Ливэрпүүл 2020 оныг Такүми Минаминотой эхлүүлнэ. Ази тоглогч анх удаагаа Ливэрпүүлийн төлөө тоглох тэр сайхан мөчийг бид бүхэн тун удахгүй харах нь ээ.

"Тэр бидний эсрэг тоглохдоо ёстой л галзуурсан даа" гэж Клопп онцолсон байсан. Мөн Минаминогийн тактикийн өндөр мэдлэгтэйг сайшаасан бна лээ.

Ер нь Япончуудын нэг давуу тал нь энэ. Талбайд сахилга батыг маш сайн баримталж, мөрддөг. Физикал чадвар нь Европ, Африкууд шиг биш. Өмнөд Америкчууд шиг авьяслаг бус, нэмэлт техникийг ашиглаж тоглодоггүй.

Байгалийн өгөгдөл нь тийм сайн биш хэрнээ тэд хэрхэн Европ, Африкчуудтай ойролцоо түвшинд тоглож чадаж байна гэдэг нь тэдний сургалттай л холбоотой. Өөрсдийн давуу тал болох шаргуу дайчин чанараа л сургалтдаа суулгаж өгснөөр Японы хөлбөмбөг хөгжиж эхэлсэн тухай сонсож байлаа. Өнгөрсөн ДАШТ-ээр тэд Манэгийн Сенегалтай хэсэгтээ 2:2-оор тэнцсэн, ДАШТ-ний хүрэл хүртсэн Бельгийг тоглолтын турш илүүрхэж яваад 3:2-оор хожигдсныг бүгд санаж буй биз. Ур чадвар, хурд хүчээр дутуу хэрнээ ингэж ойрхон тоглож чадсан нь тэдний багийн тоглолттой л холбоотой.

Сүүлийн жилүүдэд Европын багууд Япон тоглогчдыг багтаа ихээр нэгтгэх болсон бас нэгэн шалтгаан бий гэнэ. Тэд бэлтгэл дээр маш шаргуу ажиллаж, өөрийгөө 100% дайчилж, бусдадаа үлгэрлэж чаддаг хандлагыг нь ихэд үнэлдэг бололтой юм.

Минамино ч энэ жишгээр явсан нь дамжиггүй. Австрид 5 жил хөлбөмбөг тоглож, Рэд булл Зальцбургийн хамгийн чухал тоглогч болтлоо өсөн дэвжиж, түүхэндээ анх удаагаа Аваргуудын лигт тоглоход их үүрэг гүйцэтгээд Ливэрпүүлд ирлээ. 2 долоо хоногийн дараа тэр 25 нас хүрнэ. Карьерынхаа дараагийн том алхмыг хийхэд яг л тохиромжтой нас.

Минамино ирснээр Ливэрпүүлийн довтолгоо улам тааварлашгүй, бас хүчирхэг болно гэж таамаглаж байна. Клопп заримдаа 4-2-3-1 хувилбарыг ашигладаг. Дортмундад байхдаа энэ формэйшнээр солиоруулдаг байсан. Харин Ливэрпүүлд голдуу 4-3-3аар л тоглуулдаг. Зарим багуудын эсрэг 4-2-3-1 ээр тоглоход манайх тийм ч төгс тоглож чаддаггүйм шиг ажиглагддаг. Магадгүй Минамино ирснээр Клоппын дуртай уг хувилбар илүү мундаг ажиллах боломжтой байх.

Мөн Такүми маань олон байрлалд тоглох чадвартай бөгөөд 4-3-3 тоглох үед гурван довтлогчийн аль нэгээр, эсхүл бүр #8 тоглох чадвартай гээд байгаа.

Өнөө шөнө Ливэрпүүл 2020 оны анхны тоглолтоо Шэффилд Юнайтэдийн эсрэг хийнэ. Минамино энэ тоглолтод оролцохгүй. Харин Анфилдад ирж тоглолт үзэж, зураглаачийн дуранд өртөх нь тодорхой байх. Ингээд 1 сарын 5-нд ФА цом, Эвэртоны эсрэг дэбютээ хийх боломжтой болно. Яг Ван Дайк шиг....

 

Нийтэлсэн: Б.Бадруул

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2020 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх