
Ирэх жилүүдэд Ливэрпүүл том амжилт гаргах нь тодорхой гэж үзсэн учраас Швэйцари тоглогч Ливэрпүүлтэй урт хугацааны гэрээ байгуулах шийдвэр гаргахдаа итгэлтэй байсан хэмээн өгүүлжээ.
Стоук Ситид хэдэн улирал өнгөрүүлсний дараа Жэрдан Шакири ийнхүү Ливэрпүүлийн эгнээнд шилжин ирж байна. Тэр Юргэн Клоппын удирдлага дор том амжилтанд хүрэхийн төлөө ирсэн бөгөөд Коп стандын өмнө анхны гоолоо оруулах мөчөө ч төсөөлөөд амжсан тухайгаа ярьж байна.
Ингээд Жэрдан Шакиригийн анхны ярилцлага.
Ливэрпүүлд тавтай морил. Гэрээ амжилттай хийгдэж дууссан сэтгэгдэл хэр байна?
Юуны өмнө, Баярлалаа. Би энд ирсэндээ маш их баяртай байна. Энэ бол агуу түүхтэй, чадварлаг тоглогчидтой, гайхалтай мэнэжэртэй клуб учраас би энд ирсэндээ маш их баяртай байгаа.
Энэ зун таныг авахаар санал тавьсан хэд хэдэн клуб дундаас яагаад Ливэрпүүлийг зөв гэж бодсон юм бэ?
Тоглогчийн хувьд би үргэлж өндөр түвшинд тоглохыг хичээдэг. Хэдэн жилийн өмнө би ирэхийг хүсч байсан ч харамсалтай нь санаснаар болоогүй. Эцсийн эцэст хүссэндээ хүрч, энд ирсэндээ их баяртай байна. Би өөрийгөө үргэлж хөгжүүлж, шилдгүүдтэй хамт байж, хөлбөмбөгийн оргилд хүрэхийг хүсдэг. Тиймээс л би ирлээ.
Хүссэндээ хүрнэ гэж үргэлж боддог байсан уу?
Мэдээж сэтгэлээр унах үе гарч байсан. Хуучин клуб маань намайг тавьж явуулахыг тухайн үед хүсээгүй. Гэхдээ одоо би энд ирсэн. Тоглож эхлэхээ тэсэн ядан хүлээх болно.
Юргэн Клопп хэлэхдээ, Ливэрпүүл өөрийгөө дайчлахад хамгийн тохиромжтой газар гэж хэлсэн. Энэ ч бас таны Ливэрпүүлд ирэхийг хүсэх шалтгаануудын нэг мөн үү?
Герман мэнэжэрийг Дортмундад ажиллаж байх үеэс нь би мэднэ. Тухайн үед би түүний эсрэг багт буюу Баернд тоглож байсан. Тоглолтууд үргэлж л ширүүн байдаг байлаа. Мэнэжэр ч бас миний Ливэрпүүлд ирэхэд том нөлөө үзүүлсэн. Би түүний хөлбөмбөгт, багтайгаа хэрхэн ажиллаж байгаа арга барилд дуртай. Би үргэлж түүнийг хүндэтгэж ирсэн учраас одоо түүний багт багтсандаа баяртай байна.
Түүний хувь хүний чанар, дасгалжуулах арга барилтайгаа холбогддог нь тоглогчдын анхаарлыг татдаг уу?
Тэр гайхалтай хүн. Хамгийн чухал нь тоглолтонд болон бүхэл тэмцээндээ ялалт байгуулах. Түүнд үүнийг хийх чин хүсэл байгаа нь харагддаг. Энд ирснээс нь хойш баг хэрхэн сайжирснаас нь бүгдийг харж болно. Тэд оргилд хүрэх зөв зам дээрээ явж байгаа учраас би энд ирсэн. Би аваргын титэм зүүж үзмээр байна. Бид их зүйлд хүрч чадна гэж бодож байна.
Та өөрийгөө хөгжүүлэхийг хүсч байгаа, харин тэр өөрийгөө хөгжүүлж, хичээж байгаа тоглогчдыг онцгойлж үздэг. Та хаанаас эхлэхийг хүсч байгаа вэ?
Тэд өнгөрсөн жил гайхалтай улирлыг өнгөрүүлсэн. Аваргуудын лигийн финалд ялагдал хүлээсэнд нь би маш их харамссан. Гэхдээ хааяа хөлбөмбөгт ийм зүйл тохиолддог. Би шинэ улирлыг тэсэн ядан хүлээж байна. Бид хамтдаа дахин шилдэг байж, улирлын эцэст цом өргөнө гэж бодож байна.
Нэг лигт багаа сольж буй таны анхны тохиолдол энэ болж байна. Танд дасан зохицоход төдийлөн хэцүү байхгүй байх.
Би Стоук Ситид 3 жил тоглосон учраас лигийн талаар хангалттай мэднэ. Би үргэлж өөрийгөө хөгжүүлж, илүү сайжрахыг хүсдэг учраас миний хувьд багтаа тусалж, аваргын түрүү хүртэхэд хамгийн тохиромжтой газар бол Ливэрпүүл гэж бодож байна.

Анфилд таны хувьд тийм ч шинэ газар биш. Та энд 3 ч удаа ирж тоглож байсан. Эсрэг багийн тоглогчийн хувиар ирэхэд ямар сэтгэгдэл төрдөг вэ?
Энэ бол гайхалтай стадион. Стоукийн хамт ирж байх үед, гайхалтай хөгжөөн дэмжигчидтэй, гайхалтай уур амьсгалтай стадион. Харин одоо би стадионы эзэн багийн тоглогчийн хувиар очих учраас бүр ч илүү гайхалтай байх нь гарцаагүй. Бид Анфилдын фэнүүдэд аз жаргал, амжилт бэлэглэж чадна гэж бодож байна. Эсрэг тоглогчийн дүрээр ирэхэд энэ стадион хамгийн хэцүү нь байдаг. Би үргэлж мэддэг байсан. Харин энэхүү том гэр бүлийн нэг хэсэг болж байгаа учраас би маш их баяртай байгаа. Бид сайн багуудын эсрэг энэ стадиондоо сайн тоглолт үзүүлэх болно.
Бид таны гараа цээжиндээ зөрүүлдэг гоолын баярыг олонтаа харсан. Харин Копуудын өмнө энэ гоолын баяраа хийхэд хэр байх бол?
Мэдээж олон мянган фэнүүдийн өмнө анхны гоолоо хийж гоолын баяраа тэмдэглэх гайхалтай сайхан мэдрэмж өгнө.
Ливэрпүүлийн довтолгооны бүс маш их өрсөлдөөнтэй талбар болоод байгаа. Багт багтахын тулд амаргүй өрсөлдөөнд орох болох нь...
Хөлбөмбөгт үргэлж, хаа сайгүй өрсөлдөөн, тэмцэл өрнөж байдаг. Мэдээж Ливэрпүүл өндөр зэрэглэлийн, залуу, маш сайн тоглогчидтой. Ийм зүйл хэнд ч хялбар байхгүй нь ойлгомжтой. Би энд өөртөө итгэж, өрсөлдөөнд бэлтгэж байгаадаа баяртай байна. Гэвч хамгийн чухал нь багаараа нягт байж, багаараа ялалт байгуулах. Талбай дээр 11 тоглогч гардаг хэдий ч, аваргын цомыг 11 –ээс илүү олон хүний хүчээр өргөдөг. Би өөрийгөө харуулахыг хүсч байна.
Та Базэлд байх үеийн Мохамэд Салаг бага зэрэг мэднэ. Хамтдаа өнгөрүүлсэн дурсамжаасаа хуваалцаач.
Би түүнийг тийм ч сайн мэдэхгүй ч бид Базэлд хамтдаа бэлтгэл хийж байсан. Хоёр билүү гурван удаа л түүнтэй бэлтгэл хамт байсан ч удалгүй би Баерн руу явсан. Харин түүнтэй энд дахин таарч байгаадаа баяртай байгаа. Өнгөрсөн улирал түүний хувьд гайхалтай өнгөрсөн, энэ жил ч түүнийгээ давтана гэж найдаж байна.
Довтлогчийн хувиар түүний өнгөрсөн улирлын тоглолтын юу нь танд таалагдаж байсан талаараа хуваалцаач.
Тэр маш сайн залуу учраас түүний өнгөрүүлсэн гайхалтай улирлынх нь төлөө би баярладаг. Хамгийн чухал нь клубынхээ төлөө тэр гайхалтай улирлыг үдсэн. Тоглогчид ямар нэгэн цомд хүрч чадаагүй л бол сэтгэл гонсгор үлддэг хэдий ч бид энэ жил чадна гэж бодож байна.

Ливэрпүүлийн өнгөрсөн улирлын тоглолтууд танд ямар сэтгэгдэл үлдээв?
Маш өндөр эрч хүчтэй, гайхалтай хөлбөмбөг үзүүлсэн. Би үргэлж Юргэн Клоппыг хүндэтгэж ирсэн учраас одоо багийн нэг хэсэг болсондоо маш их баяртай байгаа. Би энэ клубын хөлбөмбөгийн системд өөрийгөө төгс тохирно гэж бодож байна.
Таны зорилго тун тодорхой харагдаж байна. Та энд цом өргөхийн төлөө л иржээ ...
Мэдээж. Би цом хүртэхийг хүсч байна. Миний зорилго үргэлж л ийм байсан. Баернд байх үедээ гурван ч цомд зэрэг хүрч байсан учраас цом хүртэхийн амтыг мэднэ. Бид олон цомд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна. Хөгжөөн дэмжигчид ч үүнийг хүртэх эрхтэй. Бид сайхан улирлыг үдэж, оргилд харах хүсэл зоригоор дүүрэн байх болно.
Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдэд хандаж юу гэж хэлэх вэ?
Би ирсэндээ маш аз жаргалтай байна. Би хөгжөөн дэмжигчидтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Ирэх жилүүдэд олон гайхалтай мөчүүдийг хамтдаа гэрчилнэ гэж найдаж байна.