This is Anfield, Карл Матчетт

Ливерпүүл хүчирхэг тоглолт үзүүлж Стоукийг талбай дээр нь хожсоноор хүснэгтийн тавд гарч ирлээ.

Хамгийн шахуу хуваарьтай өдрүүд ирээд байгаа энэ үед Юрген Клопп rotation буюу багийн тоглогчдоо ээлжлэн талбайд гаргах тактикаа үргэлжлүүлж Эмре Жан, Доминик Соланке болон гэмтлээс эргэн ирсэн Деян Ловренийг гараанд гаргалаа. 4-4-2 систем үр дүнгээ өгч Улаанууд давамгай бөмбөг эзэмшиж эхний хагаст хэд хэдэн гоолын боломж үүсгэлээ. Ингээд “Bet365 Stadium” цэнгэлдэхэд 3-0-ээр ялалт байгуулсан тоглолтын дараа ярилцах таван сэдэв.

Гайхашруулсан баруун жигүүр

Жо Гомез баруун ард гарч, Алекс Окслейд-Чэмберлен түүний урд, талбайн төвд тоглов. Дөрвөн хагас хамгаалагчийн нэг шугамд тавих нь Ливерпүүлийн хувьд тийм ч сурсан дадсан зүйл биш ч Стоук дээр энэ тактик үр дүнгээ өглөө. Гомез хамгаалалтад гайхалтай байж, эрс шийдэмгий чанар, тоглолтыг унших чадвараараа эхлээд Чоупо-Мотингийг, дараа нь Хесе Родригесийг баглаж, чөлөөтэй тоглох орон зай өгсөнгүй. Английн шигшээгийн хамгаалагч тоглолтоос тоглолтод сайжирч, боловсорч, тэгш тоглолтоороо сэтгэгдэл төрүүлсээр байна. Түүний урд тоглосон Окслейд-Чэмберлен сөрөг довтолгоонд сайн байсны зэрэгцээ мөн хойшоо татаж, цуцалгүй гүйж, нэхэлт сайн хийв. Харилцан ойлголцол, зохицлыг бий болгох нь хамгийн чухал байсан ба байрлалын (formation) тактикийн өөрчлөлт дахин амжилт олсон нь олзуурхууштай. Гомез, Чамбо хоёр талбайн аль ч хэсэгт Клоппын хамгийн эхний сонголт байж, гараанд гарахгүй ч байсан баруун жигүүрийн хүчирхэг хослол болсон гэдэг нь тодорхой харагдав.

Эмре Жан хаашаа зүглэнэ вэ?

Улаануудын дунд шугамд Эмре Жан тийм ч мундаг байж чадсангүй. Жини Виналдум тэр хоёр довтолгоог дэмжин урагшилж, буцаж хамгаалах даалгавартай гарсан ч эхний үед герман залуу голланд хамтрагчаа хаяж талбайн төвд ганцаардуулах нь их байлаа. Талбайн төв хэсэг, хамгаалалтын шугамын урд хэсгийг сайн эзэрхийлж чадаагүйн улмаас Стоукийн довтолгоо, дамжуулалт манай 16 дотор аюул тарихаар нөхцөл үүсч байв. Жан бөмбөг эзэмшилт дээр тааруу байж, бөмбөгөө алдаж, эсрэг багийн тоглогчийг ямар ч шаардлагагүйээр татан унагаж шар хуудас авсан нь сахилга бат муутайг харуулж байна. Гэрээний асуудал нөлөөлсөн ч бай, үгүй ч бай, ямар ч тоглогч талбайн дунд чухал үүрэг хүлээж авахдаа шийдэмгий, зүтгэлтэй тоглох ёстой. Харамсалтай нь, “23”-аас тэрхүү зүтгэл, сэтгэл тун бага харагдав. Жаны гэрээний байдал ойрын үед тодорхой болж, хаашаа зүглэх нь тодорхой болох биз.

Клоппын тойруулга (rotation) ба сэлгээ

Үр дүн санал сэтгэгдэлд хэрхэн нөлөөлж буй нь их зугаатай. Соланкег гаргаж, Салахыг сэлгээнд суулгасан нь копуудыг гайхуулж, дахиад л оноо алдах нь дээ гэж бодсон байж болно. Гэвч эрсдэлтэй санагдаж байсан гараа, Клоппын тактик гурван оноо авчирснаар дасгалжуулагчийн арга барил, тактикийг үнэлэх, сайшаах хандлага давамгайлж эхлэв. Тэрээр ямар ч дасгалжуулагчаас дутахгүй өвөрмөц тактиктай гэдэг нь харагдсан юм. Бас нэг түлхүүр тоглогч болох Коутиньо амраад авсан бол, Жордан Хендерсон сүүлд орж ирж хэдэн минут гүйлээ. Салахын тоглосон 25-хан минут итгэл төгс ялалт авчрахад хангалттай байсан. Сүүлийн тоглолтод гараанд гараагүй Мане, Соланке, Ловрен, Милнер, Фирмино нар талбайд гарч тоглолтод оролцов. Ийнхүү ротэйшн багт сайнаар нөлөөлж эхлээд байна.

Соланкегийн боломж

Залуу халуун Доминик хөвгүүнийг Клопп Премьер лигийн анхны гараагаар нь шагнасан нь тун ч зоримог шийдвэр байлаа. Тэрээр эхний гоолын дамжуулалтыг өгсөн ч дараа нь гоол оруулах сайхан боломжийг алдсан юм. Тоглолтын дараа тэрээр “Сэтгэл тун хангалуун байна. Би улам сайжирч Клоппт өөрийгөө батлан харуулахыг хичээх болно” хэмээн ярьжээ. Тэрээр анхны гараан дээрээ Манед гоолын дамжуулалт өгч, талбайд 66 минут тоглосон нь үнэхээр үр өгөөжтэй, хэрэгтэй зүйл болов. Тэр дахиж гараанд гарах уу? Мэдээж, Старрижтай төвийн довтлогчийн нэгдүгээр сонголтын төлөө ширүүн тулаан өрнүүлэхээр болж байна.

Зогсоошгүй Мо

Салахыг гараанд байхгүйг харсан зарим фэн муу үр дүн харах вий гэж болгоомжилсон ч гагцхүү түүний ачаар Ливерпүүл өрсөлдөгдөө талбай дээр нь 3-0 харьцаагаар итгэл төгс хожлоо. Түүнийг талбайд орж ирэхээс өмнө Ливерпүүл 1-0-ээр тэргүүлж, түүнгүйгээр ч хожлоо хадгалж чадах байсан ч Мохамед Салахын гайхалтай хоёр гоол ялалтыг баталгаажуулж, багийн итгэл, сэтгэл зүйг ихээхэн өргөж чадсан билээ. Мане-Салах хослол ямар ч багийн хамгаалалтыг сэтэлж, аюул тарихаар болсон нь энэ тоглолтоос дахин батлагдав. Тэр тусмаа Салах, Мане зэрэг хурдан довтлогчид ямар ч хамгаалалтыг сандаргаж, итгэлтэй, хүчтэй тоглолт үзүүлэхэд тун ч сайнаах нөлөөлж байна. Салах хоёр гоол оруулж 11 гоолтойгоор Премьер лигийн мэргэж буучдыг тэргүүлсээр.

Орчуулсан: Нямка

 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2017 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх