Саяхан доо Клоппын агент Косицке хэлэхдээ Клопп Ливерпуултэй цаашид гэрээгээ ер нь сунгахгүй байх. Гол шалтгаан нь Английн цаг агаартай холбоотой гэж ярьж байсан. Харин дараахан Клопп хэвлэлийн бага хурал дээрээ энэ яриаг нь Герман наргиа байсан ч хэн ч тухайн үед ойлгоогүйгээс гадна өөрт нь хэзээ ч Ливерпуулийн цаг агаар асуудалтай санагдаж байгаагүй гэж инээмсэглэн хэлсэн нь Копуудын сэтгэлийг бага гэлтгүй амраасан байх. Одоо ингээд нэг мэдсэн Клопп ирээд 4 жилийн нүүр үзжээ. Цаг хугацаа ч харвасан сум шиг өнгөрөх юм даа.

Клопп битгий хэл Брендан Рожерс дөнгөж өчигдөрхөн 180 хуудастай "Нэг баг, нэг хүсэл тэмүүлэл" гэсэн нэртэй илтгэл хуудсаа Жон Хэнрид танилцуулж байсан юм шиг санагдаж байхад Клоппын Мелвуудэд газардсан түүх өнөө өглөөхөн болсон юм шиг санагдах нь гарцаагүй биз.

2015 оны 10 сарын 1-д Ливерпуулийн удирдлага болох FSG групп ирээдүйн шинэ менежер гэгдэх Клопп хоёрын хоорондох уулзалт Нью Йорк хотноо товлогдсон юм. Тухайн үед Боруссиа Дортмунд багаас саналаараа ажлаа өгөөд байсан Герман мэргэжилтэн нэг хэсэгтээ хөлбөмбөгөөс зайгаа авахаар шийдээд байсан ч хэрэв түүнд боломжийн санал ирвэл эргэж ирэхэд бэлэн байсан гэж хожмоо дурссан байдаг. Гэвч түүний сэтгэлийг урвуулж чадах ямар санал ирэх вэ гэдэг нь маш чухал байсан юм. Учир нь үүн дотор Мексикийн шигшээ багийг удирдах эсвэл Манчестер Юнайтед, Манчестер Сити болон Тоттенхэмийг дасгалжуулах гэсэн аль аль саналуудыг мань эр өөрөө тоогоогүй гэдэг.

Мюнхений онгоцны буудлаас Нью Йоркийг зорихоор Клопп өөрийн бие төлөөлөгч Марк Косицкетэй явах үед тэндхийн нэгэн ажилтан Клоппыг танихдаа яагаад Нью Йорк явж байгааг нь асуухад тэрээр NBA-н тоглолт үзэх гэж байгаа гэж хариулсан ч яг үнэндээ сагсны улирал эхлэх яагаа ч үгүй байсан юм. Гэхдээ тэр 2-н аз болоход тухайн үед тэрхүү онгоцны буудлын ажилтан асуултын хариултыг нь нэг их анзааралгүй өнгөрөөсөн гэдэг.

FSG-н ерөнхийлөгч Майк Гордон "Миний хамгийн анхны Клоппыг харсан сэтгэгдэл түүнийг маш өндөр юм байна гэсэн бодол байв. Учир нь би өөрөө тийм өндөр хүн биш." гэсэн юм. Алдарт Манхаттан дүүрэгт болсон Ливерпуулийн удирдлага, Клопп 2-н хоорондох уулзалт эхний өдрөө маш амжилттай байсан ч энэ нь хангалттай байсангүй. Учир нь цаг хэт орой болсон тул тэд уулзалтаа маргааш нь үргэлжлүүлэхээр болсон юм. Мэдээж хэрэг маргаашийн уулзалт нь амжилттай болсоныг энд нэмж бичих илүүц биз.

Гордоны хэлж байсанаар энэхүү уулзалтанд 2 гол асуудал байсан ба 1-т нь Клопп яг Ливерпуулд тохирсон хүн мөн үү гэдгээс гадна бид өөрсдөө энэ хүнд тохирсон багийн эзэд мөн үү гэдэгт оршиж байсан юм гэв. Клоппт тэрхүү уулзалтанд өмнөх менежер Брендан Рожерст байсан шиг 180 хуудастай төлөвлөгөө байгаагүй ч тэрээр Америк эздэд хөлбөмбөг бол зүгээр нэг тактик, систем биш гэдгийг ойлгуулахдаа Анфилд багийнхаа тоглолтоос болж жинхэнэ босож байх ёстой гэдгийг тайлбарласан байдаг. Түүний энэхүү яриа Янк бизнесменүүдийн сэтгэл санааг хангалттай урвуулж чадсан бөгөөд хожим нь Гордон энэ талаар хэлэхдээ "Клоппын хөлбөмбөгийн менежерийн түвшин нь бизнесээр том корпорацийн лидерийн зиндаатай адилхан буюу чи компаниа энэ хүнийг л сонгож удирдуулмаар санагдахаар тийм сэтгэгдэл төрж байлаа. Миний 27 жилийн хөрөнгө оруулагч байсан туршлага буюу маш олон том компанийн СЕО болон бизнес лидерүүдтэй харьцаж байсанаас үзэхэд Клопп бол яг Ливерпуулд тохирсон хүн гэдэгт огтхон ч эргэлзэхээргүй байсан юм." гэж ярьсан байдаг.

Уулзалтын үеэрх Клоппын яриа дуусах үед тэрээр Нью Йоркийн алдарт Central Park-р алхах хүсэлтэйгээ илэрхийлэн уулзалтын өрөөг орхиход түүний агент Косицке үргэлжлүүлэн багийн удирлагуудтай уулзалтаа үргэлжлүүлсэн бөгөөд энэ удаад тэдний хооронд зөвхөн хэрхэн гэрээ байгуулах тал дээр санал солилцох л үлдээд байлаа. FSG-н зүгээс хэлэлцээрийн дараа тэр дор нь Клоппт яах зорилготойгоо хэлээгүй ч Клопп мэдээж тун удахгүй Английн баруун хойд эргийг зорино гэдгээ гадарлаж байв. Тун удалгүй Мюнхенд буцаж газардаад байсан Клоппын утсанд нэгэн мессеж ирсэн нь "Бидний ямар их догдолж байгааг үгээр хэлэхийн аргагүй байна." гэсэн зурвас FSG-н ерөнхийлөгч Майк Гордоноос байв. Клопп ч тэр дор нь хариу бичихдээ зөвхөн "Woooooooooow!!!” гэсэн мессежийг илгээжээ.

Үүнээс хэдхэн хоногийн дараа Ливерпуул албан ёсоор Юрген Клоппыг өөрсдийн шинэ менежерээр томилсоноо зарласан юм.

Нийтэлсэн: Энхбаяр

 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2019 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх