Одоогоос 13 жилийн өмнө Ливэрпүүлийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Рой Хожсон “Гөлөгнүүд минь, намайг ядаж 10 тоглолтын дараа шүүж дүгнээрэй” гэсэн алдарт үгээ хэлж билээ.
Энэ улирал эхлээд, хэдийнэ лигийн 10 тоглолт өнгөрчээ. Улирал бараг 1/3-тээ орох нь. Цээжинд гүйх багуудын өнгө эхнээсээ танигдаж эхэлж байна.
Миний бодлоор тайтлын өрсөлдөөний гол фэворит баг нь мэдээж Ман сити. Лигийг тэргүүлж буй Спөрс бол зүгээр л битүү морь. Арай ч энэ чигээрээ өнгөлж явсаар лигт аваргална гэдэг галзуу солиотой зүйл тохиолдохгүй биз. Шинэ дасгалжуулагчийнхаа дор энэ жил тун чамбай тоглож байгаа тэдний хувьд Аваргуудын лигийн эрхээ авах нь баттай явдал байх. Ман сити ч тэднийг бодит өрсөлдөгч гэж харахгүй л яваа байх.
Харин Арсэналын хувьд бол өөр. Учир нь тэд бол шархалсан зүрхтэй... ха ха
Ливэрпүүл 2018/19 оны улиралд яг тэдэн шиг мэдрэмж тээгээд хоцорч байсан. Шархалсан зүрхтэй тэд харин хойтон жил нь эргэж ч харалгүйгээр дайрсаар аварга болсон билээ. Арсэналыг 19/20 оны Ливэрпүүл шиг дайрах болвуу гэж улирлын өмнө эмээж байсан, гэхдээ Буучдын тоглолтоос айхтар эрэмгий чанар харагдахгүй байгаа ч чухал оноонуудаа авсан хэвээр л байна. Чэлсид 2:0-ээр нухуулж яваад, эргэн ирж чадсан нь тэдэнд эерэг сэтгэл зүй бий гэдгийг харуулж байгаа хэрэг болов уу.
Харин энэ хооронд тоглолтоос тоглолтод арга барилаа олж, барьцаа лавшруулсаар яваа баг бол Ливэрпүүл. Улирлын эхэн хэсгийг санаж байвал бас л оргоо бусгаа байлаа шүү дээ. Ямар сайндаа л Гакпогоо голд *аацан л эхэлсэн. Хүмүүсийн дүгнэж байснаар өнгөрсөн жил Ливэрпүүлийн тоглолт унаж эхэлсэн нь дундын шугамтай холбон тайлбарлаж байсан бөгөөд Клопп болон клубын удирдлагууд ч үүнтэй эвлэрч, хагас хамгаалалтын парк шинэчлэлтийг хийж чадлаа. Одоо тэр хэд маань багтаа уусаад, тэр хэрээр Ливэрпүүлийн тоглолт тогтворжоод ирж байна.
Санаа гол зовоож байсан, Фабиньогийн байрлал дээр цаашид Макка тоглох нь ойлгомжтой болж байх шиг. Мэдээж Ватару түүнд туслаж, арыг нь даах рольтой үргэлжилнэ. Найдахыг хүсэхгүй байгаа ч Тиаго ч фит байж чадвал энэ байрлалд асуудалгүй үзчихнэ. Нэмээд Байчетич гэх хүү өнгөрсөн жил мэдэгдэл хийж чадсныг санах хэрэгтэй.
Хашир бурхи, халзан Пэп энэ улирал эхлээд удаагүй байхад, Ливэрпүүл тайтлын өрсөлдөөнд бий, манай хамгийн эвгүй өрсөлдөгч гэж хэлсэн байсан. Пэп хэлсэн, хэлээгүй Ливэрпүүл маань тайтлын төлөө үзчих бүрэн боломжтой л харагдаад байгаа юм.
Өнгөрсөн улирлын муу тоглолтын гол байг зайлуул муу Трент маань л өөр дээрээ хүлээж авсан. Гэтэл яг үнэндээ Ван Дайк хүртэл өөрийн түвшиндээ тоглоогүй шүү дээ. Ялангуяа ДАШТ хүртэлх Ван Дайк бол арайчдээ гэмээр л тоглож байсан. Роббо ч дутахгүй тааруу л байсан. Мэдээж багаараа бүгд тааруу болохоор хамгаалалтад ирэх дарамт үлэмж нэмэгдэнэ, улмаар гоол алдана, хожигдоно. Өнгөрсөн улиралд ийм л зүйл болсон. Харин сүүлийн хэдэн тоглолтод Ван Дайк маань шал өөр тоглож байна. Тэр бол багийн ахлагч, энэ багийг амжилтад чиглүүлэх үүрэгтэй хүн. Ван Дайк маань хуучин түвшиндээ эргэн тоглож эхэлнэ гэдэг баг ямар нэг зүйлд хүрнэ л гэсэн үг.
Түүний адилаар довтолгооны урд шугаманд нэг лидер бидэнд бий, тэр бол мэдээж Мо!! Ливэрпүүлийн оруулж буй бүх л гоолд тэр оролцож байна. Гоол оруулах үндсэн үүргээ ч гүйцэтгэнэ. Гоолын дамжуулалтыг хаяглана, бусдадаа тоглох маш том орон зайг хүртэл үүсгэж өгч байна. Өчигдөр гэхэд л эхний хоёр гоолыг тэр бүтээсэн шүү дээ. Яаж муу Мо-гоо өнгөрсөн зун Сауды руу тавиад туучхаагүй юм... 2023 онд түүн шиг олон гоолд оролцсон тоглогч лигт үгүй юм билээ. Мо ингэж тоглож байхад бид ямар нэгэн зүйлд хүрч л таарна.
Ливэрпүүлийг тайтлын төлөө өрсөлдөж чадна гэх итгэлийг улам их төрүүлэх нэг хүчин зүйл нь Доминик Субослай. Аййй мөн ямар тансаг хагас хамгаалагч олоод ирсэн юм бэ? Түүнийг анх Ливэрпүүлд олж ирэх ажлыг гардан гүйцэтгэсэн хүнийх нь өвлийн идшийг даачихмаар санагдтлаа огшиж байна шүү, нээрээ хахаха Хэрвээ багт чинь ийм түвшний хагас хамгаалагч байвал хамгийн том руу л амбицлахаас яахав.
Мань эрийн хөлбөмбөг тоглох нь үнэхээр уран харагдах юм. Довтолгооны идэвхтэй байдлыг нь бүгд л бахдан харж байна. Дээр нь тэр эрч хүчийг нь ээ, 90+ минутад л яг л тоглолтын эхэн үе шиг ажиллах юм. Баруун зүүнээрээ цохино, дамжуулна. Шаардлага гарвал алсын дамжуулалт явуулж байна. Нэмээд хамгаалалтад буцаж буй, хамгаалах үедээ өөрийн биеийн илүүгээ ашиглаж байгаа этр нь галзуу2.. Өнгөрсөн хугацаанд маш олон хагас хамгаалагчдыг улаан хувцастай тоглохыг харлаа. Яахав, мэдээж бүгд л өөр өөрийн гэсэн арга барилтай, үүрэгтэй, мундаг хагасууд байлаа. Гэхдээ яг Жэррардаас хойш гэвэл яг ийм өндөр түвшний, олон талт хагас хамгаалагч гэхээр Субогоос өөр санаанд орж ирэхгүй байна.
Субослай нь хар багаасаа л зорилгоо тодорхойлчихсон, өндөр түвшний хөлбөмбөгчин болно гээд шийдчихсэн байсан юм билээ. Үеийн хөвгүүд нь өдөрт 1 бэлтгэл хийдэг бол мань эр 2 удаа бэлтгэл хийдэг байж. Томрох нь тодорхой гэдэг шиг аав нь түүнийг бүр багаас нь бэлтгэж, ийм түвшинд хүргэх эхлэл болсон гэнэ. Тэрээр Ливэрпүүлд зүгээр ч нэг ирээгүй, маш том амбицтайгаар Анфилдад ирсэн гэдгээ хэлсэн байсан. Боломжит бүх цомын төлөө бид өрсөлднөө л гэж хэлсэн байна лээ.
Ливэрпүүлд бас нэгэн давуу тал бий нь Аваргуудын лигт энэ жил тоглохгүй байгаа явдал гэж хараад байна. Яахав, Европа лигт тоглож байгаа ч Аваргуудын лиг бол өөр шүү дээ. Багийн ротациа сайн хийгээд, зөвхөн лигтээ анхаарлаа хандуулаад явж чадвал учиртай. Одоогоор хэсгийн эхний 3 тоглолтдоо хожчихсон болохоор 12-р сарын ачаалалтай хуваарь эхлэх үеэр Европа лигийн хоёр тоглолтод гол хэдийгээ нөөчих боломж бүрдэнэ.
2020 онд 30 жил хүлээсэн лигийн түрүүг авчирсан залуусын тал нь бүрэлдэхүүнд байна. Ман сититэй хэрхэн лигийн тайтлын төлөө өрсөлдөж, ялж бас ялагдахыг тэд л бүхнээс илүү мэднэ. Ливэрпүүлд туршлага байна, амжилт цомоор дахиад цангаад эхэлсэн, эрч хүчтэй – цомоор цангасан залуусаар цус сэлбэсэн, дээр нь бидэнд Клопп бий.
Алалцаад байж дээ....
Чүүүүүү!!!