Ливэрпүүлийн энэ зун багтаа элсүүлсэн шинэ цэргүүдийн нэг болох Натаниэл Клайны анхны ярилцлагыг хүргэе. Наймааны цонх нээгдэнгүүт тун завгүй ажилласан Ливэрпүүлийнхний 6 дахь наймаа болон Ливэрпүүлийн улаануудтай, Саутхэмптоноос ирэн нэгдсэн тэрээр 2012 онд Кристал Паласаас Гэгээнтнүүдийн эгнээнд элсэж байсан бөгөөд 24 настай баруун жигүүрийн хамгаалагч, Ливэрпүүлийн хувьд шийдэхэд хүндрэлтэй болоод байсан баруун жигүүрийн хамгаалалтын асуудлыг бүрэн шийдэх бизээ. 

Натаниэл, Ливэрпүүлд тавтай морил. Таны сэтгэгдэл ямар байна? Яг одоогийн сэтгэл хөдлөлөө бидэнтэй хуваалцаач.

Би маш их баяртай байна. Ливэрпүүлийн төлөө тоглохоор болсондоо үнэхээр их баярлаж байна. Ливэрпүүл шиг агуу түүхтэй клубын нэгэн хэсэг болж, тэдний төлөө тоглохоор ирнэ гэдэг миний хувьд мөрөөдөл биелж байна гэсэн үг. Анхны тоглолтоо хүлээж тэсэхгүй нь.

Ливэрпүүлээс өөрийг чинь сонирхож байгаа талаар анх мэдснээс чинь хойшхи хэдэн 7 хоногийн хугацаанд хэр сэтгэл хөдөлж байв?

Сэтгэл их хөдөлж байлаа. Ливэрпүүл намайг сонирхож байгааг мэдснээс хойш энэ наймаа хурдхан бүтээсэй хэмээн хүлээж байлаа. Эцэст нь бүх зүйл сайхан бүтэж, одоо би баяртай байна.

Прэмьер Лигийг үздэг, мэддэг хөлбөмбөг сонирхогчдын хувьд таны нэр маш алдартай. Та нэлээд хэдэн клубуудээс санал авсан ч гэсэн яагаад Ливэрпүүлийг сонгох болов?

Ливэрпүүл бол яг л надад таалагддаг хөлбөмбөгийг тоглодог баг. Мэнэжэр \Рожэрс\ намайг авахыг маш их хүсч байсан бөгөөд энэ бол би тоглогчийн хувиар өсч дэвжихэд яг тохирсон газар. Өөрийн нөөц бололцоог нээж, өсч дэвжихэд яг л хэрэгтэй газраа ирсэндээ эргэлзэхгүй байна.

Та сая мэнэжэр гэж хэллээ. Тэр таны энэхүү шилжилтэнд чухал нөлөөтэй байсан уу? Тэр өмнө нь залуу тоглогчдод их боломж олгож байсан ...

Эргэлзээгүй, тэр залуу тоглогчидтой сайн ажиллаж, өсч хөгжихөд нь үргэлж тусалж ирсэн. Надад өөрт минь нөөц бололцоо маш их бий гэж боддог учраас тэр намайг хөгжүүлэн шилдэг тоглолтоо гаргахад минь том хувь нэмэр оруулах болно.

Тэр таныг хэрхэн өсч хөгжих боломжтой талаар тантай ярилцсан уу?

Тэр надтай тусгайлан ярилцаж, маш олон төрлийн нэмэлт бэлтгэлүүд хийх тухай ярилцсан. Би үүнийг л хүсч байна. Би бүх хүчээ дайчлан, багтаа уусан, хувь тоглогчийн хувьд оргилдоо хүрэхийг хичээх болно.

Таны нэлээд дээр үеийн нэгэн ярилцлагыг би санаж байна. Та аль болох олон цом авч, карьерынхаа төгсгөлд эргээд харахад авч болох бүхнийг авсан байхыг хүсч байна хэмээн ярьсан байсан. Ливэрпүүлтэй хамт та энэ зорилгодоо хүрнэ гэж бодож байна уу?

Тиймээ, эргэлзээгүй. Бидэнд үүнийг хийж чадах хангалттай баг бүрэлдэхүүн байна. Энэ улиралд бид оролцсон бүх тэмцээнийхээ аваргын төлөө л өрсөлдөнө гэж бодож байна. Би үүний төлөө л тэмцэх болно. Би боломжит бүхий л цомуудын төлөө өрсөлдмөөр байна. Бид нэгэн сайхан улирлыг үдэж, улирлын эцэст зарим цомуудыг өргөх болов уу гэж найдаж байгаа.

Та Ливэрпүүлд ирэхдээ нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар байсныг чинь би ажигласан. Өмнө нь Английн шигшээ багийн урилгыг хүлээн авахад чинь ээж тань нулимс унагасан гэж ярьж байсан. Ливэрпүүлд ирэх болсноо хэлэхэд чинь тэр хэрхэн хүлээж авав?

Тэр саран дээр очсон мэт миний өмнөөс маш их баярласан. Түүний мөрөөдөл биеллээ гэж тэр хэлсэн шүү. Түүний нүүрэнд инээмсэглэл тодроход би маш их баярладаг. Тэр намайг хөлбөмбөгчин болж, амжилттай явахад минь том үүрэг гүйцэтгэдэг. Би болон гэр бүлийнхэн маань бүгд маш их баяртай байгаа. Энэ бол миний гэр бүлийн хувьд маш том баярт өдөр байх болно.

Таны карьерын эхэн үеийн чинь амьдралын чухал хэсэг ах чинь байх. Таныг анх хөлбөмбөгийн талбайд авчирч байсан хүний хувьд Анфилдад ирэх болсноо хэлэх үед тэр хэрхэн хандсан бэ?

Тэр үнэхээр сэтгэл хангалуун байсан. Өөрөө үүнийг хийж чадаагүйдээ надад жаахан атаархсан нь илт байсан шүү. Гэхдээ би түүний өмнөөс ахынхаа мөрөөдлийг биелүүлж чадсандаа баяртай байна.

Таны өсөн дэвжилт маш хурдтай байсан. Саутхамптонд ирмэгцээ Английн шигшээ багийн дуудлагыг хүлээн авч төд удалгүй Ливэрпүүлтэй нэгдлээ. Энэ бүхэн ийм хурдан болж буйд та гайхдаг уу?

Тийм шүү, бүх зүйл маш хурдан өрнөж байна. Би тоглогчийн хувиар өсөн дэвжсээр л байна. Би өөрийгөө Ливэрпүүл шиг агуу клубт тоглох хэмжээний бүрэн нөөц бололцоотой тоглогч гэж боддог. Харин одоо би үүнийгээ батлан харуулахыг хүсч байна.

Та Америкт амарч байхдаа Адам Лалланатай уулзаж ярилцсан гэсэн. Та Ливэрпүүлийн талаар түүнээс асуусан уу?

Бид маш их зүйлийн талаар ярилцсан. Тэр намайг Ливэрпүүлд ирээсэй гэж хүсч байгаагаа хэлсэн. Би ч наймаа амжилттай болбол түүнтэй дахин нэг багт хамтран тогломоор байгаагаа хэлсэн. Бид Америкт ийнхүү ярилцсанд би маш их баяртай байгаа.

Адам, Ливэрпүүлийн талаар танд юу ярьсан бэ?

Маш гайхалтай хөгжөөн дэмжигчидтэй, агуу том клуб гэж тэр хэлсэн. Сайн залуусаар бүрдүүлсэн, гайхалтай багтай гэж бас хэлсэн. Хэрэв Ливэрпүүлд ирвэл гэртээ байгаа юм шиг тухтай сайхан байж чадна гэж хэлсэн.

Саутхамптон болон Английн шигшээд хамт тоглож байсан олон залуус Ливэрпүүлд тоглож байгаа...

Энэ нь надад суурьшихад болон багийнхантайгаа ойлголцоход маш их тус болно гэж бодож байна. Клубын залуусаасаа нэлээд хэдтэй нь өмнө нь анд нөхөд байсан гэдэг сайхан хэрэг. Би залуустай хялбар ойлголцож, багтаа хурдан дасан зохицох байх аа.

Клубын улирлын өмнөх аялан тоглолтуудад оролцоно гэдэг мэдээж сайхан мэдээ. Ливэрпүүл, Тайланд, Малайз, Австрали улсуудаар 2 долоо хоногийн турш явж, аялан тоглолт хийнэ. Танд өмнө нь танилцаж амжаагүй багийн гишүүдтэйгээ танилцах 2 долоо хоног байна.

Багтайгаа хамт аялан тоглолтоор явна гэдэг мэдээж сайхан. Энэ хугацаанд би багийнхантайгаа нөхөрлөж, сайн харилцаа тогтоож амжина гэж бодож байна. Иймэрхүү өргөн хүрээний аялан тоглолтонд өмнө нь оролцож үзээгүй учраас надад маш их туршлага болж, тэнд байгаа багийнхаа хөгжөөн дэмжигчидтэй уулзах сайхан боломж тохиож байна.

Тэндэх Ливэрпүүлийн фэнүүд таныг угтан авахад сэтгэл санаагаа бэлдсэн үү? Өнгөрсөн жил Америкаар аялан тоглолт хийхэд Адам Лаллана тантай ойролцоо нөхцөл байдалд байсан. Адам, Америк дахь хөгжөөн дэмжигчдийг хараад ийм олон хүн Ливэрпүүлийг дэмждэг, энэ клуб хэр зэрэг том клуб бэ? гэдгийг төсөөлөө ч гүй явсан гэдэг.

Ливэрпүүлийг дэлхий даяар маш олон хүн хөгжөөн дэмждэг болохыг надад хэлсэн. Тиймээс би өөрийн нүдээр харж мэдрэхийг маш их хүсч байна. Би тэдний өмнө ногоон талбайд гарч, сайн тоглолт үзүүлэхийг хүсч байна.

Та Ливэрпүүлийн баг бүрэлдэхүүнийг хараад өнгөрсөн жилээсээ илүү амжилт үзүүлж чадна гэж бодож байна уу?

Эргэлзээгүй, тийм. Багийн тоглочдод илүү сайжирч, өсч хөгжих маш их боломж байгаа бөгөөд шинээр ирсэн залуус ч багийг урагш нь үлэмж түлхэж чадах байх. Бид улирлын өмнөх аялан тоглолтоо сайн хийж чадвал, ирэх улирлын эхлэл ч гэгээтэй байх болно.

Та өмнө нь Анфилдад тоглож байсан. Бид хөгжөөн дэмжигчдийн талаар бага сага ярилцлаа. Гэхдээ та одоо өөрөө тэдний нэг бөгөөд тэдний тоглогчдынх нь нэг боллоо. Анфилдад тэдний төлөө анхны тоглолтоо хийх үеэ хэрхэн төсөөлж байна.

Би өмнө нь Анфилдад ирж байсан учраас тэндэх уур амьсгал ямар байдгийг мэднэ. Энэ бол ялан дийлэхийн төлөөх гайхалтай хүчтэй уур амьсгал байдаг. Хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэг намайг илүү хүчтэй болгодог. Тэдний уухай, Анфилдын уур амьсгал намайг сайн тоглолтоо гаргахад чухал нөлөө үзүүлэх байх. Би анхны тоглолтондоо хурдхан л ормоор байна.

Эцэст нь, магадгүй сүүлийн хэдэн өдөр харвасан сум шиг өнгөрсөн байж мэдэх ч, одоо та Ливэрпүүлийн нэг хэсэг болсон. Энэ бүхнийг нэгтгээд сэтгэгдлээ хуваалцаач.

Би баяртай байна. Маш их аз жаргалтай байна.

Орчуулсан: Нисдэг Чэстмир

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2017 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх