"Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Calling all Liverpool FC supporters! Come and paint the Mongolian RED!
Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 163
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 85 удаа
Талархагдсан: 153 удаа
CONTACT:

Re: "Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Мя 7-р сарын 17, 12:35

Жэрдан Шакири: “Би аваргын цом авмаар байна”
Зураг

Ирэх жилүүдэд Ливэрпүүл том амжилт гаргах нь тодорхой гэж үзсэн учраас Швэйцари тоглогч Ливэрпүүлтэй урт хугацааны гэрээ байгуулах шийдвэр гаргахдаа итгэлтэй байсан хэмээн өгүүлжээ.
Стоук Ситид хэдэн улирал өнгөрүүлсний дараа Жэрдан Шакири ийнхүү Ливэрпүүлийн эгнээнд шилжин ирж байна. Тэр Юргэн Клоппын удирдлага дор том амжилтанд хүрэхийн төлөө ирсэн бөгөөд Коп стандын өмнө анхны гоолоо оруулах мөчөө ч төсөөлөөд амжсан тухайгаа ярьж байна.

Ингээд Жэрдан Шакиригийн анхны ярилцлага.
Ливэрпүүлд тавтай морил. Гэрээ амжилттай хийгдэж дууссан сэтгэгдэл хэр байна?

Юуны өмнө, Баярлалаа. Би энд ирсэндээ маш их баяртай байна. Энэ бол агуу түүхтэй, чадварлаг тоглогчидтой, гайхалтай мэнэжэртэй клуб учраас би энд ирсэндээ маш их баяртай байгаа.
Энэ зун таныг авахаар санал тавьсан хэд хэдэн клуб дундаас яагаад Ливэрпүүлийг зөв гэж бодсон юм бэ?
Тоглогчийн хувьд би үргэлж өндөр түвшинд тоглохыг хичээдэг. Хэдэн жилийн өмнө би ирэхийг хүсч байсан ч харамсалтай нь санаснаар болоогүй. Эцсийн эцэст хүссэндээ хүрч, энд ирсэндээ их баяртай байна. Би өөрийгөө үргэлж хөгжүүлж, шилдгүүдтэй хамт байж, хөлбөмбөгийн оргилд хүрэхийг хүсдэг. Тиймээс л би ирлээ.
Хүссэндээ хүрнэ гэж үргэлж боддог байсан уу?
Мэдээж сэтгэлээр унах үе гарч байсан. Хуучин клуб маань намайг тавьж явуулахыг тухайн үед хүсээгүй. Гэхдээ одоо би энд ирсэн. Тоглож эхлэхээ тэсэн ядан хүлээх болно.
Юргэн Клопп хэлэхдээ, Ливэрпүүл өөрийгөө дайчлахад хамгийн тохиромжтой газар гэж хэлсэн. Энэ ч бас таны Ливэрпүүлд ирэхийг хүсэх шалтгаануудын нэг мөн үү?
Герман мэнэжэрийг Дортмундад ажиллаж байх үеэс нь би мэднэ. Тухайн үед би түүний эсрэг багт буюу Баернд тоглож байсан. Тоглолтууд үргэлж л ширүүн байдаг байлаа. Мэнэжэр ч бас миний Ливэрпүүлд ирэхэд том нөлөө үзүүлсэн. Би түүний хөлбөмбөгт, багтайгаа хэрхэн ажиллаж байгаа арга барилд дуртай. Би үргэлж түүнийг хүндэтгэж ирсэн учраас одоо түүний багт багтсандаа баяртай байна.
Түүний хувь хүний чанар, дасгалжуулах арга барилтайгаа холбогддог нь тоглогчдын анхаарлыг татдаг уу?
Тэр гайхалтай хүн. Хамгийн чухал нь тоглолтонд болон бүхэл тэмцээндээ ялалт байгуулах. Түүнд үүнийг хийх чин хүсэл байгаа нь харагддаг. Энд ирснээс нь хойш баг хэрхэн сайжирснаас нь бүгдийг харж болно. Тэд оргилд хүрэх зөв зам дээрээ явж байгаа учраас би энд ирсэн. Би аваргын титэм зүүж үзмээр байна. Бид их зүйлд хүрч чадна гэж бодож байна.
Та өөрийгөө хөгжүүлэхийг хүсч байгаа, харин тэр өөрийгөө хөгжүүлж, хичээж байгаа тоглогчдыг онцгойлж үздэг. Та хаанаас эхлэхийг хүсч байгаа вэ?
Тэд өнгөрсөн жил гайхалтай улирлыг өнгөрүүлсэн. Аваргуудын лигийн финалд ялагдал хүлээсэнд нь би маш их харамссан. Гэхдээ хааяа хөлбөмбөгт ийм зүйл тохиолддог. Би шинэ улирлыг тэсэн ядан хүлээж байна. Бид хамтдаа дахин шилдэг байж, улирлын эцэст цом өргөнө гэж бодож байна.
Нэг лигт багаа сольж буй таны анхны тохиолдол энэ болж байна. Танд дасан зохицоход төдийлөн хэцүү байхгүй байх.
Би Стоук Ситид 3 жил тоглосон учраас лигийн талаар хангалттай мэднэ. Би үргэлж өөрийгөө хөгжүүлж, илүү сайжрахыг хүсдэг учраас миний хувьд багтаа тусалж, аваргын түрүү хүртэхэд хамгийн тохиромжтой газар бол Ливэрпүүл гэж бодож байна.
Зураг
Анфилд таны хувьд тийм ч шинэ газар биш. Та энд 3 ч удаа ирж тоглож байсан. Эсрэг багийн тоглогчийн хувиар ирэхэд ямар сэтгэгдэл төрдөг вэ?
Энэ бол гайхалтай стадион. Стоукийн хамт ирж байх үед, гайхалтай хөгжөөн дэмжигчидтэй, гайхалтай уур амьсгалтай стадион. Харин одоо би стадионы эзэн багийн тоглогчийн хувиар очих учраас бүр ч илүү гайхалтай байх нь гарцаагүй. Бид Анфилдын фэнүүдэд аз жаргал, амжилт бэлэглэж чадна гэж бодож байна. Эсрэг тоглогчийн дүрээр ирэхэд энэ стадион хамгийн хэцүү нь байдаг. Би үргэлж мэддэг байсан. Харин энэхүү том гэр бүлийн нэг хэсэг болж байгаа учраас би маш их баяртай байгаа. Бид сайн багуудын эсрэг энэ стадиондоо сайн тоглолт үзүүлэх болно.
Бид таны гараа цээжиндээ зөрүүлдэг гоолын баярыг олонтаа харсан. Харин Копуудын өмнө энэ гоолын баяраа хийхэд хэр байх бол?
Мэдээж олон мянган фэнүүдийн өмнө анхны гоолоо хийж гоолын баяраа тэмдэглэх гайхалтай сайхан мэдрэмж өгнө.
Ливэрпүүлийн довтолгооны бүс маш их өрсөлдөөнтэй талбар болоод байгаа. Багт багтахын тулд амаргүй өрсөлдөөнд орох болох нь...

Хөлбөмбөгт үргэлж, хаа сайгүй өрсөлдөөн, тэмцэл өрнөж байдаг. Мэдээж Ливэрпүүл өндөр зэрэглэлийн, залуу, маш сайн тоглогчидтой. Ийм зүйл хэнд ч хялбар байхгүй нь ойлгомжтой. Би энд өөртөө итгэж, өрсөлдөөнд бэлтгэж байгаадаа баяртай байна. Гэвч хамгийн чухал нь багаараа нягт байж, багаараа ялалт байгуулах. Талбай дээр 11 тоглогч гардаг хэдий ч, аваргын цомыг 11 –ээс илүү олон хүний хүчээр өргөдөг. Би өөрийгөө харуулахыг хүсч байна.
Та Базэлд байх үеийн Мохамэд Салаг бага зэрэг мэднэ. Хамтдаа өнгөрүүлсэн дурсамжаасаа хуваалцаач.
Би түүнийг тийм ч сайн мэдэхгүй ч бид Базэлд хамтдаа бэлтгэл хийж байсан. Хоёр билүү гурван удаа л түүнтэй бэлтгэл хамт байсан ч удалгүй би Баерн руу явсан. Харин түүнтэй энд дахин таарч байгаадаа баяртай байгаа. Өнгөрсөн улирал түүний хувьд гайхалтай өнгөрсөн, энэ жил ч түүнийгээ давтана гэж найдаж байна.
Довтлогчийн хувиар түүний өнгөрсөн улирлын тоглолтын юу нь танд таалагдаж байсан талаараа хуваалцаач.
Тэр маш сайн залуу учраас түүний өнгөрүүлсэн гайхалтай улирлынх нь төлөө би баярладаг. Хамгийн чухал нь клубынхээ төлөө тэр гайхалтай улирлыг үдсэн. Тоглогчид ямар нэгэн цомд хүрч чадаагүй л бол сэтгэл гонсгор үлддэг хэдий ч бид энэ жил чадна гэж бодож байна.
Зураг
Ливэрпүүлийн өнгөрсөн улирлын тоглолтууд танд ямар сэтгэгдэл үлдээв?
Маш өндөр эрч хүчтэй, гайхалтай хөлбөмбөг үзүүлсэн. Би үргэлж Юргэн Клоппыг хүндэтгэж ирсэн учраас одоо багийн нэг хэсэг болсондоо маш их баяртай байгаа. Би энэ клубын хөлбөмбөгийн системд өөрийгөө төгс тохирно гэж бодож байна.
Таны зорилго тун тодорхой харагдаж байна. Та энд цом өргөхийн төлөө л иржээ ...
Мэдээж. Би цом хүртэхийг хүсч байна. Миний зорилго үргэлж л ийм байсан. Баернд байх үедээ гурван ч цомд зэрэг хүрч байсан учраас цом хүртэхийн амтыг мэднэ. Бид олон цомд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна. Хөгжөөн дэмжигчид ч үүнийг хүртэх эрхтэй. Бид сайхан улирлыг үдэж, оргилд харах хүсэл зоригоор дүүрэн байх болно.
Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдэд хандаж юу гэж хэлэх вэ?
Би ирсэндээ маш аз жаргалтай байна. Би хөгжөөн дэмжигчидтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Ирэх жилүүдэд олон гайхалтай мөчүүдийг хамтдаа гэрчилнэ гэж найдаж байна.

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 163
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 85 удаа
Талархагдсан: 153 удаа
CONTACT:

Re: "Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Ба 7-р сарын 20, 4:15

Алиссоны анхны ярилцлага

Рома клубээс дөнгөж Ливэрпүүлийн эгнээнд шилжиж ирээд буй Алиссон Бэккэр энэ зуны 4 дэх наймаа болон Анфилдын бэлтгэлийн баазад урт хугацааны гэрээнд гарын үсгээ зурлаа. Тэрээр бичиг баримттай холбоотой асуудлуудаа цэгцэлж дуусмагцаа уламжлал ёсоор Ливэрпүүлийн сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм. Түүний тоглолтын арга барил, яагаад Ливэрпүүлд ирэх болсон шалтгаан, болон ирээдүйн зорилтуудынхаа талаар хүүрнэлээ.

Алиссон, юуны өмнө Ливэрпүүл Хөлбөмбөгийн клубт тавтай морил.
Маш их баярлалаа
Гэрээгээ тохиролцож, Ливэрпүүлийн бүрэлдэхүүнд нэгдсэн сэтгэгдлээсээ хуваалцаач.
Би маш их баяртай байна. Үргэлж ялалт байгуулахын төлөө тэмцдэг, энэ том клубын нэр хүндтэй өмсгөлийг өмсөн тоглох болсон нь миний хувьд мөрөөдөл биелж байна гэсэн үг. Энэ агуу клубын гэр бүлийн нэг хэсэг болж байгаа нь миний амьдралын болоод карьерын минь хувьд том алхам. Тиймээс би энэ клубынхээ төлөө өөрийн бүхнээ дайчилна гэдэгт эргэлзэхгүй байж болно.
Та өөрийн амралтаа цуцалж, Ливэрпүүлд ирж гэрээгээ хийж байгаа гэдэг үнэн үү?
Тийм ээ, Би Миний замналын дараачийн том алхам учраас, миний мөрөөдлийн нэг хэсэг учраас би амралттай байсан ч дундуур нь наашаа ирсэн. Урагшаа алхаж буй том алхам бөгөөд баяртайгаар хийж буй гэрээ учраас надад алдах зүйл юу ч байгаагүй. Гэр бүлдээ бусад асуудлаа даатгаж орхиод би ирсэн. Би тэдний өмнөөс, гэр бүл маань ч маш их баяртай байгааг бас хэлэх хэрэгтэй. Энд ирсний дараа бүх зүйл гайхалтай зохион байгуулагдсан байгаад маш их баяртай байна. Удахгүй энэ газар миний шинэ гэр орон болно.
Энэ зун таны талаар маш олон яриа гарч, олон багтай холбогдсон хэдий ч яагаад Ливэрпүүлийг сонгох болсноо яриач.
Өмнө хэлсэнчлэн Ливэрпүүл бол ялалтын төлөө л байдаг, тоглолт бүрт хөгжөөн дэмжигчид нь ч жинхэнэ хөгжөөн дэмжигчид байж багийнхаа ар талд бат найдвартай зогсдог. Өнгөрсөн улирал Аваргуудын Лигийн хасагдах шатанд тэр хөгжөөн дэмжигчдийн эсрэг зогсоход, тэдний уур амьсгал надад тод дурсамж үлдээсэн. Ливэрпүүл намайг сонирхож байгааг анх сонсмогцоо би тэдний төлөө тоглож болох талаар шууд бодож эхэлсэн. Би өмнөх клубтээ сэтгэл хангалуун байсан хэдий ч энд бүр ч илүү аз жаргалтай байж чадна гэж найдаж байна. Хөгжөөн дэмжигчдийн тэр сэтгэлийн хариуд би өөрөөсөө шаардагдах бүхнийг өгөх болно. Аваргуудын лигийн финалд шалгарч чадсан нь бас миний сэтгэлийг хөдөлгөсөн зүйл байсан бөгөөд би ийм өндөр түвшид тоглох багт өөрийн хувь нэмрийг оруулах хүсэлтэй байсан. Миний замналд, мэргэжлийн тоглогчийн хувьд өсч дэвжихэд энэ шилжилт том алхам гэж итгэж байна. Би ч энэ багийн хөгжилд өөрийн хувь нэмрээ чамгүй оруулж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Робэрто Фирминотой Ливэрпүүлийн талаар ярилцаж байв уу? Тэр танд юу гэж зөвлөсөн бэ?
Багуудын хоорондох хэлэлцээр эхэлмэгц би түүнтэй ярилцахад клубын болон хотын талаар зөвхөн сайн сайхан зүйлс л сонссон. Тэр энд гэртээ байгаа юм шиг л мэдрэмж авдаг гэж хэлсэн. Тэр фэнүүдийн хайрыг татаж, тоглогчид ч түүнийг хүндэтгэдэг. Тэр зөвхөн эерэг зүйлс л ярьдаг сайн залуу. Хэрэв энд ирвэл ямар ч асуудалгүй аз жаргалтай байж чадна гэдгийг тэр хэлсэн. Шигшээ багтаа хамт байх үедээ бид маш их ярилцаж, нэг багт хүчин зүтгэнэ гэж бодоход сайхан санагдаж байна.
Өнгөрсөн улиралд та Фирмино, Манэ, Сала нарын эсрэг тоглож үзсэн... Та энэ улирлаас эхлэн тэдний эсрэг биш нэг багт тоглох боллоо...
Маш их баяртай байна. Зөвхөн довтолгооны гурвал ч бус, бүхэл бүтэн Ливэрпүүлийн эсрэг тоглоно гэдэг маш хүнд даваа. Өмнө эсрэг дүрээр тулгарч байсны хувьд хэлж байна. Тэд гайхалтай улирлыг, өнгөрүүллээ. Довтолгооны гурвалаас гадна талбай дээрх 11 тоглогч, сэлгээний суудал дээрх тоглогчид гээд бүтэн багийнх нь эрч хүчийг би мэдэрсэн. Тэд бүгд ялалт байгуулах чин хүсэлтэй байсан бөгөөд довтолгооны ийм гурвалтай байгаа нь надад гайхалтай сэтгэгдэл төрүүлдэг. Тэдэнтэй нэг тал болж байгаадаа би маш их баяртай байгаа.
Аваргуудын Лигийн хагас шигшээ тоглолтын эхнийх нь Анфилдад явагдсан. Та тэндээс ямар туршлага хуримтлуулсан бэ?
Миний хувьд хамгийн сэтгэл түгшээсэн бөгөөд сэтгэл хөдөлгөсөн тоглолт байсан. Анфилд хэмээх хүчин зүйл тоглолтонд маш их нөлөөлсөн гэж бодож байна. Тоглолтын үр дүнг тооцолгүйгээр миний замналын хамгийн азгүй мөч байсан хэдий ч энэ нь миний анхны ялагдал байгаагүй, сүүлийнх нь ч биш. Мэргэжлийн тоглогчийн хувьд ийм зүйлтэй эвлэрч, гайхалтай тоглолт байсныг нь хүлээн зөвшөөрдөг. 35 дахь минутаас эхлэн бид учраа олж, тоглолтын балансыг олж эхэлсэн ч Анфилдын хөгжөөн дэмжигчид багтаа итгэж байсан нь тэдний эрч хүчийг сэлбэж байсан. Тэр мөчөөс эхлэн тэд тоглолтын санаачилгыг авсан. Сала эхний гоолыг оруулж, стадионыг галзууруулсан нь гайхалтай байсан. Тоглогчид фэнүүдээс ийм л дэмжлэг хүсч хүлээдэг. Удалгүй эхлэх улиралд ч тэд ялгаагүй байх болно. Тэдний хүчээр би ч ялгаагүй талбай дээр улам илүү тоглолт гаргаж чадна гэж итгэж байна.
Тэр үдэш таны Ливэрпүүлд ирэх шийдвэр гаргахад хэр нөлөөтэй байсан бэ?
Шийдвэр гаргахад тэр үдэш нөлөөлсөн шүү. Иймэрхүү чухал шийдвэр нь зөвхөн тоглож буй клубээ солих биш, өөрийн төдийгүй гэр бүлийнхнийхээ, эхнэрийнхээ, охин минь ч бүх амьдралыг өөрчлөх шийдвэр байдаг. Тэр тоглолт мэдээж нөлөө үзүүлсэн хэдий ч би бусад тоглолтуудыг ч бас үзсэн. Клопп багийг хэрхэн тоглуулахыг хүсч байгааг нь мэдэхийн тулд би олон тоглолт үзсэн. Тиймээс ч би энэ клубын нэг болох хүсэл төрсөн. Клубын түүх, домог болсон тамирчдаас гадна би ч бас энэ клубын түүхийг бичилцэж, цом авч, клубын хэтийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, Ливэрпүүлийн дахин мандан бадрахыг харах болно.
Та Мо Сала-г Ромад байх үеэс нь мэднэ. Та түүнтэй холбоо барьсан уу?
Ромаг орхисноос нь хойш бид төдийлөн холбоотой байгаагүй ч Аваргуудын Лигийн хагас шигшээ дээр дахин уулзсан. Өчигдөр орой тэр над руу: “Хүүе, юугаа хүлээгээ вэ?” гэдэг мэссэж илгээсэн. Хэлэлцээр гүнзгийрсэн шатанд явж байсан учраас хариуд нь би: “Тайвширч үз, Би ирж явна” гэж хариулсан. Би түүнтэй дахин хамтарч тоглоно гэж бодохоор маш сайхан байна. Гайхалтай тоглогчийн хажуугаар тэр өөрөө хувь хүний хувьд ч гайхалтай залуу. Эдгээр мундаг залуусын хамт миний ирэх өдрүүд ч гайхалтай сайхан байх болно.
Шигшээ багийн чинь хамтрагч, Манчэстэр Ситигийн хаалгач Эдэрсон мөн Прэмьер Лигт тоглож байгаа. Та түүнээс Лигийн талаар асууж байв уу?
Үнэндээ би шигшээ багийнхаа Прэмьер Лигт тоглодог бүх тоглогчидтой Лигийн онцлогийн талаар ярилцсан. Телевизээр үзэх нэг ондоо, 7 хоног бүр тоглолтонд оролцох бол өөр шүү дээ. Би тэднээс дандаа сайн сайхан зүйлс л сонссон. Прэмьер Лиг бол дэлхийн хамгийн шилдэг лиг бөгөөд маш их тэмцэл өрнөж байдаг нь надад их таалагдсан. Би өрсөлдөөнд дуртай. Ливэрпүүл шиг агуу багийн бүрэлдэхүүнд багтаж, гайхалтай тоглогчдоор нь хүрээлүүлэн, энэ өндөр түвшинд тоглоно гэдэг бол том өрсөлдөөн учраас би энд ирэх шийдвэр гаргасан.
Та Ливэрпүүлд юу авчирч чадах вэ? Та өөрийгөө болон өөрийн тоглолтын арга барилаа хэрхэн тодорхойлох вэ?
Би өөрийнхөө чадварыг талбай дээр харуулахыг хүсдэг болохоос үгээр тодорхойлдог хүн биш. Би талбайд маш тайван байж чадахаас гадна хамгийн гол нь би ялалт байгуулахыг л хүсдэг. Би талбайд гарсан л бол өмсгөлийг нь өмсч буй багийнхаа төлөө өөрөөсөө шаардагдах бүхнийг дайчилдаг. Хөгжөөн дэмжигчид болон хамтран тоглогчид маань талбай дээр болон өдөр тутмын бэлтгэл дээр надаас ихийг хүсч хүлээж болно. Би өөрийн тоглолт бүртээ дүгнэлт хийж, өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, засч залруулж байхыг хичээдэг. Би өндөр нуруутай хэдий ч хөлийн ажиллагаа, хурд сайтай. Миний хөлд бөмбөг ирсэн л бол түүнийг хурдан тоглолтонд оруулахыг хичээдэг. Клоппын хэв маягтай миний тоглолтын хэв маяг төгс тохирно гэж бодож байна. Түүний надаас юу хүсч байгааг нь мэдвэл би Ливэрпүүлд өөрийгөө тохируулж чадна.
Та бол бөмбөгийг маш сайн хуваарилах чадвартай хаалгач. Тэр чадвар чинь Ливэрпүүлийн болон шинэ хамтрагчдын чинь арга барилд сайн нийцэж чадна гэж боддог уу?
Тэгж итгэж байна. Энэ бол маш өндөр түвшний, хамгаалалтаасаа хагас хамгаалалтаараа дамжин довтолгоо хүртлээ маш олон талын чадвартай баг. Ардаас бөмбөг урагшилбал довтлогчид дээр цохилт хийхэд эвтэйхэн байдлаар хүрч чаддаг. Миний хэв маяг багийнхтай тохирч, би өөрийгөө тоглолт бүрт зориулж, бүгдийг хүндэтгэж тоглох болно. Би Ливэрпүүлийн төлөө бүгдийг зориулах болно.
Та Юргэн Клопп хэмээх мэнэжэрийн удирдлага дор тоглох боллоо. Түүнтэй хамтран ажиллах болсондоо хэр баяртай байна вэ?
Би их зүйл хүсч байна. Түүнийг Дортмундад байх үеэс нь мэдэж, түүний хэв маягт дурлаж, тэр бүү хэл түүний эсрэг ч тоглож үзсэн. Тэр маш чадвартайн дээр талбай дээр маш тодорхой стратеги баримталдаг. Түүний багийг зогсооход маш хүнд бөгөөд, довтолгооны өндөр ур чадвартай ч дийлдэшгүй хамгаалалттай байж чаддаг. Би энэ системд шууд орж, арга барилд аль болох хурдан уусч чадна гэж бодож байна. Хэлний болон тоглолтын арга барил гэх мэт асуудлууд гарахыг үгүйсгэхгүй. Прэмьер Лиг бол биеийн хүч шаардсан, эрч хүчтэй лиг учраас би өөрийгөө үүнд зохицуулж тоглолтын арга барилд хурдан уусч чадна.
Түүнтэй ярилцах боломж танд гарав уу? Тэр танд юу гэж хэлэв?
Бид утсаар багахан ярилцсан. Тэр багийн талаар болон өөрийнхөө тоглолтын арга барилын талаар бага зэрэг ярьж Ливэрпүүлээс юу хүлээж болохыг минь хэлж, клуб болон хотын талаар ярилцсан. Клубын бүтэц, зохион байгуулалт, хэтийн зорилтын талаар ч тэр надад хэлж өгсөн. Гэхдээ энэ клубт танилцуулга хэрэггүй. Сүлд, авсан цомууд, амжилт нь бүхнийг илтгэнэ. Тийм ч удаан ярилцаж чадаагүй учраас түүнтэй удахгүй уулзаж, хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна. Мөн талбайд гарч, шинэ багийнхныхаа хамт өөрийн хамгийн хайртай зүйл болох хөлбөмбөгөө тоглохыг маш их хүсч байна.
Сүүлийн хэдэн өдрийн турш үргэлжилсэн энэхүү шилжилтийн үеэрх сэтгэл хөдлөлийнхөө талаар яриач.
Маш их сэтгэл хөдөлгөсөн урт хугацааны яриа хэлэлцээр болж өнгөрлөө. Тийм ч хялбар байгаагүй ч би бүх итгэлээ өгсөн бурхан надтай хамт байсан гэж бодож байна. Би залбираад бүхнийг бурхны гарт даатгасан. Би өөрийн хамгийн дотны зөвлөхүүд болон гэр бүлийнхээ хамтаар энэ шийдвэрийг гаргасан. Дэлхийн аваргын үеэр бүх зүйлсээ орхиж тоглолтондоо төвлөрсөн учраас сэтгэл тайван байсан. Дараа нь амрахаар явсны дараа эдгээр зүйлс тохиолдож, миний амдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэгийг гаргах хэрэгтэй болсон байв. Би шийдвэрээ хялбархан гаргасан. Харин Рома болон Ливэрпүүлээс ногоон гэрэл хүлээж авсан цаг миний гэр бүл, зөвлөхүүд болон миний хувьд хамгийн сайхан цаг үе байлаа.
Бид ярилцлага бүрийнхээ төгсгөлд шинэ тоглогчдоосоо асуудаг уламжлалт асуулт байдаг. Та хөгжөөн дэмжигчиддээ хандаж юу хэлэх вэ?
Би энэ агуу багийн, том гэр бүлийн нэг хэсэг болсондоо үнэхээр их баяртай байна. Би үргэлж амжилттай байхыг хүсдэг. Би юу ч гүй хоосноос энд хүртэл ирээд байна. Гэр бүлдээ, надтай хамтарч ажилладаг хүн бүрт, бас бурхандаа баярлаж байна. Би талбайд гараад өөрийнхөө бүх зүйлийг зориулах болно. Би тэдэнд баяр хөөрийг бэлэглэнэ. Тэдний дэмжлэгийг авч, тэдний хүлээлтэнд хүрч чадна гэж найдаж байна.

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 163
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 85 удаа
Талархагдсан: 153 удаа
CONTACT:

Re: "Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Да 11-р сарын 19, 10:50

#МэдлэгтДусалНэмэр

16 жилийн өмнөх 12 ба 13-р тойрог ...

Прэмьер Лигийн эрин үед Ливэрпүүл ганц л удаа ийм хэмжээний оноог энэ хэмжээний тооны тоглолтонд авч байжээ ... 9 ялалт, 3 тэнцээ авч 23 гоол оруулан, 5 гоол алдсан үзүүлэлттэй эхлүүлсэн улирал, Ливэрпүүлийн фэнүүдэд ихээхэн найдлага өвөрлөхөд хүргээд байгаа юм.

Гэвч улаануудын дундах тэр өөдрөг таамаглал дэвшүүлж байсан фэнүүдийн тоо багасч байгаа... Яагаад?

Хариулт нь: Өнгөрөгч улирлын аваргууд болох Манчэстэр Сити. Тэд 2 онооны илүүтэй, хүснэгтийг өнгөлж яваа бөгөөд тэдний форм маш гайхалтай байгаа ... Копайтууд өмнө нь иймэрхүү байдалд орж байсан фэнүүд учраас цаг улирлын байдал хэрхэн өөрчлөгдөж болдгийг хангалттай ойлгодог, үндсэндээ зовлон үзсэн хашир фэнүүд ... Одоо харин энэ талаар бичье ...

2002/03 оны улирлын эхлэл ч мөн адил энэ улирлын эхлэлтэй яг адилхан байсныг та нар мэдэх үү? 2002 оны 11-р сард Ливэрпүүл 12 тойргийн дараах боломжит 36 онооноос 30-ыг нь аваад байсан цаг билээ ...

2002 оны 11-р сард Жерар Ульегийн улаанууд Арсэналаас 4 онооны зөрүүтэй хүснэгтийн оройд бичигдэж байв. Өмнөх улиралд нь Лигийг 2-р байранд 80 оноотой дуусгасан учраас фэнүүдийн хүлээлт шууд л дээд хязгаарт тулчих нь тэр ... Тэд энэ улиралд Прэмьер Лиг биднийх хэмээн бат итгэж байлаа ...

13 –р тойрог, Миддлэсбро клубын талбай. Хоёр багийн тоглолтонд гоол ороогүй л байлаа ... Жерар Улье, тоглолтын 68 дахь минутанд Стивэн Жэррардыг суулгаж Владимир Шмицерийг талбайд оруулав, үүнээс хойш 10-аадхан минутын дараа ... 82 дахь минутанд, Жэрзи Дудэкийн алдаа, Борогийн хагас хамгаалагч Гарэт Саутгэйтын (одоогийн Английн шигшээ багийн мэнэжэр) гоол болон хувирах нь тэр ... Ийнхүү Ливэрпүүл тухайн улирлынхаа анхны ялагдлыг хүлээжээ.

Бород ялагдсанаасаа 3 хоногийн дараа Аваргуудын лигийн хэсгийн шатанд Базэлын талбай дээр болсон тоглолтонд 3:3 –ын харьцаатай тэнцсэнээр тэд хэсгээсээ шалгарах боломжгүй болов. Ийнхүү Ливэрпүүлийн гайхалтай амжилттай эхлүүлсэн улирал, 3 хоногийн дотор хар дарсан зүүд болон хувирчээ. Дараачийн тоглолтууд тэр аяараа сүйрэл болов. Ливэрпүүлийнхэн хямралаас гарч чадсангүй. Өвөл нь улаануудын үнэнч фэнүүд Лигийн 11 тоглолт дараалан хожил харж чадсангүй. Улирлын энэ хэсэг Англид аймшигтай шахуу хуваарьтай, тоглогчид, дасгалжуулагчдын бүү хэл фэнүүдийн ч шандсыг шалгадаг хүндхэн хуваарь байдаг гэдгийг Прэмьер Лиг 1-ээс дээш улирал үзсэн хүмүүс бүгд мэднэ. Ливэрпүүл, дараачийн 11 тоглолтын боломжит 33 онооноос ердөө 5-хан оноо авч хүснэгтийн оргилоос 7 –р байр хүртэл уруудав. Энэ нь Ливэрпүүлийн сүүлийн хагас зууны хамгийн муу цуврал болжээ.

Эцэст нь 2003 оны 1-р сарын дундуур хар өдрүүд өндөрлөж, Саутхамптоныг, Эмиль Хэскигийн гоолын ачаар 1:0 –ийн харьцаатай хожиж чаджээ.
Хэдийгээр Ливэрпүүл тухайн улиралд Уортингтон Кап нэртэй байсан Лигийн цомын финалд Манчэстэр Юнайтэдыг ялж 7 дахь Лигийн цомоо өргөсөн хэдий ч Прэмьер Лигт тэднээс 19 онооны дутуу 5-р байранд жагссан юм.

Түүх заавал давтагдах албагүй, Юргэн Клоппын барьж босгож буй Ливэрпүүлийг Жерар Ульегийнхтай харьцуулах боломжгүй.

Харин энэ долоо хоногт Ливэрпүүл Уотфордын талбайд зочлон тоглоно. Дараа нь Аваргуудын Лигийн хүрээнд Пари Сэн-Жэрмэйний талбайд зочилно. Араас нь Мэрсисайдын Дэрби тоглолт. Ямар гээч долоо хоног вэ. Юргэн Клоппын дайчид энэ улирлын хамгийн хатуу ширүүн, шандас сорьсон, хүнд хэцүү сорилтын өмнө ирээд байна. 1 сарын 3 –нд Этихад стадионд Ситигийн эсрэг тоглолт хүртэл 10 тоглолт хийх учиртай.

Хэрхэхийг хөлбөмбөгийн бурхан тэнгэр мэдэх буй заа ...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 215
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 9 удаа
Талархагдсан: 112 удаа
CONTACT:

Re: "Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Бичлэг Бичсэн meesh » Лх 6-р сарын 05, 1:06

Энэ мэт нийтлэлийг нүүр хуудсандаа оруулаад, шэйрлэж барьдаг буян байхгүй л байхдаа :twisted:

Та бүхэнд сонирхолтой байж магадгүй гэж бодоод нэг ийм нийтлэл орчуулаад орууллаа... Орчуулга тул найруулга, утгын алдаа байж магадгүй шүү, өршөөнө биз...

2010 оны 10 сар: Ливерпүүл Энфилдэд ичгэвтэйгээр Блэкпүүлд 1:2 харьцаатай хожигдож хүснэгтийн хасагдах хэсэгт бичигдэн сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд дахь улирлын хамгийн муу эхлэл хийлээ. Лигийн цомд бүр ч муу үзүүлэлтийг гаргав. Дөрөвдүгээр лигийн Нортхэмптон багтай 2:2 тэнцэж, улмаар торгуулийн цохилтоор 2:4 харьцаагаар хожигдол хүлээлээ. Бид бүхний хувьд энэ бол хар дарсан зүүд шиг л байлаа. Харамсалтай нь энэ нь тэр хар дарсан зүүдийн дөнгөж эхлэл нь байлаа.

2007 оны 2-р сард Ливерпүүл клубыг 220.0 сая фунт стерлингээр худалдаж авсан клубын эзэд болох Том Хикс болон Жорж Жиллетт нар клубын удирдлагыг хангаж чадахгүй байснаас гадна баг маань асар их өрөнд орж эхэлж байлаа. Royal Bank of Scotland гэхэд 2010 оны 1-р сард клубээс 280.0 сая фунт стерлингийн төлбөрийг нэхэмжилсэн бөгөөд багийн хүнд байдлыг ойлгож хүлээн авснаар зээлийнхээ төлбөрийг төлөх хугацааг 3 сар хүртэл сунгасан бөгөөд дараа нь дахин “өрөвдөөд” хугацааг нь дахин 7 сараар сунгаж байсан түүхтэй. Харамсалтай нь тэр оны 10 сард нөхцөл байдал ер өөрчлөгдсөнгүй, багийн эздүүд өр зээлээ төлөх чадваргүйгээс болж клуб маань дампуурлын ирмэгт ирлээ. Хэрэв дахиад жаахан хугацаа өнгөрвөл Энфилдэд гадны удирдлага оруулахад бэлэн болсон байлаа.

Яг энэ үед багийн эзэд Хикс болон Жиллетт нар ямар ч эрх мэдэлгүй болж клубын бүх эрх мэдлийг одоогийн Fenway Sports Group-т яаралтайгаар шилжүүлсэн байдаг. Клубын шинэ эзэд болох Жон Хенри болон түүний хамтрагчид клубын бүх өрийг дарахад зориулж 300.0 сая доллар зарцуулжээ. Хуучин эзэд нь клубээ өөр компанид шилжүүлснийхээ төлөө нэг цент ч халааслаж чадалгүй өнгөрчээ. Хикс дараа нь ч гэсэн олон жилийн турш сардаа 125.0 мянган фунт стерлингийн Ливерпүүл клубтэй холбоотой өр төлбөрийг төлсөөр байжээ.

2019 оны 5-р сар: Ливерпүүл клуб дампуурлын ирмэгт орох нь битгий хэл, түүхэндээ анх удаа нэг улиралд 100.0-аас дээш сая фунт стерлингийн ашиг хийж, түүхэндээ Премьер лигийн улиралд хамгийн өндөр оноо авч 2-р байранд шалгарч, Аваргуудын лигийн цомыг хүртсэн баг болж хувирлаа.
Ливерпүүл клубыг хэн гэгч эрхэм нь аварч ингэж огцом тэнгэр өөд “нисэхэд” хүргэсэн бэ?
Ливерпүүл клубын нэгэн хөгжөөн дэмжигчийн захидал бүхнийг өөрчилж клубыг 66 хоногийн дотор худалдан авсан байна.

Ливерпүүл клубын хөгжөөн дэмжигчид 8 дугаар сарын 9-ний өдрийг тэр болгон мэдэхгүй буюу мартсан байх. Энэ өдөр бол санамсаргүйн авралын Мерсисайдын баярын өдөр гэж хэлж болохоор өдөр юм.

Яг энэ өдөр Ливерпүүл клубын хөгжөөн дэмжигч, “Бостон Ред Сокс” гэдэг бейсболын клубын борлуулалтын албаны дарга Жо Янушевски гэдэг нөхөр өөрийн клубын эзэн болох Жон Хенри руу имэйл бичжээ. Ливерпүүл клубт болж байгаа үйл явдалд сэтгэл нь зовнисон тэрээр Хенриг Ливерпүүл клубыг анхааралдаа авч боломж байгаа дээр нь тус клубын хувьцааг худалдаж авахыг санал болгожээ. Тэр үед Хенри Европ хөлбөмбөгийн талаар ямарч ойлголтгүй байсан бөгөөд тоглогчдын шилжилт хөдөлгөөний тогтолцоог нь илүү гайхдаг байсан байна. Учир нь өөр баг руу шилжихэд тоглогчийн хүсэл сонирхлыг харгалздаг байсан нь түүний гайхшралыг төрүүлдэг байж. Тийм болохоор Жо захиагаа бичихдээ зөвхөн "Манай багийг авархад тусална уу” гэж бичихэд хангалтгүй гэдгийг сайн мэдэж байсан байна. Тийм учир мань хүн захиандаа Ливерпүүл клуб ямар агуу клуб болох талаар дэлгэрэнгүй бичээд 1990 оноос хойш аваргын титмийг хүртээгүй ба өдөө дампуурлын ирмэгт тулаад байгаа талаар нилээн дэлгэрэнгүй бичжээ.

“Би түүнд энэ алтан боломжийг ашиглах хэрэгтэй, миний чемодан үргэлж бэлэн байгаа, хамтдаа Ливерпүүл нисэхэд хэзээд бэлэн” гэж бичжээ. “Би өөрийгөө хэн нэгнийг ингэж ятгаж чадна гэж хэзээ ч бодож байгаагүй, энэ бол биелэгдэшгүй мөрөөдөл мэт санагддаг байлаа. Би захиандаа өөрийгөө хэрхэн шаналж байгаагаа л илэрхийлсэн юм” гэж Жо хожим нь дурсчээ.

Жо-гийн тэр шаналал нь Хенриг итгүүлж чадсан бөгөөд мань хүн тэр дор нь өөрийн менежерүүдээ дуудаж цуглуулсан байна. Үүнээс хойш 66 хоногийн дараа 300.0 сая долларын чекэнд гарын үсэг зурагдсан байжээ.
“Энэ мөчийг юу гэж нэрлэхээ би мэдэхгүй байна, Гайхалтай, Галзуу. Наймаа хийгдсэний дараа өдөр нь л би Жонтой хамт Мелвүүдэд хамт очоод өөд өөдөөсөө хараад “Энэ үнэхээр болсон явдал уу” гэж бодсон гэж Янушевски хожим нь дурсжээ. Жо одоо бол бейсболын “Техас Рейнжерс” клубын дэд ерөнхийлөгчөөр ажилладаг юм байна.

Английн Премьер лигт маниболл байгуулахыг оролдсон нь:

Жон Хенри өмнө нь Европ хөлбөмбөгтэй харьцаж үзээгүй байсан ч түүний өмнөх түүх яг Ливерпүүлд зориулсан юм шиг байдаг гэнэ.
2002 онд түүний эзэмшиж буй компани New England Sport Ventures (хожим нь Fenway Sports Group нэртэй болсон) нь бейсболын клуб болох “Бостон Ред Сокс” клубыг худалдаж авчээ. Тэр үед тус клуб нь өөрийн 84 жилийн түүхэндээ ганц ч удаа түрүүлж байгаагүй байсан бөгөөд худалдаж авснаас хойш 2 жилийн дараа MLB-д түрүүлсэн байна. Тэрнээс хойш дахин 3 удаа аваргын титэм авсан байна.

“Миний хувьд Ливерпүүл болон Ред Сокс клубуудын хувьд эхний шатанд маш олон ижил зүйлүүд байсан. Хөгжөөн дэмжигчдийн хувьд маш олон тооны, хүчтэй түүхэн уламжлалтай” гэж Жон хэлж байжээ. Түүний бодож байгаагаар Английн хөлбөмбөгт америкийн спортын зах зээлийн арга барил дутагдаад байгаа юм шиг санагддаг байлаа. Энэ нь яг “Moneyball” гэдэг нэртэй кинонд гардаг шиг үйл явдал өрнөж байжээ.
Анх Бостон Ред Соксыг худалдаж авсны дараа тэр кинонд тоглосон жинхэнэ мэргэжлийн менежер болох Билл Бин гэж нөхрийг урьжээ. Билл бол тоон дээр суурилсан судалгаа хийж шийдвэрээ гаргадаг нөхөр байсан гэнэ. Гэхдээ мань хүн Бостонд удаан тогтоогүй боловч хожим нь Европ хөлбөмбөгт түүний арга барилыг ашиглажээ.
Билл тухайн үедээ Европ хөлбөмбөг их үздэг сонирходог нэгэн байсан бөгөөд Хенриг Ливерпүүл клубыг худалдаж авсныг сонссоны дараа түүн рүү утасдаад өөрийн менежерээрээ Дамьен Комолли гэж хүнийг авахыг санал болгожээ.
Харамсалтай нь Комоллигийн Ливерпүүл клубыг босгоход хийсэн наймаанууд нь байгаа оноогүй бөгөөд наймааны үеэр 100 сая фунт стерлинг зарцуулсан ч амжилтанд хүрээгүй байна. Тэр улиралд Ливерпүүл 59-хөн гоол хийсэн үзүүлэлттэй дуусгажээ. Энэ асуудлыг шийдэхийн тулд илүү хурц тоглодог тоглогчдыг авахаар болж шууд 3 тийм тоглогчдыг авсан боловч амжилт олоогүй юм. Ингэснээр 2012 оны хавар Комоллиг халжээ.
Статистикийн үзүүлэлтэд хандах шинэ хандлага. Яагаад Клоппыг урьсан бэ?
Жон Хенри зүгээр нэг статистикт дуртай нөхөр биш байсан юм.

Жон оюутан байхдаа философийн факультетэд суралцаж байсан боловч өөрийн рок-группдээ анхаараад хичээлээ хаядаг байсан байна. Тэр үед түүний эцэг нь нас барж гэр бүлийн бүх хариуцлага түүн дээр буужээ. Гэр бүл нь тухайн үед эрдэнийн шиш ургуулдаг, соевын тос үйлдвэрлэдэг жижиг аж ахуй эрхэлдэг байж. Яг энэ аж ахуйн ажил нь мань хүний сонирхлыг онц татдаггүй байсан бөгөөд санхүүгийн салбар түүний сонирхлыг маш ихээр татдаг байлаа. Тэрээр эрдэнийн шиш, соевын тосын фьючерсын зах зээлд амжилт олж эхэлжээ. Ингэснээр 1981 онд өөрийн консалтинг компанийг нээж хөдөө аж ахуйн биржийн үнийн чиг хандлага зэргийн талаар зөвлөгөө өгдөг байж байгаад сүүлдээ эдийг засгийн бүх салбарт зөвлөгөө өгдөг болжээ.

Яг энэ тоон дээр ажилладаг чадвар нь түүнийг Ливерпүүл клубт ажиллахад их тус болжээ. Комоллиг халсны дараа Иэн Грэм гэж хүнийг авчээ. Сонирхолтой нь тэрээр 2008-2012 онуудад Тоттенхэм клубт ажиллаж байсан бөгөөд түүний бас статистик тоон судалгааг тус клубт ер авч хэлэлцдэггүй байж. Тийм учир мань хүн гомдсондоо Ливерпүүл клубт ирэхийг зөвшөөрсөн бөгөөд энд статистик тоог маш их хэрэглэдэг нь түүний сонирхлыг ихээр татжээ.
Грэм уг нь Кембрижийн их сургуулийн физикийн анги төгссөн боловч энэ чиглэлээрээ ажиллах сонирхолгүй байсан бөгөөд хөлбөмбөгийн судалгаанд хамаг цагаа зарцуулдаг байжээ. Тэрээр өөрийн мэдээллийн баазыг бий болгосон бөгөөд дэлхий даяарх 100,000 гаруй тоглогчдын мэдээллийг нэгтгэж чадсан юм. Тэрээр дасгалжуулагчдад болон наймааны хорооныхонд ямар тоглогч авбал зүгээр байх талаар маш үнэтэй зөвлөгөө өгдөг болжээ. Жишээ нь 2016 онд Наби Кейтаг авахыг маш ихээр шаардаж байсан гэнэ. Кейтаг Зальцбург клубт тоглож байхдаа урагш нь маш олон оновчтой дамжуулалт өгсөн статистикийн тоог үндэслэсэн байна. Мөн түүнчлэн зөвхөн Грэм л Мо Салахт итгэж болно гэдгийг анх хэлж байжээ. Учир нь түүний Челсид өнгөрөөсөн улирлын дараа түүнийг Английн хөлбөмбөгт тохирохгүй гэж ихэнх нь үздэг байж.

Мөн зөвхөн Грем-ын саналаар тухайн үед Коутиньог авсан байдаг юм. Тухайн үедээ Коуг авахад 13 сая евро зарцуулсан бол дараа нь Барселонад 145 саяар зарсан түүхийг хүн бүр мэдэж байгаа байх. Энэ мөнгөөр нь манайх ВВД болон Алиссон нарыг авсан нь клубын хувьд хамгийн оновчтой наймаа болсон байдаг.
Түүнчлэн тоглогчдыг зарахад Ливерпүүл клуб ихээхэн амжилт олсныг бас мартаж болохгүй. 2014-2018 онуудад тоглогчдыг зарсан санхүүгийн үзүүлэлтээр Ливерпүүл клуб 2-т бичигдэж байна.
1. «Челси» – 272 сая
2. «Ливерпүүл» – 260.5 сая
3. «Арсенал» – 158 сая
4. «Манчестер Сити» – 108 сая
5. «Тоттенхэм» – 88 сая
Хамгийн гол нь Грем-ын статистикийн судалгааны ачаар манайд Юрген Клопп ирсэн гэж хэлж болох юм. Энэ тухай манай Герман босс маань өөрөө ч хэлсэн байдаг.

Түүний Боруссия Дортмунд клуб дэх сүүлчийн улиралд (2014-2015) манай хүний удирдсан баг сайн амжилт гаргаж чадаагүй бөгөөд Бундеслигтээ 7-р байранд орсон байдаг юм. Грэм тэр үед өөрийн судалгаагаа гаргаад энэ бол алдаа шүү, тэр улиралд Дортмундын баг хамгийн азгүй баг байсан гэдгийг нотолжээ. Тухайн улирлын туршид бий болгосон боломжууд, тоглолтын чанарыг харах юм бол Боруссия клуб хамгийн муудаа л 2-р байранд орох ёстой байсан гэдгийг нотолжээ. Клопптой хийсэн анхны уулзалтын үеэр Грэм Дортмундын Майнцтай хийсэн тоглолтын талаар дурджээ. Тэр тоглолтонд Дортмунд бүтэн 90 минутын турш зүгээр л талбайн нэг талд л тоглож байсан боловч хамгийн азгүйгээр хожигдсныг хэлэхэд Клопп “Тиймээ бид тэднийхийг хядаж байсан боловч гоол хийж чадаагүй, чи тэр тоглолтыг харсан юм уу” гээд хашгирч байсан гэдэг.

Гэхдээ яг үнэндээ Грэм тэр тоглолтыг үзээгүй байсан бөгөөд мань хүн зөвхөн өөрийн математикийн судалгаагаараа л ямар тоглолт болсон талаар дэлгэрэнгүй ойлголттой болсон байдаг байна.
Энэ уулзалтын дараа Клопп математик-судлаачид ихээр итгэдэг болсон байна. Өмнө нь Боруссияд байхад энэ тал дээр нэг их анхаардаггүй байсан гэнэ.

“Одоо бол Клопп клубтэй холбоотой бүхий л асуудалд анхаарлаа хандуулдаг болсон бөгөөд багийн жинхэнэ лидер болж чадсан” гэж Жон Хенри бахархалтайгаар хэлсэн байна.
Одоо Клопп судлаачдын бүхэл бүтэн багтай ажилладаг болсон бөгөөд Грэм-ээс гадна астрофизикч Тим Васкетт, шатарчин Дэфилд Стил, өндөр эрчим хүчний физикч Вилл Спирмэн (Европын цөмийн эрчим хүчний судалгааны төвд ажиллаж байсан) зэрэг хүмүүстэй ажилладаг байна.

Одоо Ливерпүүлд хир их мөнгө байгаа вэ?

Сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 204 сая фунт стерлийнгийн ашиг олсон байна. Харьцуулахад 2009-2013 онуудад нийт 176 сая фунт стерлингийн алдагдал хүлээж байсан гэж бодохоор нийт 380 сая-ын ашиг хийсэн юм шиг.
Сүүлийн жилүүдэд телевизээс олох орлого нэмэгдэхээс гадна бусад спонсорудын төлбөр нэмэгдсэн байна. Standard Chartered жилд 30 сая-г өгдөг байсан бол одоо 40 саяыг өгдөг болсон, New Balance 45 саяыг өгдөг байснаа одоо 75 саяыг өгдөг болсон байна.

Энфилдын стадионы багтаамжыг 8500 судлаар өргөтгөж, үүний ачаар жилдээ тасалбарын борлуулалтаас 81 саяын орлого олдог болсон. Өмнө нь 2011 онд тасалбарын орлого ердөө 41 сая байсан байна.
2010 онд Ливерпүүл баг ингэж өөрчлөгдөнө гэж итгэж байсан хүн маш цөөхөн байсан байх..

А.Тамир
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин