Чампионшип лигт харьяалагдаж буй Чарлтон Атлэтик багаас Ливэрпүүлд ирсэн 18 настай хамгаалагч, Английн залуучуудын шигшээ багийн гишүүн Жо Гомэз, өнгөрсөн улиралд үндсэн багтаа 24 тоглолт хийсэн юм.

Жо, Ливэрпүүлд тавтай морил. Ливэрпүүлд ирсэн сэтгэгдэл ямар байна? 

Миний мөрөөдөл биелж байна. Үнэхээр ер бусын сэтгэгдэл төрж байна. Хурдхан л бэлтгэлдээ орж эхэлмээр байна.

Өнгөрсөн хэдэн 7 хоногийн хугацаанд энэхүү наймаа биеллээ олох хүртэл ямар байсан талаараа яриач.
Би Ливэрпүүлд ирэхийг эртнээс мөрөөдөж байсан хэдий ч энд ирэх тухай мэдээг саяхан л дууллаа. Сүүлийн хэдэн өдрийн хувьд миний шилжилт бодит болж ирэх үед би бүр тэсч чадахаа байсан. Би бүх зүйлийг хурдхан амжуулахыг л хүсч байлаа.

Байдлаас харахад таны хувьд хялбархан шийдвэр байсан бололтой. Гэхдээ ар гэрийнхэнтэйгээ Ливэрпүүл рүү шилжих болсон талаараа ярилцсан уу?
Миний ойр дотныхон, аав, ээж, ах эгч нартай бүгдтэй нь зөвлөлдсөн. Тэд намайг энд ирэхийг маш их хүсч байсныг мэдэх учраас миний талд зогсч байсан юм. Тиймээс шийдвэр гаргахад хялбар байлаа.

Таны хувьд бүх зүйл их хурдан болж өнгөрлөө. Та дөнгөж өнгөрсөн сард 18 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байсан бол өнөөдөр Ливэрпүүлд ирээд байна?
Бүхэл улирал, улирлын өмнөх нөхөрсөг тоглолтуудыг оруулаад Чарлтон Атлэтикт гайхалтай байсан ч тэндээс би энд ирэх боломжтой болсон нь үнэхээр гайхалтай. Би маш их баяртай байна.

Ливэрпүүл таныг маш удаан ажиглаж, таны ур чадварын өсөлт хөгжилтийг ажиглаж байсан. Энэ нь танд урам өгч, Ливэрпүүлд ирэх итгэл төрүүлсэн үү?
Тийм ээ, Ливэрпүүл шиг агуу клуб намайг сонирхож судалж байгааг мэдэх үнэхээр сайхан байсан. Клуб ямар агуу болохыг би мэднэ. Тиймээс би Ливэрпүүлд ирнэ гэдэг амархан шийдвэр байсан гэж хэлж байгаа юм.

Клуб, таныг сонирхож буй талаар Англид ч дэлхий даяар ч маш их зүйлс яригдаж, мэдээ мэдээлэл цацагдсан. Ливэрпүүлд ирэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл юу байв?
Агуу түүхтэй, том клуб. Би хар багаасаа л энэ клубын талаар мэдээлэл авч, судалж ирсэн. Тоглож буй хөлбөмбөгийн хэв маяг, энд тоглож буй өндөр зэрэглэлийн тоглогчид зэрэг нь би Ливэрпүүлд ирээд их зүйл сурч, сайн хөлбөмбөгчин болно гэсэн итгэл төрүүлсэн.

Брэндан бол залууст боломж өгч, талбайд гаргах дуртай мэнэжэр. Энэ ч таны шийдвэрт нөлөөлсөн биз?
Тийм ээ, 100%. Залуу тоглогч байна гэдэг заримдаа боломж олдохгүй байх тохиолдол ч их гардаг. Харин Брэндан шиг мэнэжэрийн удирдлага дор бол ондоо. Тиймээс би энд ирж, түүний удирдлага дор тоглохыг хүссэн юм.
Түүнтэй ярилцах боломж гарсан уу?
Би нэг удаа түүнтэй уулзахад надад маш их таалагдсан. Уулзалтын дараа Ливэрпүүлд ирэхийг улам ч их хүсэх болсон. Тэр надад энд байхад ямар сайхан байх талаар, намайг сайжруулахын тулд юу хийх талаар, миний авч ашиглаж болох боломжийн талаар гээд Ливэрпүүлийн тоглогч болохыг тэсгэлгүй хүстэл минь ярилцсан шүү.
Таны тоглолтыг үзэж амжаагүй Ливэрпүүлийн дэмжигчид олон байгаа байх. Тиймээс та өөрийн ур чадвар болоод ямархуу тоглогч болох талаараа өөрийгөө тодорхойлооч ...
Би өөрийгөө бөмбөг эзэмших чадвар өндөртэй, төвийн хагас хамгаалагч гэж хэлнэ. Биеийн хүчээр ааглаж тоглох дуртай. Мөн би өөрийгөө удирдагч гэж хэлнэ.
Та төвийн хамгаалалт болон баруун жигүүрийн хамгаалалтанд илүү тоглодог. Та өөрийнхөө холын ирээдүйн талаар хэрхэн төсөөлж байна вэ?
Би мэргэжлийн анхны тоглолтоо өнгөрсөн улиралд баруун жигүүрийн хамгаалалтанд тоглож эхлүүлсэн. Би энэ байрлалд тоглох маш их дуртай байсан учир нь заримдаа довтолгоонд түлхүү оролцож тоглож байлаа. Гэхдээ би өөрийнхөө ирээдүйг төвийн хамгаалагчийн байрлалд илүүтэй тоглоно гэж харж байна. Би тэнд өөрийн тоглолтоо илүү сайн гаргаж, тэр байрлалдаа ч тоглох дуртай. Тиймээс би өөрийгөө ирээдүйд төвийн хамгаалагч болно гэж бодож байна.
Рио Фэрдинанд нэгэн удаа таныг ирээдүйтэй залуу хамгаалагч хэмээн дурсч байсан. Та өөрийгөө түүнтэй төстэй хамгаалагч болно гэж боддог уу?
Тиймээ, тэр бол үнэхээр үлгэр жишээ болохуйц тоглогч. Гэхдээ тэр үеийн сайн хамгаалагчдын Жэйми Каррагэр, Сами Хюүпиа нарын зэрэг маш олон жишээ байгаа.
Та Чампионшип лигт 24 тоглолт хийгээд л шууд Прэмьер Лигт дэвшин орж ирж байна. Энэ лигийн өрсөлдөөн таны ур чадварыг ахиулна гэж бодож байна уу?
Чампионшип бол миний өсөлт дэвшилтийн чухал хэсэг байсан бөгөөд тэнд би биеийн хүчний, өрсөлдөөнтэй ширүүн тоглолт хийж байсан нь надад маш их тус болсон. Прэмьер Лиг бол эргэлзээгүй ур чадварыг минь ахиулж, шинэ түвшинд гаргах лиг мөн. Тоглолтын хэмнэл, хурд, өрсөлдөөн илүү өндөр байна байх гэж бодож байна. Гэвч би тэр бүхэнд бэлэн байж, Ливэрпүүлийн ур чадвартай тоглогчидтой хамтран бэлтгэл хийж, өмнөхөөсөө илүү тоглогч болж чадна гэж бодож байгаа.
Танд шинэ клубтээ дасахын тулд хугацаа хэрэгтэй байна байх. Эсвэл та шууд л өрсөлдөөнд оролцож чадна гэж бодож байна уу?
Тиймээ, энэ бол миний хүсэл эрмэлзэл. Би шууд л өрсөлдөөнд орохыг хүсч байна. Ливэрпүүлд маш өндөр зэрэглэлийн төвийн хамгаалагчид байгаа бөгөөд тэд үнэхээр шилдэг тоглогчид болохыг би мэднэ. Би тэднээс суралцаж, бүх зүйлээ дайчлан хичээх болно.
Яг одоогийн байдлаар Ливэрпүүлийн хамгаалалтын тоглогчид Мартин Шкртэл, Коло Турэ харьцангуй өндөр туршлагатай тоглогчид байгаа. Тэднээс юу суралцана гэж бодож байна?
Тэд гайхалтай замналтай тоглогчид. Надад тэднээс суралцах зүйл маш их бий. Хэрхэн хамгаалах, сайн хамгаалагч байхын тулд яах ёстойг би тэднээс суралцана. Би тэдэнтэй ажиллаж, тэднээс суралцахыг маш их хүсч байна.
Анфилдын ногоон зүлгэн дээр анх гарахдаа ямар байх бол гэж төсөөлж байв уу?
Коп ямар агуу болохыг би төсөөлж байна. Гэхдээ яг юутай зүйрлэхээ хэлж мэдэхгүй юм. Би Анфилдад талбайд гарахыг маш их хүсч байна.
Эцэст нь Ливэрпүүл дэх ойрын болон холын ирээдүйгээ хэрхэн төсөөлж буйгаа хэлээч?
Үндсэн багт орж гарааны эрхийнхээ төлөө тэмцэнэ. Анхны тоглолтондоо аль болох хурдхан л ормоор байна. Тэгээд багийн нэг хэсэг болж, олон олон цомын эзэн болохыг хүсч байна.

Орчуулж, нийтэлсэн: Нисдэг Чэстмир

Онцлох видео

© 2010-2018 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх