Улаанууд энэ зуны наймаагаар эгнээндээ 5 тоглогч нэгтгэж амжаад байсан бол наймааны дараагийн сонголтоор Ньюкастл клубын хагас хамгаалан тоглогч Жоржиньо Виналдум тодорч, улаануудын эгнээнд нэгдлээ. Түүний Юргэн Клоппын удирдлаган дор тоглох болсон сэтгэгдэл мөн копуудын хайрыг татсан экс тоглогч Даниэл Аггэрийн 5 дугаарыг зүүх болсон зэргийн талаар ярилцсан анхны ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Ливэрпүүл клубт тавтай морил, Жини Виналдум! Хэр санагдаж байна? 

- Үнэхээр сэтгэл хөдөлж байна. Учир нь Ливэрпүүл бол агуу түүхтэй клуб, энэ нь ч клубт тоглох хүслийг "Мөрөөдөл" болгодог болов уу. 

Заримдаа тоглогчид наймааны цонхоор шилжилт хийх талаараа өөр хоорондоо эсвэл дасгалжуулагчтайгаа ярилцдаг. Чиний хувьд улаануудын эгнээнд шилжих талаараа хэн нэгэнд ярьсан уу? Ливэрпүүлийн тухай бодлыг нь асуусан уу? 

- Үнэндээ би найзууддаа л хэлсэн, тэд харин "Агуу клубдээ Жини минь" гэж хариулсан. 

Хуучин багийн хамтрагч Жонжо бид 2 бас дотно байсан, тэр ч надад клубын талаарх бодлоо илэрхийлсэн. 

Жонжо тоглолтын уур амьсгалын талаар ярьсан уу? Цэнгэлдэхийн түүхийн талаар бас? 

- Би Ньюкастл-д тоглодог байхдаа аль хэдийн мэдэрсэн. Хөгжөөн дэмжигчдийг, хайртай багаа дэмжин хэрхэн дуулж байгааг харж байсан. Гэхдээ тэр надад "Чи хотод бас клубт байгаа бүхэнд татагдах болно, чамд сайхан байх болноо" гэсэн. 

Чи аль хэдийнээ Английн хөлбөмбөгийн хэмнэлд ууссан, тэгэхээр шинэ улиралд Ньюкастлын эсрэг тоглохдоо ашигтай боломж гаргаж чадна гэсэн бодол, итгэл байна уу? 

- Юуны өмнө энэ талаар мэдэхийг хүсч буй хүмүүст хандаж хэлэхэд илүү зөөлөн хандаасай гэж хүсч байна, учир нь би зөвхөн хөлбөмбөгийн тухай л бодож байж бусад асуудалд санаа тавих боломж гарах байх. Ньюкастл-д хамтдаа тоглож байсан бүхий л тоглогчид надад зөвхөн хөлбөмбөгт анхаарал хандуулах тал дээр тусалж байсан, тийм болохоор ярихаас илүүтэй харуулмаар байна. Би тоглолт бүрт уусч чадвал илүү сайн тоглож, илүү их зүйл харуулах байх. Лигийн ёроолд байгаа нөхцөл байдалд тоглогчид тоглолтоос таашаал авах, тоглолтондоо уусахад хэцүү байх шиг харагддаг. Гэхдээ би Прэмьер лигийн эхний улирлаа муугүй эхлүүлсэн гэж боддог шүү. 

Өнгөрсөн улиралд 11 гоол оруулсан, Чи үнэхээр амжилттай тоглосон ялангуяа Гэгээн Жэймсийн паркд. Талбайдаа тоглоход юу чамайг сайн болгодог вэ? 

-Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Бид айлын талбайгаас илүүтэй гэртээ сайн тоглосон. Магадгүй бид сүүл мушгисан гол шалтгаан нь энэ байсан байх. Үнэндээ миний хувьд, би өөрөө гоолдох нь тийм ч чухал биш. Хэрэв хагас хамгаалагчын байрлалд тоглож байгаад гоолдвол мэдээж баярлана, гэхдээ ихэнх хагасууд гоол хийдэггүй. Хэдий тийм ч гэсэн би гоол оруулах бүртээ хаа сайгүй газраас цохихыг хүсдэг. 11 гоол оруулах бол хагас хамгаалагч бүрийн л мөрөөдөл - энэ л миний Прэмьер лигийн эхний улирлыг онцгой болгосон гэж бодож байна. Гэхдээ тоглогчын хувьд хичнээн олон гоолдсон ч гэлээ, энэ бол багийн тоглолт, багийн ялалтын төлөө л гоол оруулах хэрэгтэй шүү дээ. 

Чи бол хагас хамгаалагч, гэхдээ өөр ямар байрлалд тогломоор санагддаг вэ? 

- Заримдаа нэг л байрлалд удаан тоглох нь хэцүү байж магадгүй. Гэвч энэ надад тийм ч их сонин биш л дээ. 

Хэдий тийм боловч би довтлох чиглэлийн хагас хамгаалалтанд тогловол хурдан гүйдэг учраас хамгийн сайнаараа тоглох байх, хамгаалалтанд тоглосноос ч их гоол оруулж чадах байх гэж бодож байна. Яагаад гэвэл би энэ байрлалаас гоол оруулах бүртээ, "Аа, энэ л миний хамгийн зөв байрлал юм байна" гэж боддог. Гэхдээ би өөр ч байрлалуудад тоглож чадна, өнгөрсөн жил үүнийгээ ч хангалттай харуулсан. 

Ливэрпүүлд, Филиппэ Коутиньо, Роберто Фирминьо, Адам Лаллана гэсэн үнэхээр чадварлаг, том довтлогчдын ард тоглох нь. Тэдэндтэй хамт тоглоно гэхээс догдолж байна уу? 

- Тэгэлгүй яахав. Хөлбөмбөгийн тоглогч бүр л сайн хамтрагч, сайн тоглогчидтой хамт тоглохдоо дуртай байдаг. 

Тэд үнэхээр сайн тоглогчид шүү, хэрэв чи тэдэнтэй хамт тогловол илүү их сайжирна гэдэгт итгэлтэй байна. 

- Би ч бас. 

Чи 5 дугаарыг зүүх нь ээ дээ? 

- Би дэбют тоглолтоо 9 жилийн өмнө Фэйэноорд-д хийж байхдаа би 5 дугаарыг зүүж байсан. Өөр бүх дугаар эзэнтэй байсан учир энэ дугаартай л тоглож эхэлсэн. Дараа нь ПСВ Эйндховэнд 10 дугаарын байрлалд тоглох болсон тул 10 дугаар өгсөн. 

Харин өнгөрсөн жил Ньюкастл-ын дугаарын сонголтонд "5" байж таарсан. Шинэ улсад энэ дугаартай шинэ эхлэл хийе гэж бодоод 5-тай тоглохоор шийдсэн. Би 5-тай тоглохдоо сайн тоглодог. Ливэрпүүлд ирэхэд ч энэ дугаар сул байсан, 5 дугаарын аз дахиад л намайг ивээх шиг боллоо. 

Фэйэноорд-д 16тайдаа тоглож эхэлсэн, тэр үеэ дурсаач? Эрт тоглож эхэлсэн нь чамд сайнаар нөлөөлсөн үү? 

- Мэдээж тэгэлгүй яахав. 2 насаар ах хүмүүстэй тоглож эхэлсэн болохоор би дороо л учраа олчихсон. Тэд намайг 16-тай байхад анхны тоглолтонд оролцох боломж олгосон, би тухайн үедээ маш их баярлаж байсан. Миний насан дээр тийм ч олон тоглогч дэбютээ хийдэггүй болохоор тэр байх. Ихэнх тоглогчид 16 наснаас хойш тоглолтонд оролцож эхэлдэг болохоор ч тэр үү, би их азтай юм шиг санагддаг байсан. 16 настай байх үеэ эргээд харвал би илүү олон зүйлсээр давуу ч гэсэн зарим нэг талаараа сул болсон байж ч мэднэ. Хэдий тийм боловч өнгөрсөн бүхэн минь намайг хүчирхэг хүн болгосон. 

2 ч удаа багаа өөрчлөөд, "Оны шилдэг Голланд тоглогч" болоод, Англид ирээд маш их юм амжуулчихаж. 

Одоо энэ бүхний дараа карьерийнхаа хоёр дахь үеэ эхлүүлэхэд тохиромжтой, зөв газартаа ирсэн юм шиг санагдаж байна уу? 

- Тийм ээ, Туршлага намайг илүү хүчтэй болгож байна, ялангуяа сонгосон газар чинь тийм ч сайнгүй байвал... Өнгөрсөн улиралд би маш их зүйл сурч авлаа. Хэдий тийм ч сайн болоогүй ч гэсэн би илүү их тэмцэх чадварт суралцсан. Харамсалтай нь хангалттай байгаагүй ээ, бид доошоо унасан. Гэхдээ энэ байдал намайг хатуужуулж байна. Тийм болохоор өнгөрсөн улирал надад сайтар нөлөөлсөн. Шинэ газарт, шинэ багт дандаа Англиар ярьдаг тоглогчидтой өнгөрсөн жилийг үр бүтээлтэй өнгөрөөлөө. 

Бидэнд Дирк Куит-аас өөр Голланд тоглогч байгаагүй. Түүнийг тоглож байхыг үзэж байсан уу? 

- Тийм ээ, тэр үнэхээр сайн тоглодог байсан. Куит Ливэрпүүлд ирэхээсээ өмнө Фэйэноорд-д тоглодог байсан. Райн Бабел ч бас Ливэрпүүлд байсан. Гэхдээ Дирк илүү сайхан дурсамж энд үлдээсэн байх. 

Тэр дэмжигчдийн дунд үнэхээр алдартай байсан, чи ч бас нэг тийм төрлийн, фэнүүдтэй болох чадвартай юм биш биз? 

- Куит энд байх хугацаандаа үнэхээр шилдэг нь байсан, хичээнгүй тоглодог байсан нь үүний нэг шалтгаан байх. Талбайн аль ч байрлалд түүнийг тоглуулсан тэр тийм хичээнгүй хөдөлмөрч хэвээрээ л байсан. Багийн төлөө хэн илүү хичээнгүй тоглоно, тэр чинээгээрээ хөгжөөн дэмжигчдэд хүлээн зөвшөөрөгдөнө. Би ч бас тийм л маягаар хийхийг хичээнэ. 

Ливэрпүүлтэй хэр хол явна гэж бодож байна? Цаашдын зорилго чинь юу вэ? 

- Бүх зүйлс боломжтой гэж бодож байна. Өнгөрсөн жилийн Лэстэрийг санаж байгаа биздээ? Тэд боломжгүй зүйл байхгүйг харуулсан. Бид ч бас тэдэнтэй адил хичээх л хэрэгтэй. Ливэрпүүл бол агуу түүхтэй клуб, гэхдээ түүхийг бүтээж, түүнийхээ нэг хэсэг нь болохыг хүсэх хэрэгтэй. Би үүнийг л юунаас илүүтэй хүсч байна, би энд ямар нэг юм хожихыг хүсч байна. Энэ бүхнийг хийхийн тулд хичээнэ ээ. 

Юргэн Клопптой хамтран ажиллах тал дээр?

- Гаднаас нь харахад гайхалтай хүн шиг санагдсан, үнэндээ түүнийг яаж ажилладаг талаар одоохондоо сайн мэдэхгүй байна. Түүний тоглолтыг, дасгалжуулах хэв маягыг харах үнэхээр дуртай, бас багийн тоглолтонд сэтгэлээсээ баярлаж байгаа нь ч сайхан санагддаг. Багийнханаа ч дэмжиж байгааг харахад түүнтэй хурдхан л хамтран ажиллахсан гэж хүсч байна. Би түүнтэй нэг удаа уулзаж байсан, түүнтэй ярилцаж үзэхэд таатай санагдсан тийм болохоор ч би Ливэрпүүлд нэгдэхийг хүссэн. Тэр л намайг клубт ирэх итгэл үнэмшил өгсөн. 

Тэр бол галтай цогтой, бусдыг татдаг зантай, ийм байдал нь түүнтэй ажиллахад нөлөөлсөн үү? 

- Тийм ээ, яг наадах чинь л... Түүнтэй ярилцахад л таалагдсан. Тэгээд л Ливэрпүүлд ирэхийг хүссэн дээ. Би гэр бүлийнхэндээ ч тэр бол намайг одоо байгаагаас минь ч илүү сайжруулж чадах дасгалжуулагчдын нэг гэж хэлсэн. 

 

Орчуулж, нийтэлсэн: Mademoiselle 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2017 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх