Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Улаануудын “Мөнхийн” ахлагч Стивэн Жэррард. Хөлбөмбөгт мөнгө, цомноос илүү эрхэм зүйл байдаг гэдгийг ойлгуулсан ховорхон тоглогчдын нэг бол тэр. Ливэрпүүлийн төлөө, гайхалтай хөгжөөн дэмжигчдийнхээ төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа АУГАА ахлагч минь. Ярьж хэлмээр зүйл зөндөө л байна. Гэхдээ бүгд мэдэхээс хойш олон юм нуршилгүй түүний зодог тайлахаа мэдэгдсэний дараа BT Sport-д өгсөн ярилцлагыг хүргэе.

Стивен, үнэхээр гайхалтай хөлбөмбөгийн замналаа дуусгаж байгаад чинь баяр хүргэж байгаа анхны хүн нь би байж магадгүй. Яагаад зодог тайлхаар шийдэв?
Мэдээж цөөн хэдэн шалтгаан бий. Хөлбөмбөгөө орхих цаг нь ирж буйг эхлээд мэдэрдэг юм байна. Бие чинь үүнийг шаардаж эхэлдэг. Өвдөлт, зовиур илүү тогтмол мэдрэгдэж эхэлдэг. Мөн талбай дээр гарахад мэдэрдэг байсан тэр мэдрэмж хүртэл өөрчлөгддөг.  Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд би бага багаар удаан болж буйгаа мэдэрсэн. Өөрөөр хэлбэл би өмнө нь хийж чаддаг байсан зүйлээ хийж чадахгүй болж байсан бөгөөд энэ нь цаг хугацаа өнгөрөх тусам намайг бага зэрэг бухимдуулж байлаа. Өнгөрсөн хугацаанд би хүмүүсийн үгсийг их сонссон. Ялангуяа миний итгэж, хүндэлж явдаг энэ спортод нэр хүндтэй хүмүүсийн надад хэлсэн “Хүч тамир чинь шавхагдах үед спортоо орхиорой, хэт удаан тоглох хэрэггүй. Эс бөгөөс чи ичгэвэртэй байдалд орж магадгүй.” гэсэн тэр үгс. Тэдний хэлээд байсан цаг үе ирсэн мэт санагдаж байсан. Тиймээс одоо зодог тайлах нь зөв цаг байна гэж бодсон юм.


Гэнэт шийдсэн үү?
Үгүй ээ, нилээн хугацаанд бодсон. Өнгөрсөн 3, 4 сарын хугацаанд ЛА Галаксид тоглохдоо би цөөнгүй бэртэл авч, өмнөх шигээ хурц биш болсноо мэдэрсэн. Тоглолт бүр маш хэцүү болж байсан. Газрын өндөр, халуун болоод чийглэг цаг агаар, мөн аялан тоглолтууд надад их нөлөөлж байлаа. Тиймээс энэ бүх хугацаанд өөрийнхөө талаар бодож ирсэн. Сүүлийн 6 сарын хугацаанд өөртөө “Би өнөөдөр сайн тоглож чадсангүй шүү” эсвэл “Тэр залуу надаас илүү сайн байлаа” гэх мэт зүйлсийг хэлэх үе хэд хэдэн удаа байсан. Би өөртэйгөө ийнхүү ярих дургүй. Гэхдээ одоо яг цаг нь болсон мэт.


Хөлбөмбөгөө санах байхдаа?
100  хувь. Би хөлбөмбөг тоглох үнэхээр их дуртай хүмүүсийн нэг. Би энэ спортод хайртай. Өдөр бүр бэлтгэлийн талбайд бэлтгэл хийж, бусадтай өрсөлдөх дуртай. Мэдээж өнгөрсөн хугацаанд унаж босох мөчүүд байсан ч туулж ирсэн замналдаа маш их хайртай. Би тоглож байсан минут бүртээ хайртай. Тиймээс тоглолтоо шууд л санаж эхлэх байх.


Хөлбөмбөг тоглодог бүхий л хүмүүст  тохиолддог зүйл ч гэсэн зодог тайлж буй хүний хувьд таны сэтгэгдэл хэр байна? Юу мэдэрч буйгаа хуваалцаач.
Яг одоо тайлбарлахад хэцүү байна. Талбайд дахин гарч тоглохгүй гэхээр, хувцас солих өрөөнд залуустайгаа хамт байж хошигнохгүй гэхээр мөн бусадтай өрсөлдөхгүй гэж бодохоор надад их гунигтай байна. Олон хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглохгүй гэхээр, мөн хөлбөмбөгчний хувьд хамгийн сайхан зүйл болох цом өргөж хөгжөөн дэмжигчиддээ гайхалтай мөчүүдийг бэлэглэж чадахгүй болж байна гэхээр сэтгэл тийм байгаа ч мөн энэ мөчид би бас өөрөөрөө бахархаж, аз жаргалтай байна. Би хэзээ ч ойртоно гэж бодож байгаагүй тэр олон олон амжилтанд хүрсэн. Би үргэлж өөртөө “Чи бол төрсөн хотынхоо клубын төлөө тоглохыг мөрөөддөг байсан, нийтийн байранд өсч торнисон бяцхан хүү шүү” гэж хэлдэг. Би үргэлж хэн байснаа дурсдаг. Энэ хүртэл явж ирсэндээ маш их талархдаг.


Та түрүүн цом өргөсөн гайхалтай мөчүүд гэж дурдлаа. Таны хувьд тэдгээр мөчүүдээс хамгийн гайхалтай мөч нь юу байсан бэ?
Мэдээж 2005 онд Истанбулд болсон Аваргуудын Лиг. Ливэрпүүлд 5 дахь Аваргуудын Лигийн цомыг авчирч, бид тэр цомыг үүрд хадгалах эрхтэй болсон явдал.


Тоглолтын шинж чанарыг ч харсан, энэ үнэхээр гайхалтай финал болсон шүү.
Тиймээ. Тэр гайхалтай аялалд хамт байж, хувь нэмрээ оруулж эцэст нь тэр цомыг өргөнө гэдэг нь үнэхээр мөрөөдөл мэт байсан. Магадгүй хамгийн шилдэг Аваргуудын лигийн финал гэж хэлж болох тэр тоглолтыг дурсахгүй байхын аргагүй.


Та хувь хүний хувьд тухайн үед үнэхээр багаа чирсэн, тийм үү? Бараг ганцаараа…
Миний хувьд хамгийн сайхан зүйл нь тэр тоглолтод би хувь нэмрээ оруулсан гэдэг зүйл. Багийн ахлагчийн хувьд тус тоглолтонд маш их хариуцлага, дарамтыг үүрч байсан. Одоо эргэн харахад энэ бүх зүйл хэрхэн болж өнгөрсөнд тухайн үед маш их баяртай байж билээ. Мөн үүнээс гадна намайг удаан хугацаанд зовоосон үнэхээр гашуун уналтууд ч байсан.


Хамгийн хэцүү нь?
Мэдээж Чэлситэй хийсэн тоглолт. Энэ гашуун дурсамж намайг удаан хугацаанд мөшгих байх. Энэ бол Аваргуудын Лигт мэдэрч байсан тэр гайхалтай мэдрэмжээс эрс тэрс өөр мэдрэмж. Чэлситэй хийсэн тэр тоглолт маш чухал байсан учир миний амьдралд гамшиг нүүрлэсэн юм шиг санагдаж байсан. Тийм л хэцүү байлаа.


Шигшээ багийнхаа төлөө 100-гаас дээш тоглолт хийсэн цөөн хэдэн тоглогчдын нэг нь та. Английн төлөө тоглож байсан гайхалтай мөчүүд гэвэл?
Эх орноо төлөөлөн өмсгөл өмсөн тоглосон мөч бүр гайхалтай байсан. Маш олон хүүхдүүд надаас “Английн төлөө тоглоход ямар байдаг вэ? гэж асуудаг. Анх удаа тэр өмсгөлийг өмсөн талбайд гарсан үеэс эхлээд тогтмол гарах болсон үеүүд бүгд тайлбарлахад хэцүү. Эх орноо мөн элэг нэгт сая сая ард түмнээ төлөөлнө гэдэг нь миний хувьд мөрөөдлөө биелүүлсэн хэрэг байсан бөгөөд үүнийг 100 гаруй удаа хийнэ гэдэг нь надад үнэхээр гайхалтай байсан. Английн шигшээ багийн төлөө тоглосон замналаа харвал мөн л тийм холимог мэдрэмж төрдөг. Германыг 5:1 р хожих үед үнэхээр гайхалтай байдлыг мэдрэх ч пеналт алдсаны дараа сэтгэлээр унадагтай зүйрлэе.  Бид Стив Макларений удирдлаган дор байхдаа ЕВРО 2008-д шалгарч чадаагүй. Эдгээр гашуун дурсамжууд байх ч энэ нь үнэндээ хөлбөмбөгчин хүний амьдралын салшгүй хэсэг болдог юм шиг ээ. Ялангуяа удаан хугацаанд тоглосон хүмүүсийн замналд үргэлж л дүүрэн уналт босолт байдаг шүү дээ.


Тоглогчийн хувиар замналаа эргэн харахад таны чадвар, давуу тал нь юу байсан бэ?
Би онгирч, өөрийгөө дөвийлгөх дуртай хүн биш л дээ... Юм бүхэнд багахан  чадвартай гэж өөрийгөө боддог юм. Өөрийгөө гоол их оруулдаг төвийн тоглогч гэж хэлэхгүй, хамгийн шилдэг хамгаалах чиглэлийн хагас гэж ч хэлэхгүй. Гэвч ямар ч зүйлийг хийх жаахан чадвартай гэж хэлнэ. Би мөргөж, такл хийж, гүйж, холын пасс өгч чадна. Гоол хийнэ. Энэ л миний чадвар гэж боддог. Бие бялдар, тэсвэр тэвчээр байхад бүхнийг хийж чадна.


Тэгвэл таны тоглолтын сул тал гэвэл?
Эхний жилүүдэд Рафа Бенитэс миний сул талыг тун сайн хэлж өгсөн юм. Төвийн тоглогчийн хувьд байрлалаа хадгалах тал дээр сайн биш байна, тун амархан байраа хаяж яваад байна гэж хэлж байсан. Дээр нь сэтгэл зүй, биеэ барих тал дээр алдсан байж болох юм. Утгагүй шар хуудас, дэмий улаан хуудас гээд л. Хэд хэдэн тохиолдолд улаан хуудас авч багийнхаа хүч, сэтгэл зүйг сулруулж байсан. Болдогсон бол цаг хугацааг буцаагаад тэр бүх алдааг засч бүгдийг сайнаар хийхсэн. Гэвч ийм төгс замнал өөр хэнд байсан юм бэ? Тийм ч олон хүнд биш байх аа.


Хэдий та өөрийн хөлбөмбөгчний замналаа ЛА Галаксид дуусгаж байгаа ч үргэлж Ливэрпүүлийн тоглогч гэдгээрээ дурсагдах болно. Учир нь та тэнд бүхий л карьераа өнгөрүүлсэн шүү дээ. Та ямар нэгэн байдлаар харамсдаг уу? Танд хэд хэдэн удаа явах боломж байсан шүү дээ. Бараг л явахаа дөхсөн, тийм биздээ?
Миний хөлбөмбөгчний замнал хэрхэн явж ирсэнд ямар ч харамсах зүйлгүйгээр би одоо энд сууж байна. Премьер Лигт түрүүлээгүй  зэрэг нь мэдээж тийм ч таатай зүйл биш. Лигийн хамгийн хүчирхэг багуудад орох боломжууд ч надад байсан. Би энд 4, 5–н Премьер Лигийн медалтай сууж байх боломжтой байсан. Эсвэл алдар хүндийг хөөн гадагшаа том багууд руу явах боломжтой байсан. Гэвч надад хамгийн чухал тэр хүмүүстээ би үнэнч байж чадсан шүү гэж бодоход миний сэтгэл хангалуун байдаг. Би мөнгөний хойноос хөөцөлдөөгүй, мөн алдар нэрний хойноос ч хөөцөлдөөгүй. Би Премьер лигт түрүүлээгүй гэсэн ганц том харуусалтай энэ газар сууж байгаа ч, би өөрөө өөртөө үнэнч байж чадсандаа маш их сэтгэл хангалуун байна


Ливэрпүүл клуб таны хувьд юу вэ?
Ертөнц. Хар багаасаа энэ клубыг дэмжсэн. Манай гэр бүлд Улаанууд их бий. Энэ л клуб хар багаас минь хурцалж, хүмүүжүүлж, намайг зөв хүн, сайн хөлбөмбөгч болгосон. Ливэрпүүлдээ  талархах зүйл надад их бий.


Стиви, та дасгалжуулагч, телевизийн тоймч хоёрын алийг нь илүү сонирхож байна даа?
Аль алийг нь хийхдээ дуртай байхсан. Одоогоор BT Sports телевизэд буцаж ирж Аваргуудын лиг, Премьер лиг дээр ажиллавал үнэхээр сонирхолтой санагдаж байна. Англид буцаж очоод хийхээр төлөвлөсөн зүйлийн минь нэг нь энэ. Цаашдаа дасгалжуулагч, туслах дасгалжуулагч хийх бодол мэдээж байгаа. Үүнийг л хийх гэж олон жил бэлтгэгдлээ.


Та олон дасгалжуулагчтай ажиллаж байсан. Таныг дасгалжуулагчийн замнал руу хөтөлсөн хамгийн нөлөөтэй нь хэн байсан бэ?
Хэн нэгнийг нь нэрлэчихвэл хүндэтгэлгүй юм болох биз. Би бүгдээс нь жаахан жаахан зүйл авчихмаар байна. Сайн болон муу тал. Чамтай яаж харьцаж байсан, чи санал зөрөлддөг байсан ч хамт ажиллаж байсан дасгалжуулагчдаас их зүйл сурч болдог. Хэлж яриад байгаа зүйлийг нь арай өөрөөр хийчиж болох юм шиг санагддаг л даа. Миний ажиллаж байсан дасгалжуулагчдаас тактикийн хувьд хамгийн шилдэг нь яах аргагүй Рафа Бенитэс байсан. Мэдээж бүгд л өөрийнхөөрөө хийж, өөрийнхөө арга барилаар л дасгалжуулдаг. Тоглолтыг хараад, өөрөө тоглож байсан туршлага дээрээ үндэслээд, сурсан мэдсэн зүйлээ нэмээд өөрийн арга барилыг бий болгодог.


Тантай хамт тоглож байсан хамгийн шилдэг тоглогч хэн бэ?
Луйс Суарес. Тэр үнэхээр хол тасархай. Гайхамшигтай. 


Та Америкаас буцаад нүүж байна уу?
Тиймээ, гэр бүлтэйгээ Ливерпүүл рүүгээ буцаад нүүж байна.


Таныг ийнхүү хөл бөмбөгчний замналаа дуусгаж байна гэхээр сэтгэлээр унамаар (урам хугармаар). Та цаашид үнэхээр тоглож чадахгүй гэж үү?
Тиймээ.


Зодог тайлах эцсийн шийдвэрийг гаргахад хэцүү байв уу?
Тийм ээ, хэцүү байсан. “Би дахиад хэдэн тоглолтод оролцож тогломоор байна. Хөлбөмбөгөө, тоглолтоо санана даа” гэж өөртөө хэлсэн. “Жагсаалаас гарч”, хөдөлж чадахгүй болчихсон юм биш. Одоо ч тодорхой түвшинд тоглож чадна. Гэхдээ би топ түвшинд тоглох дуртай. Тогтмол сайн тоглох дуртай, муу тоглож хүмүүсийн уурыг барах дургүй. Яг ийм байдал байнга давтагдаад ирэхээр “За, хөлбөмбөгөөс зодог тайлах тэр өдөр иржээ” гэж л өөртөө хэлсэн дээ.

Ярилцсанд баярлалаа.

Орчуулсан: Л.Тунгалаг

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх