Аваргуудын лигийн Шөвгийн 16-ийн ТОП тулаан хоёр дархан аваргуудын хооронд болно. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Бундеслигт хуц ухна тавьцан мэт энэ багийн ноёрхлын эсрэг сөрөн зогссон ганц хүн бол Юрген Клопп юм.

Тэр Байернийг гомдоож, бас өөрөө ч томхон шарх авч үзсэн. 2013 оны Уэмблид болсон Аваргуудын лигийн финалд Клоппо Байерний өмнө сөхөрсөн юм.

Харин маргааш тэр Ливэрпүүлийн хамтаар хуучин өстнийхөө эсрэг тулах нь дээ. Магадгүй Ливэрпүүлийг дахин Аваргуудын лигийн тавцанд аваачсан тэр өдрөөс хойш Клоппо минь энэ тулааныг тэсч ядан хүлээж байсан биз. Түүний хувьд маш чухал, сэтгэл хөдөлгөсөн тоглолт болох нь гарцаагүй.

Аваргуудын лигт хариу тоглолтыг талбайдаа хийсэн баг илүү давуутай байдаг гэж мэргэжилтнүүд ярьдаг. Үнэний хувьтай л байх. Гэхдээ энэ нь эхний тоглолтыг өөрийн талбайдаа хийх нь таагүй зүйл гэсэн үг биш. Ашиглаж чадвал бас л өөрийн гэсэн давуу талтай. Түрүү жил, Ливэрпүүл-Ман сити тоглолт хэрхэн өрнөлөө?

Эхний тоглолтыг талбайдаа хийж буй баг гоол алдахгүй байх нь чухал. Хуурай тэнцээ хийж чадвал ч нэг их муу үзүүлэлт биш л болов уу. Гэхдээ Ливэрпүүл энэ удаад Ван Дайкгүй тоглоно. Ловрэн оролцохгүй нь тодорхой болж байх шиг, тиймээс Фабиньо төвийн хамгаалагчаар Жоэл Матипийн хамтаар тоглох нь.

Матип өмнө нь Шалькед байхдаа Байерний эсрэг олон тулж үзсэн байх. Хэдэн удаа нухуулсныг нь хэлж мэдэхгүй юм, бодвол алуулсан байх л гэж таамаглаж байна. Гэхдээ тэр энэ удаад Ливэрпүүлийн өмсгөлтэй тоглоно. Магадгүй Шалькед байсан үеэсээ тоглогчийн хувиар өсөн дэвжээгүй байж болох, гэхдээ тэр том багийн хамгаалалтын ноён нуруу дүрээр хуучин танилуудынхаа эсрэг нүүр тулах нь дээ.

Байерний тоглолтыг маш сайн мэдэх Наби Кэйта бидэнд бий. Жини, Хэндо нарын хамтаар дундын шугаманд тоглож таарна.

Немцүүдээс Жэром Боатэнг, Фрэнк Рибэри нар бүрэлдэхүүнд багтаагүй ажээ. Мөн Мюллер хоёр тулааны алинд ч оролцохгүй. Харин Нойэр, Роббэн, Коман гурав бэртлээс эргэн ирж, Улаануудын эсрэг тулах нь тэдний хувьд сайн мэдээ болж байна.

Аваргуудын лигийн сүлд дуу Анфилд цэнгэлдэхэд эгшиглэхэд арьс махан завсраар амьтан гүйх мэт болдооог гэж, ёстой л үнэн хэлсэн дээ...

Анфилд том тулааны үнэ цэнэ, багаа хэрхэн дэмжиж урам зоригийг нь нэмэхээ дэндүү сайн мэддэг Копайтууд энэ тоглолтын "12 дахь тоглогч" байх болно.

Сайхан алалцнааа, Чүүүүүүү!!! Ливэрпүүл минь

Оруулсан: Бадруул

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2019 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх