Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Хэзээ: 2018.02.15-нд 03:45 цаг

Хаана: Эстадио до Драгао

Гаргах суваг: SPS|Их спорт суваг

Шүүгч: Даниэлэ Орсато (Итали)

Өнгөрсөн 12 сард Спартак Москва клубыг Анфилд цэнгэлдэхдээ 7:0-ээр бут ниргэж, Аваргуудын лигийн хэсгийн шатаа амжилттай давсан Ливэрпүүл клуб хасагдах шат буюу Шөвгийн 16-ийн эхний тоглолтоо хийхэд бэлэн болжээ. Ингээд тоглолтын өмнөх мэдээлэлдээ анхаарал хандуулна уу. 

Багуудын мэдээлэл

Юрген Клопп 02 сарын 13-ны өдөр үндсэн багийн 25 тоглогчийн хамтаар Жон Ленноний нэрэмжит нисэх онгоцны буудлаас Португалийг зорин хөдөлсөн бөгөөд хүндхэн бэртлийн улмаас энэ улиралд ганц ч тоглоогүй Натанил Клайныг хүртэл багтаажээ. 
Португийн эсрэг Эмрэ Жан шар хуудасны торгуулийн улмаас тоглохгүй бол Клайнаас гадна Жо Гомэз, Рагнар Клаван нар бага зэргийн бэртэлтэй тул өнжих юм. 

Эзэн баг Португийн довтлогч Винсэнт Абубакар Ливэрпүүлийн эсрэг тоглох эсэх нь эргэлзээтэй байна. Энэ улирлын Португийн мэргэн бууч тэрээр булчингийн гэмтэлтэй байгаа гэнэ. Түүнээс гадна Маркано, Данило, Андрэ Андрэ нар бэртлийн улмаас тоглохгүй болжээ. 

 

Статистик мэдээлэл

Ливэрпүүл түүхэндээ Португийн эсрэг 4 тоглохдоо хожигдож байгаагүй юм. 2 хожиж, 2 тэнцэж байсан бөгөөд хоёр ничсэн тохиолдол нь Португальд болжээ. 
Энэ улирлын Аваргуудын лигийн хэсгийн шатанд хожигдол амсаагүй 4 багийн нэг нь Ливэрпүүл юм. (Барсэлона, Бэшикташ, Тоттэнхэм) 
Энэ улирлын Аваргуудын лигийн хэсгийн шатанд Ливэрпүүлээс олон гоол (23) оруулсан ганцхан баг нь ПСЖ. Францын баг Ливэрпүүлээс 2-оор илүү гоол оруулжээ. 

Порту энэ улиралд стандарт цохилтоос 8 гоол оруулсан нь тэргүүлэх үзүүлэлт. 
Португийн довтлогч Винсэнт Абубакар хэсгийн шатны 5 тоглолтод оролцохдоо 5 гоол хийж, 2 гоолын дамжуулалт бүртгүүлжээ. 
Аваргуудын лигт анх удаагаа зодоглож буй Ливэрпүүлийн довтлогч Робэрто Фирмино 6 тоглолтод оролцохдоо 6 гоол, 3 ассист өгөөд байна. 


Дасгалжуулагч юу гэж хэлэв? 

"Өнгөрсөн зун бид ямар ч байсан энэ шатанд хүрэх ёстой гэж төлөвлөж байсан. Харин одоо бид энд ирсэн байна. 
Энэ бол Шөвгийн 16. Маш чадварлаг 16 баг энэ шатанд тунаж үлдсэн. 
Бид Португальд эерэг үр дүн авах зорилготой ирсэн. 
Би Португ хүндэтгэж байна. Тэд хөлбөмбөг хэрхэн тоглодгоо мэддэг, маш их туршлагатай. 
Гэхдээ бид ч бас муугүй баг гэдгээ мэднэ. Амаргүй тоглолт болох нь гарцаагүй." гэжээ. 




Онцлох тоглогч

Аваргуудын лигийн хэсгийн шатны 6 тоглолтонд 6 гоол оруулсан Ливэрпүүлийн анхны тоглогч нь Робэрто Фирмино болсон. Хөлбөмбөгийн замналдаа анх удаагаа Аваргуудын лигт тоглож байгаа тэрээр энэ улиралд Ливэрпүүлийн №9 дугаарыг эзэмшиж, хэдийнэ 20 гоол бүртгүүлээд байна. 
Клопп хэдхэн хоногийн өмнө "Мо Салах, Садио Манэ хоёр дэлхийн зэрэглэлийн (world class) тоглогчид. Гэхдээ тэд өдөр бүр, тоглолт болгонд класс байж чаддаггүй. Харин Фирмино өдөр бүр класс байдаг!" хэмээн магтсан. 
Энэ үгээрээ тэр Бобби Фирминог ямар чухал тоглогч болохыг тодорхойлсон биз. 
Фирмино зөвхөн гоолдоггүй, цаг үргэлж багийн нөхдөдөө боломж үүсгэж, тоглолтын турш эцэж цуцахаа үл мэдэн гүйж, талбайн бүхий л хэсэгт эсрэг багийн тоглогч нарт дарамт учруулж чаддаг. Бөмбөг таслалтын тоогоороо ч хамгаалан тоглогчидтой ойролцоо стат үзүүлсэн нь үүний тод илрэл юм. 


Тоглолтын талаар

9 жил... Хамгийн сүүлд Ливэрпүүл Аваргуудын лигийн хасагдах шатанд тоглосноос хойш 9 жил өнгөрчээ. Амжилтаасаа илүү уналт нь олон тохиосон эдгээр он жилүүдэд Ливэрпүүл ганц л удаа Аваргуудын лигт зодоглосон ч группын шатыг давж гараагүй юм. 

Жэррард, Карра, Аггэр, Алонсо, Машерано, Рэйна, Каут гээд тэр үеийн бүрэлдэхүүнээс одоо ганц ч тоглогч Ливэрпүүлд үлдээгүй. 

Аваргуудын лигийн тоглолт, тэр дундаа хасагдах шатны тоглолт цаанаа л сэтгэл хөдөлгөм. Өнөө гайхалтай сүлд дуу нь хүртэл улам л жавхлантай сонсогдох мэт санагддаг. Удаан амтлаагүй мэдрэмжээ дахин мэдэрнэ гэж бодоод, үе үе цаг руугаа харж, цаг тоолон суух мөч ирлээ. Амжилт хүсье Улаанууд аа!


Таамагласан гараа

 

Оруулсан: Бадруул

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх