Бичлэг
Бичсэн Mademoiselle » Ба 11-р сарын 16, 2018 9:50 am
Амарсан дээрээ ажил амжуулаад, бүтэмжтэй явсандаа сэтгэл хөдлөөд номын дэлгүүр зорьсон минь уйлж хоносон шөнүүдийг нэгээр нэмэв. Өвгөн тэнгис хоёр дээр ч ингэж цурхирч уйлж байсан удаагүй юмсан. Ер нь ном уншаад гуниглаж байснаас биш, энэ удаагийнх шиг нулимсаа барьж чадалгүй эргэж хөрвөөж, сэтгэл өвдөж, тайвширч, тэгснээ эргээд л уулга алдаж уншсан удаа огт үгүй ээ.
Хэзээ ч билээ, Хятадууд Монголчуудыг үзэн яддаг юм бишээ. Тэд 1-рт өөрсдийгөө, 2-рт бас л өөрсдийгөө, 3-рт дахиад л өөрсдийгөө үзэн яддаг юм гэж уншиж байсан юм. Харин энэ номноос тэдгээр бодлуудыг нь мэдрэх шиг санагдав.
Үйл явдал хүүрнэгчийг номын бараг эхлэл хэсэгт мартсан гэхэд болно.
Эцгээсээ өвлөсөн бүх хөрөнгөө, эд хогшил, орон гэртэйгээ мөрийнд алдаж, эцэстээ жирийн л нэг ядуу ард болон үлдэх үедээ ч, эхнэрийг нь хадам нь төрхөмд нь буцаагаад аваад явахад ч, дайны талбарт өдөр хоног аргацааж байхдаа ч ер нь цаашлаад бүхий л үед үхэх сонголт хийж чадахгүй, уйлаад л уйлаад л байх юм. Эр хүн ч гэсэн уйлдаг гэх өнгө аяс мэдрэгдсэн дээ.
Зохиолын өмнөтгөлд өнөөдөр таны зовсон гэж бодож яваа бүхэн чинь энэ номыг уншсаны дараа зовлон биш шиг санагдана гэсэн байсан. Үнэхээр л тийм мэдрэмж өгчээ.
Орчуулгын хувьд,
Хятадын уран зохиолоос их танилцсан ч биш дээ.
Гэвч, зохиолд тусгасан Хятадын аж ахуй, амьдрал хүмүүсийнх нь ааш аяг, улс төрийн байдал, эмнэлэг үйлчилгээ, сургууль, хот хөдөө суурингийн соёл зэргийг гайхалтай харуулж чадсан байлаа.
Түгдэрч гацсан, дахиж уншсан, огт ойлгоогүй хэсэггүй сайхан байв. Үгийн сонголтууд ч тэр.
Тагтааг тэврээд, Батбаярыг нь үнсье ээ. Үй хуатай дахин учирч, уншихсан гэж тэсэлгүй хүсэв ээ.
Гэхдээ..
Толгой өвдөөд байна. Нүд аймар болжээ. Сайхан уйлах гэж байдаг л юм байна.
I have no special talent. I am only passionately curious.