Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Ливэрпүүл Чононуудын талбайгаас ялалт авсныхаа дараа удаах багаасаа 4 оноо холдлоо. Тэд аваргуудын чанарыг харуулахуйц тоглолт үзүүлсэн бөгөөд өчигдрийн тоглолт улаануудын шилдэг тоглолт биш хэдий ч санаачилгыг хангалттай гартаа атгаж чадсан юм. Мо Сала Лигийн 11 дэх гоолоо бүртгүүлснээс гадна Виргил Ван Дэйкт тоглолтын цэгийг хатгасан гоолын дамжуулалтыг мөн гаргаж өгсөн. Ийнхүү Европ даяар өргөн тэмдэглэдэг Кристмасын баярын бэлгээ фэнүүддээ гардуулж, улирлын эхний 18 тоглолт дараалан ялагдал амсалгүй, хүснэгтийн оргил дахь байр сууриа хадгалан үлдлээ.

Түүх бүтээгчид

Зураг

Манчэстэр Ситигийн гайхалтай формтой байх үед тэдэнтэй бодьтой өрсөлдөөн үзүүлж, түрүү байрны төлөө өрсөлдөж буй ганц багийн хувьд тэд эргэлзээгүй түүхэн амжилт харуулж буй хэмээн тооцож болно. Өнгөрөгч 6 улирлын 2 –т нь 48 оноог Ливэрпүүлчүүд 31 тоглолтын дараа авч байсан билээ. Тэд чононуудыг үүрэнд нь агнасныхаа дараа 48 оноонд 18 тоглолтын дараа хүрсэн нь нэг тоглолтонд дунджаар 2,66 оноо авч байгаа гэсэн гайхам статистик харууллаа. Клопп болон түүний хөвгүүдийн бүтээж буй энэ амжилтыг Анфилд урьд хожид харж байгаагүй.

Сала-гийн "үлэмж" нөлөө


Зураг

Сала Ливэрпүүлийн эгнээнд ирснээсээ хойш 77 тоглолтонд оролцож 58 гоол оруулаад байгаа нь ч мөн төсөөлөмгүй амжилт юм.

Молиньё стадионд оруулсан гоёмсог гоол нь түүнийг лигийн довтлогчдын тэргүүн эгнээнд залсан нь фэнүүд болон Прэмьер Лигийн үзэгчдийн хувьд түүний талаарх “нэг улирлын гайхамшиг” гэсэн эргэлзээг тайлсан буй заа.

Түүний энэ улиралд оруулсан 11 гоолын 8 нь тоглолтын эхний гоол буюу тоглолтын цорын ганц гоол байсан нь түүний нөлөө хэр болохыг өгүүлнэ. Тэрээр мөн энэ улирлын гоолын дамжуулалтын тоогоороо багаа тэргүүлж буйг дурдах нь зүйтэй.

Ван Дэйкийн "мангас" статистик


Зураг

Чононуудын эсрэг тоглолтын шилдэг тоглолтоор Мохамэд Сала-гийн довтолгооноос гадна Жордан Хэндэрсоны хагас хамгаалалт дахь сайн тоглолт, Виргил Ван Дэйкийн доминант хамгаалалтыг дурдах ёстой. 
Голланд хамгаалагч маань агаарын тулаанууддаа 100% ялалт байгуулж, дамжуулалтуудынхаа 92% -ийг нь эзэнд нь оновчтой хаяглаж аюултай 5 бөмбөг цэвэрлэснээр барахгүй гоолын самбарт өөрийнхөө нэрийг бичүүлсэн нь түүнийг баасан гарагийн тоглолтын баатраар өргөмжлөхөд хангалттай.

Өнгөрөгч 1-р сард Ливэрпүүлд ирснээсээ хойш Ван Дэйк олон үзүүлэлтээр лигийн тоглогчдыг тэргүүлж байна. 

Хамгийн олон бөмбөгөнд хүрсэн тоглогч: (2846)
Хамгийн олон минут талбайд тоглосон тоглогч: (2845 минут)
Хамгийн олон дамжуулалт өгсөн тоглогч: (2471)
Хамгийн олон бөмбөгний төлөөх тулаанд ялсан тоглогч: (213)
Хамгийн олон аюултай бөмбөг цэвэрлэсэн тоглогч: (173)
Хамгийн олон агаарын тулаанд ялсан тоглогч: (155)
Хамгийн олон бөмбөг таслалт хийсэн тоглогч: (38)
Хамгийн олон цохилтонд хаалт тавьсан тоглогч: (13)

Зүгээр л гайхалтай.
Түүний одоогийн формыг дэлхий дээр өөр ямар ч хамгаалагч давтаж чадаагүй байгаа юм. 
Тэрээр хамгаалагч хэдий ч “Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны (PFA) оны шилдэг тоглогч” -ийн санал асуулгыг тэргүүлж явна. 

Улаануудын “нэвтэлшгүй” хамгаалалт

Зураг

14 сарын өмнө Тоттэнхамд 4-1 –ээр хожигдсоны дараа Клоппын хамгаалалт? гэсэн том асуултын тэмдэг хөлбөмбөг сонирхогчдод байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд герман мэнэжэр энэ асуултын тэмдэгийг баллуурдан хаяад байгаа юм. Өнгөрөгч улирлын гайхамшигт довтолгоо нь Европ даяар шагшигдаж байсан шиг эдүгээ улаануудын хамгаалалт дэлхийг бишрүүлж байгаа гэхэд хилсдэхгүй. 18 удаагийн лигийн тоглолтын дараа тэд хаалгандаа ердөө 7 гоол алдаж, 11 тоглолтонд хаалгандаа бөмбөг алдаагүй гэсэн үзүүлэлт Ливэрпүүлийн хамгаалалтыг тодорхойлчихож байна.
Брэндан Рожэрсын хамт Прэмьер Лигийн аваргын титэмд хамгийн ойртон очсон улиралд улаанууд бүтэн улирлын туршид 10-хан удаа хаалгандаа гоол алдалгүй тоглолтыг дуусгаж байсан байх юм. 
Харин хамгийн сүүлд 1989/90 оны улиралд улаанууд Английн дээд лигийн аварга авахдаа Кристмасын үеэр 6 тоглолтонд хаалгаа хуурай манасан байх юм. Тэрхүү улиралд улаанууд улирлын 42 тоглолтын дараах байдлаар 12 удаа л хаалгандаа гоол алдалгүй тоглолтоо дуусгаж байж.

Клопп – ялалтын хөтөч

Зураг

Түүнийг Анфилдад Английн аваргын цомыг авч ирэх хүртэл хангалттай магтаал сайшаал ирэхгүй болов уу. Гэсэн хэдий ч тэр Ливэрпүүлийн мэнэжэрийн хувиар олон гайхалтай ажлуудыг хийсээр ирсэн. Клопп клубыг талбай дотор ч, талбайн гадна ч Английн болоод Европын хүчирхэг клуб болгон өөрчилж чадсан.

2016/17 оны улиралд ФА Цомоос улаануудыг мулталж хаясан Чононуудыг буулган авсан Ливэрпүүлийн босс ийнхүү Англид ирснээсээ хойш нүүр тулсан бүх 32 багаа бүгдийг нь хожиж чадсан үзүүлэлтийн эзэн болж байгаа юм. 

Ливэрпүүл түүний гарт аюулгүй байх болно.

Орчуулсан. Нисдэг Чэстмир

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх