Автобусны буудал дээр удаан хүлээсний дараа, явах чиглэлийн чинь хоёр ч автобус зэрэг ирэх тохиолдол бий. Энэ явдал зарим хүмүүст тохиолдсон байж болох ч, миний хувьд ийм байгаагүй юм.

Харин би 2 дахь автобусыг нь 14 жил хүлээсэн. Эцэст нь тэр автобусыг ирэхэд алдалгүй шууд суусан юм. Мөн миний хүзүүнд Аваргуудын Лигийн медаль гялалзаж, клубийн хөлбөмбөгийн хамгийн агуу цомыг гартаа өргөөд, өсөж төрсөн Ливерпүүлийнхээ гудамжаар баяраа тэмдэглээд тойрч явсан.

Би ном унших их дуртай. Гэхдээ яг тэр үед, автобусан дээр баяраа тэмдэглэж явахдаа юу мэдэрч байснаа ямар үгээр илэрхийлэхээ үнэхээр олохгүй юм. Сонин мэдрэмж гэвэл үгүй, ид шидийн гэдэг үг ч миний сэтгэл хөдлөлийг илэрхийлж чадахааргүй байлаа.

Манай хотын гудамжаар Аваргуудын Лигийн цомын парад явж байгаа анхны тохиолдол энэ биш. 2005 онд гэрийнхээ урд довжоон дээр автобус ирэхийг хүлээгээд зогсож байхад цаг хугацаа зогсчихсон аятай, дэндүү удаж билээ. Эцэст нь, миний ардаас хэн нэгэн “Ирж байна, ирж байна” гэж ориллоо. Стивен Жеррард, болон бусад бүх тоглогчид цомоо өргөөд баяраа тэмдэглэж явахыг хараад өөрийн эрхгүй миний бие салганан, чичирч байсан даа.

Тэр үед дөнгөж зургаахан настай байсан ч, ирээдүйд юу хийх, хэн болох тухайгаа аль хэдийн шийдчих хэмжээнд байсан шүү. Би Ливерпүүлийн тоглогч болохыг хүсэж байлаа, би тэр автобуснуудын аль нэгэн дээр нь суугаад үсэрч дэвхцэхийг хүсэж байлаа. Ингэж хүсдэг цор ганцхан хүн нь би биш, манай сургуулийн бүх л хүүхэд яг тийм мөрөөдөлтэй байсан юм.

Зөвхөн манай сургууль ч биш, хотын бүх хүүхэд яг л энэ зүйлийг мөрөөддөг.

Харин би өөрийгөө тэднээс бага зэрэг ялгаатай, жаахан өвчтэй байсан гэж хэлнэ. Гэхдээ сайн төрлийн өвчин. Юу гэж нэрлэдгийг нь яг сайн мэдэхгүй байна, миний судсанд л ямар нэг юм байсан. Би зүгээр л … донтчихсон.

Өөрийнхөө хүрэх ёстой газрыг хэнээс ч илүү мэдэж байсан учраас том амбицтай, түүнээсээ урам зориг авдаг байлаа. Би Вест Дербигийн 3 өрөө байранд, Мелвүүдийн (Ливерпүүлийн бэлтгэлийн бааз) хажууханд аав ээж, мөн хоёр ах Тайлер, Марсельтайгаа хамт өссөн. Бие биеэ шоглох зүйл цөөнгүй гарах ч, биднийг нэгтгэх цор ганц зүйл байсан нь, Ливерпүүл.

Өдөр бүр өөрсдийнхөө “баатруудыг” хажуугаас нь харахын тулд бид гурав хогийн саван дээр зогсоод, хашааны завсраар нь шагайдаг байлаа. Тэгээд л тэднийг бэлтгэлээ эхлэхээс өмнө өөрсдийгөө хамт тоглож байгаагаар төсөөлж, дамжуулалтуудыг нь нүд салгалгүй ажиглана.

Үнэндээ бид гуравт өөр хобби гээд байхаар зүйл байдаггүй байлаа. Гунигтай сонсогдож магадгүй ч, энэ үнэн шүү. Бид хэзээ ч хамаагүй, байнга л хөлбөмбөг тоглодог байсан. 24/7. Ээж маань ч энэ бүхнийг мэддэг учраас нэг дүрэм зохиолоо. “Та нар хаашаа ч явж, хаана ч тоглож болно. Гэхдээ заавал миний нүдэнд ил байх ёстой.” гэдэг юм даа, жинхэнээсээ. Яг энэ дүрмийн дагуу бол бидэнд гэрийн урд талын талбай, эсвэл замын цаадах парк гэсэн хоёрхон сонголт л үлдэж байгаа юм. Ихэнхдээ биелүүлдэг байсан ч, хүүхэд л болсон хойно байнга дүрмийг нь дагана гэж байхгүй, заримдаа ээж биднийг алдчихна. Яагаад гэхээр бид гурав байрныхаа ар талд бөөрөнхийлсөн оймс эсвэл тугалган цаасаар хийсэн бөмбөгөөрөө “бужигнуулдаг” байсан юм.

Бид гурав ч ээжийг галзууруулах шахдаг байсан даа. Төсөөл дөө. Ээж чинь оройн хоолоо хийгээд тун завгүй байгаа, тэгтэл Ливерпүүлийн өмсгөлтэй 3 “бацаан” нөгөө өрөөнөөс гал тогоонд шуугилдаж орж ирээд, бие биеэсээ бөмбөг булааж, таклдаж байна гэж тоглоод, орилоод байх үед хүнд юу бодогдох вэ?

Ингээд бодохоор бүх зүйл хөлбөмбөг, хөлбөмбөг бас дахин хөлбөмбөг байсан байгаа юм.

Хүүхэд байхад хотын гудмаар машины арын суудал дээр суугаад явж байхдаа Анфилдыг дандаа л гаднаас нь хардаг байлаа. Харах болгондоо “Анфилд дотроо ямаршуу байдаг бол?” гэж төсөөлнө.

Харин 2005 оны 4-р сард Тайлер ах бид хоёрт ээж Аваргуудын Лигийн шөвгийн наймын эхний тоглолтын тасалбар авч өгсөн юм. Ювентус. Буффон, Каннаваро, Недвед, Ибра – гайхамшигтай бүрэлдэхүүн байгаа биз?

Анфилдад хүлээн авч авч байгаа Европын тоглолт гэдэг бол зүгээр л, тэс өөр. Ялангуяа Мэйн Стэнд бол бүр итгэмээргүй. Цэнгэлдэхийн гэрэл талбай руу тусч, копуудын тэр их эрч хүч, хүсэл тэмүүлэл, нүргээнийг мэдэрнэ гэдэг…

Гэхдээ бөмбөг зөөдөг хүүхдүүд талбайн төвийн тойрог руу очоод томоос том улаан далбаа намируулж байсан үеийг би одоо хүртэл санадаг. Яг тэр мөчид Аваргуудын лигийн сүлд дуу эгшиглэж эхэллээ. Тайлер бид 2 телевизээр үзэж байхдаа дандаа л хоорондоо чалчиж, ам хуурай байдаггүй байлаа. Харин тэр үед бид 2 үхчихсэн юм шиг таг дуугүй болж, ямар ч дуу авиа гаргаж чадаагүй. Дараа нь Копууд дуулж эхэллээ. “Чи хэзээ ч ганцаараа алхахгүй.” Энэ дууны далд хүчийг ээ, би ч бүх зүйлд тэр дороо дурлаж орхисон. Тэр дуу чимээ, копууд, дээрээс нь Чи хэзээ ч ганцаараа алхахгүй. Энэ бүх зүйлд. Тэгээд л өөрийн амьдралдаа юу хийх ёстойгоо эргэлт буцалтгүйгээр шийдэж, ойлгосон юм даа.

Тэр шөнө би унтаж чадаагүй ээ…

Хэдхэн сарын дараа Улаанууд дахин Европын аварга боллоо. Гэрийнхэнтэйгээ хамт тэр финалыг үзсэн. Хэдий зургаахан настай байсан ч, Истанбулын тэр финал, тэр орой ямар их утга учиртайг би зөнгөөрөө ойлгож байлаа. Энэ тоглолтын дараа хотоор алхахад, хүмүүсийн царай цаанаасаа л аз жаргалтай, дээрээс нь энэ цом манай хотод ямар сайнаар нөлөөлснийг харж болохоор байсан юм. Парад болох цаг ойртож байлаа, бид 3 ч оролцохыг хүссэн нь тодорхой. Хөгжилтэй нь заавал ээж харж байх ёстой гэсэн дүрмийг бид тэр өдөр ч гэсэн зөрчөөгүй шүү. Ливерпүүлийн автобус яг манай гудмаар явж өнгөрсөн.

Ливерпүүлийн өмсгөлөө өмсөөд урд талын довжоон дээрээ, өөрийн баатруудаа Европын цом өргөөд явахыг нь хараад зогсож байлаа. Би тэгэхэд бараг л автобусанд хүрэх дөхсөн. Яг хажуухнаар минь өнгөрсөн байгаа биз?

Хэн ийм парад үзсэнийхээ дараа хөлбөмбөгчин болохыг хүсэхгүй байх юм бэ? Бүх л хүүхдийн мөрөөдөл. Харин одоо, миний тухай хүмүүсийн төдийлөн их ярьдаггүй түүхийг ярья.

Ах нар маань ч гэсэн яг адилхан, хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг гэдгийг өмнө нь хэлсэн. Би тэр үед Ливерпүүлийн хүүхдийн багийн нэг хэсэг болчихсон байлаа. Зургаа, долоон настай хүүхэд бол талбай дээр гараад өөрийнхөө мөрөөдлийг төсөөлөөд л гүйж явахаас өөр юу ч мэдэхгүй шүү дээ. Харин миний ард маш том дэмжлэг, гэр бүлийнхэн минь байсан юм. Тэр үедээ би үүнийг төдийлөн ойлгож, анзаарч чадаагүй.

Хөгжилтэй нь ах бид нар хоорондоо тун их өрсөлддөг байж билээ. Бороо орох болгонд бид 3 гэрээсээ гарч чадахаа больчихно. Ядаж байнга ордгийг нь ч хэлэх үү. Тэгээд л хийх юмаа олж ядаад, тоглочих тоглоом хайж дэмий сэлгүүцнэ. Тэгсэн ээж энэ бүхнээс залхсан уу яасан, нэг өдөр бид нарт шатар зааж өг гэж аавд хэлсэн юм. Шатар ч гэсэн надад таалагдсан. Энэ тоглоом яг л хөлбөмбөгтэй адилхан стратеги бас, тэвчээр шаарддаг учраас тэр байх. Хамгийн гоё нь ахдаа ямар ч нүүдэл үлдээлгүй, хожих нь тодорхой болох тэр үеийн мэдрэмж… Яг тийм үед ахын гаргадаг царайг нь харах ч сайхан шүү.

Гэхдээ хамгийн чухал нь миний ах нар зөвхөн ах байгаагүй юм. Тэд миний хамгийн сайн найзууд байсан.

Жаахан том болсныхоо дараа би Ливерпүүлийн академи руу шилжих боллоо. Харин Тайлер, Марсель хоёр өөрсдийнхөө мөрөөдлийг золиосолж, миний мөрөөдлийг бодит болгохыг хүссэн юм. Мэргэжлийн хөлбөмбөгчин болох хамгийн өндөр магадлалтай нь намайг гэж тэр хоёр бодсон байх л даа. Аав ээж 2 маань ч бас адилхан бодолтой байсан юм билээ. Гэхдээ би энэ бүхнийг ойлгоно гэдэг хэцүү шүү дээ. Нэг амралтын өдөр намайг академиас гэнэт дуудаад, очих шаардлагатай болчхов. Харин үүнээс болоод ээж тэр өдөр Тайлер Марсель хоёрыг тоглолтод нь хүргэж өгч чадаагүй. Тэр хоёр өөрсдийгөө миний төлөө золиосолсон. Би тэдэнд үргэлж талархаж явдаг.

Миний хийсэн алхам бүрд, бид хамтдаа урагшилсан

Миний тоглосон тоглолт бүрд, бид хамтдаа оролцсон

Миний туулсан бүхэнтэй хамт, бид туршлагажиж байлаа.

Миний ард намайг дэмжиж байсан хүн бүр ингэж л бүхнээ зориулсан. Ингэж л энэ бүхэн боломжтой болсон юм.

Олон гайхалтай дурсамжуудын нэг нь намайг 16тай байхад тохиосон. Стивен Жеррард тэр үед манай академийн баг дээр ирээд хамт бэлтгэл хийсэн. Энэ хөвгүүд, багийнхны хувьд Стиви ямар чухал, агуу хүн гэдгийг нь хэлэх илүүц биз. Ялангуяа над шиг эндхийн хүүхдүүдэд тэр бол зүгээр л баатар, үлгэр дууриалал. Ах бид нар хэдэн ч удаа Жеррард гэж өөрсдийгөө төсөөлж тоглосон юм бүү мэд, тоогоо алдсан. Нэг нь Нийл Меллор болоод нөгөөх нь Стивен Жеррард, харин үлдсэн нэг нь тайлбарлагч.

“Ямар гоё мөргөлт вэ, ЖЕРРАААААААААРДД!!!!”

Гараа дэлгээд талбайн зах руу өвдгөөрөө гулсаад л…

Энэ бүхнийг нь...

Талбай дээр Стивитэй хамт байсан тэр богинохон хугацаанд зүгээр л “мөрөөдөл биелсэн.” Бид хоорондоо нэг их юм яриагүй л дээ. Үнэндээ бид Жеррардын тоглохыг нь хараад л бүгд сандарчихсан байсан юм. Гэхдээ тэр бэлтгэлийн дараа бидэнтэй хамт үлдээд алсын дамжуулалтын хэд хэдэн дасгал хийх үед арай ойроос харах боломж надад олдов. Дамжуулалт, бөмбөгөнд хүрэлт бүгдийг нь ажиглаж, тогтоохыг хичээсээн.

Жеррардаас онцолж харсан бас нэг зүйл бол түүний биеэ авч яваа байдал, хандлага. Дэмжигчид, Анфилдын талаар, мөн багийн тухай түүний ярьж байгааг сонсох тусам Стиви энэ багт ямар их хайртай, бусдаас ямар өөрөөр ханддагийг нь ойлгож болно. Тэр зүгээр нэг баг биш, ГЭР БҮЛИЙН тухай ярьж байсан юм. Юу ч болсон үргэлж хамт байх тухай тэр ярьж байлаа. Яг энэ хандлага, үзэл бодол нь миний дотор хадагдаж үлдсэн.

Хэдэн жилийн дараанаас би үндсэн багт үе үе дуудагдаж эхэллээ. Тийм олон тоглолтонд оролцоогүй ч, заримдаа хотоор явж байх үед хүмүүс эхнээсээ намайг таньдаг болоод байсан юм. Тэгсэн нэг орой хотын төвөөр явж байхад Ливерпүүлийн өмсгөлтэй нэг хүү харагддаг юм байна. Эхэндээ ч нэг их юм бодсонгүй.

Харин тэр хүү эргээд, цаашаа явахад нь би олж харлаа.

ДУГААР 66

АЛЕКСАНДЕР-АРНОЛД гэсэн бичиг түүний нуруун дээр байсан юм.

Миний өмсгөлийг өмссөн байлаа.

Тэр үед би Анфилдэд тоглоод үзчихсэн, Ливерпүүл гэх энэ том айлд аль хэдийн 12 жилийг өнгөрөөсөн байлаа. Жеррардтай уулзаж, өөрийн мөрөөддөг байсан олон ч зүйлээ биелүүлчихсэн байсан юм.

Гэхдээ миний өмсгөлийг хүүхэд өмссөн байгааг харна гэдэг… Надад ямар их утга учиртай болохыг тайлбарлаж чадахгүй юм.

Хүмүүс “Намайг бага байхад” гэж өнгөрснөө дурсаж ярих дуртай байдаг.

Харин би тэр жаалыг харсан мөчид, одоо хүртэл яг л тэр Ливерпүүлийн фэн, мөрөөдөмтгий хүү хэвээрээ байгаагаа ухаарсан юм.

Гэртээ харингуутаа би аав ээж хоёрт юу болсныг хэллээ. Аав ээж хоёртойгоо амьдрахын нэг давуу тал гэх юм уу. Ямар нэгэн гоё юм боллоо гэхэд тэр хоёр руу залгах шаардлагагүй, унтахаас нь өмнө хэлчхэд л болно.

Одоо болтол, миний өмсгөлийг өмссөн хүүхэд харахаараа догдолж, сандардаг. Миний хувьд үнэхээр том зүйл. Трент гэсэн өмсгөл, ер нь Ливерпүүлийн өмсгөлтэй хүн бүхэнд би өртэй. Энэ багийн төлөө бүхнээ зориулж, хамгийн шилдэг тоглолтоо гаргах өртэй. Учир нь би тэдний нэг, нэг гэр бүлийнхэн.

Олон хүн Юрген Клоппын арга барилыг нь мэддэг юм шиг ярьдаг. Гэхдээ бүгдийг нь харж чаддаггүй. Бидний тоглолтын хурд, тэсвэр тэвчээр бол уйгагүй хичээл зүтгэлийн үр дүн, бүтээгдэхүүн. Клопп болон дасгалжуулагчдын багийнхан өдөр бүр бэлтгэл дээр энэ их эрч хүчийг авчирдаг юм. Тэр энд ирээд зөндөө удлаа, тэгэхэд би өөр Клоппыг нэг ч удаа харж байгаагүй. Анх ирэхдээ ямар байсан, яг л тэр хэвээрээ байгаа. Клоппыг бусад дасгалжуулагчдаас ялгадаг зүйл нь тун энгийн. “Тэр тоглогчдыг хөгжөөн дэмжигчдийн төлөө тоглуулж чаддагт л байгаа юм.” Энэ л бидний хэв маяг, Анфилдад харахыг хүсдэг хөлбөмбөг.

Ингэж л Клопп энэ багийг нэгтгэсэн юм.

Камп Ноуд Барселонад 3-0-ээр хожигдоход нэг их сандраагүй ээ. Худлаа худлаа, наргисан юм. Тун хэцүү байсан шүү.

Бид дараагийн тоглолтонд нь өөрсдийгөө эргэн ирж чадна гэдэгт итгэж байсан, мэдээж.

Дээрээс нь, Анфилд бол Ливерпүүл гэдэг баг болон хөгжөөн дэмжигчид хоорондын нэгдлийн ачаар итгэмээргүй хүчирхэг болчихдог цайз л гэсэн үг. Тэгээд Жиниг орж ирээд 2 гоол оруулсных нь дараа би хожно гэдэгтээ 100 хувь итгэлтэй болоод ирсэн. Яагаад ч юм надад тэгж л мэдрэгдсэн, харин хэзээ гоолдож хожих вэ гэдэг л байлаа.

Хүмүүс надаас Дивок Оригид булангийн цохилтоос өгсөн дамжуулалтын талаар дандаа асуудаг юм. Ямар нэгэн галзуу, итгэмээргүй түүх яриулахыг л хүсдэг шиг байгаа юм. Гэхдээ тэр булангийн цохилт бол ердөө л бидний сэтгэл зүй, эцсээ хүртэл бууж өгөөгүй тэсвэр тэвчээрээс гарсан үр дүн. Бид бэлтгэлийн минут, секунд тутамд өөрсдийгөө үүнд л зориулж бэлдэж байсан юм. Харин энэ гоолд нууц байгаа гэж үзвэл, тэр цорын ганц нууц нь Див (Дивок Ориги). Тэр дамжуулалтыг төгсгөх учиртай хүн Дивок байж таарсан нь бидний нууц. Див магадгүй хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн тайван хүн, сандардаггүй хүн байх. Ямар ч үед хэзээ ч адгалгүй, тайван байж чаддаг учраас л Дивок тэр гоолыг оруулсан.

Сүүлчийн шүгэл дуугарсны дараа багаараа Коп Эндийн урдуур алхаж явсан үе миний хувьд хөлбөмбөгчийн хувиар мэдэрсэн хамгийн сайхан мэдрэмж.

Харин манай дэмжигчид “Чи хэзээ ч ганцаараа алхахгүй”-г хоолой мэдэн хамгийн чангаараа дуулж байлаа. Яг тэр мөчид би өөртөө “Энэ бүхэн үнэхээр болж байна, би жинхэнээсээ талбай дээр, зүлгэн дээр энэ бүхнийг мэдэрч байна” гэж хэлсэн дээ.

Ерөнхийдөө энэ үйл явдал тэр чигтээ миний амьдралын бүтэн нэг цикль байсан гэж болно. 6 настай байхад амьдралыг минь өөрчилсөн тэр дууг дахин нэг удаа маш хүчтэй мэдрэхэд би нөгөө талд нь, талбай дээр фэнүүд рүү хараад алга ташаад зогсож байлаа.

Тоглолтын дараа би хурдхан гэртээ очоод, аав ээж хоёртоо сайхан амраарай гэж хэлчхээд өрөөндөө орсон ч юу болсонд итгэж өгөхгүй хэвээр…

Үүрээр 4 5 цагийн үед л унтаж чадсан байх.

Мэдээж тэр тоглолтонд ямар ч гайхамшиг тохиолдсон бай, бидний сүүлчийн зорилго байгаагүй. Яг жилийн өмнө Киевт хожигдсон гашуун дурсамжаас бид их зүйлийг суралцсан. Реал Мадрид өөрсдийн юу хийж байгаагаа яг таг, алдаа мадаггүй мэдэж байлаа. Тэнд аз ямар ч хамаагүй байсан юм шүү, ялангуяа 3 дахь гоол орсны дараа манайхан бөмбөгийг нь ч булааж чадахаа больчихсон. Урам хугарч, зүрх зүсэгдэх шиг л болж билээ. Шигшээ тоглолтонд хэрхэн хожих талаар тэнд хичээл заалгасан гэхэд болно. Энэ хожигдлын дараа бид тоглолтоо яаж дуусгахыг сурсан, 1-0 2-0 гэсэн үр дүнгээр олон ч тоглолтонд хожсон доо.

6 сард Спөрсийн эсрэг финалын тоглолт. Бид өнгөрсөн жилтэй харьцуулахад өөрсдөдөө хамаагүй илүү итгэлтэй болсон байлаа. Ялангуяа би өөрөө иймэрхүү тоглолтонд ямархуу дарамт ирдэг, сэтгэл хөдлөлөө яаж дарах гээд хамаагүй илүү бэлтгэлтэй байсан.

Гэхдээ яаж ч хичээсэн бэлдэж болдоггүй нэг зүйл байдаг юм билээ. Тэр бол өөрийнхөө амьдралд тохиолдох хамгийн том, хамгийн чухал тоглолтын өмнө буудлын өрөөнд өнгөрөөх зургаан цаг. Тэнд цаг нөхцөөнө гэдэг бараг л “биелэгдэшгүй даалгавар.” Би тэгэхэд бараг бүтэн 6 цаг Нэтфликс хий дэмий эргүүлсээр байгаад таарсан даа.

Тэр өдрийн эхний хэсгийг дүрслэх гээд үзье. Сандрал, чимээ шуугиан, бас хөлбөмбөг.

Тэгээд Дивок 2 дахь гоолыг орууллаа. Яг тэр мөчид бүх зүйл над дээр эргээд ирэх шиг болсон. Би булангийн туг руу гүйж, фанатуудынхаа царайг харахаар очлоо. Тэр хүмүүсийн хувьд энэ цом, энэ ялалт ямар үнэ цэнэтэй болохыг царайнаас нь амархан харж болохоор байв. Зарим нь уйлж, зарим нь ороолтоо өргөөд нүдэндээ нулимстай дуугаа дуулж байсан юм.

Ром, Лондон, Парис, дахиад Ром, Истанбул.

Харин одоо Мадрид.

Бидний үхэн үхтлээ мартахгүй, санаж явах газрууд.

Гэрийнхэн, ах нар маань талбай дээр гарч ирээд, баяраа хамт тэмдэглэлээ. Энэ бүхэн миний төлөө л байсан юм. Хэлэх үг ч олдохгүй байна. Тэдэнд би баярласан сэтгэлээ яаж илэрхийлэх вэ? Бүгд тэврэлдээд, уйлж байна. Гэхдээ Тайлер, Марсель бид гурав хамтдаа Аваргуудын Лигийн цомыг атгасан тэр мөчийг би хэзээ ч мартахгүй. Хар багаасаа бид гурав энэ л мөчийг мөрөөдөж, төсөөлдөг, хамтдаа ярилцдаг байсан юм чинь.

Одоо энэ мөрөөдөл маань биелчихлээ

Бид энэ цомыг хүртчихлээ

Гудамжны цаад талын талбайгаас Аваргуудын Лигийн цом – БИД хийж чадсан.

24 хүрэхгүй цагийн дараа би, дээвэр нь онгорхой автобусан дээр суугаад Ливерпүүлийн гудамжаар баяраа тэмдэглэж байлаа.

Хамгийн муухай нь баярын парад 2005 оны маршрутаас тэс өөр байсан юм. Манай гудамжаар яваагүй гэсэн үг, та нар итгэж байна уу? Хэн нэгэнтэй хэдэн үг солих шаардлагатай болох нь дээ. Миний зөв биз дээ?

Гэхдээ манайхтай их ойрхон өнгөрсөн. Автобус манай хороолол руу ойртож ирэх үед, 2005 онд үүдний довжоон дээрээ зогсоод, энэ баярыг хажуугаас нь харж байсан өөрийгөө, хоёр ахыгаа л боддог юм билээ. Харин 2019 оны 6 сард би зуу зуун бяцхан Трент Александер-Арнолдыг харж байлаа.

Ямар нэгэн байдлаар олж уншина гэж найдаад, энэ хүүхдүүдэд хоёрхон л зүйлийг хэлье.

Нэг.

Өөрийнхөө мөрөөдлийн араас зүтгэ. Өөртөө байгаа бүхнээ зориулаад, хичээж чадвал мөрөөдөл чинь биелэх л болно. Надад итгээрээрэй.

Өөр хэн нэгэн эсрэг юм ярьвал огтхон ч итгэх хэрэггүй.

Хоёр.

Хаанаас ирсэн, хэн гэдгээ, мөн өнөөдрийн чамайг бүтээхэд тусалсан, амжилтанд хүрэхэд чинь дэм болсон хүмүүсийг хэзээ ч битгий март.

Тэдэнгүйгээр өнөөдрийн энэ бүхэн боломжгүй байсан гэдгийг үргэлж санаж яваарай.

Ах нар минь миний төлөө өөрсдийнхөө мөрөөдлийг золиосолсон. Бяцхан Трент хүү тэдний ачаар л өнөөдөр хүзүүндээ Аваргуудын Лигийн медаль гялалзуулж, клубын хөлбөмбөгийн хамгийн агуу цомыг гартаа өргөөд, өсч төрсөн Ливерпүүлийнхээ гудамжаар баяраа тэмдэглээд тойрч явна…

ЛИВЕРПҮҮЛ, ЛИВЕРПҮҮЛ, ЛИВЕРПҮҮЛ !!!

Оруулсан: 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2019 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх