Энди Робертсон хэдхэн хоногийн дараа (3 сарын 11) 24 нас хүрнэ.
Шотландын Глазгоу хотод төрсөн тэрээр эхлээд бага сургуулийнхаа хүүхдийн багт тоглож байгаад Шотландын алдарт Селтикийн академи рүү шилжсэн байна. Гэсэн ч 15 настайдаа Селтикт гологдож, Күйнс Парк руу (Английн QPR клуб биш) явжээ.
Одоогоос 5 жилийн өмнө залуу хүү Роббо сонирхогчдын зэрэглэлд хөлбөмбөг тоглохын хажуугаар клубтээ бүтэн цагаар ажилладаг байв. Тэрээр оператарын ажил хийдэг байсан бөгөөд билет асуусан хүмүүст хариулдаг байж. Өглөө 9-өөс орой 5 цаг хүртэл ажиллаад, үргэлжлүүлэн 6 цагаас бэлтгэлдээ явдаг дайчин хүү байсан гэнэ. Маш шаргуу хүчин чармайлтын эцэст 2013 оны улиралд нэгдүгээр багтаа дэвшиж чадснаар Робертсон мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүлсэн байна.
Хатан хааны цэцэрлэг багт тэр улиралдаа амжилттай тоглоод Шотландын Дандэ Юнайтэд баг руу зарагджээ. Тус клубт ганцхан улирал тоглохдоо Шотландын Оны шилдэг залуу тоглогч болсон нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан байж таараа. Улмаар ПЛ-ийн Халл сити клуб Роббог худалдан авахаар 2,85 сая паунд санал тавихад баг нь зөвшөөрснөөр Англи руу шилжлээ.
Английн Барсын төлөө тэрээр 3 улирал тоглохдоо 2-т нь Премьер лиг, нэгэнд нь Чэмпионшипт тогложээ. Доод лигт тоглосон тэр жилд Роббо бүх 42 тоглолтонд талбайд гарсан байна.
2017 он бол түүний хувьд сайхан жил байсан нь гарцаагүй. Төдийлөн олны танил болоогүй түүнийг Клопп сонирхож, Ливэрпүүлд авчирсан. Өнгөрсөн 8-р сарын 19-нд Кристал Паласыг Садио Манэгийн гоолоор хождог тоглолт түүний улаан өмсгөлтэй хийсэн анхны тоглолт байв. Үүнээс 7 хоногийн дараа Роббогийн анхны хүү Рокко хорвоод мэндэлжээ.
Ливэрпүүлийн өнгөрсөн 125 жилийн түүхийг харахад Шотландууд маш хүндтэй байр суурийг эзэлдэг. Шанкли, Пэйсли Шотландууд, Билли Лиддэлл, Кэнни Далглиш, Алан Хансэн, Грэйм Сунэсс зэрэг гайхалтай домгуудыг нэрлэж болно. Харин өнгөрсөн 20 жил Гари МакАлистэрийг эс тооцвол (ямар Чарли Адамыг нэрлэлтэй нь биш хаха) Ливэрпүүл-Шотландын харьцаа үлэмж суларчээ.
Роббогийн тоглогчийн замнал амархан байгаагүйтэй адил Ливэрпүүл дэх карьер нь ч дардан эхэлсэнгүй. Улирлын эхэнд ихэнх цагийг банз халааж, тоглолтыг нэгдүгээр зэрэглэлийн суудлаас үзэж өнгөрүүлсэн тэрээр Клоппоос зөвлөгөө хүсчээ. Харин менежер түүнд бэлтгэлээ улам шаргуу хийж, бууж өгөхгүй байхыг зөвлөсөн байна.
Энэ улирлыг тун давгүй формоор эхлүүүлсэн Алберто Морэногийн сайн тоглолт Роббод боломжийг олгохгүй байв. Харин 12 сард болсон тоглолтын үеэр Испани зүүн ар шагайндаа бэртэл авснаар Робертсонд боломж гарах нь тэр. Үүнээс хойшх түүхийг бид хамтдаа харсан... Роббо сүүлийн 14 ПЛ-ийн тоглолтын 13-т нь гараанд гарч, Ман ситигийн эсрэг гайхалтай тоглож, хоёрхон долоо хоногийн өмнө Аваргуудын лигийн тэмцээнд анх удаагаа тоосоо өргөсөн билээ. Хэдийгээр Морэногийн бэртэл эдгэж, бүрэн фит болсон ч Роббогийн сайн формыг таслахгүйн тулд Клопп үргэлжлүүлэн гаргаад байх шиг. Улирлын үлдсэн хугацаанд энэ формоо хадгалж чадвал ирээдүйд Ливэрпүүлийн зүүн жигүүрийн эхний сонголтоор нэрлэгдэх замаа нээх нь гарцаагүй биз.
Цахилгаан Роббодоо амжилт хүсье!
Тэр клубтээ ажиллаад, хажуугаар нь ажилладаг байсан үед гэхээр нөхөр 16,17-той л байж.
Дэрэнгийн хөвгүүддээ ярьж өгмөөр сайхан түүх байна даа...