Ливэрпүүлийн домогт тоглогч, Скай спортсын эксперт Жэйми Каррагэр Испанид зочилж, нэгэн цагт Ливэрпүүлийн төлөө хамтдаа зүтгэж явсан Луис Суарэзтай сонирхолтой ярилцлага хийснийг та бүхэндээ хүргэж байна. 

Барселонагийн шинэ бэлтгэлийн бааз Сиутат Эспортивад хуучны андууд болох Жэйми Каррагэр, Луис Суарэз нар уулзлаа. Суарэз бол яг одоогоор ид ирэн дээрээ яваа, хамгийн гал цогтой довтлогч бол Жэймигийн хувьд зодог тайлж, хөлбөмбөгийн экспертийн хувиар Испанид зочлон ирээд байгаа нь энэ. 

Английн Премьер лигийн тодоос гялалзах од нь байсан Луис Суарэз 2014 оны Долдугаар сард Анфилдыг орхиж, 75 сая паундаар Барсагийн эгнээнд шилжиж байлаа. Тэрээр одоо дэлхийн хамгийн шилдэг довтолгооны гурвал болох MSN-ий нэг хэсэг болж, гайхалтай амжилтыг үзүүлсээр явна. MSN буюу Мэсси, Суарэз, Нэймар гурав зөвхөн 2015 онд хамтдаа 137 гоолыг оруулсан юм. 

Ливэрпүүлийг орхиж, Барселонд очсноосоо хойш Суарэз 5 цом хүртсний дараа анх удаагаа Британийн хэвлэлд ийнхүү ярилцлага өгчээ. 

Карра: Барселона дахь гоолын амжилт чинь 77 тоглолтонд 61 гоол байх аа? Олон хамгаалагчид чиний эсрэг тоглохдоо чамайг сайн барьж, гоолдохыг чинь зогсоож чадахгүй л байна. Өнгөрсөн хавар Анфилдад болсон сайн үйлсийн тоглолтыг санаж байна уу? Тоглолт 2:2-оор тэнцсэн, чи хоёрдугаар хагас эхлэхэд талбайд орж ирсэн шүү дээ. 

Суарэз: (инээв) Бид уг нь сайн санааны нөхөрсөг тоглолтод оролцсон шүү дээ. Гэтэл чи үнэнгээсээ ширүүн тоглож байсан. Чи үргэлж л тийм байдаг.

Карра: Би үргэлж үнэнгээсээ тоглохыг хүсдэг шүү дээ. За тэр яахав, Чи 2011 оны 01-р сард Ливэрпүүлд ирж байлаа. Тэр үед чи авьяаслаг сайн тоглогч гэгддэг байсан. Харин таван жилийн дараа чи энэ дэлхийн хамгийн шилдэг төвийн довтлогч болсон. Яаж ингэж сайжрав? 

Суарэз: Ливэрпүүлийн хувцастай тоглох нь үргэлж миний мөрөөдөл байсан юм. Үүний төлөө би маш их хичээсэн. Стиви болон чиний хамтаар Ливэрпүүлийн төлөө тоглох үнэхээр гайхалтай байсан юм шүү. Харин үүний дараа би арай өөр зүйл бодож эхэллээ. Энэ үед ч намайг Европын хүчирхэг багууд сонирхож эхэлсэн. 

Карра: Чамайг Ливэрпүүлд тоглож байхад хүмүүс "Хэрвээ бид Аваргуудын лигийн эрх авч чадвал Луис үлдэх болно" гэлцдэг байлаа. Харин би "Үгүй дээ, Аваргуудын лигт тоглох нэг өөр хэрэг. Тэр зөвхөн цомыг өргөхийн төлөө л тоглоно" гэж хэлж байсан юм. Аваргуудын лигт оролцох, медаль хүртэх нь хоёр ондоо зүйл. Би үүнийг л хэлж байсан. 

Суарэз: Тийм ээ. Миний сэтгэл зүй ч үргэлж тийм л байсан. Үргэлж л хожихын төлөө тоглох ёстой. Ливэрпүүлд тоглож байхдаа би үргэлж л багаа өмнөх элит түвшинд нь аваачихыг хүсдэг байлаа. Би үүний төлөө 5 жилийг зарцуулсан. Бид хувцас солих өрөөнд энэ зүйлийн талаар л ярилцдаг байсан.

Ливэрпүүл Аваргуудын лигийн гадна үлдвэл клубт чадварлаг тоглогчид ирэх нь хүндрэлтэй л байсан. Харин миний Барселонд ирсэн шалтгаан бол зүгээр л тус тэмцээнд оролцохдоо бус, түрүүлэх боломж нь илүү байсан болохоор сонгосон гэж хэлж болно. 

Карра: Би өнгөрсөн 6-р сард Берлинд болсон үйл явдлыг санаж байна. Шувтаргын тоглолтод Ювентусын хаалганд хожлын гоол хийх үед чамайг яг зөв цагтаа, зөв шийдвэр гаргажээ гэдгийг ойлгосон? 

Суарэз: Хөлбөмбөгт аливаа зүйлс бусдын төсөөлөхийн аргагүй хурдан болж өнгөрдөг. Би муу залуу байж, хамаг ялыг үүрэх хамгийн тааруу тоглогч болж байсан ч бүх зүйлийг өөрчилж, хамгийн чухал гоолуудыг оруулдаг тоглогч болсон. Боломж үргэлж л байдаг. Би болсон бүх зүйлээс эргэн босч ирж чадсандаа бахархалтай байдаг. Үүнд л би хамгийн сэтгэл хангалуун байдаг даа.

Карра: Барселонд тэр бүр шилдэг тоглогчид амжилт олоод байдаггүй. Үүний нэгэн том жишээ бол Алексис Санчез. Тэр бол маш сайн тоглогч хэдий ч Барселонад төдийлөн амжилт олж чадаагүй. Луис, чиний Барселон дахь амьдрал ямар байна? Хэр дасан зохьцож байна вэ? 

Суарэз: (гүнзгий амьсгаа авав) Тийм ээ. Эхэндээ би Барсагийн арга барилд тийм ч тохирохгүй гэж боддог байлаа. Тэд тики-така хөлбөмбөг тоглодог, үүнд дасан зохьцоход надад хугацаа шаардагдана гэж боддог байв. Үнэн хэрэгтээ багагүй санаа зовж л байлаа. Гэхдээ багийн маань нөхөд надад туслаж, Луис Энрикэ намайг №9 байрлалд тоглуулах болоход би тайвширч эхэлсэн. Би Лео, Нэй нартай маш сайн харилцаатай. Мөн энэ багийг жолооддог Андрэс Иньеста байна, тэр үнэхээр гайхалтай тоглогч. Би багийнхаа нөхөдтэй өрсөлдөх гэж бус тэдэнд туслахын тулд л энд ирсэн. 

Карра: Шударга ярилцъя. Ливэрпүүлээс явсны дараа чамайг Барселонад баруун жигүүрийн довтолгоонд тоглоно байх гэж бодож байлаа. Тэр байрлалд чи төдийлөн сайн тоглолтоогаргахгүй гэдгийг би мэднэ. Мэсситэй байрлалаа солих шийдвэрийг хэн гаргасан бэ? 

Суарэз: Энэ бол дасгалжуулагчийн шийдвэр байсан. Баруун жигүүрийн байрлал надад тухтай санагдаагүй. Леогийн нөхцөл байдал ч тийм байсан. Аваргуудын лигийн тэмцээнд Аяаксын эсрэг тоглолтод бид өөрчлөлтөө хийсэн юм. Энэ нь тун оновчтой болж чадсан учраас дасгалжуулагч маань шийдвэрээ гаргахад илүү хялбар байсан болов уу. 

Карра: Сая Копа дэл Рэйн хагас шигшээн эхний тоглолтод танайх Валенсиаг 7:0-ээр бут ниргэсэн. Чи дөрвөн гоол оруулж, Мэсси гурвыг хийсэн. Харин Нэймар пеналт алдаж, өөр хэд хэдэн гоол оруулах боломж алдсан ч чамайг гоол оруулах үед өөрөө гоолдсон мэт баярлаж байсан? 

Суарэз: Надад гоол оруулж чадахгүй байх үе тохиолддог. Үнэнээ хэлье, энэ үед би жаргалтай байж чаддаггүй. Энэ бол миний араншин гэдгийг чи мэднэ. Бид энд суугаад бүх зүйлийг урьдчилан төлөвлөж чадахгүй. Хүмүүс өөрийн харснаараа л дүгнэдэг. Харин хувцас солих өрөөнд биднийг юу ярилцдгийг, камергүй үед хэрхэн инээлдэн хөгжилддөгийг тэр бүр мэдэхгүй. Үнэнийг хэлэхэд бид хамтдаа тоглож байгаадаа баяртай байдаг. Би үнэндээ бусдад атаархаж, жөтөөрхдөг төрлийн хүн биш. Лео болон Нэй нар ч мөн адил. Хэрвээ хувцас солих өрөөнд атаач зан байвал талбай дахь бүх зүйл эсрэгээрээ эргэдгийг чи мэднэ дээ. 

Карра: Ливэрпүүлд чиний ард Каррагэр тоглодог байсан учраас чи илүү хариуцлага хүлээж тоглодог байсан. Харин одоо бэлтгэл бүр дээр миний хоёр хөлний завсраар бөмбөгөө гаргадаг(nutmeg) үйлдлийг Жэрард Пикье дээр туршдаггүй гэдэгтэй чинь би мөрийцөхөд ч бэлэн байна?

Суарэз: (толгой дохин инээв) Үгүй дээ... Би хичээж байгаа.

ЛУИС СУАРЭЗ: БИ ОРУУЛСАН ГООЛ, ХҮРТСЭН ЦОМООРОО БУСДАД ДУРСАГДМААР БАЙНА.

Карра: Өнгөрсөн хугацаанд чи таагүй зүйлстэй олон орооцолдож байсан. Хожим хойно хүмүүс чамайг юу хийж бүтээснээр нь илүү дурсан санана гэж боддог. Луис Суарэз хүмүүст гайхалтай тоглогч, хөлбөмбөгчин гэдгээрээ дурсагдахыг хүсдэг үү? Эсвэл?

Суарэз: Тийм ээ, би хүмүүст эергээр дурсагдахыг хүсч байна. Тэд миний хийж байсан муу зүйлсээр минь намайг дурсах болно гэдгийг ч мэдэж байна. Гэсэн ч би одоо тэр бүхнийг өөрчлөх боломжгүй. Харин би эергээр дурсагдахын тулд сайн дурсамжийг л үлдээх ёстой гэдгээ ойлгосон. Барселонд ирсэн жилдээ Аваргуудын лигт түрүүлж, боломжит 6 цомоос тавыг нь хүртэж чадлаа. Дахиад ч Аваргуудын лигт түрүүлэх боломж надад байна, түүхийг бичихийн төлөө зорьж явна.

Карра: Премьер лигт түрүүлж чадаагүй нь чамд одоо хэрхэн нөлөөлдөг вэ? Кристал Паластай хийсэн тоглолтын дараа чамайг уйлж байсныг би санаж байна?

Суарэз: Зүрх сэтгэл минь эмтрэх шиг болдог. Энэ тухай эргэн санахад надад маш хүнд байдаг юм. Бидэнд маш онцгой боломж тохиогоод байсныг би мэдэж байсан. Бид ч маш сайн тоглож байлаа. Нэлээд хэдэн гоолын давуутай байсан ч Кристал Паласчууд биднийг алж орхисон. Энэ тоглолтод тэнцэх үедээ л би лигт ялагдсан гэдгээ мэдсэн юм.

Бүгд л хүнд өвчин туссан мэт болсон. Дараа нь бид хувцас солих өрөөнд чиний тухай ярилцсан. Чи Ливэрпүүлд 17 жил тоглоод, үүнээс 12 сарын өмнө тоглохоо больсон. Бид үнэхээр маш ойрхон ирээд байсан шүү дээ. Тэр тоглолтыг үзэж байхад чамд ямар сэтгэгдэл төрж байв?

Карра: Үнэхээр маш хүнд байсан. Миний хүү бүх л тоглолтыг үздэг. Гэр бүл болон найзууд бүгд л Ливэрпүүлийг ялаасай гэж хүсч байсан. Гэхдээ дараа нь би нэг зүйлийн талаар бодож билээ. Хэрвээ Ливэрпүүл тайтл хүртсэн бол намайг тэрнээс яг нэг жилийн өмнө явсан ердөө л жирийн нэг тоглогч шиг хүлээн авах байх даа гэж бодсон.

Суарэз: Би өмнө нь хэлж байгаагүй л дээ. Гэхдээ хөлбөмбөгөөс зодог тайлах үедээ чам шиг хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэдгийг ойлгосон юм. Чи зодог тайлах үедээ Ливэрпүүлийн хамгийн агуу тоглогчдын нэг болж чадсан шүү дээ. Чиний хамгийн сүүлчийн тоглолтоос би ийм л зүйл мэдэрсэн.

Карра: Хамгаалагчдад наад чинь нэг их хамаагүй дээ.

Суарэз: Чиний сүүлийн тоглолтын дараахи үдэшлэг хамгийн мартагдашгүй байсан шүү. (инээв)

Карра: Чи өөрөө энэ тухай хэлэхэд эвгүй байж мэдэх ч миний бодлоор чи энэ цагийн хамгийн шилдэг төвийн довтлогч. Чи залуу тоглогч байхдаа хэнээс үлгэр дуурайлал авдаг байсан бэ?

Суарэз: Габриэл Батистута. Тэр хүчирхэг, агаарт маш сайн тоглож чаддагаас гадна аркны араас маш сайн цохьдог гайхалтай №9 байсан шүү. Тэр үргэлж миний хувьд даган дуурайдаг нэгэн байсан. Би Батигоолын тоглолтыг үзэж байхдаа түүн шиг довтлогч болохыг мөрөөддөг байлаа. Бас тэр хаалттай цохилтыг маш мундаг цохьдог. Харин надад энд хаалттай цохилт хийх боломж олдохгүй байна. (инээв) Гэхдээ би түүний бичлэгийг байнга үзэж, түүнийг давтахыг хүсдэг хэвээрээ.

Карра: Хөлбөмбөгийн замналынхаа төгсгөлийг Ромарио, Марко ван Бастен, Батистута, Роналдо нарын агуу төвийн довтлогчдынх шиг байгаасай гэж хүсч байна уу?

Суарэз: (нэлээд бодолхийлэв) Суарэз...

Карра: Яг даа... (инээв) Чи энэ улиралд хэдэн гоолтой яваа вэ?

Суарэз: (бодолгүй шууд хариулав) 36

Карра: Тэгсэн мөртлөө чи өөрийнхөө гоолын статыг мэдэхгүй гэж ярих юм? Чи энэ улиралд хэдэн удаа гоолдсноо яг таг мэдэж л байна шүү дээ.

Суарэз: (инээв) Үгүй ээ, үгүй. Би үнэнээ л хэлье. Би хэдэн гоол оруулснаа яагаад сайн мэдэж байна гэхээр надад зүгээр л тоглолтын дараа энэ тухай хэлсэн юм.

Карра: За тийм ээ, тийм. Бүгд л ингэж хэлдэг юм. Энэ довтлогч нар уу... Та нар бол үнэндээ хэдэн гоол оруулснаа яг таг мэддэг, статистикийг нарийн цээжилдэг шд. Тэгээд чи 35 гоолыг хийхдээ хэдэн тоглолтод оролцов доо?

Суарэз: (үргэлжлүүлэн инээсээр өмнөх шигээ шууд л бодолгүй хариулав) 34!

Карра: Тээр, харж байна уу? За энэ яахав, чи Премьер лигийг санаж байна уу?

Суарэз: Тийм ээ, үнэнийг хэлэхэд би маш олон зүйлсийг нь санаж байна.

Карра: Онцгойлон нэрлээч? Испани, Англид тоглохын гол ялгаа нь яг юу вэ?

Суарэз: Тоглолтын үеэрх уур амьсгалыг их үгүйлж байна. Гол ялгаа гэвэл, Премьер лигт юу болохыг хэн ч урьдчилан тааж мэдэхийн аргагүй байдаг бол энд тийм ч сүрхий ялгаа гарахгүй. Үнэнийг хэлэхэд Испанид 3,4 багийг эс тооцвол классын хувьд дэндүү хол зөрүүтэй. Би онгирмооргүй байна л даа, гэхдээ тоглолтын өмнө заримдаа хэвлэл сөхөхөд “Барса өнөөдөр хэдэн гоол хийх вэ” гэх мэт зүйлс бичигдсэн байдаг. Харин Премьер лигт юу өрнөхийг хэн ч тааварлаж чаддаггүй. Яг үүнийг л би маш их үгүйлж байна.

Мөн цэнгэлдэхийн доторхи уур амьсгалыг их санаж байна. Тэнд ихэнхдээ элдэв дайралтууд над руу чиглэдэг байлаа. Мөн Анфилдын хөгжөөн дэмжигчид маань үнэхээр ер бусын. Заримдаа би Анфилд руу явж байхдаа хөгжөөн дэмжигчдийг хараад “Өөө, өнөөдөр чинь нээрээ тоглолттой өдөр шүү дээ” гэж хүртэл бодож л байлаа. Хааяа сэтгэл санаа минь тавгүйрэх үе тохиолддог л байсан. Гэвч тоглохын өмнө халаалтанд гарах үед л бүх зүйл орвонгоороо өөрчлөгдөж орхидог. Би өөрийн эрхгүй л “Өнөөдөр хоёр, гурван гоол заавал оруулна даа” гэж бодож эхэлсэн байдаг байлаа. Хөгжөөн дэмжигчид маань тоглолтод шууд нөлөөлж, хөтлөн явдаг байсан нь үнэхээр итгэмээргүй.

Карра: Чи хөлбөмбөгийн замналаа магадгүй Барселонад өндөрлөхгүй байх? 31 юм уу 32 хүрэхээрээ Премьер лигт эргэн ирье гэж боддог уу? (Тэр одоо 29 настай) Эсвэл Европын өөр лигт хүч сорих тухай бодож үзсэн үү?

Суарэз: Үгүй. Би энд илүү олон жилийг өнгөрүүлэхийг хүсч байна. Гэхдээ ирээдүйг тааж хэлэхийн аргагүй. Хэрвээ би Премьер лигт буцаж очихоор бол зөвхөн Ливэрпүүлийн төлөө л тоглох болно. Английн өөр ямар нэгэн клубт тоглохыг хүсэхгүй байна. Надад мөнгө сонин биш.

Мөн Аяаксын төлөө ч дахин тоглохоос татгалзахгүй. Тэд намайг Европын түвшний тоглогч болгон хөгжүүлсэн.

Карра: Хэрвээ би Ливэрпүүлийн менежер болчихсон, чамайг хамгийн түрүүнд багтаа нэгтгэхийг хүсвэл чи яах вэ?

Суарэз: Чи хэзээ Ливэрпүүлийн менежер болох юм?

Карра: Чи харин хэзээ буцаж ирэх боломжтой болох вэ?

Суарэз: (инээснээ)3 жилийн дараа?

Карра: Тохирлоо. Би тэгвэл юмаа бэлдэж эхэлье.

Орчуулсан: Redman

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2017 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх