Би чамайг ойлгож бас ойлгохгүй байна.
Бид нар нэг нэгэндээ "Би чамайг ойлгож байна" гэж их хэлдэг тэ?
Аанхан мань чинь чамайг ойлгож байна. Үнэхээр сайн ойлгож байна. Ойлгохын дээдээр ойлгож байна. Яагаад тэгснийг чинь ч ойлгож байна. Би чамайг ойлгохгүй бол өөр хэн ойлгох вэ дээ. Зөв зөв би чиний оронд байсан бол яг тэгэх байсан... гэх мэт
Үнэндээ хэн ч хэнийг ч бүрэн ойлгодоггүй бөгөөд тэгэх боломж ч байхгүй юм. Мөн хэн ч хэний ч оронд байж чадахгүй тул өөр хүний сэтгэл зүйн хэв шинжид суурилсан шийдвэр гаргах арга барилыг өөр дээрээ төсөөлж чадахгүй юм.
Бас ойлгож байна гэдгээс ч илүүтэй олон хэлэгддэг "ойлгохгүй байна" гэдэг үг байна. Би чамайг ерөөсөө ойлгохгүй байна! Наадахыг чинь юу гэж ойлгох уу? Ёоо энэ тэнэг хүмүүсийг ер ойлгохгүй юм. Жаахан ойлгомжтой яриач гэх зэрэг хаха.
Ойлгохгүй байна гэж хэлэх нь ойлгож байна гэдгээсээ илүү шударга боловч маш ухамсаргүй үг юм байна л даа. Учир нь бид бусдыг ойлгохыг хичээхгүй бол өөрийгөө ч ойлгохыг хичээхгүй гэдгийг шинжлэх ухаан, шашин, харь гараг судлал, Наполеон судлал, Бат Хаан судлал, Арго багш, Кендрик Ламар, Сторми Даниелс, Ким Жон Ун гээд л бүгд дуу нэгтэй хэлж байна лээ.
Бүх л сэтгэл судлалын салбарын үндэс суурь нь, басхүү нийгмийн харилцааны үндсэн функц нь энэ болж таарахаар юм шиг. Хүнийг ойлгохыг хичээх!
Ойлгохгүй мөртлөө ойлгохыг хичээх гэдэг л бидэнд өгөгдсөн том даалгавар юм шиг. Нэг дуунд ''Унтраахгүй юмсан хүн төрөлхтөнд үлдээсэн атга очийг" гэж гардагчлан тэр атга оч нь өөрийгөө болон бусдыг ойлгон, хүлээн зөвшөөрөх сэтгэлийн оч л юм уу даа аая. За эргэцүүлэл бичиж эморох ч яахав.
Саяхан үзсэн нэг киноны тухай л хальт ярьксын уул нь. Цаад сэжимээрээ ойлгох гэдэг үг рүү ойртоод байгаа учраас оршил хийчихлээ хаха. Энэ киноноос ургасан бодлууд нэг иймэрхүү юм болон буух нь.
The Alienist
19 дүгээр зууны сүүл үеийн Нью-Йорк хот. Хотыг удирдах чинээлэг гэр бүлүүд. Тэдэнд үйлчилдэг хууль хүчний байгууллагууд. Бюрократ тогтолцоотой, шавар шавхай, ихэмсэг дээдэс холилдсон нийгэм.
1896 онд Теодор Рузвельт Хотын Цагдаагийн Газрын Комиссараар томилогдон ирээд байх үед хотод аймшигт аллага гарна. Өсвөр насны хүүг хөнөөгөөд, нүдийг нь ухаж, зүрхийг нь сугалаад бла бла. Рузьвелт ятгалгад автсан цагдаа нартаа төдийлөн итгэхгүй агаад гэмт хэргийн сэтгэл зүйч, хэргийн шинжээч нараас бүрдсэн өөр нэгэн багийг алуурчныг олуулахаар хувийн зүгээс давхар томилдог.
Энэ баг маань хэрэгтний хэрэг үйлдсэн арга барил, утга учрыг судлах явцдаа хэрэгтний зан төлөв, нас хүйс, сэдэл санааг нь зураглан батжуулж, аллагаас аллагад туршлагажин явсаар эцэст нь олдог юм.
Киноны гол дүр болох гэмт хэргийн сэтгэл зүй, доктор Крайзлер алуурчныхаа хэн болох, яагаад хүүхэд хөнөөдгийг ойлгож мэдэх гэж үсээ үгтээж суухдаа өөртэйгээ ингэж ярьж байдаг. "Би чамайг ойлгож чадахгүй байна. Би зөвхөн чиний оронд байж байж л чамайг ойлгох юм байна. Би хүн алж байж л энэ ямар байдгийг мэдэрнэ. Чиний амссан бүхнийг амсаж байж чамайг хэн гэдгийг танина. Би тэрнээс өөрөөр чамайг хаанаас хайхаа мэдэхгүй байна."
Энэ хүн өөрийн судлагдахуунаа таньж мэдэх гэж гүэ мөн их шаналж байгаан чааваас. "Энэ алуурчныг хүйтэн цустан, яргачин, хүн биш зэргээр тодорхойлох нь огт үнэмшилгүй юм. Энэ хүн хэзээ нэгтээ гэнэн хонгор хүүхэд байсан нь гарцаагүй. Харин тэр хүүхдэд юу тохиолдсныг л би мэдмээр байна." гэж хэлдэг Крайзлер эмч нөхцөл нь бүрдвэл хэн ч харгис авирлах бүрэн чадамжтай гэж үздэг.
Угаас хүн тэнгэрлэгийн дээд архангел биш. Хүчирхэгийн дээд Зевс бурхан ч биш. Оюун сэтгэл нь өвдөж шархалбал тэр нь зан төлөвт нөлөөлж, зан төлөв нь үйлдэлд нь илэрч зуршил болж, зуршил нь уг хүний бүрэн амьдралын хэв шинжийг агуулснаар хамгийн эхний тэр өвдөлт хойшдын амьдралыг шийдэж орхидог. Тэр л хэврэг сэтгэл зүрх, тархи оюун чинь хүнийх. Хүн л дандаа шархаа даадаггүй амьтны дүрийг бүтээдэг.
Крайзлер эмч алуурчинд нөлөөлсөн байж болох хүчин зүйлүүдийг судалж байхдаа давхар өөрийн сэтгэлийн гүнд нуугдан байгаа явдлыг бага багаар уудлан сэргээж, өөрөө өөрийгөө ч, эргэн тойрны хүмүүсээ ч ойлгохыг оролдон, яагаад гэсэн асуултын уг үндсийг сугалан онгичиж байдаг.
Мэдээж кино тул зөвхөн хэргийн хөөцөлдөөн биш давхар давхар өгүүлэмж бүхий лайн олон байгаа. Тэдний нэг нь Крайзлер эмчийн өөрийн эцэг нь хүүгээ их хатуу гараар хүмүүжүүлсэн ба нэг удаагийн явдлаас болж хүүгээ насан туршид нь бэртээж орхидог. Энэ зөвхөн биеийнх байсангүй, сэтгэл санааны гэмтэл цуг улджээ. Олон жил энэ тухай бодохоос, ярихаас цааргалж зүрхшээж, нуун далдалж ирсэн эмч маань алуурчны үнэн төрхийг хайхын хажуугаар өөрийн үнэн төрхөө олж харж, зугтах тусам улам хүчтэй ороогдож байдаг бүхэнтэй нүүр тулж, аав нь яагаад ийм байдалд хүргэсэн тухай бодож гашилж, эцэст нь бодит байдлыг хүлээн зөвшөөрч сэтгэлээ чөлөөлж буйг үзүүлжээ.
Үндсэн үйл явдал тайлагдаж эцэст нь алуурчныг олоход:
Эх нь хүүгээ багаас нь үгийн муугаар хэлж гоочлон, хүүхдүүддээ ялгаатай хандаж, харгис авирлаж, анхаарал үл хандуулж өсгөсөн бөгөөд, гэр бүлдээ хайрлагдаж чадахгүй ад үзэгдэж байсан хүү нь хөндлөнгийн нэгэн эртэй нөхөрлөн, амьдралдаа анх удаа өөрийг нь байгаагаар нь хайрлаж, дэмжих хүн таарсанд баярлаж, бүх итгэлээ өгсөн авч харамсалтай нь тэр эр хүүг хүчирхийлж орхисноор энэ хүн өсч том болоод алуурчин болчихжээ.
Учир явдал нэг тийш болоход эмчид Мангасыг дарлаа хэмээн бүгд баяр хүргэх үед эмч:
" Мангасыг устгахаар эрэлд гарсан авч бид нэгэн шархалсан зүрхтэй хүүг л оллоо." гэж гунигтай хэлнэ. Дараа нь олон жил уулзаагуй эцэг дээрээ очиж, "Та өөрийн зөв гэж итгэсэн арга замаар, өөрийн мэдэрч ойлгосон туршлагаар, сайн гэж бодсон бүхнээ миний төлөө хийснийг би ойлгосон." гэж хэлээд явдаг.
Ер нь бидний хэн болох үндсэн өгөгдөл нь хоосон цаас байдаг биш уу? Амьдралд тохиосон явдлууд, гэр бүл, хайр сэтгэл, боловсрол хүмүүжил зэрэг нь тэрхүү цаасан дээр бичигдэн бичигдсээр нэг характерыг бүтээж.
Хүн өөрөө өөрийгөө бүтээдэг гэж өөдрөг үзэх үү, зарим экзистенциалистуудын бичдэгчлэн хүн бол амьдрал руу маш золгүйгээр шидэгдэн орхигдсон оршихуй гэж үзэх үү, хүний бодол сэтгэлийн зориг л мэднэ байх. Ямартай ч хүний характерыг шүүн хэлэлцэх, хар цагаанаар ялгах нь утга учиргүй болж байна. Зөвхөн энэ хүнийг хүүхэд байхад хайрласан уу, хүмүүжүүлсэн үү, зааж сургасан уу гэдэг асуулт л үлдэх юм. Хайрлахдаа ямар хайраар хайрлаж вэ? Аминчхан хайраар хайрлаад аминч хүн болгож уу? Зарчимгүй хайраар хайрлаад задгай хүн болгож уу? Дутааж гацаагаад сувдаг хүн болгож уу? Эрхлүүлж энхрийлээд талархах сэтгэлгүй хүн болгож уу? гэж асуувал энэ бүхэн зөвхөн томчуудын хариуцлага болж таарна. Мөн тэр томчууд ч бас хүүхэд байсныг санах ёстой ч юм шиг.
Хүн өөрийн дур зоргоор л бүгдийг хийдэггүй байх нь. Ингэхээр хэн нэгэнд ногдсон бүхнийг эдэлж амсаж үзэхгүй тэр хүнийг ойлгоно гэдэг боломжгүй юм.
Миний таньдаг нэг Монгол эмэгтэй Америк нөхөртэй, амьдрал нь тогтсон айл байдаг. Гэхдээ хүүхэдгүй. Нөхөр нь нүдний хараа муутай, удамшлын өвчин гэнэ. Тэгээд хүүхэдтэй болвол хүүхдэд нь удамших тул эцэг эх болохгүй гэж үзсэн юм. Анх сонсоод би гайхаж байлаа. Хүүхдэд дургүй юм болов уу. Хариуцлага үүрэх хүсэлгүй юм болов уу. Хүний амьд явсны утга учир үр удмаа л үлдээх байлтай гээд шүүмжлэн боддог байв хэдэн жилийн өмнө. Гэтэл үнэндээ би тийм их хараа муутай байж үзээгүй, хараа маш муутай хүн ямар бэрхшээлтэй тулгардгийг огт мэдэхгүй юм. Юу үзэж туулсан болоод хүн тийм шийдвэр гаргаж буйг огт гадарлахгүйд учир байгаан. Ер нь ч тэгээд хүн ер нь яасан ч байсан яахавдээ. Хүүхэд төрүүлээд жаргалтай байлгаж чадкугээ мэдэж байвал харин ч маш хүнлэг ухаалаг үйлдэл биз дээ гэж бас сүүлд нь бодсон гэжүгаа.
Ойлгож чадку шүүмжлээд яахав. Харин ойлгохыг хичээж, бүх зүйлийн үндэс суурь нь хаанаа байгааг нь олж харсан бол өөрт нь зааж харуулж байх хэрэгтэй. Миний нэг найз хааяаа палхийтэл гачин гачин юм хэлээд уур хүргээд байдаг. Тэгээд дараа нь бодоход үнэн л байдын.
Бас нэг инээдмийн ТВ шоу үздэг юм аа би. "Солиотой Экс Найз Охин" гээд.
Ребекка Банч багад нь эцэг эх нь салсан, өсвөр насандаа анхны найз хөвгүүндээ хаягдсан, ээж нь шаардлага өндөртэй. 30 хүрсэн, өндөр боловсролтой, сайн ажилтай. Гэхдээ хувийн амьдрал нь багадаа хаягдаж, гологдож байсан траума-аас үүдэн аз жаргалгүй, өөрийнхөө тухай ул суурьтай эргэцүүлэх чадваргүй. Бусдад таалагдах гэж өөр лаг хүний дүр үзүүлэн, ямар ч үнээр хамаагүй анхаарлын төд байх гэж хичээдэг, тэр нь заримдаа жаахан амиа хичээсэн зан гэмээр нэг тиймэрхүү.
Тэгж чадан ядан хиймэл багтай явсаар 2 залуутай учирна. Нэг нь Ребекка Банчийн жинхэнэ төрхөнд дурласан. Нөгөө нь хуурамч төрхөнд нь автсан. Гэвч хоёулаа л түүнийг хаяна. Учир нь мань эр янз бүрийн дүрд тоглосон хэвээр бүгдийг залхаасаар л. Санасандаа хүрэх гэж бүх л вариантаар туршиж үзэх боловч жинхэнэ аз жаргал огт байсангүй. Харин хувийн сэтгэл зүйч болон найз нь түүнд хамгийн үнэт зөвлөгөөг өгнө. "Өөрийгөө эхлээд тань. Комплексуудаа хүлээн зөвшөөр. Дараа нь хайрла. Тэгэхгүйгээр чиний амьдралд хэн ч юу ч тогтохгүй." гэж. Зөвлөгөөг дагаж эхлэх үест юмс эмх цэгцэндээ орж эхлэнэ.
Ээж нь охиндоо урмын үг хэлж байгаагүй учир ээждээ таалагдах гэж, магтуулах гэж бүх зүйлийг хийдэг ба тэр нь зуршил болсон.
Аав нь найзуудынх нь нүдэн дээр хаяад явснаас болж найз нөхөдтэй болохоос айдаг. Сул эмзэг байдлаараа бусдад шоолуулахаас үхтлээ айдаг учир күүл болж харагдахын тулд яахаас ч буцахгуй.
Найз залуу нь хаяснаас хойш тэрийг л зөвхөн бодож, хаягдсантайгаа эвлэрч чадахгүй явсаар дараа нь тэр залуугаа олж очин найз бүсгүйгээс нь салган авч байгаа гэх мэт явдал гарна.
Энэ мэт янз бурийн зүйлс нийлээд аль ч нийгэмд түгээмэл байдаг ааш араншин бүхий нэг эмэгтэйг бүтээж. Зарим араншингаас нь өөртэйгээ төстэй зүйлс олж харах ч шиг. Бид нар амьдрал дээр тийм хүмүүсийг хиймэл дүр эсгэх дуртай, худалч, жинхэнэ найз нөхөдгүй, худлаа баярхуу, материаллаг шуналтай, атаархуу гээд муугаар ярьж л байдаг. Гэтэл тэр хүнд мөнгөтэй, сайхан хувцастай, нэр нөлөөтэй байж байж л дутуугаа нөхөж, жаргалтай байдаг гэсэн ойлголт хаанаас ч юм төржээ. Эсвэл тэр л хүүхэнтэй суувал хүсэл нь гүйцчих мэт. Заримдаа өөрөөс нь илүү амжилттай хүмүүс л өөрийнх нь гол дайсан юм шиг. Зарим хүн уур уцаараа барьж чадахгүй шууд хүч хэрэглэвэл асуудал шийдэгдэнэ гэж үздэг гэхчлэн. Энэ бүхний ард тэр хүнийг тийм болгосон урьдал хүчин зүйлүүд л нуугдаж байдаг гэж инээдтэй дүгнэлт гаргаад дэвэн дэлхийн юм хамж шимсэн, өөрөө ч дээш нь гүйлгэж уншихаас залхсан бичлэгээ дуусгая даа хаха.
So чи хэн ч байсан би чамайг ойлгож бас ойлгохгүй байна. Чи намайг ойлгож бас ойлгохгүй байна уу этр. Болсон болоогүй юм бодож эргэцүүлж суутал цаг нилээн явжээ.