Ливэрпүүлийн Аваргуудын лигт үзүүлж буй амжилтын түлхүүр нь Жордан Хэндэрсон – Ахлагч бол талбайн гадна ч, дотор ч багийн залуусынхаа удирдагч нь байдаг.

  • Ливэрпүүл, Ромаг 7-6 –ийн харьцаатай буулган авч Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд шалгаран үлдлээ.
  • Улаанууд Ла Лигийн аварга Реал Мадридтай, 5-р сарын 2-ны өдөр Киев хотноо Европын аварга хэмээх эрхэм цолны төлөө халз тулах болно.
  • Жордан Хэндэрсон, Стадио Олимпико цэнгэлдэхэд 10 дахь удаагаа Ливэрпүүлээ ахлан талбайд гарсан.
  • Эдүгээ Хэндо улаануудын хувьд үнэлж баршгүй чухал хүн болжээ.

Мэлвүүд дэх бэлтгэлийн баазын Юргэн Клоппын өрөө руу очих хонгилын дагуух хананд онцгойлсон хэдэн зургууд өлгөөтэй буй. 

Ливэрпүүлийн агуу домгуудын бэлтгэлийн талбайд авахуулсан, эсвэл гоолын баяраа тэмдэглэж буй гэх мэт улиг болсон зургууд тэнд үгүй. Энэ хана бол Ливэрпүүлийн ахлагчдад зориулсан хана билээ. 

Бүхий л агуу ахлагчид энэ ханан дээр тус тусын байраа эзлэн заларсан байдаг. Стивэн Жэррард (473 тоглолтонд ахлагчийн туузтай гарсан), Эмлин Хьюз (337 тоглолтонд багаа ахалсан), Алан Хансэн (195 тоглолтонд ахлагчийн тууз зүүсэн), Грэм Сунэсс болон Фил Томпсон (хоёул 147 тоглолтонд багийн ахлагчаар тоглосон). Эдгээр домог болсон эрхмүүдийн араас хонгилын төгсгөлд Жордан Хэндэрсоны зураг байх бөгөөд эдүгээ тэр 106 тоглолтонд Улаануудаа ахлан ногоон талбайд гараад буй.

Зураг. Стадио Олимпикод шүүгчийн эцсийн шүгэл дугарсны дараа Хэндэрсоны баярлаж буй байдал

Түүний хэрхэн энэ өндөрлөгт хүрсэн зам тийм ч дардан бус. Ливэрпүүлийг Аваргуудын Лигийн 8 дахь финалд хүрэх замыг багаа ахлан туулж ирсэн түүний талаар хөгжөөн дэмжигчид хоёрдмол байр суурьтай байдаг. 

83 тоглолтонд улаануудыг ахалж, Клоппын өрөө рүү очих хонгилд өөрийн байр суурийг эзэлсэн Ронни Уэлан: “Тэр фэнүүдийн анзаардаггүй онцлог тоглолтыг байнга гаргаж байдаг юм” хэмээн өгүүлжээ. “Миний Ливэрпүүл дэх замналын эхэн үед ч иймэрхүү зүйлс тохиолдож байсан учраас би маш сайн ойлгож байна. Хэрэв би одоо ч тоглох боломжтой байсан бол яг л Жордан шиг тоглох байсан” хэмээн улаануудын домог хэлж байна. 

2015 оны 10-р сард Клопп ирсний дараа Хэндэрсон шинэ мэнэжэртэйгээ уулзжээ. Тэр Гэрман мэнэжэр багийн ахлагчийн талаар өөр бодолтой бол түүнийг шийдвэрийг хүндэтгэн хүлээн авахад бэлэн байв. Гэвч тийм зүйл болсонгүй.

Түүнээс хойшхи 2 жил хагасын хугацаанд Хэндэрсон, Ливэрпүүлийн хувьд нөхөж болшгүй чухал дүр болсон юм. Тэр Уэланы нэгэн адил, тоглолтонд талархал хүлээлгүйгээр үлэмж нөлөө үзүүлэн тоглохдоо, эрсдэлтэй тулаанаас хэзээ ч зайлсхийж байсангүй.

Зураг. Жордан Хэндэрсон, Стадио Олимпико -д багаа манлайлан ногоон талбайд гарч байна.

Түүний талбайн гаднах нөлөө ч маргашгүй чухал байсан юм.

Улирлын турш, хувцас солих өрөөний найрсаг харилцааны гол шалтгаан нь Жордан Хэндэрсон байсан бөгөөд тэр багийн тоглогчдоо хооронд нь эвтэй найртай байлгаж, ямар нэгэн үл ойлголцол, хагарлыг багтаа үүсгэх нөхцлийг бүрдүүлэх боломжийг хааж байв. Виргил Ван Дик, Алэкс Окслэйд-Чэмбэрлэйн нарыг багт хурдан уусч, чухал хэсэг болоход ахлагчийн үзүүлсэн нөлөө үлэмж билээ.

Хэндэрсон, Сандэрландаас 2011 онд 16 сая паундын шошготойгоор Ливэрпүүлд ирэхэд нь Стивэн Жэррард, Жэйми Каррагэр нарын домгууд түүнд хэрхэн хандаж, яаж тусалж дэмжиж байсныг хэзээ ч мартаагүй юм. Мохамэд Сала, Мэргэжлийн тоглогчдын холбооны Шилдэг тоглогчийн шагнал авах үед ийм нэгэн явдал болжээ. 

Ёслолын ажиллагаа Ням гарагийн үдэш буюу Аваргуудын Лигийн хагас шигшээн эхний тоглолтоос 48 цагийн өмнө байсан учраас Клопп багаа тэр чигээр нь Лондон руу аялахыг зөвшөөрөхгүй нь тодорхой байжээ.

Зураг: Эдүгээ 27 настай хагас хамгаалагч ногоон талбайн гадна ч, дотор ч маш том үүрэг гүйцэтгэдэг юм. (Тэр 2017-18 оны Аваргуудын Лигийн улиралд бөмбөгөнд 655 удаа хүрсэн нь Ливэрпүүлийн тоглогчдыг тэргүүлэх үзүүлэлт бөгөөд 22 такл, 14 бөмбөг таслалт хийсэн нь ч мөн багийн бусад тоглогчдоос илүү үзүүлэлт юм) 

Мэдээж Мо Сала үүнд гонсгор байсан учраас Клопп түүнийг Жордан Хэндэрсоны хамтаар Лондонд болох ёслолд оролцохыг зөвшөөрөв. Египт залуугийн дотны андууд нь Деян Ловрэн, Садио Манэ нар хэдий ч Мо Сала ёслолд хамт явахыг хүссэн хүн нь ахлагчийн хувиар хүндэтгэдэг Жордан Хэндэрсон байжээ.

Клопп ч мөн ялгаагүй бодож байсан учраас зөвшөөрсөн байна.

Хэндэрсон Ливэрпүүлийн Киев хүрэх болсон баярыг нэг шил жүржний фантагаар л тэмдэглэсэн гэдэг. Клопп Жорданд бүрэн итгэл үзүүлдэг бөгөөд Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарэт Саутгэйт ч мөн ялгаагүй. Шигшээ багийнхаа тоглогчдоос удирдах, ахлах чадвараар нь түүнийг үнэлсэн учраас ахлагчийн туузаа Ливэрпүүлийн ахлагчид зүүлгэж байсан. 

Эдүгээ Орост болох Дэлхийн аваргын шалгаруулах тэмцээн дөхөх тусам Гарэт Саутгэйт, Хэндэрсоныг улам ойроос ажиглах болсон юм.

Магадгүй Харри Кэйн, Английн шигшээ багийн хамгийн шилдэг нь байж болох хэдий ч Хэндэрсон бол багийн уур амьсгалыг дулаацуулж, нэг болгон зангидахад хамгийн тохиромжтой хүн нь байх болно. Энэ залуу өөрийн хувь хүний үзлээ гээж, багийн амжилтанд гол анхаарлаа хандуулж чадах хүн юм. 

“Тэр Стивэн Жэррард биш учраас л хааяа бусдаас шүүмж хүртэж байгаа хэдий ч тэд тэс ондоо тоглогчид учраас тэднийг хооронд нь харьцуулна гэдэг шударга бус хэрэг” хэмээн Уэлан хэлжээ. 

“Тэднийг багаа эн тэргүүнд тавьдаг чанараар нь харьцуулж бол болно. Ливэрпүүлийн ахлагч байна гэдэг байнга хашгирч, гуугачиж байна гэсэн үг биш. Чи сайн тоглогчдоор хүрээлүүлсэн бол “Миний хийж буйг хий, би тэргүүлнэ, та бүгд араас минь дага” гэсэн мэссэжийг өгөхөд л болно. 

“Энэ бүгд миний Жорданаас хардаг зүйлс. Тэр Клоппт таалагддаг учраас л багийн ахлагч байгаа юм биш. Тэр энэ ажлыг хариуцаж чадах зөв хүн нь учраас л ахлагч байгаа юм” хэмээн Ливэрпүүлийн домгуудын нэг Ронни Уэлан хэлж байна.

Тэр Ромд зөв ахлагч байж чадсан шигээ 5-р сарын 26-нд ч мөн адил Киевт зөв ахлагч байж чадна. Европын цомыг өргөсөн 5 дахь ахлагч болох ч бүрэн магадлал байгаа. Үүнийг эс тооцсон ч Жордан Хэндэрсоны зураг Ливэрпүүлийн бүх цаг үеийн Ахлагчдын зураг бүхий хонгилд үргэлжид байраа эзлэсэн хэвээр байх болно.

Доминик Кинг -ийн нийтлэлээс орчуулсан: Нисдэг Чэстмир

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2018 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх