байлаа. Улмаар дараа улиралд нь найдвар харагдаж эхэлснийг бүгд санаж буй байх.

Гэхдээ 2013 оны 5 сард Карра маань зодог тайлсан. Цогтой тэмцэгч, гал улаан Карра зодог тайлснаар Ливэрпүүлийн хамгаалалтын дархлаа үгүй болчихсон байх гэж заримдаа боддог юм. Магадгүй Карра маань дахин нэг улирал тоглож, бэлтгэл болон хувцас солих өрөөнд үүргээ гүйцэтгэсэн хэвээр байсан бол тэр жил Ливэрпүүл одоог хүртэл хүлээсээр буй лигийн түрүүгээ хүртчих байсан ч юм билүү. Довтолгоо солиоруулж 101 гоол оруулсан хэрнээ 50 гоол алдсан сарампай хамгаалалтай байсан.

Тэр улиралд нь Рожэрсийн Ливэрпүүл ёстой балласаан. Улирлын өмнө аймшигтай драмдаж, олон хөгжөөн дэмжигчдээ шархлуулаад амжсан Уругвай довтлогч “Анфилд дахь сүүлчийн бүжиг”-ээ ёстой л дэглэсэн шиг дэглэсэн дээ. Эхний 5 тоглолт бандуулж ирээд л, 31 гоол хийж лигийн рекордтой эн зэрэгцэж байлаа. Харамсалтай нь дэндүү ойртон ирсэн ч ахлагч маань халтирч унаснаар Ливэрпүүлийн мөрөөдөл дахин хойшлоход хүрсэн.


Луис Суарэз 

Тэр бол Ливэрпүүлийн өнгөрсөн арваны магадгүй хамгийн супер тоглогч нь байх. Хожихын төлөө бүхнээ зориулж, тоглолтын бүхий л мөчид яг адилхан эрч хүч зарцуулж, бусдадаа ялан дийлнэ гэх итгэл найдварыг өгч чаддаг түүн шиг тоглогчийг ховорхон харсан даа. Луис Суарэз л байсан учраас 2013/14 оны Ливэрпүүл тэр хэмжээнд өрсөлдөж, тоглогчид хүртэл “Бид түрүүлж чадах юм байна” гэсэн итгэлтэй болсон байх.

 

Түүн шиг тоглогчийг өөрийн багтаа харах сайхан. Худлаа баашлаад унаж буй нь хүртэл багийн төлөө гэж бодохоор ямар ч тэнэг үйлдэл гаргасан, ямар ч логикгүйгээр түүнийг өмөөрдөг байлаа. Харин эсрэг дүрээр харахад тэсвэрлэхийн аргагүй хөгийн новш байж гэдгийг Барсатай хийсэн хоёр цувралд хангалттай мэдэрсэн дээ. Ингээд харахаар тэр бол яах аргагүй Ливэрпүүлийн өнгөрсөн арваны шилдэг тоглогч, бас “бурхан-чөтгөр” нь байж дээ гэсэн бодол эрхгүй төрж байна. Луис Суарэз 2014 оны зун Ливэрпүүлийг орхисноор, үнэндээ Рожэрсийн байр суурийн тал нь ганхаж эхэлсэн юм.

“Рожэрсийн үнэн нүүр царай” 

Луисито явснаар бид Ливэрпүүлийн бодит чансаа, Рожэрсийн жинхэнэ чадварыг харсан гэхэд болно. Зарсан мөнгөөрөө зах гарч, хэрэгтэй хэрэггүй баахан тоглогчдыг цуглуулаад л фэйлдэж эхэлсэн. Тэр улиралд Ливэрпүүл уг нь Аваргуудын лигт өрсөлдсөн. Гэвч Ливэрпүүлийн амбиц энэ тэмцээний чансаанд хүрч очиход дэндүү хол байлаа. Улмаар хэсгийн шатаа ч давж чадалгүй, улирлын төгсгөлд ч ТОП4-төө багтсангүй.


“Жэррард Ливэрпүүл дэх замнал төгсгөл боллоо”

127 жилийн түүхтэй Ливэрпүүлийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч нь Кинг Кэнни Далглиш бол түүнтэй эн зэрэгцэн очих ганц тоглогч нь магадгүй Стивэн Жэррард байх. Ливэрпүүлийн өсвөрийн багаас үндсэн багийн домогт ахлагч хүртлээ 27 жилийг зарцуулсан Жэррардын аялалд Рожэрс цэг тавьсан юм. Түүнд цаашдаа энэ багт тоглох нь амаргүй байх болно, явсан нь шулуухан гэдэг мессежийг маш эвтэйхэн хэрнээ боловсон байдлаар Рожэрс ойлгуулсан. Улмаар манай хүн шийдвэрээ гаргаж, 2015 оны 5 сард сүүлчийн тоглолтоо хийх нь тодорхой болов. Тэр тоглолтод нь Ливэрпүүл 6:1-ээр Стоук ситид доромжлуулсан.

Зөвхөн энэ хожигдлынх нь төлөө Рожэрсийг халахад хангалттай байсан ч Ливэрпүүлийн эзэд хөдлөөгүйд одоог хүртэл гайхдаг. Сүүлд гарсан зарим нэг мэдээллээс харахад Клоппыг авчрах цаг хугацааны тохироог хүлээсэндээ Рожэрсийг шуудхан халаагүй гэдэг. Үнэн худлыг нь мэдэхгүй юм.

Бидний олонх нь Жэррардыг шүтэж өссөн. Энэ гайхамшигтай тоглогчоор дамжиж Ливэрпүүлээ дэмжсэн болохоор хайртай ахлагчийн маань төгсгөл дэндүү гунигтай санагддаг нь аргагүй. Магадгүй Жи маань зодог тайлах шийдвэрээ ганцхан жилээр хойшлуулсан бол Клопптой золгох байж шдээ гэх харуусал эрхгүй төрдөг юм. Гэвч өнгөрсөнд “хэрвээ” гэж үг байх биш дээ.


“Рожэрсийн эрин төгсөж, хонгилын үзүүрт гэрэл тусав” 

Карра, Аггэр, Суарэз, Жэррард гэх мэт Ливэрпүүлийн хайртай бүгдийн хойдохыг уншсан Рожэрсийн эриний төгсгөл ойртож байлаа. Өмнөх улирлын төгсгөлд нь 6:1-дүүлсэн энэ багаас их амжилт хүлээх нь утгагүй хэрэг байв. Зорилго муутай, амбицгүй нөгөө л нэг Ливэрпүүл бахь байдгаараа л улирлыг эхлүүлсэн. Ядаж л бөхөхийнхөө өмнө бадамладаг зул шиг тэнхэл Рожэрсоос гараагүй юм.

Ингээд 2015 оны 10 сарын 4-ний өдөр Эвэртоны талбайд 1:1 харьцаатай тэнцсэн нь Брэндан Рожэрсийн Ливэрпүүлийг удирдсан эцсийн тоглолт байсан юм. Энэ тоглолтоос ердөө нэг цагийн дараа түүнийг халах болсноо албан ёсоор зарласныг тодхон санаж байна. Тухайн үед Ливэрпүүл лигийн 10-р байранд эрэмбэлэгдэж байлаа.

Нар мандах мэт мэдрэмж төрж билээ...

Нийтэлсэн: Бадруул

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2020 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх